Хүнсийг баяжуулснаар хүн бүрийг аминдэм, эрдэс бодисын дутлаас сэргийлнэ

Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун танилцуулав. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо мягмар гарагийн хуралдаанаараа дээрх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, хуулийн төсөлтэй холбогдуулан ажлын хэсэг болон Улсын Их Хурлын гишүүнээс гаргасан саналуудыг хэлэлцсэн байна. Ингээд хуулийн төслийн хамрах хүрээг тодорхой болгох, нэр томъёог ойлгомжтой болгох, хүнс баяжуулах үйл ажиллагааг тодорхойлох шаардлагатай хэмээн үзэж холбогдох саналыг хэлэлцжээ. Мөн албан журмаар баяжуулах хүнстэй ижил төрлийн бүтээгдэхүүний импорт, төрөөс хүнс баяжуулалтыг дэмжих бодлогын талаар болон төрийн хяналттай холбоотой зохицуулалтыг өөрчлөн найруулах зэрэг зарчмын зөрүүтэй саналуудыг төсөлд тусгах нь зүйтэй хэмээн шийдвэрлэсэн байна. 

Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн юм. Иймд Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулсан юм. Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгийг “1.1. Энэ хуулийн зорилт нь хүн амын эрүүл мэндийг хамгаалан бэхжүүлэх, аминдэм, эрдэс бодисын дутлаас урьдчилан сэргийлэх зорилгоор зарим төрлийн хүнсийг албан журмаар баяжуулахтай холбогдон үүсэх харилцаах зохицуулахад оршино” хэмээн өөрчлөн найруулахыг гишүүд 70.5 хувийн саналаар дэмжсэн юм. Мөн хуулийн үйлчлэх хүрээг “зарим төрлийн хүнсийг аминдэм, эрдэс бодисоор үйлдвэрийн аргаар албан журмаар баяжуулах, баяжуулагч бэлдмэлийг импортлох, үйлдвэрлэх, экспортлох, хяналт тавихтай холбогдсон харилцаанд энэ хууль үйлчилнэ”, “албан журмаар баяжуулан үйлдвэрлэж байгаа хүнстэй ижил төрлийн хүнсийг импортлох холбогдсон харилцаанд энэ хууль үйлчилнэ” хэмээн тодорхойлсон 3 дугаар зүйлийг төсөлд шинээр нэмэхийг дэмжив. Төсөл дэх нэр томъёог тодорхойлсон 4 дүгээр зүйлийг өөрчлөн найруулах, хүнс баяжуулах үйл ажиллагааны талаарх 5 дугаар зүйл, баяжуулагч бэлдмэл импортлогчийн эрх үүргийн талаархи зохицуулалт бүхий 8 дугаар зүйл, баяжуулсан хүнс импортлохтой холбогдсон харилцааг зохицуулах 9 дүгээр зүйлийг тус тус шинээр нэмэхийг гишүүдийн олонх дэмжсэн юм. Мөн төсөл дэх "хуулийг дагаж мөрдөх хугацааг 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр" болгон өөрчлөхийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 61.8 хувь нь дэмжсэн юм. Байнгын хорооны дэмжсэн 14, дэмжээгүй 3 зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулж шийдвэрлэсэн. Ингээд төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлснээр чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөв

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай