Хөдөлмөрийн буруу хуваарилалт буюу Монголыг тамирдуулсан “хавдар”

“Бид бол Чингисийн монголчууд, дээд тэнгэрээс заяатай” хэмээн цээжээ дэлддэг XXI зууны монголчуудын бахархал, үнэт зүйл яг юу юм бэ. Ардчилсан, эрх чөлөөт нийгэмд хөл тавиад 28 жил болж буй бид чухам юу хүсэж мөрөөддөг, мөрөөдлийнхөө төлөө хэрхэн тэмцэж чаддаг ард түмэн юм бол.

Монголчуудад нэгдмэл зорилго, алсын хараа байна уу. National identity буюу (үндэстний ижилсэл, үндэстний ондоошил, үндэсний өөрийншил гэх мэтчилэн янз бүрээр нэрлэдэг) монгол хүний бусдаас ялгарах онцлог юу вэ.

Эдгээр асуултад тодорхой хариулт олдохгүй байна уу. Учир нь өнгөрсөн 28 жилийн турш бид яг хэн юм бэ гэдгээ мэдэхгүй, ойд төөрсөн сармагчин шиг ийш тийш харайсаар өөрийгөө гээчихэж. Бид өөр үндэстэн, бусдын тухай ам уралдан ярьдаг атлаа өөрсдийнхөө сэтгэл зүрх, оюун тархин доторх сүйрэл, үгүйрэл хоосролыг анзаарахаа больжээ.

Эцэстээ ёс суртахууны доройтол хаа сайгүй газар авч, Монгол Улсын хөгжилд хамгийн том тээг садаа болж буйг эрдэмтэн мэргэд онцлох болов. Тиймээс “Өнөөдөр” сонин цаг хугацаа өнгөрөх тусам биднээс улам бүр алсарч буй үндэсний ижилсэл, онцлог хэмээх үнэт зүйлийн эрэлд гарч “Бид хэн бэ” цуврал эхлүүлсэн.

Өнөөгийн монголчууд ер нь яг юу хийж чаддаг ард түмэн юм, бид ажилд хэрхэн ханддаг болсон бэ? 10 дахь цувралаараа бид энэ асуултын хариуг эрэлхийллээ.

Төвийн бүсийн нэг аймагт (манайхан жалга, довны үзлээр өөр хоорондоо ихээхэн талцдаг учраас нэрийг нь “цоллож”, хэрүүлийн алим шидэхийг хүссэнгүй) хэдэн жилийн өмнө сүйхээтэй нэгэн гэр бүл анх удаа талхны цех байгуулжээ. Үйлдвэрлэл нь дориун ашигтай байсан тул хэд хэдэн хүн нэмж ажилд аваад, хөл дээрээ босохын даваан дээр эхнээсээ ажилчид нь “өрх тусгаарлан”, өөрсдийн цехийг байгуулж эхлэх нь тэр.

Хорлонтой нь, хоёр, гурав дахь цехэд шинээр ажилд орсон хүмүүс “Талхыг ингэж хийгээд, ийм замаар борлуулж болдог юм байна” гэдэг аргыг мэдэнгүүтээ мөн л технологийг нь яг тэр чигт нь хуулбарлан, талх барьж гарчээ. Эцэст нь 10 гаруй мянган хүн амтай аймгийн төв талхны 10-аад цехтэй болчихож.

Хоржоонтой нь, зах зээлд өрсөлдье гэхнээ аль нь ч бусдаасаа ялгарах гойд зүйлгүй яг адилхан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг тул удалгүй бүгд үүдээ барихад хүрч, өдгөө тус аймгийнхан Улаанбаатар хотоос талхаа зөөж иддэг болов. Монголчууд “Эрэлт хэрэгцээг олж хараад ханга” гэдэг зах зээлийн энгийн хуулиас ч гажууд сэтгэдгийн уршгаар, бидний нэг нэгэнтэйгээ барьцдаг, жөтөөрхдөг, нөгөө л тамын тогооны үлгэрийн “зохиогч” болгосон муухай монгол араншингаас болж ийнхүү нэг аймгийнхан идэх талхны хэрэгцээгээ ч өөрсдөө хангаж чадахгүйд хүрчээ.

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Б.Лакшми “Манай монголчуудад сэтгэхүйн их том гажуудал байдаг. Нэг аймагт мах боловсруулах үйлдвэр байгуулна гэвэл хөрш зэргэлдээх нутгийнхан нь барьцаж, яг адилхан юм хийнэ гэж зүтгэдэг. Угтаа бол тэнд ийм үйлдвэртэй болж байгаа юм чинь манайх түүхий эдийг нь нийлүүлье, манайх дайвар бүтээгдэхүүн боловсруулах цех байгуулья, манайх арьс, шир худалдан борлуулах цэгтэй болъё гэхчилэн зах зээлд өрсөлдөх талбараа зөв сонгох учиртай. Наад зах нь манайхан нэгнийхээ хийсэн эсгий улавчийг бүгд яг адилхан дуурайхаас бус, загвар, хийц, чанарыг нь яаж илүү сайжруулж, цааш нь хэрхэн үйлдвэрлэл болгон хөгжүүлэх вэ гэдгээ боддоггүй” хэмээн өнөөгийн бидний өрсөлдөх чадварыг эдийн засаг талаас нь тодорхойлсон.

МУУ ҮЛГЭР ДУУРАЙЛ

Уг нь 16 жилийн тэртээ хэвлэгдсэн Ц.Уртнасангийн “Нийгмийн шинэчлэл: Амьдралын хэв маягийн өөрчлөлт” номонд тухайн үеийн судалгаанд хамрагдсан монголчуудын 63.6 хувь нь юу чаддагаа бус, зах зээлд юу хэрэгтэйг ч биш, зөвхөн ашиг ахиу олохыг нь харж сонголт хийсэн тухай өгүүлж байсан гэхээр тэр цагаас хойш ч манайхны сэтгэхүйд дорвитой өөрчлөлт ороогүй гэсэн үг аж.

“Хөдөлмөрийн хамт олон” гэдэг уриан доор нэг зорилгын төлөө хөтлөлцөн явж байгаад, гэнэт зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойших 28 жилийн хугацаанд “капиталист монголчууд” тэгээд яг юуны төлөө зорьсон болж таарах вэ. Бид ардчиллыг юу ч хийж болох, эсвэл бүр юу ч хийхгүй байж болох эрх чөлөө гэж ойлгосон юм биш байгаа.

Яг үнэндээ тухайн хүний ажил хийх, эсэх нь сайн дурын асуудал болтлоо “халамжийн өлгий”-д бүүвэйлэгдэж буй нэг томоохон давхарга манай нийгэмд хэдийнэ бий болсон. Нэг тэтгэврийн хөгшний мөнгөөр ард нь 2-3 “чиргүүл” амьдралаа залгуулдаг гэдэг оргүй үг биш билээ.

Уруу газар өнхөрч буй чулуу шиг урсгалаараа хоног өдрийг аргацааж яваа ажилгүй, архайсан залуусын араас залгуулан “Цалин нэмэхгүй бол хугацаагүй ажил хаяна шүү” гэж заналхийлэн, жагсаал цуглаан зохион байгуулдаг хэд хэдэн бүлэг арми гарч ирэв. Ажил хаядаг муу үлгэр дуурайл дадал хэвшил болбол, жагсаал цуглаан, үймээн бослого хэрээс хэтэрвэл ямар ч том гүрний хөгжлөөс хойш чангаадгийг Францын жишээнээс харах боломжтой.

XIX зууны сүүлч хүртэл дэлхийн хамгийн хүчирхэг гүрнүүдийн тэргүүн эгнээнд толгой дээгүүр цахилж явсан тус улсын голлох үзүүлэлтүүд тэр өндрөөс ямх ямхаар уруудах нэг хэрэг. Харин гуравхан сая хүнтэй, хоёр их гүрний дунд “хаданд хавчуулагдсан халиуны зулзага” болж яваа Монгол Улсын хувьд ийм байдалд орвол асуудал өөрөөр яригдана. Гэхдээ энэ бол “мөсөн уул”-ын зөвхөн орой нь гэнэм.

ХАМГИЙН ЧУХАЛ НЬ ЦАЛИН УУ, ЭСВЭЛ ЗОРИЛГО, ҮНЭТ ЗҮЙЛ ҮҮ

2014 онд сургуулиа төгсөөд, мэргэжлийнхээ дагуу хувийн байгууллагад ажилд орсон, 25 настай бүсгүй одоо төрийн албаны шалгалт өгөхөөр бэлтгэж байгаа. Гэтэл дөрвөн жилийн өмнө танил ахаараа хөөцөлдүүлэн байж төрийн албанд орсон үе тэнгийн залуу нь өдгөө Солонгос явахаар зуучлалын төвийн виз мэдүүлэх уртаас урт дараалалд “зогсож” буй.

Монгол дахь хөдөлмөрийн насны хүмүүсийн олонх нь төрийн албанд ажилд орох, эсвэл гадаадад гарч ажиллах гэсэн хоёр сонголт руу хошуурах болсны тод жишээ энэ. Докторын зэрэгтэй эмч, багш нар хүртэл Солонгост зочид буудлын үйлчлэгч, аяга таваг угаагч хийхээр дугаарлаж буй нь Монголын төр, засгийн буруу бодлогын улмаас хөдөлмөрийн зах зээлд нүүрлэсэн гамшиг гэдгийг олон хүн хэлэв.

Гэвч “Хамгийн чухал нь цалин уу, эсвэл зорилго, үнэт зүйл үү” гэдэг асуултыг залуу хүмүүс өөртөө тавьж үзэхэд гэмгүй хэмээх хүмүүс ч таарсан.

“Манай залууст нийтлэг нэг дутагдал байдаг нь их адгуу. Хурдхан өндөр цалинтай болж, амжилтад хүрэх гэж яардаг. Ер нь ямар ч мундаг боловсролтой, зөв хандлагатай хүнийг ажилд аваад, мэргэжлийн ур чадвар суулгахад багадаа л нэг жил зургаан сар шаарддаг. Тэгж байж тухайн компани, хувь хүн хоёрын аль аль нь үр өгөөжөө хүртэж эхэлдэг. Гэтэл манайхан хоёр, гурван жил болоод ажлынхаа зах зухыг ойлгож эхлэнгүүт дараагийн ахих шатаа харахгүй, тусдаа гарахаар шийдэх нь элбэг.

Тэгсэн мөртлөө гадаадад очихоороо ямар ч хар, бор ажлыг голохгүй хийгээд байдаг. Уг нь тэр хэмжээний цаг хугацааг зорилгынхоо төлөө үргэлжлүүлээд зарцуулсан бол ямар ч амжилтад хүрэх байсан юм билээ гэдгийг боддоггүй” хэмээн “Хера холдинг” группийн ерөнхийлөгч Х.Ганхуяг ярилаа.

Уул уурхайн тоног төхөөрөмж, хүнд машин механизмын худалдаа, барилга, барилгын материал, нийтийн тээвэр зэрэг олон салбарт үйл ажиллагаа явуулдаг, 500 гаруй ажилчинтай томоохон группийг толгойлж буй тэрбээр 1990-ээд оны дундуур Солонгост оюутан байхдаа янз бүрийн ажил хийж үзжээ. Тэр үед багш нь “Чи ажил хиймээр байгаа бол мэргэжилтэйгээ ойролцоо, эсвэл оюун ухаан шаардсан юм хий. Сургуулиа орхиод ажил хийвэл чи зүгээр л хар ажилчин болно шүү” хэмээн анхааруулж байж.

Өөрөөр хэлбэл, амьдралаа босгохын тулд залуу хүн цалин ахиутай ажил хайж болох ч эцсийн дүнд тэр нь өөрийн гэсэн үнэт зүйлээ бүтээх, хэтийн зорилгодоо хүрэх арга замд нь нөлөөлж чадах уу гэдгийг давхар бодолцох ёстой аж.

ЗӨВ ЗҮЙЛД УРИАЛБАЛ МОНГОЛЧУУД ЮУГ Ч БҮТЭЭХ ЧАДАМЖТАЙ

Монголчууд залхуу хойрго, архи уудаг, ажил цалгардуулдаг, арчаагүй анхиагүй гэх мэт тодорхойлолттой яагаад ч санал нийлэхгүй гэдгээ Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх Д.Жаргалсайхан (түүнийг “Эко бус” компанийн захирал гэдгээр нь илүү олон хүн мэддэг) шулуухан хэлэв. “Монгол залуус эх орондоо юм хийж бүтээж чадна.

Бид төдөн жилийн дараа гэхэд металлург, машин үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэхэд ийм хувь нэмэр оруулсан байна. Адаглаад хоолны халбагаа дотооддоо хийдэг болчихъё” гэдэг тодорхой зорилт өмнөө тавиад зүтгэхээр хүн ямар их итгэл үнэмшлээр ажиллаж болдгийн үр дүнг биеэрээ мэдэрсэн удирдлагын үг энэ. Үүнтэй адил “Танай монголчууд нэг зүйлийн төлөө зориод хөдөлбөл ажлыг ёстой гялалзуулдаг юм байна шүү дээ” гэсэн үнэлгээг Баянхонгор аймгийн Баянлиг, Бууцагаан суманд хэрэгжсэн “Шинэ сум” төслийн бүтээн байгуулалтын үеэр канад инженер манайханд өгч байсан гэдэг.

Тэгээд бодохоор итгэл найдвар байх шиг. “Манай компани ирээдүйд ингэнэ, тэгнэ” гэж ярихаас илүүтэй “Эндээс гарахаараа...” хэмээдэг нүүдлийн сэтгэхүйг халахын тулд хүмүүст мөнгөнөөс илүү итгэл үнэмшил, зорилго тэмүүлэл чухал гэдэг энэ буюу.

Зорилгынхоо төлөө үзэл санаагаараа нэгдсэн, хагас цэрэгжсэн зохион байгуулалттай ажилладаг “Эко бус” компанийн 30 орчим залуу өглөө бүр япончууд шиг уриагаа уншаад, ажилдаа ордог. Ийм хамт олны дунд орсон ямар ч хүн ажил цалгардуулах тухай бодох бус, харин ч “Би юу хийж болох вэ” гэдэг хүсэл эрмэлзэлтэй болдог гэнэ.

“Өнгөрсөн 30-аад жилийн туршид хууль эрх зүй, нийгэм, эдийн засаг, оюун санааны тогтолцооны гажуудал монгол хүнийг эх оронд нь үнэгүйдүүлэх, ажил хийгээд сайн сайхан амьдрах боломж, нөхцөлийг хаасан. Монголчуудыг тусгаар улс байх чадамжгүй орон гэж өөрсдөөр нь хүлээн зөвшөөрүүлэх гадаадынхны бодлого яваад байна. Монгол хүн муу муухайдаа бус, хөдөлмөрийн зах зээлийн хуваарилалт алдагдсан, дээрээс нь ямар ч ажил хийгээд нэмэргүй, урамгүй байхад яах юм бэ.

Монголыг улам бүр тамирдуулж буй энэ “хорт хавдар”-ыг зөв оношлоод, хууль эрх зүйн орчноор дамжуулан бүр мөсөн эмчлэхийн оронд “косметик хагалгаа” төдийхнөөр аргацааж байна. Энэ бүхнийг сууриар нь өөрчилж, бүтээлч эдийн засгийг хөгжүүлэх тогтолцоо бий болгохын тулд манай үйлдвэрлэгчид Засгийн газрын найман тогтоол, хуулийн гурван төсөл, зарлигийн хоёр төсөл боловсруулчихаад, төр, засгийн түшээдийг царайчилж явна” хэмээн Д.Жаргалсайхан зөвлөх шогширсон юм.

ШИНЭ ЦАГИЙН ӨРСӨЛДӨӨНД ЗАЛУУСАА БЭЛТГЭХГҮЙ БАЙНА

Монгол Улсын 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд “Ажилгүйдлийн түвшинг гурван хувьд хүргэнэ” гэж тусгасан нь хэр “амьдралтай” төлөвлөгөө юм бол. Швейцарийн Берн хотынхонтой адил ажилгүйдлийн түвшинг бодитоор гурван хувьд хүргэх боломж манайд (2017 оны байдлаар 7.8 хувьтай байгаа) үнэхээр бий юү.

“Хамгийн чухал нь тогтвортой засаглал, тогтвортой бодлого. Тэгээд дээрээс нь энэ зорилтоо яаж хэрэгжүүлэх вэ гэдэг стратеги төлөвлөгөөгөө тодорхой болговол Монголын төр, засаг энэ “мөрөөдлөө” биелүүлэх бүрэн боломжтой” хэмээн Х.Ганхуяг ерөнхийлөгч ярилаа. Гэхдээ өнөөдөр дэлхий дахин “Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал” хэмээх эгзэгтэй цаг мөчид амьдарч буй тул бидэнд өөрчлөх зүйл бишгүй байгааг тэрбээр сануулсан.

Тодруулбал, хөдөлмөрийн зах зээлд хэн нь илүү авьяас чадвартай, илүү бүтээлч санаачилгатай байна, тийм цөөн хүнээр их ажлыг амжуулах шаардлага тулгарах болжээ. Гэтэл бид социализмын үе шиг үйлдвэрийн ажилчдыг олноор бэлтгэдэг боловсролын нэгдсэн тогтолцооноосоо салаагүй л байгаа. Хувь хүний хөгжилд илүү анхаарч, шинэ цагийн энэ өрсөлдөөнд тэнцэхүйц чадварлаг боловсон хүчин бэлтгэвэл Монголд гэлтгүй дэлхийд үнэлэгдэх боломж их гэдгийг томоохон ажил олгогч энэ эрхэм онцоллоо.

Гуравхан сая монголчуудынхаа аль л залуу сайхан, эрүүл саруул болгоныг гадаадад “боолоор” илгээсээр байх уу, эсвэл эх орондоо, амьдралдаа эзэн байх боломж олгох уу гэдэг нь явж явж энэхүү тогтолцооны өөрчлөлтөөс эхлэх юм биш үү.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай