Гэр хорооллын 10 иргэн байрны урьдчилгаа 30 хувиа төлүүлж түлхүүрээ гардан авлаа

Гэр хорооллын 10 иргэн байрны урьдчилгаа 30 хувиа төлүүлж түлхүүрээ гардан авлаа

“Гэр хорооллыг хөгжүүлэх сан”-гаас сүүлийн удаа 15 иргэн шаардлагыг хангаж орон сууцны түлхүүрээ гардан авч байсан бол өнөөдөр 10 иргэн орон сууцныхаа түлхүүрээ хотын даргаас гардан авлаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын санаачлан, эхлүүлээд байгаа “Гэр хорооллыг хөгжүүлэх сан”-гийн үйл ажиллагаа үргэлжилсээр байна. Энэхүү сан нь Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах 1, 2-р бүсийн оршин суугчид орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа 30% төлбөрийг санхүүжүүлж, гэр хорооллын бүсийн иргэдээ орон сууцжуулах замаар барилгын салбараа бодитоор дэмжих үр дүнтэй ажил болж чадаж байгаа юм.

Агаарын чанарыг сайжруулах 1, 2-р бүсийн иргэд ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн дэмжлэгт хамрагдахдаа өөрийн амьдран суугаа хашааны газрын эзэмших, өмчлөх эрхээ нийслэлийн газрын санд шилжүүлэх журамтай. Мөн тухайн иргэний эзэмшиж байгаа газрын хэмжээ 400 м2-аас доошгүй байна гэж заасан. Эдгээр шаардлагуудаас гадна арилжааны банкны зүгээс тавьж байгаа ипотекийн зээлийн үндсэн шаардлагыг хангасан байх бөгөөд худалдан авч буй байрны хэмжээ 70 м2-аас илүүгүй, 1м2-ын үнэ 2.000.000 төгрөгөөс хэтрэхгүй үнэтэй байх юм.

Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны иргэн А.Бямбасүрэн “Нийслэлийн Засаг даргын санаачилсан энэхүү хөтөлбөрт хамрагдаад байртай болсондоо баяртай байна. Цаашид олон иргэн тус хөтөлбөрийн үр шимийг хүртэж, “Гэр хорооллыг хөгжүүлэх сан”-гаас байрны урьдчилгаагаа шийдвэрлүүлэх болтугай” гэв.

Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны иргэн н.Хишигмаа “Манайх Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд 11 жил амьдарч байна. Гэр бүлийн маань сүүлийн 5 жилийн мөрөөдөл орон сууцтай болох. Өнөөдөр энэ хүсэл биеллээ олж, түлхүүрээ гардан авч байгаад маш их баяртай байна. Нийслэлийн Засаг дарга болон Тамгын газар, нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын хамт олонд баярласнаа илэрхийлэе. Ажлын өндөр амжилтыг хүсье. 621 ам метр газрыг гурван өрөө байрны 30 хувийн урьдчилгаанд өгч байна. Зах зээлийн ханшаар бодоод үзвэл манай газрыг байрны урьдчилгаатай дүйцэхүйц мөнгөөр худалдан авах хүн олдох эсэх нь эргэлзээтэй шүү дээ. Тиймээс иргэдийг энэхүү сантай холбогдож, орон сууцтай болоорой гэж уриалж байна” гэлээ.

Гэр хорооллын хөгжүүлэх сангийн үйл ажиллагаагаа цаашид тогтмол үргэлжлэх бөгөөд хамрагдах хүсэлтэй иргэдийн материалыг нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газар хүлээн авч байгаа юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

Илгээх

Энэ тухай