“Харсаар, мэдсээр байж монгол бичгийг хятад ханз шиг дүрсээр кодлуулна гэж юу байх вэ”

“Болорсофт” компанийг үүсгэн байгуулагч С.Бадрал, каллиграфийн мастер Т.Жамъянсүрэн нартай монгол бичгийн олон улсын стандартын талаар ярилцлаа.

Хэдхэн хоногийн өмнө АНУ-ын Сан Хосе хотод болсон Юникодын техникийн хорооны хурлаар монгол бичгийн одоо бүртгэгдсэн байгаа стандартыг хэрхэн сайжруулах тухай хэлэлцсэн бөгөөд тэд энэхүү уулзалтад оролцоод ирсэн юм.

-Монгол бичгийн олон улсын стандартыг шинэчлэн сайжруулахдаа монгол хэлний авиан загвараар кодлох уу, эсвэл хятад ханз шиг дүрсээр кодлох уу гэдэг маргаантай асуудал дэгдээд буйг олон нийт саяхан мэдлээ.

Яг ямар асуудал үүсээд байгаа талаар хуралд нь оролцоод ирсэн та бүхэн уншигчдад бодит мэдээлэл өгөхгүй юү?

С.Бадрал: -Юникод бол олон улсын бичиг үсгийн стандартын байгууллага. Дэлхийн бүх бичиг үсгийг компьютерт кодолж оруулах стандартыг боловсруулдаг, олон корпорацуудыг нэгтгэсэн консорциум юм. Өөрөөр хэлбэл, компьютерт латин а, кирилл а, монгол бичгийн а, ханз үсэг ямар кодтой байх вэ гэдгийг нэгдсэн нэг стандартаар тогтоодог.

Юникодын стандартад тухайн бичиг кодлогдоогүй бол бүхий л глобал тоглогчид жишээлбэл, Face­book, Google, Adobe, Apple, Microsoft, ABM түүнийг дэмжихгүй. Тиймээс аливаа үйлдлийн системүүд дээр дэмжигдэхгүй, компьютер, гар утасны хэрэглээнд нэвтрэхгүй гэсэн үг. Монгол бичгийг анх юникодын стандартад 2000 онд авиа зүйн зарчимд тулгуурлан оруулсан боловч мэр сэр асуудлаас улбаалж 17-18 жилийн турш бүрэн цэгцрэхгүй, сунжирч иржээ.

Тиймээс өнгөрсөн есдүгээр сард Хөх хотод болсон Юникодын техникийн хорооны хурлаар монгол бичгийн кодыг засахаар хэлэлцэж, өдгөө барьж байгаа загвар маань үндсээрээ буруу юм байна гээд Лянг Хай, Шен Илэй зэрэг хятад эрдэмтний боловсруулсан графетик модел буюу дүрс бүхий шинэ загвараар кодлох шахсан. Тэр үед нь бид “Монгол бичиг бол үсэгтэй, авиагаараа бичигддэг онцлогтой.

Тиймээс дүрсээр кодлох биш, одоогийн авиа зүйн кодыг л сайжруулах хэрэгтэй” хэмээн эрс эсэргүүцсэн. Бидний саналыг өвөрмонголчууд ч дэмжсэний хүчинд графетик загварыг батлуулаагүй. Энэ удаагийн хурлаар мөн л авиа зүйн загварыг халж, дүрсийн загвар руу шилжүүлэх талаар голчлон хэлэлцлээ.

Т.Жамъянсүрэн: -Хэрэв тэгэхэд монгол бичгийг хятадуудын боловсруулсан дүрс бүхий шинэ загвараар кодлуулсан бол араас нь шууд ISO стандартын хурлаар оруулаад баталгаажуулснаар бүх зүйл дуусах байсан. Энэ хоёр хурал ар араасаа дараалан хуралдахаар тов гарсан байсан тул ISO стандартынх руу оруулж болохгүй гээд ёстой нэг үзэж тарсан даа. Юникодын техникийн хорооны тэр хурал дайн шиг л юм болсон (инээв).

-Ингэхэд манай төрийн байгууллагуудаас тийм чухал хуралд төлөөлөгч оролцдог юм болов уу. Үндэсний бичиг, соёлын ирээдүйн тухай асуудал олон улсад яригдаж байхад Монголын төр, засаг ямар оролцоотой байна вэ?

С.Б: -Урьд нь Стандартчилал, хэмжил зүйн газар болон ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс төлөөлөгчид байнга оролцдог байсан юм билээ. Гэхдээ асуудлыг яагаад өдий болтол хүндрүүлснийг мэдэхгүй. 2017 оны есдүгээр сард монгол бичгийн ирээдүй бол нийт монголчуудын үндэсний эрх ашиг, оюун санааны тусгаар тогтнолд хамаатай зүйл гэж үзээд бид Хөх хот руу явахынхаа өмнө Ерөнхийлөгчид хандсан. Ерөнхийлөгч Х.Баттулга харин биднийг ирснээс хойш 10 хоногийн дотор хүлээж авч уулзаад, холбогдох байгууллагуудын төлөөллийг дуудан, нэн даруй шаардлагатай арга хэмжээ авах үүрэг өгсөн.

Ингээд монгол бичгийн авиан кодыг засаж сайжруулах ажлын төлөвлөгөөг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар боловсруулан, Стандартчилал, хэмжил зүйн газраар баталгаажуулж, тэр стандартаа олон улсын байгууллагад уламжлах ёстой юм байна гэж тогтоогоод, ажлын хэсэг байгуулсан юм. Гэвч ажлын хэсгийнхэн төсөв байхгүй гэдэг шалтгаанаар юу ч хийгээгүй.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс тус ажлын хэсгийг долоо хоног тутам тайлан ирүүлэх үүрэг өгсөн ч ямар тайлан өгч, яаж ажилласныг бүү мэд. Агентлагийнхан санхүүжилт хүсэж Засгийн газрын хуралдаанд асуудлаа оруулах гэж гурвантаа хойшлуулсан, тэр хооронд нь төсвийн хэлэлцүүлэг болоод өнгөрчихсөн байсан учраас шийдэгдээгүй. Ер нь асуудалд маш хойрго хандсан.

Харин Засгийн газрын 54 дүгээр тэмдэглэл гэж гаргасан байгаа. Тэнд энэ ажлыг гүйцэтгэх болон санхүүжилт босгох асуудлыг гурав гурваар нь зургаан газарт хувааж хариуцуулсан. Монгол бичгийн цахим кодын стандартыг сайжруулах ажил төрийн байгууллагуудын дунд теннисний бөмбөг шиг нааш цааш шидэгдсээр байтал ээлжит хурал нь тулчихсан.

Т.Ж: -Биднийг хуралд явахаас 20-иод хоногийн өмнө БСШУСЯ-нд дахиад нэг ажлын хэсэг байгуулагдаж, хуралдсан. Тэр үеэр “Одоо яах вэ. Нэг бол С.Бадрал, Т.Жамъянсүрэн хоёрт төрийн зүгээс даалгавар өгөөд явуулъя. Эсвэл энэ хоёр хүнийг төрийн өмнөөс төлөөлж яваагүй гэдгийг мэдэгдье” гэсэн яриа болов оо.

“Энэ хоёр хүн төрийг төлөөлөх эрхгүй хүмүүс шүү” гэсэн дүгнэлтээ Юникодын техникийн хороо руу илгээж Энхдалай гэдэг хүн явна гэж мэдэгдсэн байна билээ. Ийм л хоёр амьтан сая хуралд оролцоод ирлээ шүү дээ (инээв). Гэхдээ Юникодын техникийн хорооны хуралд улс төрийн санал, аливаа дүгнэлт нөлөөлдөггүй юм. Харин Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын зөвлөх гэсэн статусаар Энхдалай гээд хүн явуулсан байсан. Бид хуралд очсон хойноо танилцсан.

-Монголын төлөөлөгчид тэнд очсон хойно хоорондоо танилцаж байгаа хэрэг үү?

-Тийм ээ. Бид хурал эхлэхээс хоёр хоногийн өмнө очоод, орчуулагчтайгаа танилцаж, илтгэл, ярих асуудлаа сайтар бэлтгэсэн байсан. Юникодын техникийн хорооныхон Оклахома муж улсад амьдардаг Гансүхийн Ганбаяр гэдэг залууг бидний орчуулагчаар сонгож өгсөн. Харин манайхаас төрийн байр суурийг төлөөлж хэн явах нь хурал болохоос долоо хоногийн өмнө ч тодорхойгүй байсан.

Т.Ж: Юникодын консорциумаас Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газарт уг асуудалд чухал нөлөөтэй хэмээн их найдлага тавьж лиайсон гишүүнээр (давуу эрхтэй) оролцуулсан байсан. Үүнийг дагаад үүрэг хариуцлага нь улам өндөр байх ёстой.

-Саяны хуралд та бүхэн өөрсдийн боловсруулсан монгол бичгийн авиа зүйн загварыг танилцуулсан гэв үү?

С.Б: -Харсаар, мэдсээр байж монгол бичгийг хятад ханз шиг дүрсээр кодлуулна гэж юу байх вэ. Тиймээс Т.Жамъянсүрэн бид хоёр хэлэлцээд, Лхагвасүрэн гэх монгол бичгийн сайн шинжээч залуутай хамтран, авиа зүйн загварыг хэрхэн сайжруулах тухай илтгэл бэлдсэн. Өмнөх авиа зүйн загварын юу нь буруу байв, түүнийг яаж засах вэ гэдгийг илтгэлдээ дурдаж, бодит жишээгээр баталж үзүүлсэн.

Гурван өдрийн хурлын дараа Юникодын техникийн хорооныхон “Үнэхээр ингээд засчих юм бол авиа зүйн загвар нь хэрэглэхэд хамаагүй хялбар юм, илүү юм байна” гэсэн эерэг байр суурьтай болсон. Учир нь графетик загвар бол үсэггүй, зөвхөн дүрс учраас наад зах нь эрэмбэлэх, ангилах, боловсруулалт хийхээс эхлээд түвэгтэй. Ямар текст байгааг яаж мэдэх вэ, алдаагаа хэрхэн шалгах вэ гээд асуудал их.

Дэвшүүлсэн дүрсийн загвар нь монгол бичгийг цэвэр зурлагаар нь ч кодлоогүй холимог загвар байсан тул хэрэглэгч үгээ бодож бичих боломжгүй, үсгийн махбодоо санаад бичих ч боломжгүй байсан. Жишээ нь, үгийн эхэн, дунд, адагт орох а, э, дэвсгэр н зэрэг үсгийг нэг л шүд/алеф гэх товчлуур дээр дарж бичих бөгөөд титэм, шүд, сүүл аль нь байх нь автоматаар зохицуулагдана.

Энэ нь монгол хүний сэтгэлгээг эвдэх бөгөөд цөөн ганц нэг товч дээр хэт их ачаалал ирж амархан эвдэрнэ. Үүнийг ч Юникодын техникийн хорооныхон ойлгож эхлэх шиг болсон. Өвөрмонголчууд харин олон жил сунжирсан асуудлыг бушуухан нэг тийш болгоё гэж шийдсэн үү, авиа зүйн загварт үнэхээр итгэл алдарсан уу ямартай ч графетик болон авиа зүйн загварыг аль алийг нь давхар хөгжүүлэх санал гаргасан.

Ямар ч гэсэн хаягдахаар төлөвлөгдсөн байсан авиа зүйн загвараа үлдээж, алдааг нь засаж цааш илүү давуу эрхтэйгээр хөгжүүлэх шийдвэр гаргуулж чадсан нь том амжилт юм даа.

-Хурлын төлөөлөгчид та бүхний үгийг сонсож, илтгэлийг тань хүлээн зөвшөөрсөн байх нь. Тэгэхээр манайхан “Энэ хүмүүс төр төлөөлөхгүй шүү” гэдэг бичиг явуулсан нь хэрэг бишидвэл арьсаа хамгаалах гэсэн арга юм биш үү?

С.Б: -Ерөөсөө л тэгж харагдаж байгаа юм. Өнгөрсөн жилийн есдүгээр сараас хойш манай төр, засаг ийм хандлага, ийм арга барилаар ажилласан. БСШУСЯ-ны ажлын хэсгийн анхны хуралдаан дээр Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын төлөөлөгчид “Хувийн компанийн төлөөлөл төрийн ажлын хэсэгт байх нь зохисгүй, хувийн этгээдийн ашиг сонирхол явж байна” гээд байхаар нь би ажлын хэсгээс нэрээ хүртэл татсан даа (инээв).

Т.Ж: Асуудлыг бас дараад өнгөрөөж болохгүй байсан тул арга буюу хэн нэгнийг төлөөлж явуулах шаардлагатай болж, Энхдалай гэдэг хүнийг агентлагийн зөвлөх гэсэн нэрээр явуулсан байсан. Тэр хүн нь ч нэлээд сайн уншиж, судалсан юм шиг санагдсан. Гэхдээ монгол бичгийн юникодын стандартын талаар сонирхож байгаа хүнд зориулж цаанаас нь бэлдсэн материалуудыг уншаад, өөрсдөд нь эргүүлээд ярих нь онц зүйл биш.

Хэлэх үг бүрээ маш нарийн цэгнэн бодох, түүнийгээ баталж чадахгүй бол болдоггүй. Мань хүн илтгэл дээрээ болгоомжгүй ганц нэг зүйл хэлсэн нь “Ийм учраас л графетик загвар байх ёстой юм” гэж хятадын мэргэжилтнүүдийг суудлаас нь босгож ирсэн. Мэдээж цаг тулсан үед, туршлага багатай хүнд тийм ачаа үүрэх амаргүй байсан биз.

-“Ирэх наймдугаар сард болох дараагийн хурлаас өмнө Монголын төр, засаг үндэсний бичигтээ анхаарал хандуулж, Хятадын ханз шиг кодлогдохоос аврах хэрэгтэй” гэдэг яриа яваад байна.

Үнэхээр тийм аюул байна уу, эсвэл айх зүйл ард хоцорсон уу?

С.Б: -Хэрэв саяны хуралд бид илтгэл тавьж, хорооныхны ойлголтыг өөрчлөөгүй бол үнэхээр л монгол бичиг маань дүрсийн загвараар кодлогдоод явах байсан. Харин одоо Юникодын техникийн хорооныхон асуудлыг оновчтой шийдэхийн тулд аль алиныг нь хослуулж явахаар боллоо. Тэгэхээр бид авиа зүйн загварын засваруудаа сайн хийж, илүү сайжруулан, хэрэглээнд нэвтрүүлэх шаардлагатай.

Нэгэнт юникод стандартад бүртгэгдсэн бол нэг нэрийг ч өөрчлөх аргагүй болдог. Тиймээс өмнөхийг өөрчлөхгүйгээр засах ёстой гэдэг хатуу шалгуур бидэнд тавьсан. Сая бид эхний ээлжинд ингэж засах боломжтой гэдэг шийдлээ танилцуулсан юм. Тэгэхээр үүнийг цааш нь өргөн хүрээнд ажил хэрэг болгохын тулд төр, засаг анхаарах хэрэгтэй л байх. Зөвхөн техникийн ажил байсан бол төр, засгийг гуйхгүй л дээ. Даанч нийгэм, соёл, улс төртэй холбоотой болчихоод байх юм.

Т.Ж: -Энэ хурлын ач холбогдлыг ойлгосон зарим хүн “Орчин цагийн Хиагтын гэрээ шиг үйл явдал болжээ” гэж онож хэлээд байгаа. Монгол бичгийн ирээдүй таван жилийнх байх уу, 500, 5000 жил үргэлжлэх үү гэдэг асуудал энд яригдаж байна. “Дараагийн хурлыг хэзээ, хаана хийх вэ” гээд төлөөлөгчдөөс санал асуухад өвөрмонголчууд “Хоёр сарын дараа яаралтай Хөх хотод зохион байгуулъя” гэсэн санал гаргасан.

Гэтэл Юникодын техникийн хорооны дарга “Дор хаяж зургаан сарын дараа хуралдана. Гэхдээ Улаанбаатарт хийх санал гарсан байгаа” гээд байхад л манай төрийг төлөөлж очсон хүн таг дуугүй суугаад байхаар нь бид тэсэхгүй “амь тэмцээд” өмнөөс нь саналаа хэлчихсэн. Өөрөөр хэлбэл, есдүгээр сарын сүүлчээр Улаанбаатар хотод монгол бичгийн юникодын асуудлыг шийдвэрлэх хурал болно. Аятайхан зохион байгуулчихвал бидний биш, Монгол Улсын нэр л гарна.

-Манайхан өөрсдөө монгол бичгээ бараг хэрэглэдэггүй байж хятадууд графетик загвар боловсруулаад, түүгээрээ кодлуулах гэж байна гэдгийг дуулаад, юуны түрүүнд хармын сэтгэл нь төрөөд байх шиг.

Болж өгвөл хятадуудтай хамтрахгүй, дангаараа эзэмших ёстой гэх нь ч бишгүй. Та бүхэн энэ талаар юу хэлэх вэ?

С.Б: -Аливаа хэл, бичиг хэрэглээтэй байж оршин тогтноно. Орчин үед хүмүүсийн бичгийн хэрэглээ цаасан дээр гараар бичих бус, компьютер, гар утас руу шилжсэн. Гэтэл монгол бичгийн хувьд цахим хэрэглээ алга, контент үүсэх боломжгүй байна гэсэн шалтгаанаар дэлхий дахинд устаж буй бичиг үсгийн жагсаалтад хэдийнэ орчихсон байгаа. 18 жилийн өмнө кодолсон стандарт нь өнөөдөр ийм асуудалтай байхад яаж цахим агуулга үүсэх юм бэ.

Тиймээс энэ алдааг даруй залруулж, монгол бичгийг кирил, латин үсэг шиг хэрэглээнд оруулах нь хамгийн чухал. Харин өмчлөхийн тухайд гэвэл монгол бичиг бол тэр бичгийг хэрэглэгчдийн өмч байх ёстой болов уу. Өөрөөр хэлбэл, Монгол бичиг нь зөвхөн ар, эсвэл өвөр монголчуудын өмч биш. Монгол бичгийг сурсан, хэрэглэдэг англи, герман, америк, бельги, иран гээд аль ч орны хүн байж болно.

Тэр хүмүүс хүссэн бичгээ сураад, хэрэглэх боломжтой байх ёстой юм. Түүнийг нь л бид хангаж өгөх нь чухал. Тийм ч учраас монгол бичгийг цахим хэрэглээнд нэвтрүүлэхэд олон улсын байгууллагын төлөөлөгчид ийм их хүчин чармайлт гаргаж буй. Энэ бичиг бол дэлхийн соёлын маш чухал өв.

-Уучлаарай, ингэхэд та бүхэн монгол бичгийн төлөө яагаад тэгж их сэтгэл гаргадаг юм бэ?

-Миний хувьд Юникодын техникийн хорооны WG2 ажлын хэсгийн гишүүн, W3 ажлын хэсгийн сайн дурын гишүүн. Тиймээс энэ талаарх мэдээллийг хамгийн түрүүнд авдаг. Иргэний үүргээ гэж үзээд авсан мэдээллээ тухай бүрт нь төр, засагт дамжуулж ирсэн. Хоёрдугаарт, “Болорсофт” бол цахим хэл шинжлэлийн компани.

Монгол хэл, бичигтэй холбоотой олон бүтээгдэхүүн гаргасныг монголчууд маань бүгд мэднэ. Хэдийгээр кирилл бичгийн программууд зах зээлд гарч, хэрэглээнд нэвтэрсэн ч суурь нь монгол бичиг байдаг гэдгийг хэрэглэгчид тэр бүр мэдэхгүй байх аа. Тиймээс хаяж болдоггүй юм.

“Болорсофт” компани Юникод консорциумын монгол бичгийн хөгжүүлэлтийн хувьд “Ma­jor vendor” буюу гол хөгжүүлэгчдийн нэг гэж явдаг. Учир нь монгол бичгийн хамгийн анхны юникод фонтыг бид зохиож нээлттэй лицензтэй болгосон. Гэхдээ монгол бичгийн юникодын стандартыг цэгцэлтэл фонтоо шинэчлэхгүй гээд 2013 оноос хойш энэ талын хөгжүүлэлтийг зогсоосон. Гэсэн ч тус фонт “Google”, “Microsoft” гэх мэт томоохон корпорацын фонтуудын эхлэл болсон.

Тийм ч учраас Юникод консорциумын олон улсын хурлуудад биднийг байнга урьдаг. Бид монголчуудынхаа эрх ашгийн төлөө дуугарахыг хичээдэг ч зардлаас нь болоод байнга оролцож чаддаггүй. Гэтэл манайхныг “Монгол бичгийг ашиглаж, мөнгө олох гэлээ” гэж хардах, тийм явуулга хийдэг хүн бишгүй байдаг бололтой. Тэд өнгөрсөн зургаан сарын хугацаанд ийм зүйл л ярьж улстөржүүлсэн. Бид харин Монголын, үндэснийхээ эрх ашгийн төлөө ажиллаж байгаа.

Хэрэв бид ашиг хонжоо харсан бол хиймэл оюуныг ашиглаж монгол хэл, бичгийн боловсруулалт хийх биш, санхүүгийн боловсруулалт хийх байв. Манайх хиймэл оюуныг ашиглаж боловсруулалт хийдэг Монголын анхны компаниудын нэг шүү дээ. Тэгсэн бол хэл ам ч үгүй, санхүүгийн хувьд ч магадгүй одоогоос арай өөр түвшинд хүрэх байсан биз. Гэхдээ харамсахгүй. Энэ олон жил бид юуны тулд зорьсон бэ гэдгээ саяны олон улсын хуралд баталж, үнэт зүйлээ хамгаалаад ирлээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (56)

Илгээх

Энэ тухай