Ж.Батбаясгалан: Төрийн бодлого тодорхойгүйгээс тулгарч буй бэрхшээлүүд улам гүнзгийрсэн

Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалантай ярилцлаа.

-Нийслэлд тулгамдаж буй хүндрэл, бэрхшээл бүрийн гол шалтгаан нь хэт төвлөрөл болов уу. Бүтээн байгуулалт шилжилт хөдөлгөөнийг гүйцэхгүй байгаа нь ажиглагддаг. Хотын өнөөгийн удирдлагын үүнийг шийдэх төлөвлөгөө юу байна вэ?

-Байгаль орчин эрүүл, эсэхийг тогтоох үндсэн гурван үзүүлэлт нь агаар, хөрс, усны нөхцөл байдал байдаг. Гэтэл Улаанбаатарын эдгээр үзүүлэлт маш тааруу байгаа. Энэ бол зөвхөн нийслэлийн хэмжээнийх бус боллоо. Монгол Улсын нийт хүн амын тал хувьтай холбоотой тулгамдсан асуудал шүү дээ.

Байнгын оршин суугчдаас авахуулаад төрийн үйлчилгээ авахаар орон нутгаас ирсэн хүмүүс, жуулчид, оюутнуудыг оролцуулбал өдөр тутам 1.7-1.8 сая хүн нийслэлд байдаг гэсэн тооцоо гарсан. Энэ нь Улаанбаатарын хүчин чадлаас гурав дахин хэтэрсэн үзүүлэлт. Хотод тулгамдаж буй бэрхшээл бүрийн цаана яах аргагүй хэт төвлөрөл бий. Хэдийгээр сүүлийн жилүүдэд дэд бүтцийг сайжруулж байгаа ч хүн амын шилжилт хөдөлгөөнийг гүйцэхгүй байна.

2000, 2001 онд Монгол Улсад зудын гамшиг нүүрлэсэн. Үүний дараагаас хотыг чиглэсэн нүүдэл ихэссэн. 2003 онд 70 орчим мянган хүн нүүж ирсэн байдаг юм. Үүнээс хойш жилд дунджаар 35-45 мянган хүн шилжиж ирдэг гэсэн судалгаа бий. Тэгэхээр 15 жилийн хугацаанд нийт хүн амын тал нь нүүгээд ирчихсэн байгаа биз.

Үүн дээр шинээр төрсөн хүүхэд нэмэгдэнэ. Хотын захиргаа салбарын яам, агентлаг, гадаадын донор байгууллагатай хамтран хүндрэлтэй асуудлуудаа эрэмбэлж, эхнээс нь шийдэхээр хөрөнгө оруулалт хийж байгаа.

-Тэр жагсаалтын тэргүүнд агаарын бохирдол байж таарна. Энэ талаар сүүлийн 20 гаруй жил ярьсан ч төдийлөн үр дүнд хүрсэнгүй. Та бүхний баримтлах бодлого ямар байх вэ. Өмнөхөөсөө юугаараа давуу талтай вэ?

-Агаар бохирдуулагч эх үүсвэртэй тэмцэхгүй бол үр дүнд хүрэхгүй нь харагдлаа. Бид өнөө, маргаашийн бус, хэтийн төлөвлөгөө гарган ажиллана.

Өнгөрсөн хугацаанд байгууллага бүр шинэ санаачилга гарган, төсвийн хөрөнгийг ашиггүй зүйлд зарцуулсан. Тэгвэл аль нэг байгууллага, хэн нэгэн дарга өөрийн төлөвлөснөөр ажил хийдэг бус, төр нэгдсэн бодлоготой байх ёстой гэдэг үүднээс 2017 онд Засгийн газраас Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр баталсан.

Ингэснээр бүх агентлаг, байгууллага агаарын бохирдлын эсрэг арга хэмжээ хэрэгжүүлэх чиг үүргийг нь тодорхойлж өглөө. Тухайлбал, цахилгааны хэрэглээний төлбөрийг тэглэж, айл өрхүүдийг холбох үүргийг Эрчим хүчний яам хүлээж байгаа. Өнгөрсөн онд 20 мянга орчим өрхийг цахилгаанд холбосон бөгөөд энэ жил мөн тооны өрхийн асуудлыг шийдэх зорилго тавьсан. Эл хөтөлбөрийг 2025 он хүртэл хоёр үе шаттай хэрэгжүүлнэ. Үр дүнд нь агаарын бохирдол 80 орчим хувиар буурах тооцоо бий.

-Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ихээхэн хөрөнгө, хүч шаардлагатай юм билээ. Улс, нийслэлийн төсөв тэр ачааллыг дийлэх үү?

-9.8 их наяд төгрөг шаардлагатай гэсэн тооцоо бий. Энэ хөрөнгийг улс, нийслэлийн төсвөөс гаргах боломжгүй учир гадаадын зээл тусламж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлж шийдье гэж байгаа юм. Ерөнхий сайд БНСУ-д албан ёсны айлчлал хийж, 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авахаар тохиролцсон. Үүнийгээ агаар, орчны бохирдлыг бууруулахад зарцуулах шийдэлд хүрсэн гээд бид хөтөлбөр хэрэгжүүлэх хөрөнгөө шийдэж эхлээд байна.

Татан буулгасан Агаарын бохирдлын эсрэг санг дараа оноос сэргээн байгуулна. Ингээд агаарын бохирдлын эсрэг татвар, хураамжийг тэр ажилд нь зарцуулдаг байвал төлөвлөсөн ажил үр дүнгээ үзүүлнэ. Хөрс, усны бохирдлыг ч бас ийм аргаар шийдэх юм. Шинэ цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалттай холбогдуулан арьс шир, ноос боловсруулах үйлдвэр, машин угаалгын газар зэрэг байгууллагыг тус бүртээ цэвэрлэх төхөөрөмжтэй болгоно. Ингэснээр цэвэрлэх байгууламжид хэт бохир ус очиж ачаалал үүсгэхгүй.

Энэ жилийн тухайд улсын төсөвт нийслэл багагүй орлого төвлөрүүлэх үүрэг хүлээсэн. Үлдсэн багахан хөрөнгөө дэд бүтцээ сайжруулах зэрэг нийгэмд чиглэсэн ажилд зарцуулна. Мөн ЭХЯ, БОАЖЯ, хотын захиргаа хамтран боловсруулсан түлшний нийлүүлэлтийг сайжруулах чиглэлээр ажиллана. Ирэх оны тавдугаар сарын 15-наас Улаанбаатар руу түүхий нүүрс оруулахгүй гэсэн шийдвэр гаргачихаад түүнийг орлох бүтээгдэхүүнгүй байж болохгүй шүү дээ.

Мэргэжлийн байгууллага, ШУА-ийн гаргасан судалгааг харахад боловсруулсан түлш хэрэглэвэл агаарт хаягдаж буй бохирдол 50 хувиар буурах юм билээ. Хотын иргэд жилд 400-600 мянган тонн нүүрс хэрэглэдэг гэсэн судалгааг үндэслэн ийм хэмжээтэй боловсруулсан түлш нийлүүлэх хийх шаардлагатай гэж үзсэн.

-Өнгөрсөн жилүүдэд боловсруулсан түлшинд багагүй хөрөнгө төсөвлөж, ихэнхийг нь салхинд хийсгэчихсэн шүү дээ.

-Улсын төсвөөс их хөрөнгө зарцуулж “ДЦС-2”-ыг түшиглэн боловсруулсан түлш үйлдвэрлэх төсөл боловсруулсан ч ажил хэрэг болгоогүй, мэргэжлийн 10 гаруй аж ахуйн нэгж түлш үйлдвэрлэхээр оролдсон ч сангаа татан буулгаж, татаас өгөхөө больсон гээд асуудал их байсан.

Нөгөөтэйгүүр, Засгийн газар эсрэг бодлого баримталж, нүүрс тараасан гээд дурдаад байвал олон зүйл бий. Өөрөөр хэлбэл, төрийн бодлого тодорхойгүйгээс болж тулгарч буй бэрхшээлүүд улам гүнзгийрсэн. Мэдээж тэр алдааг бид давтахгүйг хичээнэ. Боловсруулсан түлш үйлдвэрлэдэг бүх аж ахуйн нэгжийнхэнтэй уулзаж, санал солилцлоо.

-Агаар, хөрсний бохирдлыг багасгаж чадаагүй байхад мал, амьтны гоц халдварт өвчин нийслэлийг “боргоох” боллоо. Эл өвчний улмаас 2000 гаруй хүн хорионд орж, нийслэл түгшүүрийн дохиогоо асаасан удаатай.

Малчин өрхүүдийг нийслэлээс нүүлгэх нь хамгийн оновчтой шийдэл мөн үү?

-Уг нь эсрэг арга хэмжээ нэлээд авч, бүх малыг вакцинжуулсан. Харамсалтай нь, Сонгинохайрхан дүүрэгт шүлхий гарснаас хөл хорьж, таван үхэр устгаад байна. Энэ бол иргэдийн хариуцлагагүйтэй шууд холбоотой. Суурьшлын бүсэд, сая гаруй хүн амьдарч буй хотод вакцин хийлгээгүй мал авчирч байна гэдэг маш хариуцлагагүй үйлдэл мөн биз дээ.

Өнгөрсөн хугацаанд нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс багагүйг нь ариутгал зэрэг ажилд зарцууллаа. Зарим ухамсаргүй хүний буруугаас татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийж байгаа юм. Өнөөгийн нөхцөлд үүнийг шийдэх хамгийн оновчтой арга нь нийслэлээс малчин өрхүүдийг гаргах. Өнгөрсөн намар айхтар зүйл боллоо шүү дээ. Тиймээс нийслэлийн удирдлага энэ байр сууриндаа бат зогсоно.

-Малчид эл шийдвэрийг хэрхэн хүлээн авч байх юм бэ. Хотын удирдлага тэднийг нүүлгэснийхээ хариуд тодорхой асуудлыг нь шийдвэрлэж өгөх байх?

-Малчидтай өнгөрсөн намар уулзаж, тохиролцоонд хүрсэн. Өнгөрсөн намар нүүлгэх байсан ч өвөл бууриа сэлгэхэд бэрхшээл тулгарч мэднэ гээд малчид хавар нүүе гэсэн. Малаа аваад хотоос нүүхийг зөвшөөрсөн гэсэн үг. Тэднийг Багахангай, Налайх, Багануур, Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн суурьшлын бүс болоогүй хэсэг рүү нүүлгэх юм.

Харин хотын захиргаа дэд бүтцийн асуудлыг нь шийдэх үүрэг хүлээсэн. Ер нь малчид их хариуцлагатай байх ёстой. Малдаа хог идүүлчихээд сүү, махыг нь худалдаж болохгүй биз дээ.

-Махны худалдааны захыг хотын зах руу нүүлгэхээр болсон. Сонгинохайрхан, Налайх дүүрэгт малын худалдааны зах барьж байгаа гэсэн. Энэ онд ашиглалтад оруулж амжих болов уу?

-Мал нядлах, мах ангилах төвийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шийдэж байгаа. Хот руу амьд мал, гарал үүсэл нь тодорхойгүй мах оруулахыг энэ зунаас зогсооно. Дээрх төвийн задгай худалдааны хэсгийг удахгүй ашиглалтад оруулна. “Хүчит шонхор” захыг ирэх намраас өмнө тийш нь нүүлгэх даалгавар авсан. Нэлээд эсэргүүцэлтэй тулгарах л байх, гэхдээ мэргэжлийн байгууллагуудтай хамтарч ажиллах болохоор нүүлгэх л болно.

-Малчид, махны захыг хотоос гаргадаг юм байж. Тэгвэл хот орчмыг тойрон өвс худалдаж буй хүмүүсийг яах вэ. Шүлхийн нян өвсөөр дамжин ирдэг гэх мэдээлэл бий.

-Энэ их том асуудал. Хуулийн болон мэргэжлийн байгууллагын тогтоосноор шүлхийн нян өвсөнд 220 хоног идэвхтэй байдаг юм билээ. Харин хүний залгиурт 28 хоног байдаг гэсэн. Монгол Улсын эдийн засаг хөдөө аж ахуйгаас ихээхэн хамаардаг тул мэргэжлийн хүмүүс аль болох аядуу байхыг зөвлөдөг. Гэхдээ үүнийг цэгцлэх шаардлага байгаа учраас хамтран ярилцаж, төлөвлөгөө гаргах хэрэгтэй гэж боддог.

Хот бараадан өвс худалдаж буй хүмүүс ямар ч зөвшөөрөлгүй, дур мэдэн үйл ажиллагаа явуулж байгаа. Хэд хоногийн өмнө тэдний үйл ажиллагааг хориглож, албадан явуулсан. Гэвч өөр газарт очиж, өвсөө худалдаж байгаа гэсэн мэдээлэл ирлээ. Холбогдох албаныхантай хамтран арга хэмжээ авна.

-Улаанбаатарын гэлтгүй олон аймгийн малчид тэднээс өвс авдаг юм билээ. Эрэлт нь байхад хөөж явуулаад нэмэр байна уу. Цэгцэнд оруулж, төвлөрсөн байдлаар шийдвэрлэж болдоггүй юм уу?

-Өвс худалдан авах эрэлт бий. Гэтэл өнөөдрийн нөхцөлд цагдаа, мэргэжлийн хяналтынхан торгоод, хөөж явуулахаас өөр арга хэмжээ авах боломжгүй. Борлуулах цэгийг тодорхой болгох нь зүйтэй гэдэгтэй санал нийлнэ. Энэ чиглэлээр хэд хэдэн байгууллагаас санал авахаар төлөвлөж байна. Удахгүй шийднэ. Өвс худалддаг хүмүүсийн төлөөлөлтэй ч уулзаж, саналыг нь сонсоно.

-Хотын удирдлага Туул гол дагуух газрын асуудлыг цэгцэлж эхэллээ. Богдхан уулын зарим хэсгийг тусгай хамгаалалтаас гаргаж, хотын мэдэлд шилжүүлэх болсон. Ажлын явц нь ямар байна вэ?

-Нийслэлийг тойрсон тусгай хамгаалалттай хэсгүүд цөм Улаанбаатарын харьяанд байдаг. Гэтэл Туул голын урд хэсгийг дархан цаазат болгож, өөр байгууллага хариуцдаг болсноор ойлгомжгүй асуудлууд үүссэн. Аялал жуулчлал нэрийн доор тэнд газар аваад орон сууц барьж, суурьшлын бүс байгуулсан шүү дээ. Хамгийн үнэтэй, тансаг орон сууцнууд тэнд бий гэдэг ч уурын зуухаар дулаанаа шийддэг, бохироо зөөлгүүлдэг гээд бэрхшээл олон.

Үүнийг цэгцлэхээр БОАЖЯ зарим хэсгийг хотын захиргааны мэдэлд шилжүүлж эхлээд байна. Туул голын эрэг дагуух 14 000 гаруй нэгж талбарыг бусдад олгожээ. 1978 оноос эхлэн тэнд барилга барьж эхэлсэн байгаа юм. 2016 оныг хүртэл 800 гаруй барилга босчихсон байх жишээтэй. Одоо ч зарим хүн барилга барих гээд улайрч байна. Хотын удирдлага газар эзэмших эрхийг нь цуцалж, арга хэмжээ авч эхэлсэн.

-Хотын захиргааг Яармаг руу нүүлгэхийг нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид дэмжлээ. Төрийн бүх үйлчилгээг тэнд төвлөрүүлэхгүй гэж дуулдсан. Тодруулахгүй юу?

-Өнөөх “хэргийн эзэн” болоод буй төвлөрлийг сааруулах бодлогын нэг хэсэг нь энэ шүү дээ. Зөвхөн Бага тойруугаар л гэхэд өдөрт 200 000 автомашин зорчдог. Гэтэл тухайн хэсэгт тэднийг шингээх зогсоол барих ямар ч боломжгүй. Тиймээс хотын захиргааг нүүлгэх нь зүйтэй гэж нийслэлийн үе үеийн удирдлага шийдсэн.

Яармаг бол ирээдүйд хотын нэг дэд төв болно. Дэд бүтцийн чадамжийг нь судлаад бид хотын захиргааг тэнд аваачихад хамгийн тохиромжтой гэж үзсэн юм. Тийшээ Цагдаа, Мэргэжлийн хяналт, Онцгой байдлын газар зэрэг босоо удирдлагатай байгууллагаас бусад нь цөм нүүж очно. Гэхдээ үүнийг “Төрийн үйлчилгээг Яармагт аваачиж түгжих нь” гэж ойлгож болохгүй. Өдгөө иргэд хорооноосоо 30 орчим үйлчилгээ авч байгаа.

Цаашид тоог нь олшруулна. Гадаад паспорт сунгаж, шинээр захиалахын тулд зөвхөн Зуун айл руу очдог байсан бол одоо дүүргүүдээс эл үйлчилгээг авдаг боллоо. Тэгвэл ирэх жилүүдээс хороондоо гадаад паспорт захиалдаг болно. Энэ мэтээр нийслэлийн иргэн өөрт аль ойр газраасаа төрийн үйлчилгээ авдаг болсноор төвлөрөл саарна гэж тооцсон.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай