ТОЙМ: Өнгөрсөн долоо хоногт болсон онцлох үйл явдлууд

Өнгөрсөн долоо хоногт болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна. 

Орон нутагт цасан шуурга шуурч, ЗАМ ДАВАА ХААГДЛАА

Өнгөрсөн долоо хоногийн эхээр нутгийн зүүн хэсгээр, дунд үеэр ихэнх нутгаар хур тунадас нойтон цас орж, шуурч огцом хүйтэрлээ. Мөн энэ сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод бороо орж, шороо шуурч байхад Завхан аймгийн ихэнх нутгаар 11-ний шөнө цас орж зам хаахад хүрсэн. Тухайлбал, Завхан аймгийн Засаг даргын захирамжаар 2018 оны дөрөвдүгээр сарын 12-ны 11.00 цагаас 13-ны 11.00 цаг хүртэл хот хооронд болон орон нутгийн зорчигч тээвэрлэлтэд түр хугацаагаар хязгаарлалт хийгээд байгаа гэнэ. Түүнчлэн Улаанбаатараас Төв аймгийн Баянчандмань сумын хооронд болон Хэнтий, Сүхбаатар, Төв, Өмнөговь аймгийн чиглэлд их хэмжээгээр цас орж цасан шуурга шуурч зам даваа хаагдах нөхцөл байдал үүссэн юм.

Сургуулиудын өргөтгөл баригдсанаар 2 ээлжээр хичээллэдэг болно

Нийслэлийн Удирдах ажилтны өнөөдрийн шуурхай хуралдаанд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат мэдээлэл хийсэн. 8930 га газартай Чингэлтэй дүүрэгт 159 мянган хүн ам оршин суудгаас 80 хувь нь гэр хороололд, 20 хувь нь орон сууцны хороололд аж төрж байна. 19 хороотой тус дүүрэгт өрхийн эрүүл мэндийн 16 төв, хоёрдугаар шатлалын 5 эмнэлэгт  хэвтэн эмчлүүлэх ор 227, мэс заслын 25 тасаг, хүүхдийн 75 тасагтайгаар үйл ажиллагаа явуулж, нийт 637 эмч эмнэлгийн ажилтан ажиллаж байна. “Манай дүүрэгт сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгт 11 386 хүүхэд хамрагдаж байгаа нь нийт хамрагдах ёстой хүүхдүүдийн 75.5 хувь бөгөөд цэцэрлэгийн ачаалал 204 хувиар хэтрээд байгаа. Ерөнхий боловсролын сургуульд 25 402 хүүхэд суралцаж байгаа. Манай дүүрэгт 3 ээлжээр хичээллэж байгаа 5, 23, 24 гэсэн 3 сургууль байна. Улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2020 он хүртэл 5 цэцэрлэгийн өртгөтгөл, 4 цэцэрлэгийг буулгаж шинээр барих, 2 цэцэрлэг шинээр, 2 хороонд бага сургууль, цэцэрлэгийн цогболбор баригдахаар төлөвлөгдсөн. Ингэснээр орны тоо 1760 хүүхдээр нэмэгдэнэ. Ерөнхий боловсролын сургуулиудын хувьд 5, 23, 24, 50 дугаар сургуулийн өргөтгөл баригдсанаар манай дүүргийн бүх сургууль 2 ээлжээр хичээллэдэг болно” хэмээн Ж.Эрдэнэбат дарга тодотгож байлаа.

Тэнгэрт нэгэн ОД харвалаа

Олимпын мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, Дархан аварга Ж.Мөнхбат бурхны оронд оджээ. Мөөеө аварга Монголын чөлөөтийнхнөөс ДАШТ-ий анхны медалийг хүртэн, улсын наадамд зургаан удаа түрүүлсэн, цагийг эзэлсэн хүчтэн байсан юм. “Хоёр Мөнх” хэмээх хос баганы нэг нь уналаа, даанч харамсалтай. Жигжидийн Мөнхбат агсантай салах ёс гүйцэтгэх ёслол энэ сарын 13-ны өдөр Спортын төв ордны А зааланд боллоо.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-д айлчиллаа

Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчяны урилгаар БНХАУ-д албан ёсны айлчлал хийлээ. Энэхүү айлчлалын хүрээнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай албан ёсны хэлэлцээ хийж, талууд Засгийн газар болон байгууллага, аж ахуйн нэгжүүд хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсэн баримт бичгүүдэд гарын үсэг зурав. Мөн БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр Улаанбаатарын Төв цэвэрлэх байгууламж болоод Гэр хорооллын Дахин төлөвлөлтийн төслийг эхлүүлэхээр болсон юм. Тухайлбал, хоёр улсын худалдааны эргэлтийг 2020 он гэхэд 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтын хүрээнд хамтын ажиллагааны механизмуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх, хоёр улсын хөгжлийн стратегийг уялдуулах, худалдаанд тулгарч буй тарифын бус саад тотгорыг арилгах, үйлдвэрлэлийн  чадавхи, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг бэхжүүлэх, эдийн засгийн хөгжил, ард иргэдийн ахуйн амьжиргааг дээшүүлэхэд тустай төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг түргэтгэхээр санал нэгдэв. Тухайлбал, Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн төсөл, гэр хорооллын дахин төлөвлөлт зэрэг БНХАУ-ын Засгийн газраас олгох хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх төслүүдийг ойрын үед эхлүүлэхээр болов.

Түүнчлэн БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо болсон Монгол, Хятадын бизнес форумын үеэр хоёр улсын бизнес эрхлэгчид 4.6 тэрбум ам.долларын санхүүжилт бүхий 36 гэрээ, хэлцэл байгууллаа. Хоёр орны аж ахуйн нэгжүүд байгаль орчин, уул уурхай, усан хангамж, гэр хорооллын дахин төлөвлөлт, худалдаа, зочид буудал, барилга, мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр, төмөр зам, эрчим хүч, банк, санхүү, аялал жуулчлал зэрэг чиглэлээр хамтран ажиллах юм.

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, С.Баяр нарыг албадан саатуулж, Ч.Сайханбилэгийг сар цагдан хорихоор болжээ

Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор Ерөнхий сайдаар ажиллаж байсан хэд хэдэн хүн АТГ-т шалгуулж буй билээ. Тухайлбал, С.Баяр, М.Энхсайхан, Ч.Сайханбилэг нараас тус газар болон нийслэлийн Прокурорын газрын хамтарсан ажлын хэсгийнхэн тайлбар, мэдүүлэг авсан бөгөөд энэ сарын 11-ний өдөр Ч.Сайханбилэгийг байцаасан юм. Тэгвэл энэ сарын 12-нд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг үргэлжлүүлэн хорих эсэхийг шүүх хурал Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Түүнийг энэ сарын 10-ны өдөр сэжигтнээр татан шалгаж, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан байсан юм. Тэгвэл сэжигтнээр тооцон цагдан хорих хугацаа дуусч байгаа тул шүүхээс Ч.Сайханбилэгийг 30 хоногийн хугацаатайгаар хорих шийдвэр гаргажээ. Тодруулбал, АТГ-аас Ч.Сайханбилэг, С.Баяр нарыг яллагдагчаар татах саналыг прокурорын байгууллагад хүргүүлсэн. Прокурор саналыг хүлээн авч тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан үргэлжлүүлэн цагдан хорих саналыг шүүхэд хүргүүлсэн аж. Мөн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ерөнхий сайд асан С.Баярыг 30 хоног үргэлжлүүлэн баривчлах шийдвэр гаргав.

Нийт хүүхдийн 80 хувьд мөнгөн тэтгэмж олгоно

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслүүдийг Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барилаа.

“Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” тогтоолын төсөлд Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй нийт хүүхдийн 80 хувьд Хүүхдийн мөнгө олгох тухай тусгасан байна.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2018 оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн А/15 дугаар тушаалаар “Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн өрхийн 0-18 хүртэлх насны хүүхдэд сар бүр бэлэн мөнгө хэлбэрээр Хүүхдийн мөнгө олгох босго оноог амьжиргааны түвшний үнэлгээний 554 болон түүнээс доош оноогоор тогтоосугай” гэж заасныг үндэслэн хүүхдийн мөнгөн тэтгэмжийг бүртгэлтэй нийт хүүхдийн 60 орчим хувь буюу 684 мянган хүүхдэд олгохоор 164.2 тэрбум төгрөгийг 2018 оны төсөвт суулгажээ. Хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 80 хувьд олгоход хүүхдийн тоо 228 мянга орчмоор нэмэгдэх бөгөөд 41.0 тэрбум төгрөг нэмж шаардагдахыг 2018 оны төсөвт тодотгол хийхгүйгээр шийдвэрлэх боломжтой гэж Засгийн газар үзэж байгаа юм.

Төв цэвэрлэх байгууламжид хэт авиан тоног төхөөрөмжийг суурилууллаа

Төв цэвэрлэх байгууламжаас хоногт дунджаар 1200-1500м3 лаг ялгардаг. Тус ялгарсан лагийг халдваргүйжүүлэх, үнэргүйжүүлэх төслийн хүрээнд биологийн задралыг бий болгож өвчин үүсгэгч нянг устгах, халдваргүйжүүлэх, үнэр саармагжуулах зориулалттай ХБНГУ-ын “Ультрасоник” компанийн “Тюбэреактор” загварын хэт авиан тоног төхөөрөмжийг суурилуулж, туршилт тохируулгын ажил хийгдэж байна. Энэ ажлын хүрээнд лагийн 44 карт бүхий 15 га талбайд үнэргүйжүүлэх, халдваргүйжүүлэх, боловсруулах, цэвэрлэх байгууламжаас Туул гол хүртэлх 12 га талбай суваг, олон жил хуримтлагдсан голын бохирдлыг арилгах, үнэрийг дарах, Төв цэвэрлэх байгууламжийн урд ТЭЦ-ийн үнсэн сангийн баруун талын 50 га талбай бүхий олон жил тогтсон хиймэл нуурыг цэнгэгжүүлэх, технологийн үйл ажиллагааг дэмжих, засвар хийж, тоног төхөөрөмж шинэчлэх зэрэг ажлыг 2016 оноос хийж хэрэгжүүлсээр байна.

Багш нар ирэх сарын 01-нээс ДАХИН ЖАГСАНА

оловсрол, шинжлэх ухааны салбарын ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэхтэй холбоотой шаардлагыг өнөөдөр Засгийн газарт хүргүүлсэн талаараа мэдээлэл хийлээ. 2017 оны сүүлээр багш нар тэмцэл хийснээр Засгийн газраас тодорхой шийдвэрүүд гаргасан боловч одоог хүртэл бодит үр дүн гараагүй байна.

Шинжлэх ухааны хүрээлэнгийн ҮЭХ-ы дарга Т.Баясгалан хэлэхдээ "Өнгөрсөн онд манай улс эдийн засгийн хямралтай байсан тул бид энэ асуудлыг хойшлуулсан. Харин энэхүү шаардлагаас хойш 3-4 сар цалин хөлс нэмэхгүй бол багш нар ахин ажил хаялт зарлаж, улмаар 2018-2019 оны хичээлийн эхлэхгүй ч байх магадлалтай" гэдгийг  хэллээ.

Боловсрол Шинжлэх Ухааны ҮЭХ-ны дарга Ж.Батзориг “Бид таван шаардлага тавих бөгөөд хэрэгжүүлээгүй тохиолдолд ҮЭ байгууллагын хуулиар олгогдсон эрхийн дагуу тэмцлийн үйл ажиллагаагаа тавдугаар сарын 1-ээс эрчимжүүлнэ” гэлээ. 

Сураггүй алга болсон хүүхдүүдийн 2 нь осгож нас барсан, нэг нь осгосон байдалтай олджээ

Багануур дүүрэгт сураггүй алга болсон гурван хүүхдийн хоёр нь осгож нас барсан, нэг нь осгосон байдалтай олдсон байна.

Таван настай, эрэгтэй Б, Ц хоёр гурван настай дүү Б-гээ дагуулан энэ сарын 11-ний өдрийн 14:00 цагийн орчимд гадаа тоглохоор гарчээ. Гэвч тухайн өдрийн 20:00 цагийн орчимд “Манай гурван дүү өдөр гадаа тоглохоор гараад одоог хүртэл сураггүй байна” гэх дуудлага Багануур дүүрэг дэх цагдаагийн хэлтэст иржээ.

Дүүргийн цагдаагийн хэлтэс, онцгой байдлын алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, эрэн сурвалжлах ажиллагааны хүрээг тэлж явуулснаар дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн 10.25 цагт мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Наранбаяраар ахлуулсан эрлийн хэсэг сураггүй алга болсон хүүхдүүдийг Багануур дүүргийн төвөөс 9 км зайд Хэрлэн голын дагуух Улаан эрэг гэх газраас олсон байна.

Хэргийн газарт очиход таван настай Б осгосон байдалтай, таталт өгч байсныг эмнэлгийн анхан шатны тусламжийг яаралтай үзүүлж, дүүргийн эрүүл мэндийн төвд хүргэж, эрчимт эмчилгээ хийлгэснээр биеийн байдал тогтворжсон бөгөөд эмчилгээг үргэлжлүүлж байгаа аж. Харамсалтай нь таван настай Б, гурван настай Ц нар ил харагдах гэмтэл шархгүй, осгосон байдалтай нас барсан байсан бөгөөд урьдчилсан байдлаар осголтын улмаас нас барсан гэх дүгнэлт гарчээ. Уг хэргийг Багануур дүүрэг дэх цагдаагийн хэлтэст шалгаж байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай