Ц.Өлзийтогтох: Хулгайн бүлэглэлийн эрх ашгийг хөнддөг учраас “Биокомбинат”-ыг шинэчилдэггүй

-Гурван удаа вакцин тарьчихаад байхад шүлхий гараад буйг

юу гэж ойлгох вэ-

“Биокомбинат” ТӨААТҮГ-ын Үйлдвэрлэл-технологийн албаны дарга, ерөнхий технологич Ц.Өлзийтогтохтой ярилцлаа.

-Шүлхий дийлдэхээ байлаа. Юунаас болоод ийм байдалд хүрчихэв?

-Хөдөө аж ахуйн бодлого хариуцсан яам, Мал эмнэлэг, үржлийн газрын эм, вакцины наймаа, нийлүүлэлтийн талаар ярихаас өөр арга алга. Би анх удаа ярьж байгаа ч юм биш. Хэдэн баримт хэлье.

Засгийн газрын 2011 оны зургадугаар сарын 22-ны 192 дугаар тогтоолоор мал сүргийг халдварт өвчин болон шимэгчдээс урьдчилан сэргийлэх тарилга, угаалга, туулгалтад бүрэн хамруулах ажлыг тухайн онд багтаан нэгдсэн байдлаар гурван удаа зохион байгуулах үүрэг өгсөн.

Үүнийг хэрэгжүүлэхдээ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам “Нарантуул” захад нэг литр нь 30 мянган төгрөгийн үнэтэй байсан ивомек тарилгыг “Цагаан залаа агвет” гэдэг компаниас 57 мянгаар буюу нийт хоёр тэрбум 684 сая төгрөгөөр худалдан авсан.

Үүний талаар би тухайн үеийн УИХ-ын гишүүдэд хандсан. Гишүүд Ерөнхий сайд С.Батболдод асуулга хүртэл тавьсан юм билээ. Гэсэн ч Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, яамнаас Мал эмнэлгийн хүрээлэнгийн Эрдмийн зөвлөл рүү цохож, миний бичсэнийг үнэн, эсэхийг шалгахыг үүрэг болгосон.

Гэтэл Мал эмнэлгийн хүрээлэнгийн Эрдмийн зөвлөлийн дарга нь өнөөх “Цагаан залаа агвет” компанийн эзэн юм шүү дээ. Тэд яаж өөрсдийгөө буруу зүйл хийсэн гэж хэлэх вэ дээ.

Ингээд л тэдгээр “аугаа эрдэмтэд”-ийн дүгнэлтийн дагуу 45 мянган литр ивомекийг 2012 оны сонгуулийн өмнө тараасан л даа. Мөн 2014 онд салбарын яамныхан хувийн компаниудтай нийлж, 53 тэрбум төгрөгийн гэрээ хийснийг ил болгосон. 2016 онд ч Засгийн газрын 71 дүгээр тогтоолын хүрээнд 13 тэрбум төгрөгөөр шүлхий, бог малын мялзан, хонины цэцэг өвчнөөс сэргийлэхэд зориулсан вакцин худалдаж авсан.

Үүний 5.7 тэрбумыг “Глобаль бизнес линк” ХХК буюу Мал эмнэлэг, үржлийн газрын дэд дарга байсан З.Батсүхийн компанид өгсөн. Тэд Энэтхэгээс чанаргүй вакцин авчирсан. 3.7 тэрбумыг нь Д.Хишигжаргалын “Мон оол вет” компанид өгч, хэрэгцээгүй, мялзангийн 11 сая тун вакциныг зах зээлийн үнээс долоо дахин өндөр үнээр Хятадаас авчирч Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай, Увс, Завханы цаад талын сумдын малд тарьсан.

...Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам “Нарантуул” захад нэг литр нь 30 мянган төгрөгийн үнэтэй байсан ивомек тарилгыг “Цагаан залаа агвет” гэдэг компаниас 57 мянгаар буюу нийт хоёр тэрбум 684 сая төгрөгөөр худалдан авсан. Үүний талаар би тухайн үеийн УИХ-ын гишүүдэд хандсан...

Засгийн газрын тогтоол нь наймдугаар сарын 31-нд гарч байхад тус бүс нутагт дэлгэрсэн өвчний онош сарын дараа буюу есдүгээр сарын 30-нд батлагдах жишээтэй. Тэгээд ч Хятадад үйлдвэрлэсэн тэр вакциныг манайх өмнө нь хэзээ ч худалдаж авч байгаагүй юм билээ. Вакцины омог буюу шинж чанар, бүтэц, бүрэлдэхүүн нь шаардлага хангаагүй.

“Биокомбинат”-аас нэг тунг 50 төгрөгөөр худалдаж авдаг байхад Хятадын үйлдвэрээс 342 төгрөгөөр авч байгаа юм. Ингэхдээ тендерээ ч хуулийн дагуу зарлаагүй. 3.5 сая үхэртэй атлаа долоон сая үхрийн тун авах шаардлага байсан уу. Нэг тэрбум 292 сая төгрөгийг нь сайд П.Сэргэлэн Оросын нэгэн компани руу шилжүүлж, хонины цэцгийн 23 сая тун вакцин оруулаад ирсэн. 23 сая хонинд тарина гэсэн үг. Гэтэл улсын мал тооллогын дүнгээс харвал вакцин тарих ёстой зүүн болон говийн аймгууд, Төв, Улаанбаатарын хонь нийлээд есөн сая гаруй байгаа юм. Ингээд зогсохгүй 6.2 сая тунг нь “Биокомбинат”-д үйлдвэрлэсэн вакцинаар тарьчихсан байсан шүү дээ.

Өөрөөр хэлбэл, ердөө гурван сая гаруй хонь тарих л шаардлага байгаа юм. Харамсалтай нь, 23 сая тун вакцинаар яах гэж байгаа, хэн захиалсныг хэлэх хүн гараагүй. Гадаадаас вакцин оруулж ирэхийн тулд малын эмийн улсын бүртгэлд оруулж, лабораторид дээжийг нь шалгуулж, шаардлага хангаж байгаа, эсэхийг тогтоодог. Хамгийн хачирхалтай нь, өнөөх 23 сая тун вакциныг “Биокомбинат”-ын нэр дээр бүртгэчихсэн байвал яах вэ.

Ерөнхий технологичийн хувьд үүнийг надад огт мэдэгдээгүй. Энэ талаар тухайн үед алба хашиж байсан Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Шадар сайд У.Хүрэлсүх, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад бичсэн. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат уг асуудлыг яам руу шилжүүлсэн, удахгүй хариуг нь танилцуулна гэсэн ч огцорчихсон. Улсын төсөв уйлахгүй шүү дээ.

-Тэгэхээр малын халдварт өвчнөөс урьд хулгайтай тэмцэх ёстой байх нь.

-Мэдээж. Ер нь бол шүлхийтэй тэмцэх хэд хэдэн арга бий. Юуны түрүүнд, хорио цээрийг маш сайн тогтоох ёстой. Харамсалтай нь, бид хөл хориог хэзээ ч сайн тогтоож байгаагүй. Хөл хориог эрт тавьчихвал уг өвчний тархалтыг зогсоодог. Одоо 10-ыг нь буудчихаад, 900-г нь 20-иод хоног хөл хориотой байлгаж байгаад вакцин тарьсан болоод хаячихаж байна шүү дээ.

Хамгийн гол нь тухайн нутаг уснаас нь холдуулахгүй, халдвар гараагүй айлын малтай хамт бэлчээхгүй байх хэрэгтэй. Тэгээд жилийн дотор хүнсэнд хэрэглэх боломжтой. Халдварыг жил тээдэг юм. Хоёрдугаарт, нэг үхэр нь шүлхийтсэн хотонд байгаа бог, бод бүгдийг нь устгах ёстой. Бүгдийг нь л устгахгүй бол тэртэй тэргүй тэр өвчнөөр үхэхгүй малыг битгий бууд.

Манайхан шүлхийтэй цөөн хэдийг нь ялгаж буудаад, бусдад нь вакцин тарьчихаад байна шүү дээ. Энэ бол шүлхийг тараах сонгомол технологи. Шүлхийтэй тэмцэх тухай улс даяар мөрдөх зааварт үүнийг оруулаад ч бүтэхгүй л байна.

-Уг нь маш ойлгомжтой дүрэм аж. Мөрдүүлж хүчирдэггүй шалтгаан нь юу юм бол?

-Манай уламжлалт сэтгэхүйд хотоо харлуулахыг ихэд цээрлэж, сэжиглэдэг. Нөгөө талаас улс орны эдийн засаг сайнгүй байна. Үүнээс гадна Монголд малын даатгалын тогтолцоо байхгүй.

Энэ мэт шалтгаанаар олон улсаас өгсөн зааврыг бүгдийг нь хангаж чадахгүй учраас нүглийн нүдийг гурилаар хуурна гэдэг нь болж байгаа юм.

-Хотоо харлуулахаас цээрлэдэг, нүүдлийн мал аж ахуйтай манайх шиг оронд дээрх дүрмийг мөрдөх нь түвэгтэй байх нь аргагүй бололтой.

Гэхдээ вакцин тарьж, эдгээр өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтойг хүн бүр мэдэж байгаа.

Даанч вакцинжуулсан мал нь өвчлөөд байдаг нь хачирхалтай. Ингээд малчид чанаргүй вакцинд бурууг тохдог бол тэдний хариуцлагагүйг бусад нь гайхдаг. Та аль талд нь орох вэ?

-Вакцин тариулсан мал жил хүртэл хугацаагаар өвчлөхгүй байх ёстой. Нэг жишээ хэлье. Дээр дурдсан 5.7 тэрбум төгрөгөөр авчирсан 7.1 сая тун вакцинаар Улаанбаатар хотын үхрийг 2017 оны зургадугаар сард бүгдийг нь тарьсан. Гэтэл наймдугаар сард нь өвчин гарчихсан. Яг эл хэрүүл дэгдэж, бие бие рүүгээ бурууг чихсэн. Өвчин дахин гарсан.

Тэр үед хэн хэн нь хариуцлагатай хандсан нь мэдээж. Гэтэл сая дахиад л өвчин гарчихлаа шүү дээ. Гурван удаа тарьчихаад байхад өвчин гараад байгааг юу гэж ойлгох вэ. Чанартай вакцин байсан сан бол 2017 оны зургадугаар сард тарьсан нь дахиад жил болтлоо шүлхийтэй бөмбөг дэлбэлсэн ч дэгдэхгүй байсан. Тэгэхээр заавал надаар муу хэлүүлэх шаардлага байна уу.

Хоёр, хоёр сарын зайтай тариулсныг нь малын эрүүл мэндийн дэвтэрт нь өдөр, сартай нь тэмдэглэчихсэн байгаа шүү дээ. Ер нь вакциныг амьдрал дээр ингээд нэг шалгачихаж байгаа юм. Мөн лабораторид шалгадаг. Дэлхийд тэргүүлэх, Английн Пирбрайтын лаборатори руу илгээж шалгуулахад манайхаас явуулсан дээж олон улсын жишгээс гажсан тул шалгаж чадахгүй гэж хэлээд буцаасан байна лээ.

Мөн 150 гаруй үхэрт тарьчихаад Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид шинжлүүлэхэд 70 хувьд нь дархлаа тогтоогүй гэсэн хариу гарсан. Дахин 250 гаруй үхэрт тарьсан вакциныг шинжлүүлэхэд идэвхгүй, чанаргүй, малд дархлаа тогтоогүй гэсэн хариу гарсан. Тиймээс л Монгол Улс “Биокомбинат” болон лабораториудаа шинэчлэх ёстой.

-Оруулж ирэхээс нь өмнө шалгадаггүй гэсэн үг үү?

-Хэн нь ч шалгуулахгүй байна. Бүгд хуурамч дүгнэлт ашигладаг болсон. Хуйвалдаж байгаа учраас яам, Мал эмнэлэг, үржлийн газар, мэргэжлийн хяналтын байгууллага гээд аль аль нь хяналт тавихгүй байна. Нөгөө талаас боловсон хүчин хийгээд техник, багаж хэрэгслийн хувьд чадамжгүй. Цөөн хэдэн зөв дүгнэлтийг нуун дарагдуулж байгаа. Дүнг нь зарладаггүй.

-“Биокомбинат”-ын шинэчлэлийн талаар тодруулахгүй юу. Ямар шатандаа явна вэ?

-2010 оноос хойш Монгол, Унгарын Засгийн газрын хооронд хоёр ч удаа энэ талаар ярилцаж тохирсон. Гэрээ байгуулсан. “Биокомбинат”-ыг шинэчилснээр бид шүлхийн вакцин үйлдвэрлэх болно. Мөн мялзангийн вакцин үйлдвэрлэнэ. Өөрөөр хэлбэл, гадаадаас авч байгаа хоёр вакцины хэрэгцээг 100 хувь дотоодоосоо бүрэн хангах юм. Эдгээрээс бусдыг нь бид үйлдвэрлэж байгаа шүү дээ.

Энэ нь өнөөх яам, агентлаг, улстөрчдийн вакцин худалдан авдаг, хулгайн бүлэглэлийн эрх ашгийг хөнддөг учраас “Биокомбинат”-ыг шинэчилдэггүй. Гэрээний дагуу бид өөрийн зүгээс шаардлагатай бүх зүйлийг Унгарын талд бэлтгэж өгсөн.

Ингээд 2011 оны дөрөвдүгээр сарын 1-нд Унгарт тендер зарлаж, зургадугаар сарын 1-нд сонгон шалгаруулалтыг нээсэн. Улмаар Унгарын “Кууптех” гэдэг компанийг шалгаруулж, гэрээ байгуулах гэж байтал 2011 оны долдугаар сарын 27-нд намайг ажлаас халсан.

-Төслийг удирдаж байсан хүн нь халагдлаа гээд тендерийг хүчингүй болгодог юм уу. Таны чиг үүргийг хэн нэгэн хэрэгжүүлэх ёстой биз дээ.

-“Биокомбинат”, энэ орны хөдөө аж ахуй, цаашлаад Монгол Улсын эрх ашиг, хоёр улсын харилцааны үүднээс харсан бол үргэлжлүүлэх л байсан биз. Гэвч тэгээгүй. 2016 оны нэгдүгээр сарын 25-нд дахин гэрээ байгуулж, 2017 оны сүүлчээр ШУТИС, МУИС-ийн багш, судлаач болон өөрийн мэргэжилтнүүдээс бүрдсэн баг үйлдвэрийнхээ шаардлагыг сайжруулан, бэлтгэж эхэлсэн.

Энэ оны гуравдугаар сарын 1-ний дотор тендер зарлаж, тавдугаар сарын 1 гэхэд шалгаруулахаар бүх бичиг баримтыг нь англи, монголоор бэлтгэсэн. Зургадугаар сарын 1 гэхэд гэрээ хийх ёстой атал үүн дээр ажилласан багийн нэгээс бусад хүнийг нь өөрчлөөд дахин шинээр байгуулсан. Ингэхдээ ажлаа, үйлдвэрээ огт мэдэхгүй хүмүүсээр бүрдүүлсэн. Тэр хүмүүс уг гэрээг мэдээж унагана. Сайд нь өөрчилсөн гэнэ лээ.

Өмнө нь орж, унагасан хүмүүсээс Мал эмнэлэг, үржлийн газрын даргаар ажиллаж байсан П.Ганхуяг тэргүүтэй дөрөв нь байна. Үнэндээ тэд бүх бичиг цаас, судалгааны ажилд ганц ч үг нэмэрлээгүй. Захиалагч нь “Биокомбинат” атал биднээс юу ч асуугаагүй.

-Унгарын талын өмнө их л ичгэвтэр байдалд орж байгаа хэрэг биш үү?

-Өмнө нь шалгарсан компанийг тендерийн баталгаа гарга гэсэн юм билээ. Ингээд аваад ирсэн зүйлийг нь манай шаардлагыг хангахгүй гээд буцаасан байгаа юм. Одоо бүр танайх үнэтэй, Хятадаас тоног төхөөрөмж авчирна гэж ярьж байгаа гэсэн. Гэтэл гэрээний дагуу нийлүүлэх барааны 50-иас доошгүй хувь нь Унгар болон Европын холбооны гаралтай байх ёстой.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

Илгээх

Энэ тухай