ФОТО: Нийслэлийн таван байршилд түр зам нээлтээ хийлээ

Замын цагдаагийн албаны ойролцоо барих гүүрэн гарцын бүтээн байгуулалтын хүрээнд нээж буй түр замууд өнөөдрөөс ашиглалтад орж байна.

Энэ талаар Нийслэлийн автозамын хөгжлийн газар (НАЗХГ), Замын цагдаагийн алба, Нийслэлийн газрын албанаас мэдээлэл хийв.

БНХАУ-ын 42 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр барих Замын цагдаагийн гарцын ойролцоо шинээр барих гүүрэн гарцын бүтээн байгуулалтын ажил 2.6 жил үргэлжлэх төлөвлөгөөтэй бөгөөд НАЗХГ-аас 1.6 жилийн дотор ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа аж. Энэ хүрээнд нийслэлийн автозамын ачааллыг бууруулах зорилгоор долоон түр зам байгуулж байгаа бөгөөд эхний таван автозам нь өнөөдөр нээлтээ хийж байгааг НАЗХГ-ын дарга Ж.Тогтохбаяр дурьдлаа.

Тэрбээр, “Гүүрэн гарцын бүтээн байгуулалтыг БНХАУ-ын аж ахуйн нэгж гүйцэтгэнэ. Ингэхдээ туслан гүйцэтгэгчээр дотоодын 16 компани ажиллаж байна. Мөн бүтээн байгуулалтад 450 гаруй ажилтан шаардлагатай бөгөөд үүнээс 150 нь БНХАУ-ын иргэн байх юм. Үлдсэн ажиллах хүчнийг дотоод бүрдүүлнэ. Мөн гүүрэн гарцын түүхий эд, материалын 70 хувийг Монголоос худалдаж авах юм. Гүүрэн гарцын бүтээн байгуулалттай холбогдуулан өнөөдөр Махатма Гандигийн гудамжаас Нарны зам, Нийслэл хүрээ өргөн чөлөөг Удирдлагын академитай холбох, Хүннүгийн гудамж-Саруул хотхон, Саруул хотхон-Соёлж чиглэлийн автозамыг өнөөдрөөс нээж буй юм. Харин Махатма Гандигийн гудамжнаас Нарны зам хүртэлх түр автозам нь төмөр зам дээгүүр дайран өнгөрч байгаа юм.

Тиймээс хуучин замын цагдаагийн уулзварт байрлах төмөр замын хөдөлгөөн зохицуулах төхөөрөмжийг тус түр замд байрлуулахаар ажиллаж байгаа аж. Уг ажлыг энэ сарын 19-ны оройн 22.00 цагаас 23-ны 07.00 цаг хүртэл хийх бөгөөд энэ хугацаанд Махатма Гандигийн гудамжнаас Нарны зам хүртэлх автозамыг түр хаах юм” гэлээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай