Т.Ням: Хотын иргэд цөмөөрөө надад дургүй

Нийслэлийн хамгийн эртэч хүмүүсийн нэг нь Т.Ням. Бусдыг өдөр тутмын ажлаа амжуулахад нь хамгийн их тус хүргэдэг атлаа тэр байнга гоочлуулдаг гэсэн. Тэрбээр “Энэ албанд зүтгээд зургаан жил боллоо. “Шилдэг”-ээр шалгарахдаа магтуулж байснаас биш бусад үед урмын үг сонсох нь тун ховор. Үүндээ ч бараг дасчихаж дээ” хэмээн өгүүлсэн. Түүнтэй ярилцсанаа хүргэе.


-Та өдөрт хэдэн цаг ажилладаг вэ. Өнөөдөр (уржигдар) амжуулсан ажлаасаа хуваалцахгүй юу?

-Яг есөн цаг ажилладаг. “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын жолооч нар цөм есөн цаг ажилладаг юм. Нэг автобусыг хоёр жолооч үдээс өмнө, хойно ээлжилж барьдаг. Бид өглөө бүр гэрээсээ 05.30 цагт гараад бааз дээрээ очно. Тэгээд автобусаа жолоодоод ажилдаа гарна даа. Гурван тольтойгоо ярьж, ажлаа эхлүүлдэг уламжлалтай. Гайхах хэрэггүй шүү, бид зорчигчийг аюулгүй тээвэрлэж, хөдөлгөөнд соёлтой оролцох үүрэгтэй. Тиймээс автобусныхаа толийг байнга хардгаа л хэлж байгаа хэрэг. Үүнийхээ хажуугаар эцсийн зогсоолд очоод автобусаа шүүрдэж, цэвэрлэдэг юм. Өнөөдөр энэ жишгээр л ажиллалаа.

-Таныг “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-т зургаа дахь жилдээ ажиллаж байгаа гэсэн. Нэг л чиглэлийн тээвэрт явж байна уу?

-Би тус нэгтгэлийн III баазын жолооч. Манай баазын 100 автобус, 200 жолооч долоон чиглэлд иргэдэд үйлчилдэг юм. Жолооч нар сар тутам явах чиглэлээ сольдог. Би одоо Сэлх-Вокзал гэсэн чиглэлд явж байна.

-Нийтийн тээврийн салбарынхныг байнга л хэл ам дагаж байдаг. Зорчигчийг харааж зүхдэг, осол гаргадаг гээд шүүмжлэх сэдэл мундахгүй.

-Ер нь хотын иргэд цөмөөрөө надад дургүй. Надад ч гэж дээ, бидэнд гэх нь оновчтой байх. Биднийг сайнаар хэлдэг хүн бараг л байхгүй. Зам тээврийн осол, харилцааны доголдлоос энэ бүхэн үүсэлтэй болов уу гэж боддог. Намайг автобусны жолоочоор ажиллаж эхлэх үед замын хөдөлгөөний зөрчил маш их байсан. Сүүлийн жилүүдэд хяналтын камер суурилуулж, замын тэмдэг, тэмдэглэгээг сайжруулаад, замын хөдөлгөөний дүрмийг ягштал мөрдүүлдэг болсноор нөхцөл байдал сайжирсан шүү дээ. Бид ч автобусаа техникийн үзлэгт өглөө бүр тогтмол оруулж, эвдрэлийг тухай бүрт нь засуулах шаардлагатай болсон. 

Ингэснээр нийтийн тээврийн хэрэгсэл осол гаргах нь багассан гэж боддог. Зам тээврийн ослыг багасахад онцгой нөлөөлсөн зүйл нь кондукторыг халсан явдал. Нийтийн тээврийн төлбөрийг цахим системд шилжүүлж, жолооч, кондуктор бэлэн мөнгө авахаа больсноор автобуснууд орлоготой хөөцөлдөж, уралдах шаардлагагүй болсон. Орлогоороо цалинждаг байсан үед автобусны жолооч нар галзуу мэт л хурдалдаг байсныг бүгд мэднэ дээ.

-Автобус тогтсон цагаар үйлчлэхээр зорчигчдын бухимдал ч багасаж байгаа биз дээ?

-Харин зорчигчдын харилцааны соёл нэг их сайжраагүй ээ. Хотын иргэдийн бухимдал жилээс жилд нэмэгдэж, улам л уцаартай болоод байна уу даа гэж ажиглагдах боллоо. Өглөө эцсийн буудал дээрээс 10 хүн суухад долоо нь уцаарлаж, “Цагаа барихад яадаг юм бэ” гэж загнаад “Карт цэнэглэх цэгээ ажилладаг болгооч” гээд 500 төгрөг шидчихээд л явдаг юм. Уг нь бид төлөвлөгөөт цагаараа л явдаг.

Хэн нэгэн ууртай хүн орж ирээд, элдвээр загнахад нь би ч бухимдаад л маргалдана. Монголчууд гэртээ цэвэрхэн байдаг хэрнээ автобусанд ямар байдалтай явдаг гэж санана. Би долоо хоног тутам суудлын бүрээсээ угаадаг. Өглөө цэвэр бүрээсээ хийж гараад, цайны цагаар тэргээ шүүрдэхэд элдэв шингэн

асгаад, бохио наачихсан байдаг юм. Ундааны сав, чихрийн цааснаас авахуулаад есөн шидийн зүйлээс бүрдсэн гурван тор хог шүүрдэж авдаг гээд бод доо. За тэгээд замын хөдөлгөөний ачаалал гээд бухимдах зүйл мундахгүй. Хотын удирдлага иргэдийн амьдрах орчныг сайжруулж, бухимдлыг арилгах ажил зохион байгуулахдаа нийтийн тээврээр зорчиж үзвэл бодит байдлыг биеэрээ мэдэрч, иргэдээ яагаад уцаартай байдгийг мэдэх байх даа.


...Өнөөдрөөс (уржигдраас) нийслэлийн Тээврийн газар биднийг нэг автобусны буудлаас нөгөө рүү 2-3 минут явж очих ёстой гэсэн үүрэг өглөө. Үүнээс өмнө юм уу, хойно очвол цалин хасах гэнэ. Замын хөдөлгөөний ачааллыг тооцоолж, судалгаа гаргаагүй нь илт байгаа биз...


-Сонссон би ч бухимдчихлаа...

-Нийтийн тээвэр бол захиалгат үйлчилгээ шүү дээ. Тэгэхээр холбогдох албаныхан анхаарах шаардлагатай болчихоод байгаа юм. Хэдийгээр зургаан жилийн өмнөхтэй харьцуулахад энэ салбарын үйлчилгээ сайжирсан ч дэлхийн бусад орны жишигт хүрэх болоогүй ээ. Адаглаад л буудлуудаа тохижуулах шаардлага байна шүү дээ. Эцсийн буудалд хоолны газар, нүхэн жорлон бариад өгчихөд бид муу хэлүүлж, элдэв өвчин тусахгүй. Өдгөө Сэлхийн эцсийн буудалд манайд ажиллаж байсан кондуктор гэртээ хоол хийгээд аваачиж зарж байна.

-Карт цэнэглэх цэг олныг байгуулж, автобусны буудлыг тохижуулах санаачилга гаргаж болдоггүй юм уу? Нийслэлийн Тээврийн газарт бэрхшээлээ хэлбэл шийдэж өгөх л байлгүй дээ.

-“Улаанбаатар смарт карт” компанитай гэрээ байгуулсан карт цэнэглэдэг цэгүүд ямар ч ашиггүй ажилладаг гэсэн. Тийм болохоор ажиллахаасаа ажиллахгүй нь элбэг. Тэгэхээр хүмүүс бэлэн мөнгө өгөхгүй гээд ч яах вэ дээ. Бид өгснийг нь авч л орхино. Энэ нуугаад байх асуудал биш гэж боддог юм. Хэрэв “Улаанбаатар смарт карт” компанийнхан карт цэнэглэх үйлчилгээ үзүүлдэг хүмүүст ахиу урамшуулал олгох зэргээр арга хэмжээ авбал тэд 06.00 цагт ажлаа хийхээр ирдэг болно.

Автобусны эцсийн буудлуудыг тохижуулж өгөөч гэж нийслэлийн Тээврийн газарт удаа дараа хандсан. Гэвч эрх мэдэл, эсвэл хүсэл байхгүйтэй холбоотой юу, үл ойшоосоор өдийг хүргэлээ. Өнөөдөр би Сэлхэд очоод хүний нүд хариулж байгаад л “морь харж” байгааг юу гэх вэ. Хэрэв хэн нэгэн хүн тэр үед харчихвал зураг аваад л цахим сүлжээнд “Энэ муусайн автобусны жолоочийг хараарай” гээд л хараалын үгээр булж өгнө.

“Баянмонгол” хорооллын чиглэлд явдаг жолооч нар бүр хэцүү. Тэр хавь дан орон сууц, бие засах газар олдохгүй. Үйлчилгээний байгууллагууд гуйсан ч оруулахгүй. Энэ нь жолооч нар бөөр, шээсний замын өвчтэй болоход хүргэдэг. Дээрээс нь Улаанчулуутын хогийн цэгийн буудал байна. Гэрэлтүүлэг огт байхгүй. Өнгөрсөн өвөл манай нэг эмэгтэй жолооч хүн дайраад, хохирогч нь газар дээрээ нас барчихсан.

Орой эцсийн цэгээс эргэх үед нь зам дээр согтуу хүн хэвтэж байгаад дайруулчихсан юм. Үүнээс болоод тэр жолооч шүүхийн хаалга татлаа. Уг нь өнгөрсөн намар нийслэлийн Тээврийн газрынхан сургалт хийх үеэр жолооч нар тухайн буудлыг тохижуулахгүй бол нөхцөл байдал хүнд байгааг хэлсэн. Үл тоосны улмаас нэг хүн нас барж, нөгөө нь ялтан болох гэж байна. Тэгсэн хэрнээ байнга биднийг торгож, шийтгэх л төлөвлөгөө бодож олдог сонин улс шүү.

-Тэр нь юу гэсэн үг вэ?

-Хотын удирдлага парк шинэчлэл ярихаасаа урьтаад энэ салбарынхны тулгамдаж буй асуудлыг шийдэх хэрэгтэй л гэх гээд байгаа хэрэг. Автобусны ашиглалтын хугацаа дууссан, шинийг оруулж ирэх шаардлага байгаа нь үнэн. Гэхдээ автобусны буудал тохижуулахад нүсэр хөрөнгө, ажил шаардахгүй шүү дээ. Нийслэлийн Тээврийн газар, “Улаанбаатар смарт карт” компанийнхны ажлын уялдаа тааруу юм шиг анзаарагддаг.

Тээврийн газраас зохион байгуулсан уулзалт, сургалтад тус компаниас хүн огт ирдэггүй. Тэгсэн атлаа амьдралд нийцэхгүй зүйл санаачилна. Бид явсан тойргоороо цалинждаг. Нэг жолооч сард 800 000-1 200 000 төгрөгийн цалин авдаг. Сүүлийн таван жилийн хугацаанд цалин огт өөрчлөгдөөгүй. Гэтэл өнөөдрөөс (уржигдраас) нийслэлийн Тээврийн газар биднийг нэг автобусны буудлаас нөгөө рүү 2-3 минут явж очих ёстой гэсэн үүрэг өглөө. Үүнээс өмнө юм уу, хойно очвол цалин хасах гэнэ. Замын хөдөлгөөний ачааллыг тооцоолж, судалгаа гаргаагүй нь илт байгаа биз.

-Замын хөдөлгөөний ачаалал та бүхнээс хамаарах зүйл биш биз дээ, уг нь.

-Тийм л дээ. Хэрэв энэ хугацаандаа амжиж оч гэж байгаа бол нийслэлийн Тээврийн газар байцаагч нараа ажлыг нь хийлгэх хэрэгтэй. Автобусны буудал дээр 17.00-22.00 цаг хүртэл суудлын машинтай хүмүүс зогсож, такси үйлчилгээнд явдаг. Тэндэхийн байцаагч нар уг нь автобусны буудал дээрх энэ зөрчлийг арилгах үүрэгтэй шүү дээ. Гэтэл “Чи тэнд явж байхдаа тийм хүнийг хэл амаар доромжилсон байна. Цагаасаа хоцорсон байна. Торголоо” л гэдэг. Хийдэг ажил нь энэ. Хэдий хүртэл иргэдийн гомдлоор ажлаа хийх вэ. Болих хэрэгтэй шүү дээ. Уг шийдвэрийг мөрдөж эхлэхээр бидний авдаг цалин багадаа л 200-300 мянган төгрөгөөр буурч мэднэ. Би Сэлхээс “Улаанбаатар төмөр зам”-ын төв буудалд нэг цаг явж очих ёстой. Гэвч амждаггүй. Сэлхээс Сансрын ШТС хүртэл саадгүй явж очдог ч вокзал хүртэлх авто зам ачаалал ихтэй учир нэг цаг 40 минут явах нь энүүхэнд. Тэгэхээр хоцорсон минут бүрээр тооцож цалин хасвал бидний амьдрал улам л дордоно. Ажилладаг салбараа муулж, харлуулж байгаа юм биш шүү. Өөртэйгөө ижил олон хүнийг төлөөлж, өнөөгийн бодит байдлыг л хэллээ.

-Танай байгууллагын удирдлага ажилчдадаа тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхдээ хэр дуулгавартай вэ?

-Нэгтгэл болсноос хойш бидний хангамж сайжирсан. Автобусны эвдрэлийг ч дор нь засна. Сүүлийн үед манай нэгтгэлийн талаар жаахан таагүй мэдээлэл гараад л байгаа. Уг нь цалин өгөхгүй өнжсөн удаагүй. Нэгтгэлийн Үйлдвэрчний эвлэлийн эрхийг булаалдсан хүмүүс л худал мэдээлэл түгээж байгаа болов уу. Үүнээс гадна баазын газрыг худалдах тухай мэдээлэл биднийг түгшээдэг болсон. Манай баазад өдгөө газар гэх юм бараг л үлдсэнгүй. Э.Бат-Үүл даргын үед хэсэг талбайд нь орон сууцны хотхон барьчихсан. Хэрэв биднийг өөр тийш нь шилжүүлэх болбол засвар, угаалгын газар, гарааш, сэлбэгийн агуулах гээд бүгдийг нь шийдэж өгөөсэй л гэж хүсэх байна.

-Таныг нийслэлийн шилдэг жолооч гэж дуулсан. Ямар үзүүлэлтээр шилдгийг шалгаруулдаг юм бэ?

-Автобусаа хэр цэвэр цэмцгэр байлгаж байгаагаас эхлээд нэлээд олон зүйл шалгадаг юм. Үүн дээр уран жолоодлоготой байхаас авахуулаад замын хөдөлгөөний дүрмийг хэр мөрдөж байна, осол гаргаж уу гэдгийг нь ч харгалздаг. Байгууллагаа хүндэлж, үүргээ биелүүлээд л шилдэг гэж өргөмжлүүлсэн. Ер нь нэгтгэлийн 1600 гаруй ажилтан бүгд л шилдэг. Хотын нийтийн тээврийн үйлчилгээний 40 хувийг, тэр дундаа хамгийн их ачаалалтай хэсгийн иргэдийн хөлийг залгуулж байна.

Хэдийгээр бухимдал ихтэй ч тэтгэвэрт гартлаа энэ газартаа ажиллах хүсэлтэй явдаг. Том хүү минь их сургуулиа төгсөөд ажилчин боллоо. Удаах хүү минь удахгүй дээд сургуульд орно. Харин бага минь сурагч. Нийслэлийн Тээврийн газар над шиг хэдэн зуун ажилчныхаа ажлын нөхцөл байдалд анхаарч, дэмжлэг үзүүлбэл иргэдийн бухимдал ч багасаж, хот аз жаргалтай болоход нэг алхам ойртох байлгүй.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

Илгээх

Энэ тухай