Харри Кэйний түүх

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Харри Эдвард Кэйн 1993 оны долдугаар сарын 28-нд Английн Лондон хотын Уолтемстоунд төрсөн. “Тоттенхэм хотспөр” багийн довтлогч. Хувийн дугаар “10”. “Тоттенхэм” багт тоглохоос өмнө “Лейтон орьент”, “Миллуолл”, “Лестер сити” зэрэг багт зээлээр тоглож байв. 2011 оны наймдугаар сард “Хотспөр”-ийн төлөө эхний тоглолтдоо оролцож, “Европа лиг”-ийн хүрээнд “Хартс” багтай тоглосон. Түүнээс хойш “Тоттенхэм”-ийн төлөө 143 тоглож, 102 гоол оруулаад байна. Английн шигшээ багт 23 удаа тоглож, 12 гоол оруулсан. 2014-2015 оны Мэргэжлийн хөлбөмбөгийн холбооны “Оны шилдэг залуу тоглогч”. Премьер лигийн 2015-2016 (25 гоол), 2016- 2017 (29) оны улирлын мэргэн бууч. 2017 оны Премьер лигийн шилдэг тоглогч.


Английн шигшээ болон “Тоттенхэм хотспөр” багийн довтлогч Х.Кэйн хэрхэн Премьер лигийн төдийгүй дэлхийн шилдэг тоглогчдын нэг болсон тухайгаа ийн хүүрнэжээ.

-Тэр өдрийг би маш тод санаж байна. Чингфорд дахь манай гэр ардаа цэцэрлэгт хүрээлэнтэй, аав, ах бид гурав тийшээ очиж хөлбөмбөг тоглодог байлаа. Тэнд хаалга байхгүй, талбай нь ч хөлбөмбөгийн зориулалтынх биш. Гэхдээ л зүлэг, хоёр мод байхад хангалттай байсан. Тухайн үед би “Арсенал”-ын хүүхдийн багт тоглодог байсан юм. Намайг найман настай байхад аав бид хоёр нэг өдөр цэцэрлэгт хүрээлэн рүү алхаж явлаа. Тэгтэл аав “чамд хэлэх юм байна?” гэв.

Би “Тийм үү, юу юм бэ?” гэж асуусан.

Аав миний мөрөөр тэврээд “Харри, аан гээ...Арсенал” чамайг багаасаа хасчихаж” гэж хэлдэг байгаа.

Тэр үед надад юу мэдрэгдсэнийг санадаггүй. Үнэнийг хэлэхэд аавын үг ямар учиртайг ч гүйцэд ойлгоогүй. Хүүхэд байж дээ. Аав ийм зүйл болсонд харамсаж байх шиг санагдсан. Гэвч аав намайг шүүмжлээгүй, “Арсенал”-ыг ч буруутгаагүй. Ердөө л “Харри, санаа битгий зов. Хоёулаа улам их хичээнэ ээ, тэгээд өөр баг заавал олно, за юу?” гэж хэлсэн.

Хүүгээ мэргэжлийн хөлбөмбөгчин болгохыг хүсдэг маш олон аав ийм явдалд арай л өөрөөр хандах байсан болов уу. Гэсэн ч аав надад ямар нэг дарамт үүрүүлж, уурлаж бухимдаагүй. Аав үргэлж өөдрөг байдаг нэгэн.

Ингээд “Арсенал”-аас хасагдсаны дараа би хэд хэдэн багт тоглоод хотынхоо хүүхдийн багт оров. Энд тоглож байхад “Ватфорд”-ын скаут намайг багтаа шалгуулахыг санал болголоо. Хувь тавилан гэж сонин шүү, “Ватфорд”-ын бүрэлдэхүүнд “Тоттенхэм” багийн эсрэг тоглосны дараа надад “Тоттенхэм”-ийн хүүхдийн академид элсэх боломж олдов. Цагаан өмсгөл надад илүү зохидог гэж боддог.

Арсенал”-ын эсрэг анх тоглосноо санаж байна... тэр үед ч гэсэн надад бухимдал төрж байсан. Танд солиотой юм шиг санагдаж магадгүй, тухайн үед би дөнгөж найман настай байсан шүү дээ, гэхдээ л тэдний эсрэг тоглоход “За алив, намайг явуулсны чинь зөв, бурууг одоо харцгаая” гэсэн бодол толгойд орж ирсэн.

Эргээд бодоход “Арсенал”-аас хасагдсан нь амьдралд минь тохиолдсон хамгийн зөв зүйлсийн нэг болов уу. Учир нь өмнө нь байгаагүй хор шар, ялах хүсэл тэр цагаас хойш надад бий болсон.

Тоттенхэм” намайг хоёр жил өөр багт зээлээр тоглуулахад “Премьер лиг”-т ядаж ганц гоол оруулах боломж олдох болов уу гэж эргэлзэх, санаа зовох үе зөндөө байлаа. Гэхдээ тэр үед би маш их зүйл сурсан юм. 2012 онд би “Миллуолл” багт зээлээр тоглож, бид доод лиг рүү унахгүйн тулд байдгаараа хичээж байлаа. Хөгжөөн дэмжигчид ч багаа дэндүү сайн дэмжинэ. Огт өөр түвшнийх гэх үү дээ.

Ден”-д болсон нэг тоглолтын үеэр шүүгч буруу шийдвэр гаргасан юм. Ердөө ганцхан буруу шийдвэр. Тэгтэл хөгжөөн дэмжигчид талбай руу гартаа тааралдсан болгоноо чулуудаж эхэллээ. Төрөл бүрийн юм! Хэчнээн ч олныг шидсэн юм бүү мэд. Албаны хүмүүс тоглолтыг таван минут завсарлуулж, үзэгчдийг тайвшруулхаас өөр аргагүй болсон. Тэгэхэд би дөнгөж 18 настай байлаа. Эргэн тойрноо хараад “хөөх, энд ч ёстой солиотой хүмүүс байдаг юм байна” гэж бодож билээ.

Улирал үргэлжилсээр, бид доошоо унах багийн нэгд тооцогдсоор байв. Тухайн үед хувцас солих өрөөнд багийн зарим тоглогчийн хэлсэн зүйл намайг маш их гайхашруулсан юм. “Анд минь, хэрэв бид доошоо унавал цалин маань хоёр дахин буурна” эсвэл “Хэрэв бид лигтээ үлдэхгүй бол миний гэрээ цуцлагдана” гэх мэт.

Тэд гэр бүлтэй, хүүхэдтэй тоглогчид байсан агаад хэлсэн үгнээс нь би хөлбөмбөгийг тэс өөрөөр харах ёстойг ойлгосон. Зарим хүн зөвхөн спортын амжилтын төлөө хөлбөмбөг тоглодоггүйг би ухаарч эхлэв. Гэр бүлээ тэжээхийн тулд тэд талбайд гарч байв. Мөн амжилт ямархуу эмзэг болохыг, хөлбөмбөгийн төлөө зориулсан бүхэн маань хормын төдийд үгүй болох боломжтойг ойлгосон.

Миллуолл”-д тоглосон нь намайг хүүхэд байх цаг минь дууссаныг ойлгуулав. Магадгүй үүнээс шалтгаалж би энэ багт их сайн тоглосон болов уу. Хамгийн гол нь бид доод лиг рүү унаагүй. Тийм учраас би “Миллуолл”-ын хөгжөөн дэмжигчидтэй дотно болсон байх. Би тэдэнд хайртай.... хэдий тэд заримдаа галзуу хүн шиг аашилдаг ч гэсэн.

Дараа улиралд “Тоттенхэм” багтаа үлдэж тоглоно гэж бодож байсан ч харамсалтай нь тэд намайг ахиад л зээлээр явуулав. Энэ бол хүнд үеийн эхлэл байлаа. Ялангуяа “Лестер” багт тоглосон нь хамгийн хэцүү нь байх. Би энэ багт байр сууриа олж чадахгүй байв. Тэд тухайн үед “Championship” дивизионд тоглож байсан юм. Би өрөөндөө суугаад “Хэрэв “Championship”-т “Лестер”-ийн төлөө тоглож чадахгүй юм бол яаж Премьер лигт “Тоттенхэм”-ийн төлөө тоглох юм бэ?” гэж бодсоноо санаж байна.

Надад анх удаа эргэлзээ төрсөн нь энэ. Эргэлзээ гэдэг айхтар зүйл. Тэр оройдоо аав, ээж ирж, бид их нухацтай ярилцав. Би сэтгэлээр их унасан болохоор багаас явмаар байгаагаа аавд хэлсэн. Ингэх нь маш том алдаа байсан ч би өөртөө эргэлзэж эхэлснээс ингэж хэлсэн нь гарцаагүй. Аав надад “Улам хичээ, битгий зогс. Үүнийг тэвчээд өнгөрүүл, тэгвэл бүх зүйл сайхан болно” гэлээ.

Тухайн үед би NFL их сонирхдог байв. Бэлтгэлгүй үедээ би “Madden” тоглодог эсвэл интернэтээр “Нью Ингланд патриот”-ын тоглолтыг үздэг байлаа. Нэг өдөр Том Брэдигийн тухай баримтат киног санамсаргүй үзэв. NFL-ийн драфтаар түүний өмнө сонгогдсон зургаан квотербэкийн тухай ч тэнд өгүүлжээ. Тодруулбал, Том Брэди уг драфтын 199 дэх тоглогч.

Үүнийг олж мэдээд би ухаан алдах дөхөв. Энэ кино миний сэтгэлийг үнэхээр хөдөлгөсөн юм. Хүн болгон Томд эргэлзэж байж. Их сургуульд орсон хойно нь ч дасгалжуулагч нь түүнийг өөр квотербэкээр солихоор завдаж байсан бол NFL-ийн драфтын өмнө скаутууд түүнийг тоохгүй байжээ.

Том өөрийн эрхгүй намайг санагдуулсан. Хүмүүс миний талаар яг иймэрхүү дүгнэлт хийдэг байсан юм. “Тэр төвийн довтлогчтой адилхан харагдахгүй л байна даа” гэх мэтээр намайг муулна.

Түүний тухай кино надад урам зориг өглөө. Брэди өөртөө маш их итгэж, сайн тоглогч болохын тулд бараг донтой хүн шиг хичээж, бэлтэл хийж байсан аж. Энэ нь надад сайхан санагдлаа. “Лестер”-т буйдан дээр сууж байхад толгойд маань “Би бас түүн шиг болж чадна. Би хичээнэ. Бэлтгэлээ улам сайн хийнэ, тэгвэл надад боломж гарна, тэр боломжийг заавал ашиглана” гэсэн бодол орж ирэв.

Дараагийн улиралд би “Тоттенхэм”-д эргэн ирж, дасгалжуулагч А.Виллаш-Боаштай уулзав. Тэр намайг өөр баг руу ахиад зээлээр явуулахаар төлөвлөжээ. Хэд хэдэн сайн баг намайг авахаар санал ирүүлсэн ч энэ нь миний зорилго, мөрөөдөл биш байв. Миний мөрөөдөл бол Премьер лигт тоглох биш. Миний мөрөөдөл бол Премьер лигт “Тоттенхэм”-ийн төлөө тоглох.

Тийм болохоор түүнд “Би явмааргүй байна” гэж хэллээ. Тэр намайг сандарсан байдалтай харав. Би үргэлжлүүлэн “Энэ багийн гараанд гарч тоглох эрхтэй гэдгээ танд батлан харуулмаар байна. Та надад баасан гариг бүр, тоглолтын өмнө чамайг тоглуулахгүй гэж хэлж болно. Харин би өөр багт л очмооргүй байна” гэлээ.

Тэрбээр намайг үлдэж, нэгдүгээр багт бэлтгэл хийхийг зөвшөөрсөн бөгөөд энэ явдал надад өөртөө итгэхийн чухлыг ойлгуулсан юм. Би авьяастайгаа мэддэг байсан ч хэн нэгэн миний өмнөөс үүнийг маань хэлэх ёстой юм шиг санагддаг байв. Яг л өмнө минь байгаа хэрнээ бариад авч болохооргүй хүүхэд насны мөрөөдөл шиг. Хэн нэгэн тэр мөрөөдлийг минь авч өгөхийг би хүлээж байжээ.

Гэвч амьдрал хэзээ ч хүссэнийг чинь өгөхгүй. Та өөрөө түүнийгээ олж авах ёстой.

Би бэлтгэл дээр зөндөө гоол оруулдаг байсан ч тоглолтод тэгж чадахгүй байв. Гэтэл дасгалжуулагч өвөл халагдаж, Тим Шервуд багийг удирдаж эхэлснээр надад боломж ирлээ. Бусад нь, хүмүүсийн хэлдэгээр түүх болсон гэх үү дээ. Би гараанд гарсан эхний гурван тоглолтдоо л гурван гоол оруулав.

Ялангуяа талбай дээрээ, “Уайт харт лэйн”-д оруулсан эхний гоол маань надад гайхалтай баяр бэлэглэсэн. Гэхдээ тэрхүү эхний гоолоос өмнө туулж өнгөрүүлсэн бүхэн маань намайг өдий зэрэгтэй тоглогч болгосон билээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай