Б.Бат-Өлзий: Цагдаагийн байгууллагад 4585 хүний орон тоо шаардлагатай байна

Цагдаагийн байгууллагын бүтэц, орон тоо, албаны хууль, дүрэм сүүлийн жилүүдэд өөрчлөгдөж, өнгөрсөн оноос Цагдаагийн албаны, Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх, Зөрчлийн, Зөрчил шалган шийдвэрлэх, Дотоодын цэргийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан нэлээд шинэчлэл хийж байгаа.

ЦЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Б.Бат-Өлзийтэй цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Танай салбарт шинэ хууль хэрэгжээд багагүй хугацаа өнгөрлөө. Хуулийн хэрэгжилт ямар байна вэ гэдгээс ярилцлагаа эхэлье.

-Улс орны нийгэм, эдийн засгийн болон бусад нөхцөл байдалд нийцүүлэн, цагдаагийн албаны практик үйл ажиллагаанд хууль хэрэгжүүлэх явцад гарч байсан хүндрэлүүдийг арилгах, зайлшгүй зохицуулах, орхигдсон зарим асуудлыг шийдвэрлэх хэрэгцээ, шаардлага тулгарсан.

Эдгээр асуудлыг хуульд нэмэлтээр тусгаж, шийдвэрлэх зорилгоор 2016 оны сүүлчээр Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулж, УИХ-д өргөн барьж, хэлэлцүүлэн батлуулж, өнгөрсөн оны гуравдугаар сарын 2-ноос мөрдөөд жилийн хугацаа өнгөрч байна.

Шинэчлэн найруулсан хуульд нийцүүлэн Засгийн газрын тогтоолоор 12, Хууль зүй, дотоод хэргийн сайдын дангаар болон хамтарсан тушаалаар 10, Цагдаагийн төв байгууллагын даргын дангаар болон хамтарсан тушаалаар 19 дүрэм, журам, заавар, стандартыг ажлын хэсэг боловсруулж, батлуулан үйл ажиллагаандаа мөрдөж эхэлсэн.

Шинэчилсэн найруулгаар алба хаагчийн албан үүргээ гүйцэтгэх нөхцөл, баталгааг хангах чиглэлээр нэлээд анхаарч, хуульчилж өгсөн бөгөөд хууль хэрэгжиж эхэлснээс хойш алба хаагчдын албандаа хандах хандлага сайжрах, итгэл үнэмшил дээшлэх зэргээр эерэг үр дүн гарлаа.

Мөн хуулийг нэг мөр ойлгох, хэрэгжилтийг хангуулах үүднээс Цагдаагийн албаны тухай хууль болон түүнийг дагалдан гарсан журмуудыг сурталчлан таниулах сургалт тогтмол зохион байгуулж байна.

-Цагдаагийн байгууллагын бүтэц хэрхэн шинэчлэгдэв. Цөөнгүй алба, хэлтэс байгуулагдсан. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Цагдаагийн албаны, Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх, Зөрчлийн, Зөрчил шалган шийдвэрлэх, Дотоодын цэргийн тухай хууль өнгөрсөн оноос хэрэгжиж эхэлсэн. Батлагдсан хууль тогтоомж, Хууль зүй, дотоод хэргийн сайдын шийдвэртэй уялдуулан хүний нөөцийг оновчтой байршуулах, алба хаагчдын ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, цагдаагийн байгууллагаас иргэдэд үзүүлэх үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй хүргэх, гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд ахиц гаргахад удирдлагын зүгээс ихээхэн анхаарал хандуулж, судалгааны үндсэн дээр бүтэц, зохион байгуулалт хийснийг алба хаагчид мэдэж байгаа.

Цагдаагийн төв байгууллага, Эрүүгийн цагдаагийн, Мөрдөн байцаах, Хэрэг бүртгэх, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, Замын цагдаагийн гэсэн алба, Дотоодын цэргийн штаб, 05, 805 дугаар анги, Нийслэлийн цагдаагийн газар болон харьяа нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын зохион байгуулалтын бүтэц, албан тушаал, орон тоо, цол, цалингийн зэрэглэлийг шинэчлэн баталсан.

-Энэ бүтэц алба хаагчдын орон тоо, ажлын ачааллыг тэнцвэржүүлэхэд хангалттай юу?

-Бусад орны цагдаагийн байгууллага орон тоо, хүн хүч, төсөв санхүүгийнхээ тооцооллыг хүн амын тоо, газар нутгийн байршил, хэмжээ, нөхцөл байдалтайгаа уялдуулж тогтоон, нэмэгдүүлж байдаг. Өөрөөр хэлбэл, тогтоосон “жишиг стандарт”-аа баримтлан хөрөнгө санхүү, хүн хүчээ шийдвэрлэдэг юм билээ.

Манай улсын хувьд Цагдаагийн байгууллагын талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2011 оны 153 дугаар тогтоолоор Цагдаагийн байгууллагын зарим ажил, үйлчилгээ, хангалтын жишиг нормативыг баталсан бөгөөд үүний дагуу өнөөдөр цагдаагийн байгууллагад 4585 хүний орон тоо шаардлагатай гэсэн тооцоо судалгаа байдаг. Энэ нь зөвхөн шаардлагатай хүний тоо юм.

Сүүлийн 4-5 жилд цагдаагийн байгууллага орон тооны хувьд өөрчлөлт хийгээгүй. Энэ нь улс орны эдийн засгаас шууд хамааралтай. Цаашид нөхцөл байдал дээшлэхийн хэрээр шаардлагатай орон тоо, техник хэрэгслийн төсөв, зардал үе шаттайгаар шийдвэрлэгдэж, цагдаагийн байгууллагын ажил үйлчилгээний хүртээмж, иргэдийн сэтгэл ханамж сайжирна гэдэгт итгэлтэй байдаг.

Бид одоогийн нөхцөл байдал, ажлын ачаалалдаа тохируулан байгаа орон тоо, хүн хүчээ дотооддоо шилжүүлэх, сэлгэж ажиллуулах замаар хүлээсэн үүргээ хэрэгжүүлж ирлээ. Аль болох хүний хүчин зүйлийн шууд оролцоогүйгээр, техник технологи, зохион байгуулалтын ямар шинэлэг арга хэрэгсэл байна. Түүнийг эрж хайн, хуульд заасан чиг үүргээ биелүүлэх боломжийг судалж, хэрэгжүүлэхэд анхаардаг.

-Цагдаагийн байгууллагын хүний нөөцийн томилгоо, шилжилт хөдөлгөөний асуудлыг хэрхэн шийдвэрлэв?

-ЦЕГ-ын удирдлагаас хүний нөөцийн бүх асуудалд хууль, журмын дагуу шатлан ахих зарчим баримтлан шийдвэр гаргаж байна. Төрийн алба шударга ёс, хууль дээдлэх зарчмаар явж, хөгжин дэвжих учиртай. Сүүлийн жилүүдэд хууль тогтоомжийн болон цагдаагийн байгууллагад удаа дараа хийсэн бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтүүд, удирдах албан тушаалтнуудын олон удаагийн халаа, сэлгээ, томилгооноос болж алба хаагчдыг мэргэшүүлэх ажил хангалттай хийгээгүй нь манай үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн тал бий.

Мөн аливаа улс төрийн нам, эвсэл, танил талаасаа дэмжлэг авч удирдах албан тушаалд томилогдох, цол, шагнал авахыг хүсдэг, эрмэлздэг асуудал тодорхой хугацаанд цагдаагийн байгууллагад байсныг нуух шаардлагагүй.

Одоо бид бүх шатны алба хаагч нартаа мэдээ, мэдээлэл, удирдлагын үүрэг, чиглэл, шийдвэрийг цаг тухай бүрд нь хүргэж, хэрэгжилтийг нь хангуулж байна. Ялангуяа анхан шатны нэгжид ажиллаж байгаа алба хаагч нарт бүх үүрэг чиглэл, мэдээ, мэдээлэл нэгэн зэрэг хүрч байхад анхаарч, хяналт тавин ажиллаж байгаа. Үүний үр дүнд алба хаагчдын зүгээс болон бусад байгууллага, албан тушаалтнаас байгууллагын хүний нөөцийн бодлого, шийдвэрт нөлөөлөн оролцох, санал хүсэлтээ шууд илэрхийлэх асуудал арилсан гэж ойлгож болно.

Ер нь алба хаагчид маань томилогдсон ажлын байр, албан тушаалдаа хичээж зүтгэн, хамт олныхоо итгэл, сайшаалыг хүлээж, ажилдаа эзэн нь байж гэмээнэ ахиж дэвшинэ гэдэг нэгдсэн ойлголтод хүрч, холбогдох хуулийн зарчим, удирдлагын барьж буй бодлого, шийдвэрт талархалтай хандах болсон.

Энэ оны эхний улирлын байдлаар харьяалах үндсэн нэгж, албадаас нь сонгон шалгаруулан офицер албан тушаалд 118, ахлах, чиглэлийн ахлах албан тушаалд 79, тасаг, хэсгийн даргаар 33 алба хаагчийг дэвшүүлэн томилуулахаар санал гаргасныг хянаж үзээд томилсон байна.

-Анхан шатанд ажиллаж буй ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлд хэрхэн анхаардаг вэ?

-Цагдаагийн байгууллагаас 2015-2017 онд нийт 778 алба хаагчийг зах зээлийн үнээс хямд, хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцанд орууллаа. Мөн цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын алба хаагчдаас эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт 2016 онд 5852, 2017 онд 7598 алба хаагчийг хамруулжээ. Эрүүл мэндийн урьдчилсан сэргийлэх үзлэгт хамрагдсан нийт алба хаагчдын 50 хувьд мэргэжлээс шалтгаалах өвчний шинж тэмдэг илэрсэн. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн ямар нэг доголдолтой гарсан гэх судалгаа бий.

ЦЕГ-ын удирдлагаас өгсөн чиглэлийн дагуу 2018-2020 онд “Эрүүл цагдаа” хөтөлбөр цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын хэмжээнд хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, ХЗДХЯ-нд төслөө батлуулахаар хүргүүлсэн.

Мөн алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх, орон нутагт томилогдсон болон алслагдсан сумдад ажиллаж байгаа цагдаагийн ажилтнуудыг орон байр, тээвэр, холбооны болон орчин үеийн техник хэрэгслээр, гэр бүлийн гишүүнийг нь ажлын байраар хангахад дэмжлэг үзүүлэх, хөрөнгө санхүүгийн туслалцаа үзүүлэх талаар Хууль зүй, дотоод хэргийн сайдын аймаг, нийслэлийн Засаг дарга нартай байгуулсан хамтран ажиллах гэрээнд тусгуулаад байна.

-Цагдаагийнхны мэргэжил, мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр дахин сургах нь илүү оновчтой байх.

-Хууль сахиулах салбарын бодлого, чиглэл, шинээр батлагдсан цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой хууль, тогтоомжуудын хэрэгжилтийг хангах, удирдах ажилтан, алба хаагчдын давтан болон ур чадварын сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, үр дүнг дээшлүүлэх зорилгоор “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлдээшлүүлэх 2018 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөө” гарган, хэрэгжүүлж байна. Энэ жилийн сургалтын төлөвлөгөөний дагуу 10 чиглэлийн 53 багц 91 удаагийн сургалтад 6578 алба хаагчийг хамруулахаар төлөвлөсөн.

-Алба хаагчдын ёс зүйн асуудал үргэлж анхаарал татдаг. Сахилга, ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр ямар ажил хийж байгаа вэ?

-Цагдаагийн байгууллага бол төрийн тусгайлсан чиг үүрэгтэй. Тиймээс хууль дээдэлж, захирах, захирагдах ёсыг баримтлан, албандаа хүндэтгэлтэй хандаж, бие биедээ зарчимч шаардлага тавьж ажилладаг. Бид сахилга хариуцлагаа дээшлүүлж, үйл ажиллагаагаа байнга сайжруулж явах ёстой. Алба хаагчдын сахилга, ёс зүй, ажлын хариуцлага хангалттай сайн биш байгаа нь үнэн.

Иргэд, олон нийтээс энэ талаар нэлээд шүүмжилдэг. Алба хаагчдын ажлын хариуцлага, харилцааны ёс зүйтэй холбоотой асуудлаар биеэрээ ирж болон бичгээр, утсаар, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гомдол, хүсэлт гаргаж байгаа. ЦЕГ-т авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой мэдээ, мэдээлэл хүлээж авах 126 дугаарын утсыг 24 цагаар ажиллуулдаг.

Ирүүлсэн гомдол, мэдээлэл бүрийг бид бүртгэл, хяналтдаа авч, дотоод хяналт шалгалтын нэгжээрээ шалгуулан, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хариу өгч, шийдвэрлэж байна. Гомдол, мэдээлэлд дурдсан асуудал бодиттой, хууль тогтоомж, үйл ажиллагааны журам, дүрэм зөрчсөн нь тогтоогдсон тохиолдол бүрт хариуцлага тооцдог юм.

Энэ дашрамд нэг зүйлийг зориуд хэлмээр санагдлаа. Түрүүн хэлсэнчлэн байгууллага, алба хаагчийн үйл ажиллагаанд ямар нэгэн хууль тогтоомж зөрчигдсөн, хариуцлага, сахилга алдсан нь шалгалтаар тогтоогдсон бол тохирсон шийтгэл ногдуулж, түүний мөрөөр тодорхой ажил, арга хэмжээ авч, мэдээллийг бүрэлдэхүүнд хүргэдэг.

Гэтэл сүүлийн хэдэн жил интернэт, сошиал орчинд аливаа нэг байгууллага, иргэний үйл ажиллагааны талаарх тодорхой бус эх сурвалжаас улбаатай таамаг төдий мэдээ, мэдээллийг ил, далд нэрээр өөр, өөрсдийн үзэл бодол, өнцгөөр, янз бүрийн ашиг сонирхлоор, дэндүү их чөлөөтэй илэрхийлэн түгээж, цаана нь байгаа хуулиар хамгаалагдсан хүний нэр төр, алдар хүнд, эрхэнд ноцтой халдах явдал хэмжээнээсээ хэтэрч байна уу даа гэж ажиглагддаг.

Цагдаагийн байгууллага, алба хаагчийн үйл ажиллагааны төдийгүй зарим гэмт хэргийн талаар нийтэлж, түгээсэн мэдээ, мэдээллүүдэд ч андуу ташаа зүйл нэлээд байдаг. Тэр хэмжээнд нь хүмүүс ойлгож хүлээж авна шүү дээ. Тиймээс бид аливаа мэдээ, мэдээллийг бодит байдлаар нь, хуульд заасан хэмжээ хязгаарт нь багтаан, аль болох шуурхай мэдээлэх, сурталчлах, хүргэх, ил тод байх зорилт дэвшүүлсэн.

Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлд “Сахилгын шийтгэл хүлээсэн алба хаагч хувийн зардлаар ёс зүйн сургалтад хамрагдах үүрэгтэй” гэж заасны дагуу сахилга, ёс зүйн зөрчлийг бууруулах, давтан гаргахаас урьдчилан сэргийлэх, алба хаагчдын ёс зүй, харилцааны ур чадварыг хөгжүүлэх, үүрэг хариуцлагаа ухамсарлах, үйл ажиллагаанд нь алдаа дутагдал давтан гаргуулахгүй байх, албаараа бахархах сэтгэлгээг төлөвшүүлэх зорилгоор ёс зүйн төлбөртэй сургалтын хөтөлбөр боловсруулан, хэрэгжүүлж байна.

-Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар бодлого барин ажиллаж байна вэ?

-Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл болгож, бүтэц, зохион байгуулалтыг бэхжүүлэх, техник технологийг шинэчлэх, олон нийтийн оролцоог хангах чиглэлээр цогц арга хэмжээ төлөвлөн хэрэгжүүлэх” гэж заасан.

ЦЕГ-т өнгөрсөн онд Урьдчилан сэргийлэх хэлтэс байгуулж, гэмт хэрэг, зөрчлийн бүртгэл судалгаа, дүн шинжилгээнд үндэслэн тодорхой төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бодлого боловсруулах, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах чиг үүрэгтэйгээр ажиллаж байна.

Мөн насанд хүрээгүй хүнийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэс, тасаг, Хар тамхитай тэмцэх газар байгуулсан.

Цагдаагийн байгууллагын хуулиар хүлээсэн үүрэг, үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл нь урьдчилан сэргийлэх ажил.

Бид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг тогтсон хэв загварт баригдахгүй, гэмт хэргийн нөхцөл байдалтай уялдуулан, цогц арга хэмжээг зөв, оновчтой хэрэгжүүлэх, олон нийтийг татан оролцуулах, иргэд өөрсдийнхөө өмч хөрөнгө, аюулгүй байдлаа хамгаалахад нь дэмжлэг үзүүлэх бодлого хэрэгжүүлэн ажиллахыг зорьж байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай