Нийслэлийн ИТХ дахь эмэгтэйчүүд “Өнөөдөр” сонинтой хамтрахаа илэрхийлэв

-Хүчирхийллийн эсрэг үйл ажиллагааны санхүүжилтийг шийдвэрлэх зөвлөмж хүргүүлэхээр болжээ-

Магнай тэнийлгэх баяртай мэдээ дуулдав. “Өнөөдөр” сонин гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлыг удаа дараа сурвалжилж, бууруулахын тулд ямар арга хэмжээ авах шаардлагатайг хороод дахь Хүүхэд хамгааллын хамтарсан багуудаас авахуулаад энэ чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг төрийн болон төрийн бус байгууллагаас лавлаж, гарц хайсан юм.

Тэд хохирогчийг хамгаалах байрны хүрэлцээ, нөхөн сэргээх буюу сэтгэл заслын үйлчилгээ үзүүлэх чадамжийг сайжруулах шаардлагатай байгааг дуу нэгтэй хэлсэн. Үүний хажуугаар хохирогчийг хамгаалж, хэн нэгнийг хүчирхийлэл үйлдэхээс нь өмнө зогсоож, зорилтот бүлгийнхний амьжиргаанд дэм үзүүлэн, эрүүл харилцааг цогцлооход санхүүгийн дэмжлэг хэрэгтэйг хэлж байв. Тэгвэл нийслэлийн ИТХ дахь эмэгтэй төлөөлөгчид бидэнтэй хамтран ажиллаж, бэрхшээлийг гэтлэх гарц хайлцахаа хэлсэн юм.

Эл хүчирхийллийг бууруулахад хамгийн их хувь нэмэр оруулж буй хүмүүс нь нийслэлийн 152 хороон дахь хамтарсан багийнхан гэдэгтэй маргах хүн үгүй. Тэднийг хорооны Засаг дарга, нийгмийн ажилтан, өрхийн эмч, хэсгийн цагдаагаас бүрдсэн, төрийн үйлчилгээг үзүүлэх нэгдэл гэж ч болно. Гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй дуудлага бүрт тус багийнхан хамгийн түрүүнд очиж, таслан зогсоогоод, хохирогчоос судалгаа авч, холбогдох албаныхныг мэдээллээр хангадаг.

Гэсэн ч үүнийхээ төлөө нэмэлт цалин авдаггүй. Тэр ч байтугай өөрсдийнхөө халааснаас мөнгө гаргаж, хүчирхийллийн эсрэг тэмцэж буй. Тиймээс манай сонин гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэж буй байгууллагын чадамжийг сайжруулах, ялангуяа хамтарсан багуудыг хүчирхэг болгох чиглэлээр нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайханд хандсан юм.

Тэрбээр бидэнд өгсөн ярилцлагадаа “Та бүхний ажил хэрэгч санал, санаачилгыг дэмжинэ. Бүх л талаар хамтарч ажиллана. Эрүүл, амар тайван нийгмийг бүтээх үйлсэд хүн бүрийн оролцоо чухал учраас хамтдаа зөв гарц, шийдлийг нь тодорхойлж, түүнийгээ хамтран хэрэгжүүлбэл эерэг үр дүнд хүрнэ. “Хүчирхийлэлгүй хот” хөтөлбөр боловсруулан ажиллахаар төлөвлөж байна. Иймд та бүхний саналыг баяртай хүлээн авч, өмнө нь хийж ирсэн ажлуудаас гадна өөр ямар байдлаар хамтарсан багаа идэвхжүүлж, урамшуулах вэ, айл өрхийн аюулгүй байдал, хүн ардынхаа амгалан тайвныг хэрхэн хангах вэ, хүчирхийллийг ямар аргаар таслан зогсоох вэ гэдэгт бүх талаар хамтарч ажиллана.

Энэ талаар санал, санаачилга гаргаж байгаа иргэд, аж ахуйн нэгж, ТББ, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллахад бэлэн гэдгээ дашрамд хэлье” гэсэн юм.

Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн өнөө жилийн ажлын төлөвлөгөөд “Хүчирхийлэлгүй хот” аяны талаар тусгасан. Тэгвэл түүний болон “Өнөөдөр” сонины дэвшүүлсэн санаачилгыг нийслэлийн ИТХ-ын эмэгтэй төлөөлөгчид дэмжиж, цаашид хүчирхийллийг бууруулахад гар, бие оролцохоо илэрхийлэв. Хүчирхийллийн эсрэг аянд эмэгтэй төлөөлөгчид анх удаа нэгдэж буй тохиолдол нь энэ.

Тодруулбал, эмэгтэй төлөөлөгчид тус аяны хүрээнд нийслэлийн нутагт үйл ажиллагаа явуулж буй хүүхэд, гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах төвүүд, “108” буюу Хүүхдийн тусламжийн төв, нийслэлийн Хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Хүчирхийллийн эсрэг үндэсний төв” ТББ-ын үйл ажиллагаатай танилцаж, тулгамдаж буй бэрхшээлийг нь сонсчээ.

Нийслэлийн ИТХ-ын Нийгмийн хөгжлийн хорооны дарга, төлөөлөгч Д.Мөнхжаргал энэ талаар “Нийгэмд тулгамдаж буй асуудлыг зөв талаас нь хөндөж буй танай сонины хамт олонтой цаашид хамтарч ажиллана. Бид энэ удаагийн уулзалтынхаа дүгнэлтийг ирэх даваа гаригт гаргана. Үүндээ үндэслэн холбогдох байгууллагуудад зөвлөмж хүргүүлнэ. Хамтарсан багууд болон бусад байгууллагад санхүүгийн дэмжлэг үзүүлэх боломжтой.

Хэдийгээр нийслэлийн ЗДТГ-аас хамтарсан багуудад тодорхой урамшуулал олгож, үйл ажиллагааг нь дэмжиж буй ч санхүүжилт олгох шаардлага бий. Энэ талаар бид зөвлөмждөө тусгаж, шийдвэрлэх эрх бүхий холбогдох байгууллагад уламжилна” гэв. Мөн тэд урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, төвийн зургаан дүүрэгт хамгаалах байр барих, ийм хэргийн хохирогчдод төрийн үйлчилгээг оновчтой, хүртээмжтэй хүргэх чиглэлээр санал гаргаж, нийслэлийн ИТХ-аар хэлэлцүүлэхээ ч хэлэв.

Түүнчлэн хүчирхийллийг бууруулахын тулд гарч буй хэргийн талаар мэдээлж, хуулийн байгууллагаар ял шийтгүүлэх бус, иргэдийг соён гэгээрүүлэх ажил хийх нь зүйтэй гээд, “Хүчирхийллийн эсрэг үндэсний төв” ТББ-ын гаргасан арга зүйн зөвлөмжид тулгуурлан, бүх хорооны нийгмийн ажилтныг чадавхжуулах сургалтад хамруулах ажил зохион байгуулах гэнэ. Мөн ЕБС-ийн сурагчдад хичээлийн бус цагаар ийм хичээл оруулахаар нийслэлийн Боловсролын газарт хандах гээд олон ажил хийхээр төлөвлөжээ.

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс цагдаагийн хэлтсүүдийн хангамжийг сайжруулахаар шуурхай дуудлагад явуулах иж бүрэн тоноглолтой автомашин өгсөн билээ. Тэдгээрийн үнэ 800 орчим сая төгрөг аж. Эл хөрөнгийг өнгөрсөн онд төсвийн тодотголоор шийдсэн байна. Хамтарсан багууд жилд 3-5 сая төгрөгийн төсөв олговол үйл ажиллагаа нь доголдохгүй, урьдчилан сэргийлэх чиглэлээр арга хэмжээ авч чадна гэж буй.

Өөрөөр хэлбэл, 450-750 сая төгрөг байхад эрүүл нийгмийг цогцлоох эхлэл тавигдах нь. Тэгвэл өнөө жилийн төсвийн тодотголоор эл хөрөнгийг шийдвэрлэж өгөх боломж бий аж. Энэ мэтээр бид хүчирхийлэлтэй тэмцэж буй хүмүүсийг санхүүгийн чадамжтай болгохын тулд эрэл хайгуул байнга хийх болно.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай