Зургаан сая мал вакцинжуулна

Улсын хэмжээнд одоогоор Дорноговь, Булган, Архангай зэрэг таван аймгийн есөн сум, нийслэлийн Сонгинхайрхан дүүрэгт мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний голомттой, хорио цээрийн дэглэмтэй байгаа юм. Уг өвчний тархалтыг хязгаарлаж, бүрэн хяналтдаа авахын тулд Засгийн газрын тогтоолын дагуу ОХУ-ын Мал, амьтан хамгаалах холбооноос шүлхийн нийт 7.2 сая тун вакцин шууд худалдан авах гэрээ байгуулсан байдаг.

Гэрээний дагуу эхний ээлжинд 0.5 сая тун вакциныг өнгөрсөн хоёрдугаар сард хүлээн авсан юм. Тэгвэл саяхан хоёрдугаар ээлжийн дөрвөн сая тун вакциныг хүлээн авч, өчигдрөөс төвийн болон говийн аймгууд руу хүргүүлж эхэллээ. Энэ удаа Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Дорноговь, Говьсүмбэр, Булган, Архангай, Өвөрхангай, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Өмнөговь, Дундговь, Төв гэсэн 14 аймгийн 99 сум, Улаанбаатар хотын нийт зургаан сая малыг дархлаажуулахаар төлөвлөж буйгаа ХХААХҮЯ-наас мэдээллээ.

Вакциныг хадгалах, тээвэрлэх горимыг алдагдуулалгүй, аймгуудад шуурхай хүргэх, дархлаажуулах ажлыг цаг алдалгүй эхлүүлэх зэрэгт тус яамныхнаас гадна Улсын онцгой комисс, МХЕГ, орон нутгийн холбогдох албаныхан анхаарч ажиллаж буй гэнэ.

ОХУ-ын Мал, амьтан хамгаалах холбоотой хийсэн гэрээний дагуу гуравдугаар ээлжийн 2.8 сая тун вакциныг ирэх тавдугаар сарын 9-нд хүлээн авах юм байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай