Хэсгээсээ шалгарах нь оросуудын зорилго

Н.ЭНХБАЯР


2018 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох 32 шигшээ багийнхны танилцуулгыг бид ОХУ-аар эхэлж байна.

Тэмцээнийг зохион байгуулагч ОХУ-ын шигшээ баг дэлхийн аваргад оролцох эрхээ шууд авсан учир “бие халаалт” хийх өрсөлдөгч нэн чухал байлаа. Тэд бүр шигшээ багтай бус “Динамо” (Москва)-той 2017 оны есдүгээр сард нөхөрсөг тоглолт хийсэн удаатай. Харин Европ болон Өмнөд Америкийн бүсийн сонгон шалгаруулалт дууссанаар 2017 онд Аргентин, Испани, өнгөрөгч сард Бразил, Францын багтай тогложээ. Эдгээр тоглолт талбайн эздэд туршлага хуримтлуулах, алдаагаа олж харах боломж олгосон нь дамжиггүй.

Өмнөх дасгалжуулагч Л.Слуцкий тамирчдаа “Евро-2016”-д тааруухан “сойсон” учир шинэ баг бүрдүүлэх шаардлага С.Черчесовт тулгарав. Дээд зэрэглэлийн тоглогчоор маруухан, туршлагатай тоглогчид нь шигшээ багаа орхисон учир түүнд авьяаслаг шинэ тоглогчийн эрэлд гарахаас өөр арга байгаагүй.

Гэвч ОХУ-д тийм тоглогч одоо бараг алга. Хөгжөөн дэмжигчид нь эх орондоо болох хөлбөмбөгийн баяр наадмыг сэтгэл догдлон хүлээж байгаа ч шигшээ багтаа тийм ч их найдвар хүлээлгэхгүй байгаа болов уу. Хэсгээсээ шалгарах нь хойд хөршийн багийн хувьд сайн үр дүнд тооцогдоно.

ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

2016.08

Л.Слуцкийн оронд С.Черчесов ерөнхий дасгалжуулагчаар томилогдож, түүний удирдсан анхны тоглолтод оросууд Туркийн багтай 0:0-ээр тэнцэв.

2017.03

Сочигийн олимпын цэнгэлдэх хүрээлэнд болсон Бельгийн эсрэг тоглолтын хоёрдугаар хагаст талбайн эзэд хоёр гоол оруулж, хүчирхэг өрсөлдөгчтэйгээ 3:3-аар эвийн гэрээ байгуулсан.

2017.06

Холбоодын цомын тэмцээнд оролцож, эхний тоглолтдоо Шинэ Зеландыг 2:0-ээр хожсон ч Португал (1:0), Мексикийнхэд (2:1) ялагдсанаар хэсгээсээ шалгарч чадаагүй.

2017.11

Шинэчлэгдсэн “Лужники” цэнгэлдэхийн нээлтийн тоглолтод Аргентины шигшээ багт хожигдов.

2018 .03

ДАШТ-ий өмнө эх орондоо хоёр чухал нөхөрсөг тоглолт зохион байгуулсан ч Бразил, Францын багт ялагдлаа. ОХУ-ын баг тав, зургадугаар сард Австри, Туркийн багтай тоглох хуваарьтай.

ХЭСГИЙН ТОГЛОЛТ

2018 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн тоглолт ОХУ болон Саудын Арабын багийн хооронд зургадугаар сарын 14-нд болно. Оросууд таван өдрийн дараа М.Салах тэргүүтэй Египет, зургадугаар сарын 25-нд Уругвайн шигшээтэй тус тус тоглоно.

ДАСГАЛЖУУЛАГЧ

(Станислав Черчесов)

ЗХУ болон ОХУ-ын шигшээ багт 49 удаа тоглосон, улсын аварга шалгаруулах тэмцээнд дөрвөн удаа түрүүлсэн экс-хаалгач 2016 оны наймдугаар сард шигшээ багийг удирдах хариуцлагатай албанд томилогджээ. Тэрбээр 1995 оны “Аваргуудын лиг”-т хэсгийн зургаан тоглолтдоо ялалт байгуулж шуугиан тарьсан Москвагийн “Спартак”-ийн амжилтад хувь нэмэр оруулсанаас гадна “Тирол Инбсрук”-ийн хамтаар Австрийн аварга шалгаруулах тэмцээнд гурван удаа түрүүлж байв. Улмаар “Спартак” багт тоглож байгаад зодог тайлсан баялаг намтартай хөлбөмбөгч. Австрид баг дасгалжуулж байгаад эх орондоо ирж, Москвагийн “Спартак”, “Динамо” зэрэг

багийг удирдсан. 2015 онд Польшийн “Легия” багийг лиг болон цомын тэмцээнд түрүүлүүлсэн.

ТОГЛОГЧИД

Гол тоглогч:

И.Акинфеев шигшээгийн нэгдүгээр хаалгачийн статусаа хадгалсан хэвээр бөгөөд олон тоглолтод багаа аварч байв.

Гэмтэл бэртэлд өртөмтгий ч А.Загоев багтаа нөлөөтэй тоглогч.

Ахмад тоглогч:

И.Акинфеев шигшээ багтаа 104 удаа тоглосон бөгөөд С.Игнашевичийн дээд амжилтад (120 тоглолт) ойртсоор байна.

Үгүйлэгдэх тоглогч:

С.Игнашевич болон ах дүү Березуцкий шигшээ багаас зодог тайлсан нь дасгалжуулагчийн “толгойны өвчин” боллоо.

ДЕБЮТ

ОХУ-д төрж, багадаа Герман руу цагаачилсан К.Рауш Бундестимийн 21-ээс доош насны шигшээ багт тоглож байв. Гэвч тэрбээр ОХУ-ын багт тоглохоор шийджээ. Онцлууштай өөр нэг шинэ тоглогч бол төвийн хамгаалагч Г.Жикия.

Гэмтэлтэй тоглогч:

Санкт Петербургийн “Зенит” багийн довтлогч А.Кокорин өвдөгний гэмтлийн улмаас ДАШТ-д оролцох боломжгүй болсон.

ХАРИУЛТ НЭХСЭН АСУУЛТ

Шинэ хамгаалагчид хэр сайн тоглох вэ?

В.Васин, Ф.Кудрашов, Г.Жикия нарыг техникийн алдаа гаргадаг, байрлалаа буруу эзэлдэг хэмээн сүүлийн үед шүүмжилж байгаа ч тэднээс өөр хамгаалалтад гаргах сайн тоглогч С.Черчесовт алга.

И.Акинфеев бүдүүлэг алдаа ахиж гаргах уу?

Хэдийгээр ОХУ-ын гарааны хаалгач боловч Игорь томоохон тэмцээнд, тухайлбал 2014 оны ДАШТ, 2017 оны Холбоодын цомын тэмцээнд ноцтой алдаа гаргаж байсан.

А.Аршавин шигшээдээ эргэж ирэх үү?

Сүүлийн 15 жилд олон улсын хэмжээнд хамгийн их танигдсан орос тоглогч Андрей (36 нас) эдүгээ Казахстаны “Кайрат” багт хүчин зүтгэж буй. Сүүлийн үес тун давгүй тоглож байгаа ахмад тоглогчийг шигшээд эргүүлэн дуудах боломжийг С.Черчесов үгүйсгээгүй.

И.Денисов шигшээд дуудагдах уу?

С.Черчесов “Динамо”-г дасгалжуулж байхдаа хагас хамгаалагчтай тааруухан харилцаатай байсан учир түүнийг сэлгээний тоглогч болгосон. Шигшээ багийг удирдаж эхлээд ч С.Черчесов Денисовыг “тоохгүй” хэвээр байна.

Орос довтлогч боломжоо ашиглах уу?

ОХУ-ын Премьер лигийн 2016, 2017 оны мэргэн бууч Ф.Смолов (Краснодар), А.Кокорин (Зенит) олон улсын тавцанд гялалзсан амжилт гаргасан нь үгүй. Александр гэмтсэн учир багийн довтолгооны ачаалал Федорт ирэх нь гарцаагүй. Тэрбээл эл хариуцлагатай үүргийг хэр биелүүлэх бол.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай