Хүнсний аюулгүй байдал “тогоондоо түүхийрлээ”

Монгол Улсын хүн амын дунд зонхилон тохиолдож буй хоол тэжээлээс хамааралтай эмгэгийн тэргүүлэх шалтгаанаар “Өрхийн хүнсний баталгаат байдал алдагдсан” гэдэг үзүүлэлт хавьтах өрсөлдөгчгүй цолгорчээ. Үүнийг жирийн нэг сэтгүүлч биш, “Хоол тэжээлийн үндэсний V судалгаа”-ны дүн “хэлж” байгаа учраас эргэлзэх шаардлагагүй байх.

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Хүүхдийн сан, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийнхөн монголчуудын хоол тэжээлийн байдалд өнгөрсөн жил нэлээд өргөн хүрээг хамарсан анхны томоохон судалгаа хийсэн аж. Гэтэл судалгаагаар монгол айл өрхүүдийн 23 хувьд нь хүнсний баталгаат байдал ноцтой алдагдаж “өлсгөлөнгийн” хэмжээнд хүрсэн бол 28 хувьд нь энэ үзүүлэлт “дунд зэрэг” гэсэн дүн гарсан байх юм.

Өөрөөр хэлбэл, хүн амынх нь 65 хувь нь чанартай, шим тэжээлтэй, эрүүл аюулгүй хүнсээр хангагдах боломжоо их, бага хэмжээгээр алдсан гэдгээрээ монголчууд бүс нутгийн түвшинд тун тааруу дүн авчээ.

Өрхийн хүнсний баталгаат байдал гэдэг нь тухайн айл гэрийн гишүүн бүр эрүүл мэндийн байдалдаа тохируулан чанартай хоол хүнсээр тэгш, хүртээмжтэй хангагдаж, түүнийгээ аюулгүй нөхцөлд бэлтгэн, зөв хэрэглэх боломжийг хэлдэг аж. Хүн амын дундах аминдэм, эрдэс бодисын дутагдал харьцангуй их, хорт хавдрын өвчлөл илт нэмэгдсэн гээд дээрх судалгаа олон талаар түгшүүр төрүүлэм. Энэ бүхэн явж явж Монгол Улс хүн ардынхаа хүнсний аюулгүй байдлыг хангах тогтолцоогоо эргэж харах цаг болсны дохио гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.

“Монголчуудад хоол тэжээлийн ямар асуудал тулгамдаж байгаа, хүнсний аюулгүй байдалд нь нөлөөлөх эрсдэлүүд юу байна вэ гэдгийг баримжаалах судалгаа хийж, бодлогоо тийш чиглүүлэх гэхээр төсөв мөнгөнд хавчигддаг” хэмээн хошуугаа унжуулдаг яам, агентлагуудын хувьд ямартай ч дориун судалгаатай болоод авав. Тэгэхээр одоо тэднээс алсын хараатай бодлого нэхэж болно гэсэн үг.

“ЦООРХОЙ” ХУУЛИУДЫГ ДАХИН ДАХИН ЦООЛДСООР БАЙХ УУ

Хүнсний аюулгүй байдал гээд ярихаар манайхан ихэвчлэн гадаадаас гурван хөлтэй тахиа, эсвэл хуванцраар хийсэн будаа оруулж ирэх вий гэх мэт гэнэн, хийрхүү зүйлд ач холбогдол өгдөг. Эсвэл хаа нэг хүүхдүүд хоолны хордлого авсан тохиолдол гарахаар шон дээр суусан шаазгай шиг тал талаас шагшран, буруутныг хайж хэдэн өдөр дэвхцээд л мартдаг. Аль шат дамжлага дээр, хаанахын хэн гэдэг этгээд алдаа гаргасныг ул мөрөөр нь мөшгин тогтоох бүртгэлийн тогтолцоо байхгүй юм чинь арга байж уу.

2012 онд баталсан Хүнсний тухай болон Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн гол ач холбогдол нь аж ахуйн нэгжүүдийн үүрэг хариуцлагыг тодорхой болгож, дотоод хяналтыг нь бэхжүүлснээрээ дэвшил болсныг ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын органик хүнсний асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Тунгалаг хэлсэн.

Гэвч хүнсний аюулгүй байдлыг хангах олон улсын жишиг буюу ул мөрийг мөшгин тогтоох бүртгэлийн тогтолцоог бий болгох хамгийн чухал журмыг нь хүчингүй болгосноор ухарчихсан гэнэ. Хууль нь батлагдчихаад байхад “Хэнээс юу авснаа бүртгэж бай. Өөрөө юу хийснээ ч бүртгэ. Бас хэнд юу өгснөө бүртгээрэй” гэдэг хүнсний аюулгүй байдлын гурван алтан зарчмыг хэрхэн хэрэгжүүлэх журамгүй Монгол Улс зургаан жил болж байна.

Өнгөрсөн жил баталсан Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд ч хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн анхан, дунд шатны хяналтын тогтолцоог ямар байгууллага хариуцах вэ гэдэг нь тодорхойгүй хэвээр үлдсэнийг олон хүн шүүмжилдэг. “Хүнсний аюулгүй байдлыг ХХААХҮЯ, мэргэжлийн хяналтын байгууллага, мал, эмнэлгийн газар хариуцна” гээд ерөнхийд нь заачихаар хэн ч хариуцлага хүлээхгүй гэдэг туйлын үнэн.

Автобусны хоёр буудлын наана цаана байгаа яамдын мэргэжилтнүүд хоорондоо уялдаа холбоотой ажиллаж чадахгүй байхад Увс аймгийн Бөхмөрөн сумын малчны хотон дахь малын мах эрсдэлтэй, эсэхэд Улаанбаатараас хяналт тавина гэдэг лөөлөө.

Тэгэхээр монголчуудын хүнсний аюулгүй байдалд нөлөөлөх хамгийн бодитой зүйлийг ярья гэвэл нэн түрүүнд дотоодын хүчин зүйл, хууль эрх зүйн орчин руугаа “фокус”-аа чиглүүлэх нь зөв юм шиг ээ. Манай хүнсний хуулиуд хүнийхээ эрүүл мэндийг үнэхээр бодсон байдаг уу, хөрсөн дээр бууж чадах уу гэдэг ямагт эргэлзээ дагуулдаг.

Монголд хууль олон уу гэхээс цөөдөөгүй. Өмнөх хууль, журмуудынхаа учрыг гүйцэд олж, эрийн цээнд хүргээгүй байж ар араас нь “дүү” дагуулсаар даахгүй нохой булуу хураахын үлгэр болох вий. Одоо л гэхэд нэр бүхий гишүүд Баяжуулсан хүнсний тухай хуулийн төсөл боловсруулж, УИХ-аар батлуулахаар зүтгүүлж буй. Яг үнэндээ монголчуудын хувьд одоохондоо баяжуулсан хоол хүнс хэрэглэж “гийгүүлэхээс” илүүтэй аюулгүй байдал л хамгийн чухал байна.

Аюулгүй байдлын хувьд баяжуулсан хүнсний бүтээгдэхүүн нь эрсдэл өндөртэйд тооцогддог учраас олон улсад байнга хяналт шалгалт хийх ёстой гэж үздэг юм билээ. Тиймээс муу дээрээ муухай, муухай дээрээ улцан гэдэг шиг өөрсдөдөө давхар ачаа нэмчих вий гэж болгоомжлох юм. Тэгсэн болоогүй, араас нь бас Зохицуулах үйлчилгээтэй хүнсний тухай хуулийн төсөл боловсруулж буй сурагтай.

Өнгөн талаас нь харахад монголчууд органик, баяжуулсан, зохицуулах үйлчилгээтэй хүнсний тухай хуультай хөгжингүй орон мэт үнэлэгдэж болох ч “цоорхой”-г нь эргэж цоолдох тоолонд иргэдийн эрүүл мэнд, үйлдвэрлэгчдийн эрх ашиг хөндөгдөж байдгийг санаарай.

ХҮНСНИЙ АСУУДАЛ БОЛ ЭРҮҮЛ МЭНД, БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГАД Ч ХАМААТАЙ

Монголд хүнсний дэлгүүр ажиллуулж байгаа хүмүүс муудах шахсан бүтээгдэхүүнээ өөрсдөө “далд оруулдаг” гэсэн хоржоонтой яриа бий. Манайхны энэ сэтгэхүй төр, засгийн бодлогын түвшинд ч гүн бат суусан гэлтэй. “Чанарын шаардлага хангасан мах гадаад руу экспортлохын тулд малаа эрүүлжүүлнэ” гэж амтай болгон ярьдаг. Тэгвэл “Монголчууд минь эрүүл ахуйн шаардлага хангасан мах, сүү хэрэглэж байна уу гэдгийг хянахын тулд ийм бодлого хэрэгжүүлнэ, энэ тогтолцоог ингэж өөрчилнө” хэмээх үгс хэн нэг сайд, гишүүний амнаас унасныг та бүхэн санаж байна уу.

Хаа сайгүй малын гоц халдварт өвчин гарах болсон нь Монголд шат шатны хяналтын тогтолцоо алдагдсаны илэрхийлэл. Одоохондоо манайд шинжилгээгээр тодруулан гаргаж болдог учраас малын өвчин илэрч байгаа юм. Цаашлаад хэнэггүй малчдынхаа дурын “эмчилгээгээр” бөмбөгдсөн махыг монгол хүн удаан хугацаанд хэрэглэвэл эрүүл мэндэд ийм хор нөлөөтэй гэдгийг шинжилж тогтоодог болбол ямар үр дагавар гарахыг хэн ч таашгүй. Хөдөөгийнхөн нь аарууландаа гурил хольдог, үйлдвэрлэгчид нь таргаа хуурай сүүгээр бүрдэг, өнөөхөөс нь шалгалтаар хар тугалга хүртэл илэрсэн гээд асуудал хяналтаас гарсныг батлах жишээ бишгүй.

Бараг хоёр жилийн өмнө мэндэлсэн Органик хүнсний тухай хуульд “Таны үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн заавал органик байна” гэсэн заалт үгүй тул үүнийг зохицуулах, хянах чадамжгүй юм билээ. Тэгээд ч уг хуулийг хэрхэн хэрэгжүүлэх нь тодорхойгүй явсаар өнгөрсөн нэгдүгээр сард дагаж мөрдөх журмуудыг нь арайхийн баталсан. Өөрөөр хэлбэл, органик хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл одоохондоо манайд “үр хөврөлийн” шатандаа явж буй.

Газар тариалангийн тухайд ч ялгаагүй. Тариаланчид ахиу ургац авахын тулд ямар нэмэлт бордоо, элдэв технологи ашиглаж байгааг хянах тогтолцоо, бүртгэл мэдээлэл манайд үгүй. Хаана, ямар буруутай үйл ажиллагаа байгаагийн улмаас миний, гэр бүлийнхний минь хэрэглэж буй хүнсний бүтээгдэхүүнд эрсдэл учирч байна вэ гэдгийг бид мэдэх эрхтэй ч тийм боломж алга. Монгол хүн монголчуудынхаа эрүүл мэндэд заналхийлж буй энэ байдлыг халахад хүмүүсийн сэтгэхүй, хандлагыг өөрчлөхөөс эхлэх нь зүйтэй хэмээн МХЕГ-ын Үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсийн дарга Б.Болорчимэг сануулав.

Хүнсний аюулгүй байдлыг хангахын тулд зөвхөн ХХААХҮЯ бус, ЭМЯ, БСШУСЯ-ныхныг ч татан оролцуулах хэрэгтэй гэдэг юм билээ. Гэтэл манайхан “Хүнс гэдэг үг орсон учраас энэ асуудал танай яаманд л хамаатай” гэсэн хүнийрхүү сэтгэхүйгээр хандаж, өөрсдөөсөө холдуулдаг нь нууц биш. Угтаа хүнсний аюулгүй байдлын ард хүний эрүүл мэнд яригддаг учраас дэлхийн улс орнуудын 60-70 хувь нь өдгөө эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагынхаа мэдэлд шилжүүлэх болжээ.

ДЭМБ-аас сүүлийн жилүүдэд гаргаж буй стратегийн баримт бичгүүдэд ч “Хүнсний аюулгүй байдлыг хангахад манай эрүүл мэндийн байгууллагууд гол үүрэгтэй оролцоно” гэж тусгах болсон байна. Харин манай Эрүүл мэндийн яаманд хүнсний аюулгүй байдал хариуцсан ганц мэргэжилтэн ажилладаг гээд бодохоор бид дэлхийн чиг хандлагын эсрэг явж буй гэхээс өөр яалтай. ХХААХҮЯ-ны үндсэн чиг үүрэг ч хүн ардынхаа хүнсний хангамж, үйлдвэрлэлийг хариуцах учраас эрүүл мэндийн асуудалд төдийлөн анхаарах “албагүй” гэж хэлж болохоор.

“Май, энийгээ ав” гээд хүнсний аюулгүй байдлыг ЭМЯ-нд өнөө маргаашгүй хариуцуул гэж байгаа юм биш. Хүнсний аюулгүй байдалтай холбоотой функцуудийн давхцал манайд маш их байдаг. Тэр болгоны тоогоор чиг үүрэг нь тарамдаж, нэгдсэн зохион байгуулалтгүй явсаар нэг л өдөр томоохон гамшиг нүүрлэвэл хэн хэн нь “Би мэдэхгүй” хэмээн сүүлээ хавчаад зугтаахаас сэргийлэх нэг гарц гэх юм уу даа.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай