Хар тамхичдын толгойг илсэн харалган төрийн бодлого Монголыг мөхөөж болзошгүй

 “Цагаан тахал”-ын аюул цагийн урсгалыг дагаж бус, хууль тогтоогч, хэрэгжүүлэгчдийн өөгшүүлсэн бодлогын улмаас Монголд орж ирж шингээд байна. Манай улсын иргэд Зүүн өмнөд Азийн хар тамхины хамгийн том сүлжээ “Алтан гурвалжин”-гийн гар хөл болсон хэдхэн хүний захиалгаар мөнгөний төлөө харь гүрнээс хар тамхи зөөж, Монголоороо дамжуулан гуравдагч орон руу гаргадаг байсан цаг саяхан. Тэдгээрийн хэчнээн хувь нь эх оронд минь үлдэж, ирээдүйн эздийг уруу татсаныг мэдэх  боломжгүй нь харамсалтай. Цагдаа, тагнуулын байгууллага үндэстэн дамнасан гэмт хэргийн нэг болох хар тамхитай нөөц бололцооныхоо хэрээр тэмцэж ирсэн ч шүүх нь хар тамхичид, түүнийг борлуулагч, зөөвөрлөгчдийн толгойг илсээр байсан.

Олон улсын хар тамхитай тэмцдэг байгууллагуудын үзэж буйгаар Монгол Улс дамжин өнгөрөгч гэгдэж байснаа өдгөө хэрэглэгч орны жагсаалтад орчихоод буй. Хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээгээрээ дэлхийд тэргүүлэгч хоёр том зах зээлийн дунд манай улс оршдог. Энэ хоёр улсын иргэд буурай хөгжилтэй хөршийнхөө залуусыг уруу татаж байгааг илтгэх цөөнгүй жишээ бий. Тухайлбал  ОХУ-ын иргэн Дима Уткин гэх эр манай залууст мансууруулах бодис хэрхэн боловсруулах талаар зааж өгч байсан, тэр хэрэгтээ Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ял шийтгүүлсэн гэдэг. Мөн тус улсын харьяат Любова гэгч бүсгүй халаасны хулгайчидтай нийлэн хар тамхи хэрэглэж, зарж борлуулсан хэрэгт холбогдоод буй. ОХУ-д хар тамхи, мансууруулах бодис байнгын хэрэглэгч 10 гаруй сая хүн бий гэдгийг олон улсын байгууллагын судалгаанаас харж болно.


2002 ОНЫ ЭРҮҮГИЙН ХУУЛЬ

192 дугаар зүйл. Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах

192.1. Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуугаас нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

192.2. Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, борлуулсан бол таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

192.3. Энэ хуулийн 192.2-т заасан хэргийг:

192.3.1. онц их хэмжээгээр;

192.3.2. насанд хүрээгүй хүн оролцуулж;

192.3.3. онц аюултай гэмт хэрэгтэн;

192.3.4. давтан;

192.3.5. урьдчилан үгсэж тохиролцсон буюу зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн бол арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.


2017 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 1-НЭЭС ХЭРЭГЖСЭН ЭРҮҮГИЙН ХУУЛЬ

20.7 дугаар зүйл. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах

1. Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3. Энэ гэмт хэргийг:

3.1. байнга тогтвортой;

3.2. улсын хилээр нэвтрүүлж;

/Энэ заалтыг 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

3.3. зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

4. Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж дөчин мянган нэгжээс хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.


БНХАУ-д бол үүнээс ч олон. Тус улсаас манай залуус нийлэг аргаар гаргаж авсан “Мөс” хэмээх хар тамхины төрлийн бодисыг нууцаар оруулж ирсээр байгаа. Урд хөршийн болон өөр бусад орны иргэд манайханд хямд үнээр мансууруулах бодис нийлүүлж, түүнийг нь өмнөд хөршид хулгай хийж амьдардаг иргэд, тэдний гар хөл бологчид хилээр хууль бусаар оруулж ирсээр буй.

Энэ хоёр том гүрэнтэй харьцуулахад манай улсын хүн амын тоо ч, хэрэглэгчдийн хэмжээ ч бага мэт боловч гурван сая хүн амдаа тооцож үзэхэд маш өндөр үзүүлэлт гэдгийг хууль сахиулах байгууллагынхан эмзэглэн өгүүлдэг. Монголчууд аливаа зүйлд дасан зохицохдоо амархан учраас хар тамхинаас хамааралтай болбол үндэсний аюулгүй байдал алдагдахад ч хүрч болзошгүй.

Яг нарийн тоон мэдээлэл байдаггүй ч хар тамхи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэдэг, хамааралтай хүмүүсийн талаарх хэд хэдэн янзын тоо, баримтыг төрийн бус байгууллагууд гаргадаг. Харин цагдаагийн байгууллагад бүртгэлтэй 1100 гаруй, нэг хүний цаана 4-5 хүн хамааралтай байдаг гэж тооцвол 6000-6500 орчим иргэн бий гэж үздэг юм билээ. Харин төрийн бус байгууллагынхан гадаадын төсөл хөтөлбөрөөс ахиухан мөнгө авахын тулд хэрэглэгчийн тоог өсгөдөг байж болзошгүй гэж хууль сахиулах байгууллагынхан үздэг.

Төрийн бус байгууллагынхны үзүүлэлтээр манай улсад 18-35 насны 70-90 мянган хүн хар тамхи, мансууруулах бодис хэрэглэдэг гэх. Аль нь ч байлаа гэсэн хар тамхи, мансууруулах бодис хэрэглэгчийн тоо үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц хэмжээнд хүрээд буйг дахин онцолъё.

ХАР ТАМХИ ХИЛЭЭР ЗӨӨГЧДИЙН ЯЛЫГ ХӨНГӨРҮҮЛЭВ

Хар тамхийг баячуудын эрх хүүхдүүд зугаацах юмаа олж ядсандаа хэрэглэдэг гэсэн ойлголт нэг хэсэг байсан. Энэ ойлголт аль хэдийнэ ард хоцорчээ. Өдгөө нийгмийн аль ч давхаргын, аль ч насны хүмүүс энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон жишээ баримт олон. Нэр, алдартай урлагийн одод холбогдож, шүүхээр ял шийтгүүлэн торны цаана сууж байв. Зарим нь хар тамхиндаа дэмийрэн өндрөөс үсэрч талийж байсан баримт ч бий.

Нэр алдартай, хөрөнгө чинээтэй хүний хүүхэд нь мансууруулах бодис хэрэглэчихээд ямар ч хариуцлага хүлээдэггүй гажиг тогтолцоо өнөөдөр манайд үйлчилсээр. Ерөнхийлөгч Х.Баттулгын хүү Б.Хүлэгүд холбогдох үйлдлийг нь цагдаагийнхан тусгаарлан бусад холбогдогчдынх нь хэргийг шүүхэд шилжүүлсэн жишээнээс үүнийг харж болно. Хар тамхины хэрэгт холбогдсон хүмүүсийн насны байдлыг авч үзэхэд улс орныг ирээдүйд авч явах 19-25 насныхан олонх байгаа юм. Хар тамхины хэрэгт холбогдон шүүхээр шийтгүүлсэн хүн өнөөдөр улс төрийн албанд буюу Баянзүрх дүүргийн АН-ын даргаар томилогдох гээд явж байгаа нь эмгэнэл биш гэж үү.

Өнгөрсөн оны долдугаар сарын 1-нээс мөрдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн 20.7-д заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэсэн хэрэгт холбогдсон залуусын гэм бурууг хэлэлцэх хурлын тов сүүлийн үед дүүргүүдийн шүүхэд долоо хоног бүр гарах болсон. Энэ нь хар тамхи хэрэглэгчид өссөнийг илтгэж буй хэрэг.

Шинээр мөрдөж буй энэ зүйл заалт 2002 оны Эрүүгийн хуулийн зүйл заалтаас илт хөнгөрсөн гэж хэлэх хуульч олон байна. Хоёр хуулийг харьцуулаад үзье. Эрүүгийн шинэ хуулийн 20.7.2-т “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан бол 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

20.7.3-т “Энэ гэмт хэргийг байнга тогтвортой, зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол 5-12 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж тусгасан байгаа юм.

Тэгвэл 2002 оны Эрүүгийн хуулийн 192.2-т “Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, борлуулсан бол таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

192.3-т “Энэ хуулийн 192.2-т заасан хэргийг онц их хэмжээгээр, насанд хүрээгүй хүн оролцуулж, онц аюултай гэмт хэрэгтэн, давтан, урьдчилан үгсэж тохиролцсон буюу зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн бол 10-15 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэжээ. Эндээс хар тамхичдын толгойг улстөрчид илж байгаагийн бодит жишээг харж болно. Шүүх, прокурор, цагдаагийнхан бол улстөрчид, УИХ-ын гишүүдийн баталсан хуулийг л хэрэгжүүлэгч болохоор дагахаас өөр аргагүй.

ЭРХ ЗҮЙН ОРЧНОО БОЛОВСРОНГУЙ БОЛГОЖ БУЙ НЬ ЭНЭ ҮҮ

Дэлхийн жишгээс үзэхэд хар тамхи, мансууруулах бодисын хор хөнөөлийн талаар ойлголт багатай, оюун санааны дархлаа сул газар очиж зах зээлээ тэлж байдаг. Мөн ялын бодлого султай улсад гэмт хэрэгтнүүд уг нөхцөл байдлыг нь ашиглах гэж хичээдэг гэдгийг УИХ-ын гишүүн асан М.Батчимэг нэг ярилцлагадаа дурдсан байв. Тэгэхээр манай улсын хар тамхины чиглэлээр барьж буй ялын сул бодлогыг хоёр хөршийн мансууруулах бодисын наймаачид анаж буй нь лавтай.

Учир нь хоёр хөрш маань энэ төрлийн хэрэгт оноох ял нь харьцангуй чанга. Өмнөд хөршид 50 граммаас дээш хар тамхи тээвэрлэсэн бол цаазаар авах хүртэл ял ногдуулдаг бол ОХУ 20 жил хорих ял шийтгэдэг байх жишээтэй. Ялын бодлого чанга хоёр орны дунд буй манай эрүүгийн хариуцлага сул байх нь хар тамхи нэвтрэх үндэс болох нь гарцаагүй. Манайхны даган дуурайдаг далайн чанадын орон АНУ-д л гэхэд муж улс тус бүр нь өөр өөрөөр ялладаг ч хилээр нэвтрүүлсэн үйлдэлд оноох хариуцлага нь чанга гэдгийг олон хуульч өгүүлсэн.

Ингэж ялын бодлогыг зөөллөсөн нь улстөрчдийн буруу гэдгийг дахин онцолъё. Уг нь Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг УИХ-аар батлахдаа “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх чиглэлээр төрөөс баримтлах бодлого, эрх зүйн орчныг боловсронгуй болгох” гэсэн зорилт тусгасан байдаг юм. Боловсронгуй болгож байна гээд хоёр хөршөөсөө сул шийтгэл Эрүүгийн хуульдаа оруулсан нь ёстой л нөгөө “нуухыг нь авах гээд нүдийг нь сохоллоо” гэдгийн үлгэр болсон гэхэд хилсдэхгүй.

Энэ бодисын хор хөнөөлөөс хүн амын эрүүл мэнд, удмын санг хамгаалах, хууль бус эргэлттэй тэмцэх, түүнээс олсон хөрөнгөөр санхүүжүүлж болзошгүй үндэстэн дамнасан зохион байгуулалтай гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар дээрх хөтөлбөрт тусгасан ч өдгөө хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн хуулийн 20.7 дахь заалт хар тамхинаас ирээдүйгээ хамгаалах, сэргийлэхэд ач холбогдол өгч чадахгүй.

Аливаа улсын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын нэг хэлбэр нь ялын хатуу чанга бодлого байдаг. Харин манайхан хар тамхичдынхаа толгойг илчихэв. Түүгээр ч зогсохгүй Үндсэн хуулийн дараа орох эрх зүйн чухал баримт бичиг болох Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг ч үл ойшоожээ. УИХ-ын 2010 оны 48 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.4.4.1-д “Иргэдийн терроризм, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг, хүчирхийллээс хамгаалагдах нөхцөлийг сайжруулна”, 3.4.4.3-т “Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисын эргэлтэд хяналт тавих, хууль бус хэрэглээтэй тэмцэх үндэсний чадавхыг бэхжүүлнэ” хэмээн тусгасан ч хэрэгжүүлэхдээ үл ойшоосон байх юм.

Энэ эрх зүйн баримт бичгийн 4.2.2-т “Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллагууд, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагууд нь энэхүү үзэл баримтлалын үзэл санааг Монгол Улсын Үндсэн хууль, хууль тогтоомж болон эрх зүйн бусад холбогдох шийдвэрээр бэхжүүлж, тус тусын эрх хэмжээний дотор хэрэгжүүлэх үүрэгтэй” гэсэн заалттай нь 2017 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжсэн Эрүүгийн хуулийн хар тамхи, мансууруулах бодистой холбоотой заалт бэхжүүлсэн үү гэвэл үгүй.

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 5.4.3-т “Мөнгө угаах, хүний наймаа, хар тамхины болон цахим гэмт хэрэг зэрэг шинэ төрлийн гэмт хэргийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх хөтөлбөр хэрэгжүүлнэ” гэж заасан нь ч бас ам, ажлын алд дэлэм зөрж буйг, хууль боловсруулахдаа хоорондын уялдаа холбоог огт бодолцдоггүйг илтгэж байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай