Танилц: Үнэр алддаггүй үнэнч нохой "Уран"

Хүнээс нэг сая дахин, сургуулилалтгүй нохойноос хэдэн зуу дахин илүү үнэрлэх чадвартай Уран нохойг бид “Танилц” буландаа онцолж байна.  Хүний хайртай анд тэрээр, нэгэн гэр бүлийн хүрээллээс хальж нийгэм нийтийн энхийн манаанд гарахдаа олон хэрэг илрүүлээд байгаа  билээ.

Бид Ураныг сурвалжлахаар Орбитод байрлах Цагдаа Дотоодын Цэргийн Сургалтын Нэгдсэн Төвийг зорилоо. 

Цагдаа Дотоодын Цэргийн Сургалтын Нэгдсэн Төвийн албаны нохойн сургалтын хэлтсийн Уран дуудлагатай нохойн хөтлөгч Х.Шинэбаяр болон бусад албан хаагчид биднийг угтан авч тэдний хамтрагч болсон нохдын талаар яриа өрнүүлсэн юм. Энд Уранаас гадна долоон төрлийн 70 орчим нохойг сургадаг гэнэ. Шинэ төрлийн гэмт хэрэг гэж нэрлэгдэж байгаа мансууруулах бодис сэтгэцэд нөлөөт эм бэлдмэлийг илрүүлэх, тэсэрч дэлбэрэх бодис илрүүлэгч, эргүүл харуул хамгаалалтын болон эрэл мөрдлөгийн гээд нохдын үүрэг зориулалт өөр өөр ажээ. Мөрдөс зүүж ёслоогүй ч гэсэн мөрч нохойны үнэ цэнэ энэ албанд өндөр аж.

Өнөө цагт шинжлэх ухаан технологи өндөр хөгжсөн ч нохойны үнэрлэх чадварыг орлуулж болох технологи одоохондоо хүмүүс бид нээгээгүй байна. Үүний баталгаа бол Уран дуудлагатай нохойн удаа дараа илрүүлсэн хэргийн үзүүлэлтүүд юм.  Энэ сард л гэхэд тэрээр хэд хэдэн хэрэг амжилттай илрүүлж хэвлэл мэдээллийн баатар болоод байгаа. Цагдаагийн дэслэгч Х.Шинэбаярын хэлснээр илэрдэггүй гэмт хэрэг, ул мөр үлдээдэггүй гэмт хэрэгтэн гэж байдаггүй гэнэ. Хэрэг үйлдсэнээс хойш зургаан цагийн дотор сэжигтний үнэр хадгалагдаж байдаг. Хэрэг үйлдэхдээ хурууны хээгээ үлдээж болохгүйг ямар ч гэмт этгээд мэддэг болсон тул бээлий өмсөх юм уу хүрсэн объектоо арчиж цэвэрлэн ул мөрөө баллахыг хичээдэг ч түүний хүсэл зоригоос үл хамааран үлддэг зүйл бол ҮНЭР юм. Гэмт этгээдийн хүрсэн эд зүйлсийг шинжээчид битүүмжлэн хадгалан авах боломжтой болсон тул ҮНЭР гэдэг хурууны хээнээс ч дутахааргүй ул мөр юм байна гэдгийг тэдэнтэй ярилцах явцдаа ойлгосон юм. Ураны сүүлийн нэг сард илрүүлсэн хэргүүдээс цухас дурдахад: 

НЭГ: Хамар доорх хэрэг буюу нотлох баримтгүйгээр хамаатнаа сэжиглэх хэцүү

Хулгайд юмаа алдах хэцүү. Сэжиглэж байгаа хүн нь ойр дотны хамаатан байх бүр ч хэцүү. Иргэн Х 10 сая төгрөгөө машиныхаа урд талын хайрцагт хийсэн байсныг түүний хамаатан болох иргэн Н хулгайлжээ. Машинд нь олон хүн орж гараагүй тул авсан хүн тодорхой байсан ч аваагүй гэж сэжигтэн мэлзжээ. Нотлох баримтгүй учир ойр төрлийн хүнээ гүтгэсэн нэр зүүсэн иргэн Х цагдаагийн байгууллагад хандаж Х.Шинэбаяр, Уран хоёр энэ хэрэг дээр ажиллажээ. Хамгийн түрүүнд сэжигтний гэрийн ойролцоох хогийн цэгээс мөнгийг нь аваад хаясан уутыг олсон байна. Ингэснээр хэрэгтэн бүр ч сэжигтэй болж гэрт нь нэгжлэг хийхэд Уран нохой гэрийн доторхыг нэгд нэгэнгүй үнэрлэж явахдаа хатавчны дэргэд ирээд нухацтай үнэрлэж эхэлсэн байна. Үүнийг нь анзаарсан нохойн төлөөлөгч Шинэбаяр үзлэг хийхэд хулгайлсан мөнгөө тэнд нуусан байлаа. 

ХОЁР: Гар утасны хэргийг "Уран" сайн илрүүлдэг

Цагдаагийн тэслэгч Х.Шинэбаяр албаны нохой  “Уран” хоёрын илрүүлсэн ээлжит нэгэн хэрэг бол гар утасны хулгайчийг барьсан явдал юм. Гар утсаа хүн биедээ байнга авч явдаг тул үнэр хамгийн их шингэдэг эд зүйлсийн нэг гэнэ. Иргэн У-ын “Samsung S-6” гар утсыг 25 настай Х хулгайлсан хэргийг Уран мөн л төвөггүй илрүүлсэн.  Утсаа алдсан даруйдаа хохирогч цагдаад хандаж сэжиглэж байсан долоон хүнээс утасны үнэр шингэсэн этгээдийг зөв олж хэргийг илрүүлсэн бол Х.Шинэбаяр гарцаагүй нотлох баримтуудаар баталж өгсөн байна. 

ГУРАВ: Тэд хамгийн сүүлд малын хулгайн гэмт хэргийн халуун мөрөөр орж, иргэн Б-ын таван адуу алдагдсан хэргийг илрүүлсэн. “Уран” хэргийн газраас үнэр авснаар гэмт хэрэг үйлдсэн бүлэг этгээдийг саатуулаад байгаа. Энэ мэт олон удаагийн хэрэг илрүүлсэн түүхийг дурдах боломжтой гэж албаныхан хуучилж байлаа. 

Түүний тухай түүхийг сонсоод баатарлаг нохойтой танилцахыг улам ч их хүсэн нохдын хашаа руу бид очлоо. Тэнд  Ротвейлер, Доберман,  Лабрадор, Спанель, Малиуна, Герман Овчарка зэрэг үүлдэрийн ноход байрладаг. Тэдний хуцах чимээ хоршин нийлэхээрээ сүрдмээр бөгөөд тусгай сургуулилалттай ноход гэж бодохоор цаанаа л өөр аж. Спанель үүлдэрийн ноход нь хүртэл тэсрэх дэлбэрэх бодис илрүүлдэг болоод ч тэр юм уу ижил үүлдрийн ноходтой нь харьцуулахад ширүүн хайрхан гэлтэй.  

Мансууруулах бодис сэтгэцэд нөлөөлөх бодис илрүүлдэг Малиуна биднийг ороход танихгүй хүний үнэр аваад тэгсэн үү хашаан дотроо цовхчин  үсрээд  гараад ирэх юм шиг санагдан  айдас төрмөөр байсан ч нохойн хөтлөгч Х.Шинэбаяр хажууд явж байсан тул жаахан тайвшран цааш алхсаар буланд байрлах Ураны торны дэргэд ирлээ. Тэнд ер нь Уранаас бусад бүх ноход л надад дургүй байсан. 

Ураны талаар уулзахаасаа өмнө олон сонссон болоод ч тэр үү, адилхан Уран... нэртэй болоод ч тэр үү амьдаагаасаа ер айсангүй. Түүнийг анх хараад төрсөн мэдрэмж эр хүн чоно хараад хийморьтой сайхан амьтан юм аа гэж бахархах сэтгэгдэлтэй дөхөх  болов уу 

Нохойн торны яг хажууд тэдний бэлтгэлээ хийх талбай бий. Ураны бэлтгэл хийж байгааг харах боломж олдлоо. Дөрвөн настай Герман овчаркын эд хаваа гайхуулж бартаа саадыг даван, харайх, үсрэх, тойрох гээд хурдны гайхамшгийг тэр үзүүлж байлаа.  Нохойны эзэн ч ялгаагүй, зэрэгцэн гүйхэд төлөөлөгч нарын хэлж байсан “Нохой хөтлөгчид гүзээтэй байдаггүй. Нохой шигээ хурдан байж гэмээнэ хэрэгтнийхээ араас явна шүү дээ” гэж хэлсэн санаанд бууж байлаа.  Түүний бэлтгэлийг харж зогсоход циркийн үзүүлбэр үзэж байгаа юм шиг сэтгэгдэл төрнө. Даалгавар биелүүлж буй агшин бүрийг алдалгүй дарахыг хичээсэн ч заримыг нь камертаа буулгаж заримыг нь амжаагүй юм. 

 Үзүүлбэр үзсэний дараа давраад зургаа хамт авахуулах юм сан гэж бодогддог юм билээ. Уг нь бид ярилцлага авсан хүмүүстэйгээ тэр бүр зургаа даруулах гээд байдаггүй ч Урантай хамт авахуулахгүй л бол дараа нь харамсана гэдгээ мэдээд Х.Шинэбаяраас гуйн зөвшөөрөл авсан юм.

 Түүний дэргэд болгоомжтой очиход Х.Шинэбаяр Уранд номхон команд өгч байлаа. Гол нь айж болохгүй гэдэг юм билээ. Учир нь гэвэл айж байгаа хүнээс ялгарах үнэрийг нохой соргогоор мэдэрдэг гэнэ. (Надаас айдас үнэртээгүй гэж найдъя.) Нүд рүү нь харан аажуухнаар ойртон хүрэхэд түүний байр байдал "за яав л гэж дээ" гэж байгаа юм шиг. Айх зүйлгүй гэдгийг мэдрээд түүнийг илэхэд миний цүнхнээс ямар нэг зүйл хайж буй мэт үнэртээд л байсан. Түүний дэргэд байхад өөрийнхөө үнэрийг ямар бол гэж нухацтайгаар бодоход хүрсэн шүү. Урантай удаан хамт байх боломжгүй тул түүнийг хашаанд нь оруулж өгөөд тун ч хурдан салах ёс гүйцэтгэх шаардлагатай болсон. Түүнд өгөх гээд авч ирсэн хэдэн боорцгоо ч өгч чадаагүй. Эзнээсээ өөр хамаагүй хүнд дасаж болдоггүй юм билээ. Зөвхөн эзнийхээ командыг л биелүүлдэг нь нэгэн бодлын зөв биз. 

Энд Уранаас дутахааргүй гавьяатай хүн бол нохойгоо дөрвөн сартай байхаас нь сургаж дасгалжуулсан нохойн төлөөлөгч, түүний эзэн Х.Шинэбаяр мөн Ураныг сурвалжлах зөвшөөрөл олгож, нохойны талаар бүхий л мэдээ мэдээллээр хангасан хурандаа хоёр байлаа. Бид энэ удаагийнхаа сурвалжлагаар цагдаагийн албанд хоёргүй сэтгэлээр алба хаагчдын нэгэн адил зүтгэж яваа энэ үнэнч амьтныг алдаршуулж мэдээллэх явдал байлаа. "Заавал миний нэр усыг тавих гээд ч яахав дээ бид ямар өөрсдийгөө гаргах гээд байгаа биш. Энэ сайхан үнэнч  амьтныг үнэн зөвөөр нь гаргаж өгвөл л талархах байна. Нохой бол оюун ухаангүй амьтан. Түүнд энэ бүх ур чадварыг суулгахын тулд нохойн төлөөлөгчөөс асар их хөдөлмөр, нөр их тэвчээр шаардагддаг. Энд нохойн сургалтын явцад жирийн л нэг нохойг маш үнэ цэнэтэй амьтан болгож чаддаг. Гадаадын орнуудад хөтөч нохойны үнэ 80 000 долларт хүрч байна.  Үндсэн үнэ нь 5000 доллараас хэтэрдэггүй. Харин сургалтын явцад эзэмшсэн чадвар нь 75-95 мянган доллараар үнэлэгдэж байна. Тордсон авьяас үнэд хүрдэг.  Одоогоор техник технологийн илрүүлж чадахгүй байгаа хэргийг нохой л илрүүлж байна. Жишээлбэл 2014 онд Египет улсаас хөөрсөн ОХУ-ын иргэний агаарын тээврийн онгоцыг кока  кола ундааны саванд хийсэн шингэн бөмбөгөөр террорист этгээд дэлбэлсэн гэмт хэрэг гарсан. Мэдээж гаалийн шалган нэвтрүүлэхээр шингэн бөмбөгөө бариад нэвтрэхдээ шалгуулсан л байж таараа. Гэвч түүнийг илрүүлж чадаагүй. Тэсрэх бөмбөг хатуу шингэн ямар ч төлөвт байлаа гэсэн дарины төрлийн нийтлэг үнэр нь молекул хэлбэрээр оршиж байдаг тул энэ чиглэлээр бэлтгэгдсэн нохой л илрүүлж чадна. Энэ амьтны хамрын салст бүрхэвч  бол байгалиас түүнд өгөгдсөн бурхны бэлэг гэлтэй. Мөн нэг зүйлийг онцолход албаны  нохойг нэг л чиглэлээр сургаж бэлтгэдэг юм байна. Өнөөдөр тэсрэх бөмбөг илрүүлж байсан нохойг нөгөөдөр хар тамхи, харуул хамгаалалтад гаргадаггүй. Өнөөгийн нийгэмд мансууруулах бодис эм бэлдмэл хэрэглэдэг хүмүүс их болж байна. Мансууруулах бодисыг цагаан нунтаг зүйл л гэж ойлгодог бол том эндүүрэл болно. Нийгэмд цагаан тахал болсон энэ бодисыг  хил давуулах арга улам л нарийсан хүнсний зүйл дотор хүртэл хийж нууцаар оруулж ирж байна. Хүний тээвэрлэж байгаа хүнсний зүйлийг тэр бүр тэр бүр задалж шалгаад байх боломжгүй. Тэд хүнийг хуурч болох ч нохойны үнэрлэх мэдрэмжийг хуурч чадахгүй юм.   

Ураныг гөлөг байхаас нь нөхөрлөсөн түүний эзэн Х.Шинэбаяр хамтрагчийнхаа  талаар ийн ярилаа. "Ураныг дөрвөн сартай байхад нь анх танилцаж байлаа. Тэр багын л сэргэлэн, хянамгай, ачаалал даах чадвартай нохой. Бас их гомдомтгой. Магтахгүй бол гомдоно, уурлаад юм идэхгүй, үгэнд орохгүй үе ч бий. Магтаад ирэхээр баярлаад нүд нь сэргээд л ирдэг. Нохой маань олон гавьяа байгуулж хэрэг илрүүлсэн ч цалин авч, тушаал ахина гэж байх биш. Тийм болохоор аль болох хоолыг сайн өгч урмын үг хэлэн баярлуулах гэж хичээдэг дээ. Одоо Уран дөрвөн настай залуу байгаа ч  албаны нохой эрт тэтгэвэрт гардаг. Надтай одоо дөрвөн жил л хамт ажиллах байх. Тийм болохоор нохойгоо хайрлах хэрэгтэй" гэв. 

АМЖИЖ ХАЙРЛАХ ХЭРЭГТЭЙ. Энхийн манаанд нохойтойгоо хамт амьдралаа зориулж байгаа эрхмүүдтэй би нохойны талаар мэтгэлцээд яах билээ. Нохой оюун ухаангүй гэдгийг эхэндээ хүлээн зөвшөөрч чадахгүй байсан ч нохойд хүнийг хайрлах сэтгэл бий гэдэг санаан дээр бид нэгдсэн юм. "Нохойны хамгийн том сул тал бол хүнд итгэдэг" гэх үг бий. Хүний зүрх хайрлаж эхлэхэд оюун ухаан заримдаа эсэргүүцэл үзүүлдэг.  Харин нохойнд оюун ухаан байхгүй болохоор тэр хоёргүй үнэн сэтгэлээр хайрладаг ч юм бил үү. Нэг л эзнээ гэж итгэсэн бол ухаангүй хайрлаж үгнээс нь зөрдөггүйг тэд албаны хэлээр нөхцөлт рефлексийн арга гэж нэрлэдэг ч юм бил үү 

"Идүүрээ сахин цагираглаж

 Гэрийн хаяа сахиагүй

Ишиг хургахан шоглож

Хээрийн боохойтой нийлээгүй

Инээд баясалд хачир нэмж

Циркийн манежинд жүжиглээгүй

Эхнэр хүүхдийн ивээлд орж

Өвдгийг нь дэрлэж тухлаагүй

Мөрч нохой хөөрхийлмөөр л амьтан аа

Авсан үнэрээсээ төөрч халуун мөр алдаагүй

Архирч очоод ноцвол

Зуултаа суллаж сураагүй

Мөшигсөн хэрэгтнээс айж эзнийхээ араар ороогүй

Мөрдөс зүүж ёслоогүй

Цагдаагийн жагсаалыг орхиогүй

Мөрч нохой нөхөр минь байлаа даа

Жавартай шөнө отолт хийгээд

Хээр хоёулаа жиндэж явлаа

Жагсаалын өмнө сайшаалгаад

Хөөрч догдлон алхаж байлаа

Хүнд хэрэг илрүүлээд

Хүндэт самбарт заларч байлаа

Хөлийн хурдаа гологдтол

Нохойд ойр андалж явлаа"

Энэ бол домогт мөрч нохой Русланд зориулсан шүлэг. 

Тэрээр өөрийн эзэн цагдаагийн дэд хурандаа Г.Нэргүйн хамт албан үүргээ гүйцэтгэж яваад онц ноцтой гэмт хэрэгтнийг шуунаас нь зуух команд авчээ.  Русланыг зуухад гэмт хэрэгтэн түүнийг олон удаа хутгалсан ч зуултаа суллалгүй эзнийгээ иртэл саатуулсаар амь тавьсан байна. Дээр хэлсэнчлэн нохойны цорын ганц сул тал нь тэр хүнд итгэдэг. Харин бид тэдний төлөө юу хийж өгсөн билээ. Ядахнаа гудамжинд таарсан нохойг ад үзэн нохой устгалын газар дуудахгүй байх сэтгэл бидэнд бий бил үү? Гадаадын зарим орны жишгээр харгалзах байр бариад өгөх чадамж бидэнд байгаа бил үү? 

 

 

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (10)

Илгээх

Энэ тухай