Охинтойгоо нэг агаараар амьсгалахсан

Охинтойгоо нэг агаараар амьсгалахсан

Сүрьеэгийн эмч нар хаа газар хамгийн өндөр цалинтай байдаг боловч хүн бүр дурлан энэ мэргэжлийг сонгоод байдаггүй нь учиртай. Монголд сүрьеэгийн эмч л бусад мэргэжлийн эмч нараас 20 хувийн илүү цалин авдаг бол Казакстанд бүр 100 дахин илүү цалин авдаг гэнэ. Үнэндээ нэмэгдэл цалин авахаас аргагүй хөдөлмөрийн хүнд нөхцөлд тэд ажилладаг аж. Өчүүхэн сонор сэрэмж алдахад л агаар дуслын замаар халдварладаг энэ өвчнийг эмч, сувилагчид өөрсдөө өвдөх ч тохиолдол байдаг.

Халдвар авна гэж сэжиглээд сүрьеэгийн тасгаар барагтай л бол хүн шагайдаггүй, өвчтөнүүдийн ар гэрийнхэн хүртэл цонхны цаанаас л эргэдэг энэ хаалганы цаана амьдрал хэрхэн өрнөдөг бол...

Энэ удаа бид өвчний хамгийн хүнд хэлбэр болох эмэнд дасалтай сүрьеэгийн тасагт очиж тус тасгийн эрхлэгч Д.Должинсүрэн эмчээс удаан гуйсны эцэст өвчтөн Г-тэй ярилцах зөвшөөрлөө авлаа. Сүрьеэгийн халдвар ДОХ-оос ч илүү нийгэмд заналхийлж байгаа тул хөндөж бичих ажилд туслан тасаг руугаа орууллаа гэдгийг эмч маань тодотгосон юм. Ингэхдээ ердийн маскаас хэд дахин илүү нягтралтай маск зүүн, нэг удаагийн малгай халад өмсөж аюулгүй байдлаа сайтар хангасан юм.

Дотогш ороход хүчилтөрөгчийн өтгөрүүлэгч аппаратгүй бол амьсгалахад хэцүү болсон өвчтөнүүдийн хавирга нь тоологдом хэрзгэр цээж, мөр, гарны товойсон байдал нь африкын ард түмэн унд усгүйдэж нүднээс гарсан байдлын наагуурх үе гэлтэй. Тухайн дүр зураг хэдэн өдөр санаанаас гараагүй юмдаг.

Бидний орсон нэг тасагт зарим өвчтөн арагшаа харан хэвтэж, зарим нэг нь зурагт үзэн хоол хийн идэж байхтай таарлаа. Эм тариа, өвчтөн, хоолны үнэр нийлээд тийм гэхийн аргагүй үнэр маскны цаанаас ч хамар цоргино. Эдэн дундаа арай бие тэнхээ гайгүй байрын харагдсан 30 гаруй насны залууг эмч дуудан “Өвчнийхөө талаар эмчдээ ярьдаг шигээ сэтгэлээ уудлаад сэтгүүлчид яривал болох уу? Чиний нэр ус, зураг хөргийг чинь гаргахгүй гэхэд үгүй гээгүй юм.

Энэ хүн бол үйлдвэрийн захирал асан, гарын дүйтэй мужаан,  долоон настай охины аав бөгөөд залуу сайхан эрийг өвчин тойрч гарсангүй.  Түүний гэр бүлийнхнээс энэ өвчнөөр тав нь өөд болсон бөгөөд өвчиндөө шаналж байгаа ахыгаа асарч тойлж байх үедээ өвчний халдвар авчээ. Ингээд түүнтэй хийсэн ярилцлагаа хүргэе.

Г: -Бид эхээс долуулаа байлаа. Хамгийн том ах маань анх энэ өвчнөөр өөд болж байсан. Дараа нь хоёр эгч, дунд ах, аав минь гээд ойр дотны минь таван хүн хорвоог орхиод байна. Одоогоос найман жилийн өмнө өвчтэй болсноо мэдсэн.   Харин азаар одоо нэг дүү, нэг ах маань эсэн мэнд байгаа. Эгч нар маань сүрьеэгийн хүнд хэлбэрээр өвдсөнөө мэдэхгүй хөнгөн эм ууж их удаан явж, эдгэнэ л биз гэж тоохгүй удсан.  Хүн л болсон хойно бороонд норж, голд сэлнэ.  Эмээ уухгүй байсан ч гайгүй мэт хэсэг явж болдог ч нэгээс хоёр жилийн дараа хавар намрын цагт жоохон ядраад ханиад хүрэхэд л болохоо байдаг.  

Ах эгч нар маань эм уухаас шантарч их тасалж байж дээ.  Эгчийг минь өвдөж байх үе  2005-2006 онд одооных шиг олон төрлийн эм байгаагүй болохоор хөнгөн эмэнд дарагдахаа болиод сүүлдээ уугаад ч нэмэргүй гэж уцаарлан үхлээ хүлээн хэвтэж байгаад өөд болж байсан. Тэнгэр ниргэх шиг л аймшигт мэдээ шил шилээ даран дуулдаж би л үйлээрээ үлдсэн юм. Тэр үед цаг хэцүү, эм ховор байж. Одоо харин тэр үеийг бодвол вирусыг ширхэгчлэн гаргадаг болсны дээр эмчилгээний зардал үнэгүй байна.  Миний анзаарснаар сүрьеэгийн халдвар анх ямар хүнээс авсан түүнийхийгээ л залгуулж аваад байх шиг байгаа юм.

Анх удаа сүрьеэ тусаж байгаа мөртлөө халдвар авсан хүн нь сүрьеэгийн олон эмэнд дасалтай хэлбэр бол шууд хүнд өвдөх жишээний. Нэг сүрьеэ тусчихаар хэдий өөрийгөө эрүүл боллоо гэж боддог ч айдастай болчихдог юм байна. Эмнэлгээс гараад дараа нь энгийн нэг ханиад тусахад ханиадны эм уух уу сүрьеэгийн эм уух уу гэдгээ ялгахаа больдог.

Миний хувьд сүрьеэгийн хамгийн сүүлийн үе шатны эмчилгээг хийлгэж байгаа. Дахиж өвдлөө гэхэд надад одоо ууж байгаа эмээс давах хүчтэй эм байхгүй тул эмчилгээгүй гэсэн үг.

-Хайртай хүнээ толгой дараалан алдсан тэр өдрүүдэд та юу мэдэрч, юунд хандаж гомдлоо яаж тайлж байсан бэ?

-Юу нь болохгүй байгаа юм бол гээд хамгийн түрүүнд лам дээр л очдог юм билээ. Засал ном хийлгэж элдэв бусын л юм болдог байсан. Лам дээр очсон тул одоо гайгүй боллоо гэж тайтгарсандаа ч тэр үү ах эгч нар маань эмээ тасалж удаан явсандаа. Тэгээд ч нэг их удахгүй бие нь муудлаа өнгөрчихлөө гэхэд бид юуг буруу хийсэн юм бэ гэмээр санагддаг. Одоо бол шашин шүтэхээ больсон.  

-Өвдөж зовох үед дэргэд тань хэн үлдсэн бэ?

-Төрсөн ах дүүс л үлдэнэ дээ. Ажил хийгээд явдаг байхад найз нөхөд олонтой л байлаа. Гэтэл одоо утсаар яривал чи бараг амьд уу л гэх нь холгүй. Ер нь удаан эмнэлэгт хэвтэхэд бүр сүүлдээ ар гэрийнхнээ ч өөрөө түлхмээр санагддаг. Бүгд зайгаа барих үед мах төрсөн ахан дүүс байгаль эх л надаас нүүрээ буруулаагүй мэт санагддаг. Миний бодлоор байгальд гарвал их сайхан илаарших төлөвтэй өвчин юм билээ. Ууланд нэг их гардаггүй би өвдсөнөөсөө хойш Богд уулруу их гарах болсон. Хоёрын хооронд үхчихгүй мөртлөө амьд байгаад байдаг гайтай өвчин тусчихаад  байна даа ах нь. Сайхан ажиллая гэхээр ямар ч хөдөлмөрийн чадваргүй болгочихдог юм байна шүү дээ.  

-Та эрүүл байхдаа юу хийдэг байсан бэ?

-Ааваасаа өвлөж авсан мужааны ажлаа хийгээд хувьдаа компаниа байгуулаад сайхан л явж байлаа. Үйл ажиллагаа маань жигдрээд компани маань хөл дээрээ тогтоод л ирсэн чинь өвчин сэдрээд ирэхээр үүд хаалгаа хаахаас аргагүй болсон. Одоо аргаа бараад үйлдвэрийнхээ зарим юмыг зараад заримыг нь лацдаад орхичихсон байгаа. Гарлаа ч одоо бужигнасан тоостой орчинд мужааны ажил хийх боломжгүй болсон. Би уг нь нүдээ аниад ямар ч айлыг өөрчилж гоё болгож чадна. Гарахаараа таксины жолооч болдог ч юм уу ямар ч байсан энэ үеийг давна даа.

-Таны тэсвэр тэвчээрийн дээд хязгаарыг энэ өвчин үзжээ.

-Эдгэрээд гарч байгаа хүмүүс захихдаа сэтгэлийн тэнхээтэй байгаарай, чаднаа, болноо, бүтнээ гэх эдгээр үгсийг амныхаа уншлага болгодог юм шүү гэж захидаг.  

Тэсвэр тэвчээр гэдэг....

Эмэндээ мансуураад өдөр болгон согтуу юм шиг дүүнгэтэж, дотор муухай оргин бөөлжих гэхээр эм гарчих гээд байх үед, ар гэрийнхэн нь адаглаад утсаа ч авахаа байчихсан үед бол тэсвэр тэвчээр гэдэг зүйл хугарч нугарна. Энд амиа хорлох талаар бүгд л боддог юм.  

Би одоо олон улсад хэрэглэгдэж байгаа хамгийн сайн үйлчилгээтэй эм хэрэглэж байгаа.  Харахад эрүүл юм шиг хэрнээ бид гэнэт л  өвдчихдөг болохоор  эмч нар маань өглөө болгон биднийг үздэг. Эхэндээ  доод тал нь гурван сар эмнэлэгт хэвтэж байж гарах хэцүү л байлаа. Хэдий долоо найман сар олсон орлогогүй эмнэлэгт хэвтэнэ гэдэг хэцүү ч гэлээ энэ нь бүх насаараа эмнээс хамааралтай амьдрахтай харьцуулбал хавьгүй богино хугацаа тул  эмчилгээгээ таслахгүй тэвчээртэй байж байгаад л гарах хэрэгтэй гэдгийг ойлгосон. 

-Таны хандлагаас харахад сэтгэлийн тэнхээтэй юм аа. Юу танд гэрэл гэгээ итгэл найдвар төрүүлдэг вэ?

-Сүрьеэгийн шинжилгээ өгөхөд эхнэр хүүхэд минь эрүүл гэж гарсан. Гэрэл гэгээ минь болсон охин минь одоо долоон настай.  Хүүхдээ тэвэрмээр, үсэглэлийнх нь баяр дээр очмоор үе гарах юм даа. Ер нь амьдын хагацал үздэг юм байна.

Охиныхоо амьсгалах агаарыг буртаглахгүйн тулд маскаа аваад үнсэж ч чадахгүй байх эцэг хүнд.... (Энэ үед ярилцаж байсан бид хоёрын хоолой зангирч би барьц алдахгүй шүү гэж хичээсэн ч хэдийнэ уйлчихсан байсан бол ахын харц нь гөлийчихсөн хаашаа ч юм бээ цоо ширтэж байлаа. Зовлонд цадсан эр хүний нулимс  ширгэсэн байдаг биз)

Халдвар өөр хүнд тарааж болохгүй шүү гэдэг үүргээ л сайн ухамсарлахыг хичээдэг. Хорвоо дээрх хамгийн хайртай хүмүүсээ энэ өвчнөөр алдсан надад эмээ уухгүй байх сонголт байхгүй шүү дээ. Эхнэр минь эргэе л гэдэг юм. Олон сар эмнэлэгт хэвтэж байгаа би эхний нэг сар эргэлт байнга авдаг байсан ч яваандаа улсын хоол үнэгүй идэж байж дахиж эхнэр хүүхдээ зовоохыг хүсээгүй. Битгий дахиж эргэж ирээрэй би болж байгаа гээд хэлчихсэн.

-Та бүхэнд амьдын хагацал л хамгийн хүндээр нөлөөлжээ. Хүүхэд дээрээ очмоор байна, манай нөхөр хүүхдээ  харж чадахгүй шүү дээ гэж уйлж суудаг нэг ээж бас энэ тасагт байдаг гэж дуулсан. 

-Адаглаад кино үзэж чадахгүй. Саяхан Мovie box дээр “Сайн аав” гээд кино гарлаа. Охин минь үзээд буруу харж суугаад удаан уйлсан гэнэ.  Тэр киног үзэхээр охин минь  намайг санаад уйлж байгаа болов уу гэж бодогддог ч хамаг юмнаасаа тусгаарлагдчихсан хүн чинь залбираад суухаас өөр арга байхгүй юм.

-Та эдгэрнэ ээ. Охинтойгоо эхнэртэйгээ их удаан хамт амьдрах байх. Мэжик Жонсон гээд NBA-ийн сагсчин ДОХ туссан хэдий ч их удаан насалж жаргалтай амьдарч байгаа гэсэн. Таны хэлснээр 7-8 сар гэдэг хүний бүхий л амьдралтай харьцуулбал богино хугацаа шүү дээ. Гараад маскаа тайлаад охиноо тэврээд явдаг болох байх.

-Ах нь өдөрт  18 ширхэг тал эм, хүчтэй эм хоргүйжүүлэх бэлдмэлтэйгээ нийлээд бараг 30 орчим бодис охиныхоо, эхнэрийнхээ төлөө залгиж байна. Нянг дарангуйлдаг зарим эм согтуу юм шиг л болгочихдог. Энэ эмний үйлчилгээ гурван цагийн дараа гардаг сөрөг нөлөө ч бас бий. Гэсэн ч бусад өвчтөн шиг эмээ хэзээ ч тасалдаггүй, гудсан доороо нуудаггүй.

-Амьдрал олон өнгөтэй юм аа. Бусад өвчтөнүүд ч бас янз бүрийн л сайхан муухайг эдэлж байгаа байх. Бүгдээрээ адилхан сүрьеэтэй юм чинь хамт байхдаа маскаа авч болдог уу?

-Энд хэвтэж байгаа хүмүүсийн сэтгэл зүй үнэндээ маш эмзэг тогтворгүй болчихдог. Биднийг цонхоор үсрэхээс хамгаалж гадна талдаа төмөр тортой, хаалга үргэлж цоожтой, эргэлт авахдаа нүүр тулж уулзахгүй цонхоор л авдаг. Хорих тусам гармаар санагддаг.

Бүгд өөр төрлийн сүрьеэтэй болохоор маскаа эмнэлэг дотроо ч авч болдоггүй. (Би ганцхан цаг масктай байхад бачимдаад авчихмаар санагдаж байхад эд нарт ямар хэцүү байдаг бол доо) Ясны сүрьеэ, гэдэсний сүрьеэ гээд  хүнд өвчтөн хөнгөндөө халдааж магадгүй тул платан дотроо л хаа нэг гэхээс биш тайлж болохгүй. Аргаа барсан үедээ хаа нэг авдаг. Өөрийгөө ч хамгаалж өрөөлийг ч хамгаалах хэрэгтэй шүү дээ.

-Эмнэлгийн нөхцөл байдал ямар байдаг вэ? Танд миний асуугаагүй нэмж хэлэх зүйлс байна уу?

-Эмч сувилагчид бидэнд чадахаараа л үйлчилдэг юм. Үнэгүй оношилгоо, эм тариа гээд  төр засгийн буян бий. Гэхдээ зарим өвчтөний хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат бүр эвдэрч гацаад их хэцүү болсон харагддаг. Аппаратгүй бол амьсгалахад хэцүү болсон өвчтөн байгаа юм. Хоол нь бас хаяа жонхуу шиг гараад идэж чадахгүй асгадаг. Гурилтай шөлөн дээр буцалсан ус хийгээд аваад ирсэн юм шиг  хоолыг нь жорлон луу асгах үе бий. Зарим өвчтөн айгаад хэлдэггүй байх би бол хэлнэ ээ. Энд зурагт байдаг ч интернэт, номын сан огт байдаггүй. Өдөржингөө бид чинь их л уйддаг юм. Мөн хөнгөн өвдсөн өвчтөн эмчээсээ гуйгаад эмнэлгийнхээ гадаа агаар амьсгалахаар гардаг юм. Даанч суух, дасгал хөдөлгөөн хийх газар байдаггүй. Хэрвээ би эмнэлгээс гардаг юм бол хашаа саравч дасгал хөдөлгөөн хийх талбай барьж өгөх юмсан гэж боддог юм. Өмнө нь нэг эдгээд гарахдаа сэхээн амьдруулах хүүхдийн тасгийг тохижуулж өгч байж билээ. Одоо бол ах нь утсаа хүртэл ломбарданд тавиад алдчихсан байхад хаанаасаа мөнгөтэй байхав. Нэг өдөр болох байх л гэж итгэж сууна даа

-Ярилцсанд  баярлалаа. Таны хэлснээр бүх зүйл сайхан болох байх.

Ярилцлага авсан өдрөө би ийм амьдрал байдаг байжээ гэж бодон явах замдаа, ажил дээрээ ч ирээд сэтгэл зүйн шокны байдлаасаа гарч чадахгүй хэсэг явсан. Ахад гадаа салхилдаг саад барьж өгч чаддаггүй юм аа гэхэд хэдэн унших ном өгөх юмсан, чаддаг бол төсөл хэрэгжүүлдэг хүмүүстэй холбож өгөөд тэр жигтэйхэн хэрэгтэй гээд байгаа хүчил төрөгчийн аппаратыг нь аваад өгчихдөг бол сайхнаа гэж эрхгүй бодогдлоо. Эмчийн хэлдгээр бид нэг л агаартай.  Амьсгалж буй бүхний төлөө гараа сунгахсан.  

 

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай