Д.Уянга: Сувилагчийн, их эмчийн дипломоо германчуудаар зөвшөөрүүлж чадсан

Д.Уянга: Сувилагчийн, их эмчийн дипломоо германчуудаар зөвшөөрүүлж чадсан

ХБНГУ-ын Бург Старгард хотын өрхийн болон дотрын эмч Д.Уянга (Уянга Готхайд)-тай ярилцлаа.

Тэрбээр “Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай дурангийн мэс заслын тоног төхөөрөмж хандиваар авчирч гардуулсан, Швейцарь улсад төвтэй “Impartner” хүмүүнлэгийн байгууллагын төлөөлөгч Свен Якобсонтой хамт эх орондоо ирээд буцсан юм.

Өмнө нь нярайн эмчээр ажиллаж байсан төрөх эмнэлэгт нь сайн санаат хүмүүс тоног төхөөрөмж бэлэглэхээр ирэхэд нь хэлмэрчилж тус хүргэсэн түүнтэй ажил, мэргэжлийнх нь орчны тухай яриа өрнүүлж амжлаа.

-Холын хүнээс үг сонс гэдэг. Герман улсад эмнэлэг байгуулж ажиллах хүртлээ та нэлээд зам туулсан нь лавтай. Юуны өмнө та өөрийгөө танилцуулах уу?

-Би 1988 онд Сувилахуйн ухааны сургууль, 1994 онд АУДС төгссөн. Дээд сургуулиа дүүргээд олон улсын хүмүүнлэгийн байгууллагад хоёр жил ажиллаад бидний үед I төрөх нэртэй байсан, одоогийн “Өргөө” амаржих газарт нярайн эмчээр ажилд орсон юм.

Тэндээ гурван жил болоод “Хатагтай” эмнэлэг рүү шилжсэн. Тэнд мөн нярайн эмчээр ажиллаж байгаад, хувийн шаардлагаар хоёр хүүхдээ дагуулаад Герман улсыг зорьсон доо.

-Тэнд ажиллаж амьдрахаар сонгосон байх нь. Та герман хэл сурсан байсан уу?

-Үгүй. Анхан шатны мэдэгдэхүүн ч үгүй байлаа. Ямар ч бэлтгэлгүй очсон гэсэн үг. Гэхдээ л мэргэжлээрээ ажиллах хүсэлтэй байсан. Эмчийн дипломоо баталгаажуулах гэхээр санхүүгийн хувьд боломж олддоггүй. Тэгэхээр нь эхний хоёр жил герман хэл сураад, сувилагчийн сургуулийн дипломоо баталгаажуулах шалгалт өгсөн юм.

Шалгалтуудыг амжилттай өгч, ажил хийх эрхтэй болоод, настай хүмүүсийн асрамжийн газар сувилагч болсон. Энэ ажлаа таван жил хийлээ. Энэ хугацаанд герман хэлээ сайжруулж, дээд сургуулийн дипломоо баталгаажуулахтай холбоотой бүх бичиг баримтыг цэгцэлж, шалгалт өгснөөр эмчээр ажиллах эрхийн үнэмлэх авсан.

Гуравдагч оронд төгссөн бол заавал дахин шалгалт өгч, анагаах ухааны дээд сургууль төгссөнөө баталдаг юм билээ. Ингээд Германыхаар бол ассистент, манайхаар резидент эмч болсон.

-Уйгагүй зүтгэжээ.

-Тэгэхгүй бол мэргэжлээрээ ажиллаж чадахгүй. Эх орондоо хоёр сургууль төгсөж, бас эмчээр хэдэн жил ажилласан туршлага, цаг хугацаа хайран санагдаад байлаа.

Хичээж зүтгэснийх бие дааж эмчээр ажиллах болж, улмаар эмнэлэг байгуулж тусдаа гарсан. Одоо хоёр дахь жилдээ ажиллаж байна.

-Хувийн эмнэлэг байгуулсан байх нь ээ?

-Тийм ээ. Германд эмч нар олон чиглэл, салбарт ажилладаг. Зарим нь шинжлэх ухааны салбарт ажиллаж, судалгаа, шинжилгээ хийдэг бол зарим нь эмнэлэгт ажилладаг. Мөн хувиараа эмнэлэг байгуулж тусдаа үйл ажиллагаа явуулах нь бий.

Манай “Праксис Готхайд” эмнэлэг өрхийн болон дотрын чиглэлээр тусламж, үйлчилгээ үзүүлдэг, нэг эмч, гурван сувилагчтай.

-Танай үйлчлүүлэгчид хотын оршин суугчид уу?

-Бид харьяа оршин суугч 0-99 насны иргэдэд үйлчилдэг. Бараг 3000 хүнд хүрч ажилладаг.

-Ачаалал ихтэй байдаг юм байна.

-Би өрхүүд хариуцсан дотрын эмч учраас өөр, зөвхөн өрхийн эмч бүхий хэсгээс явуулсан өвчтөнүүдийг хүлээж авч, үзэж оношилж, шаардлагатай хүмүүсийг дээд шатны эмнэлэгт илгээдэг.

-Эмнэлэг байгуулаад хоёр жил болжээ. Одоо ажил нь гарт нь орсон болов уу?

-Тэгсэн. Эхэндээ цөөн өвчтөн хариуцдаг байлаа. Харин түрүү жилээс манай хамрах хүрээг өргөтгөсөн учраас маш олон хүнд үйлчилдэг болсон. Олон тооны өвчтэй хүмүүстэй.

Насанд хүрэгчдийг ч, хүүхэд ч үзээд таатай байгаа. Дотрын эмч болсон болохоор хүүхэд үзэхгүй нь дээ гэж бодоод жаахан гунигтай байсан юм. Хүн анх сурсан, мэдэрсэн зүйлдээ дуртай байх юм.

-Ази, тэр дундаа монгол хүн өрхийнх нь эмч байх нь оршин суугчдад ямар санагддаг бол. “Эрүүл мэндээ гадаад хүнд даатгах гэж үү” гэсэн асуулт гарч байсан уу?

-Манай хотод гадаад хүн цөөн, ихэнх нь германчууд. Ер нь тэр хавьд дотрын ази эмч байдаггүй. Тийм болохоор би эмнэлгээ нээгээд анхны өвчтөн үзэх үедээ яаж хүлээж авах бол гэж айж байлаа. Тэгтэл харин ч эсрэгээрээ хүмүүс намайг талархалтай тосож авсан. Зүүн Герман учир тэндхийнхэн Монголыг маш сайн мэддэг.

Эмнэлгээ тохижуулахдаа Монголын тухай гэрэл зурагнууд ханандаа байрлуулсан юм л даа. Орж ирсэн хүмүүс тэр зургуудыг хараад “Та монгол уу” гэж асуудаг. Зарим нь манай орны тухай надаас илүү мэдээлэлтэй. Товчхондоо Монголд элэгтэй, найрсаг хүмүүс байдаг. Нэг санахад илүүдэхгүй туршлага бий.

Германд манайхаар бол “резидент”-ээ төгссөн, тэднийхээр мэргэжлийн эмчийн түвшинд хүрсэн мэргэжилтэн л өрхийн эмчээр ажилладаг. Манайх шиг анагаахын дээд сургууль төгслөө л бол шууд өрхийн эмч болно гэж байдаггүй юм билээ.

-Энэ хоёрын хооронд ялгаа их байгаа даа?

-Өрхийн эмч бол маш өндөр хариуцлагатай ажил. Янз бүрийн насны олон хүн үзэж, оношилж, эмчлэхийг нь эмчилж, онош тогтоон дээд шатлалын эмнэлэгт цаг алдалгүй илгээдэг чухал алба. Онош тогтоож чадахгүй, өвчнийг нь хүндрүүлбэл яах вэ. Тийм болохоор туршлагатай эмчээр айл өрхийг хариуцуулдаг юм байна.

-Танай эмнэлэгт голдуу ямар өвчтэй хүмүүс ханддаг вэ?

-Уушги, зүрх судас, бөөр, булчирхай, чихрийн шижин гээд дотрын бүхий л чиглэлийн өвчтэй хүмүүс ханддаг. Мөн арьсны элдэв өвчтэй, шархтай хүмүүс ирнэ. Мэс заслын дараах шархтай, боолт солиулах гэсэн хүмүүс ч ирдэг. Хүүхдүүд амьсгалын замын өвчтэй байх нь элбэг. Вакцин тарих ажлыг мөн өрхийн эмч хариуцдаг.

-Манайд элэг, ходоод, зүрх судасны өвчлөл их. Германд ямар өвчин зонхилдог вэ. Ер нь танай хотын иргэд хэр өвдөмтгий вэ?

-Даралт ихсэх болон чихрийн шижин өвчтэй хүн дийлэнх. Маш олон гэж хэлж болно.

-Хөгжингүй оронд урьдчилан сэргийлэх талд илүү анхаардаг байх, тиймээс өвчлөл харьцангуй бага байдаг болов уу гэж бодоод асуусан юм.

-Ихэнхдээ 50-иас дээш насныхан өвчтэй болсон байдаг. Ялгаагүй л суурин амьдралтай болохоор тэр байх. Хөдөлгөөн бага, хоол хүнсээ тохируулж чадахгүйгээс үүдсэн өвчлөл их байна. Тамхи их татаж байна. Бүгд машинаар явж байна. Хотжилтын гаж нөлөө их байна уу гэж хардаг.

-Хорт хавдраар өвдөх нь хэр вэ?

-Хорт хавдар элбэг. Оношилгоо, эмчилгээ сайтай. Эрт илрүүлж эмчилдэг нь сайн. Өрхийн болоод дотрын эмчийн хувиар хэвлийн хөндийн үзлэг хийх явцад элэг, бөөр, нойр булчирхай гэх зэрэг цул эрхтнүүд нь хорт хавдраар өвдсөн, түүнийгээ мэдээгүй яваа хүмүүс таардаг. Тийм хүмүүст онош тавиад дараагийн шатны эмнэлэгт явуулдаг юм. Уушгины, ходоодны гэх зэрэг рентген, дурангийн шинжилгээгээр нотлогдох өвчний шинж тэмдэгтэй хүмүүс байвал мөн л шинжилгээ хийлгүүлэхээр илгээдэг.

-Герман улсын эрүүл мэнпийн тогтолцоо, бодлогоос авууштай туршлага юу байна вэ?

-Манай улсад мэргэжлийн эмч бэлтгэх резидент эмчийн сургалт хоёр жилийн хугацаатай байдаг. Германд таван жил байх юм. Бүр нарийн мэргэжлийн эмч болох бол дахиад хоёр жил суралцдаг. Жишээ нь бөөрний эмч болъё гэвэл анагаахын дээд сургууль төгссөнөөс хойш долоон жил сурна гэсэн үг. Тэгэхэд манайд шууд хоёр жилийн дараа бөөрний эмч болдог.

Баруунд чадвартай эмч бэлтгэхэд цаг хугацаа, хөрөнгө их зардаг юм байна. Би АУДС төгсөөд, нярайн эмчийн курст суралцаж мэргэшээд, тав, зургаан жил нярайн эмчээр ажиллаад очиж байхад миний “резидент”-ийг хүлээн зөвшөөрөхгүй, дахин сурахыг шаардахад нь гайхсан ч сүүлдээ ойлгосон. Тэнд долоон жил сурч байж нярайн эмч болдог байхад би хэдэн сарын курсээр бэлтгэгдсэн байх нь хангалтгүй юм билээ л дээ.

Мөн манайхан “резидент”-ээр сурахдаа өөрсдөө мөнгө төлдөг. Тэнд бол удирдагч багш дагалдаж эмчээр ажиллангаа, цалин авч суралцдаг. Энэ бол эрүүл мэндийн тогтолцоо, систем дэх чухал ялгаа.

-Та хоёр хүүхэдтэйгээ Германыг зорьсон гэсэн. Овгоос нь харахад герман нөхөртэй болсон байна. Танай гэр бүлийн хүн ажил, мэргэжлийг тань хэр ойлгож, дэмждэг вэ?

-Маш сайн ойлгодог. Манай бэр бас эмч. Хүү минь гэрлэж, гурван хүүхдийн аав болсон. Сайхан монгол бүсгүйтэй гэрлэсэн. Бид Герман оронд дасчээ. Сайхан хүмүүсийн дунд сэтгэл дүүрэн ажиллаж, амьдарч байна аа.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай