Х.Бэхбат: Гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг хааж, дангаар эзэгнэх бодлого байгаа юм биш биз

Бригадын генерал Ч.Сосорбарам “Өнөөдөр” сонины уншигч-сурвалжлагчаар ажиллаж, МУИС-ийн ОУХНУС-ийн зочин профессор, Элчин сайд Х.Бэхбаттай ярилцлаа. 

Франц, Швейцарь, АНУ-д Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, НҮБ-ын Женев дэх салбар, олон улсын бусад байгууллагын дэргэд байнгын төлөөлөгчөөр сууж байсан тэрбээр Монгол Улсын шинэ цагийн гадаад бодлогын үзэл баримтлалыг боловсруулах, төлөвшүүлэх, хэрэгжүүлэхэд гар бие оролцож буй нэгэн билээ.

-Олон улсын байдал урьдчилан тааварлахын аргагүй өөрчлөгдөн, улс хоорондын харилцан хамаарал гүнзгийрч буй даяаршсан дэлхий ертөнцөд аливаа улсын гадаад бодлого ч шинэчлэгдэн хувьсаж байна. 

Энэ үйл явцыг Та хэрхэн харж байна вэ?

-Дэлхий дахины байдал, тухайлбал, олон улсын амьдрал улам бүр ярвигтай, ээдрээтэй болж байна гэж бүгд ярих болсон. Үндэс нь даяаршил гүнзгийрч буй, нөгөө талаас үүнтэй хамт сөрөг үзэгдлүүд хүчээ авч байгаа явдал юм.

Эсрэг, тэсрэгийн хууль ч гэж бий. Хөгжлийн үйл явц циклээр урагшилж байдгийн нэг нотолгоо ч гэж эрдэмтэд үзэж байгаа юм билээ. Жишээ нь, өрсөлдөөн, хамтын ажиллагаа бол нэг л юмны хоёр тал. Хүйтэн дайн эцэс болсны дараа асуудлыг эв эеэр шийдэх хандлага нэг хэсэгтээ давамгайлсан бол өдгөө хүчинд дулдуйдах, хүчээр түрээ барих бодлого зонхилж байна. 

Үүний тод илрэл нь зэвсгээр хөөцөлдөх явдал юм. Их гүрнүүд, түүний дотор манай хөрш хоёр гэлтгүй бараг бүгд л зэвсэг хангинуулах болсон. Энэ улсын, тэр гүрний батлан хамгаалахын төсөв, зардал төдөн хувиар өслөө, зэр зэвсгийн сангаа ийм ч шинэ, тийм ч хөнөөлт зүйлээр нэмлээ гэсэн мэдээ бараг өдөр, сар алгасахгүй шахам гарах болсныг Та харж байгаа. Цөмийн зэвсгийн хяналт алдуурсан. Тэр Хойд Солонгосыг хар.

Энэ бол хамгийн эмгэнэлт ирээдүйг наашлуулсан хэрэг л дээ. Түүнчлэн худалдаа, эдийн засгийн харилцаанд ч геополитикийн хуучин тооцооллууд улам бүр хүчтэй болж буй. Эрдэс баялаг, түүхий эдийн төлөөх өрсөлдөөн асар идэвхжив. Худалдааны өргөн дайн энүүхэнд байгааг Америк, Хятадын тарифын сөргөлдөөн харуулж байгаа бус уу. Тэгэхээр өнөөдөр өрсөлдөөнийг сөргөлдөөн, сөргөлдөөнийг мөргөлдөөн болгохоос зайлсхийх зорилт улс бүхэнд тулгарч байна. 

Байдлыг ажвал үүнийг ухаарах, сэхээрэх гэдэг мөн ч хүнд ажил бололтой дог. Даяаршил бол харилцан хамаарал, бүх нийтийг хамаарсан бодит үйл явц гэдэг. Гэтэл хувь хүний түвшинд ч, улс үндэстний түвшинд ч, улмаар улс хоорондын харилцаанд ч явцуу ашиг сонирхолтойгоо зууралдах явдал амь бөхтэй байна. 

Өөрийнхийгөө бусдынхаас дээгүүр тавих явдал улам хүчтэй болж байна. Сүрхий гүнзгийрүүлж хэлбэл, энэ нь ахуй, ухамсар хоёрын зөрүү улам их болж байна гэсэн үг хэмээн эрдэмтэн, мэргэд хэлж, дүгнэж байна шүү дээ.

-Жижиг орны хувьд бодлогын баримт бичиг нь удаан хугацаанд хэрэгжиж, зармыг нь хэрэгжүүлэхэд түвэгтэй байдаг. Харин Америк аюулгүй байдлын болон батлан хамгаалахын стратегиа жил бүр шинэчлэх жишээтэй. 

Монгол Улс Гадаад бодлогын үзэл баримтлалаа 2011 онд шинэчлэн баталсан. Гадаад орчинд байгаа өөрчлөлтүүдэд тулгуурлан бодлогын баримт бичгээ шинэчлэх цаг болсон гэж үздэг үү. 

2015 онд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос Гадаад бодлогын үзэл баримтлалд дүн шинжилгээ хийх ажлын хэсэг байгуулж, цаашид анхаарах асуудлаар тогтоол гаргаж байсан санагдана.

-Манай улсын гадаад харилцаа 1990 оноос хойш үндсэндээ тэлж ирсэн. Олон улстай харилцаа тогтоолоо, тийшээ, ийшээ айлчиллаа, худалдаа ингэж өслөө гэх зэргээр явсан л даа. Цэвэр тоон үзүүлэлтээр дүгнэвэл мундаг. Чанар тоог дагадаг ч гадаад бодлогын нөөцөө арай илүү ухаалгаар хөтөлж, чиглүүлэх, эдийн засгийн үр ашгийг яаж дээшлүүлэх вэ гэдэгт илүү анхаарах хэрэгтэй байна. 

Товчхондоо чанарт түлхүү анхаарах цаг болсон. Тиймээс гадаад бодлогын эн тэргүүний зорилтуудаа зөв тогтоож, түүндээ байгаа хязгаарлагдмал хөрөнгөө хаяж, тодорхой зорилгод хүрч байх ёстой. Өнөөдөр ингэж чадаж байгаа бил үү. Хараад байх нь ээ, ихэнхдээ урсгалаараа гэж хэлэхээр, юм юм руу үсчих байдалтай, цаг үеийн хийгээд субъектив зүйлд хөтлөгдөх маягтай явж байна шүү дээ. Тэгээд үзэл баримтлал руу чихдэг. 

Хэдийгээр үзэл баримтлалаар зүг чигийг тогтоосон ч тэр бол “ийм байх нь зүйтэй” л гэсэн баримт бичиг. Тиймээс гадаад харилцааны бодлогын үйл ажиллагаагаа механикаар удирдах бус, бүхэлд нь харж, их л ухаалаг менежментээр зохицуулах хэрэгтэй байгаа юм. 

Өөрөөр хэлбэл, Гадаад бодлогын үзэл баримтлалыг шинэчлэн өөрчлөх гэхээсээ хэрэгжүүлэх арга, хэрэгслээ өнөөдрийн өөрчлөлтөд нийцүүлэн зохицуулахыг шаардаж байна. Манай улс хүн ам, эдийн засгийн хүч чадлаар сул ч үүнийгээ нөхөх, давуу тал болгох уламжлал, туршлага, чадвар сайтай.

-Ингэж тооноос чанарт шилжихийн тулд давын өмнө юу хийх ёстой бол?

-Нэгдүгээрт, манай гадаад бодлого түүхэн практикт голлон тулгуурлаж ирсэн. Олон нийтийн дунд ч орос сайн, хятад муу гэх маягийн хандлагаас нэг их хэтэрдэггүй. Өөрөөр хэлбэл, манай гадаад бодлого олон улсын харилцааны шинжлэх ухаанд тэгтлээ суурилаагүй байна гэсэн үг. 

Даяаршлын нөхцөлд өвөрмөц байршилтай манайх шиг улс хэрхэх ёстой, давуу тал нь юу байна, их гүрэн, бага улс хоорондын харилцаа гэж юу болохыг шинжлэх ухаанчаар харж, өөрийн, үндэсний сэтгэлгээгээ хөгжүүлж, дэг сургууль бий болгомоор байна. Олон улсын харилцаа, гадаад бодлого судлалын үндэсний чадавхад анхаармаар санагдана. Стратегийн судалгааны хүрээлэн, Олон улсын харилцааны хүрээлэн, сургууль, хүчний зарим байгууллагын дэргэдэх судалгааны нэгж гээд л хэдэн багш, судлаачаар манай чадавх дуусах нь. 

Манай дипломат албаныхан урсгал судалгаа, мэдээллээс нэг их хэтэрдэггүй. Гадаад харилцааны ажилтнуудыг байнга чадавхжуулж байх, давтан сургалтын тогтолцоотой болох ёстой. Уг нь гадаад бодлогын үзэл баримтлалд сургалтын нэгдсэн тогтолцоо бүрдүүлэх хэрэгтэй гээд заачихсан байгаа л даа. Үүнээс гадна манайхан аливаа асуудлаар бодлого боловсруулахдаа эрдэмтэн, судлаачдынхаа санал, санаа бодлыг тэр бүр харгалзаж үздэггүй хэвээр. 

Хоёрт, гадаад харилцааны талаар шийдвэр гаргах үйл явц, механизмаа боловсронгуй болгох шаардлага бий. Ер нь доороосоо боловсруулсныг дээр шийдэж байх ёстой атал “Үүнийг ингэж төлөвлөөд, тэгж оруулаад ир” гэдэг, голдуу захиалгаар ажилладаг болчихоод байгаа юм. 

Хамгийн сүүлчийн жишээ гэвэл, Элчин сайд нарыг томилох асуудал байна. Процедурын асуудалтай, хууль, эрх зүйн зохицуулалт нь тодорхой бус буюу зөрчилдсөн зүйлүүдтэй. Өөр өөрийнхөөрөө л тайлбарлах жишээтэй. Тиймээс хаана, юу доголдож байгааг нь цэгцлэх хэрэгтэй шүү дээ.

-ОХУ, БНХАУ-тай харилцах нь манай гадаад бодлогын эн тэргүүний зорилт, эдгээр оронтой тэнцвэртэй харилцана гэж Гадаад бодлогын үзэл баримтлалд тусгасан хэдий ч бид тэнцвэртэй харилцаж чадахгүй байгаа. 

Тухайлбал, эдийн засгийн чиглэлд манайх тэнцвэрт харилцаагаа алдчихсаныг экспорт, импортын хэмжээ хэлээд өгнө. Энэ талаар бодлоо хэлнэ үү?

-Хоёр зүйл хэлмээр байна. Нэгд, найрсаг харилцаатай байх нь эн тэргүүний зорилт гэж буйг Орос, Хятадтай харилцах нь хамгийн чухал, бусад нь яах вэ гэсэн юм шигээр ойлгоод байгаа. Энэ хоёртойгоо муу харилцаатай байх нь дэмий л гэсэн болохоос бусадтай нь муу харилцана, дараагийн ээлжинд тавина гэсэн үг биш шүү дээ. 

Хоёрт, бүхэлдээ тэнцвэртэй харилцах тухайд, жишээ нь, худалдаа, эдийн засгийн хувьд яг адил харьцаатай байна гэсэн үг бас биш ээ. Үндсэндээ аль алинд нь адилхан ханд л гэсэн үг. Тэр дотроо тодорхой, объектив хүчин зүйлүүд нь хэм хэмжээг нь тодорхойлоод явж байдаг. Ер нь хоёр талын харилцааг түүхэн тодорхой урт хугацаанд авч үзэх шаардлагатай болохоос 2-3 жилээр хэлбэлзэхийг авч үзээд, яриад байж болдоггүй. Ямар статистикийн мэдээлэл биш.

Жишээ нь, Хятад манай экспортын 80 орчим хувийг эзэлж байна. Үндсэндээ Оросыг чиглэх экспорт 1-2 хувиас хэтрэхгүй байгаа. Энэ нь тэнцвэргүй байдал мөн үү гэвэл мөн. Үүнийг тэнцвэржүүлэхийн төлөө ажиллах ёстой. Гэхдээ үүнээс болж харилцаа тэнцвэргүй байна гэж хэлж болохгүй. Орос, Хятадын аль алинд нь адилхан хандах тэнцвэртэй бодлого барьж байгаа гэж би хардаг. 

Харилцаа хоёр урсгалтай. Өнөөдөртөө Хятадтай харилцахад тус улсын боломж арай илүү байна. Өсөн нэмэгдэж байгаа эдийн засгаа дагаад санхүүгийн болон бусад харилцааг дэмжих чадвар нь Оростой харьцуулбал илүү байна л даа.

-Хоёр хөршөөс манай бодлогод нөлөөлөх байдал ихсэж байна уу даа гэж бодогдох юм. Өөрөөр хэлбэл, манайд “гуравдагч хөрш”-ийн бодлого хэр амжилттай хэрэгжиж байна вэ. 

Манай батлан хамгаалах салбарт гуравдагч хөршийн бодлого амжилттай явж байна гэж үздэг.

Гуравдагч хөршийн гол төлөөлөл болох Герман, Турк, Энэтхэг, Япон, АНУ-тай амжилттай харилцаж байгаагийн зэрэгцээ олон улсын энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцсоноороо уг бодлогыг бараг тэргүүлэгчийн хэмжээнд хэрэгжүүлж буй гэж боддог юм.

-Богд хаант Засгийн газрын үеэс л бид “гуравдагч хөрш”-ийн эрэлд гарсан. Үүнийг манайхан хэдийнэ нотолчихсон. Түүхэн уламжлалаас гарч ирсэн бодлого маань юм шүү дээ. Ер нь Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний оршин тогтнохуйн тулгын гурван чулуу урд, хойд болон гуравдагч хөрш. Энэ гурван чулуу хэм тэгш байх ёстой атал бид тэднийг өөр өөр түвшинд буюу хазгай байлгаж буйгаа бодит амьдралаас бэлхнээ харж болно. 

Хоёр хөршид маань манай экспортын 80, гуравдагч хөршүүдэд 20 хүрэхгүй хувь нь ногдож байна. Үүнийг амжилттай гэж хэлэх үү. Яах вэ, урьд нь юу ч үгүй шахам байсныг бодвол амжилттай байна гэж хэлэх л байх. Гэхдээ 80 ба 20 хувийг бүрдүүлэгч хэсгүүдийг дотор нь аваад үзвэл янз бүрээр ярьж болно. Импортын 60 хувь хоёр хөршид, бусад нь гуравдагчдад ногдож байна. Бас л тэнцвэргүй гэсэн үг. 

Харин 1990-2016 он хүртэл авсан зээлийг харвал хоёр хөршид ердөө 15 хүртэлх хувь нь ногдож буй. Бусдыг нь гуравдагч хөршүүдээс авсан байдаг. Эндээс хэн, хаана, ямар үүрэг гүйцэтгэж байгааг харж болохоор байгаа биз. Мэдээж хэрэг улс төрийн шийдвэр эдийн засгаас урган гардаг. Гэхдээ улс төр, эдийн засаг хоёр зөвхөн нэг нь нөгөөгөө тодорхойлчихдог бус, харилцан шүтэлцээтэй, бие биеэ нөхцөлдүүлж байдаг. 

Үүнийг эрх баригчид сайтар харж, ёстой л нөгөө судалгаанд үндэслэсэн шийдвэр гаргах ёстой. Ер нь Монгол гэсэн геополитикийн орон зайд их гүрнүүд тодорхой хэмжээгээр байр сууриа эзэлж авахын төлөө өрсөлдөж буй нь яах аргагүй үнэн. Геополитикийн хувьд дэлхийн бодлогыг тодорхойлогч улс орон, бүлэглэлүүдийн өрсөлдөөний талбар мөн гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. 

Энэ өрсөлдөөнд хэн ямар байр суурь эзэлж буйг хөрөнгө оруулалт нь, хэнд ямар хувь ногдож байна вэ гэдэг нь харуулж буй. Сүүлийн үед ялангуяа, ашигт малтмалын томоохон орд, үйлдвэрүүдтэй холбоотой яриа, шуугиан тасрахаа байлаа. Энэ ч мөн энэ өрсөлдөөний илрэл шүү дээ.

-Тухайлбал, “Оюутолгой” бол гуравдагч хөршийн бодлогын хүрээнд хийсэн томоохон төсөл шүү дээ.

-Ерөөсөө л ашигт малтмал, түүхий эдээ ганц Хятадад л гаргаж амьдарна, хоёр хөрш байхад л болоо гэх мэт яриа дээр, дооргүй цухалзаад байдаг. Энэ бол буруу. Үүнд бид маш болгоомжтой хандах ёстой. Манайд 100 жилийн өмнөх түүх давтагдах вий гэж ажиглалт хийсэн ч хүн байна. Анхаармаар ажиглалт гэж бодож байна. 

Зуугаад жилийн өмнө Монголоос гадаадын капиталыг хүчээр хөөж гаргасан байдаг. Тэр хүний ажигласнаар одоо гуравдагч орнуудын хөрөнгө оруулалт, капиталыг хаах, болж өгвөл Монголоос түлхэн гаргах, дангаараа эзэгнэх бодлого явж байгаа юм биш биз гэж болгоомжлох ёстой. Монгол Улс зөвхөн хоёр хөрштэй бус, бүх дэлхийтэй харилцах шаардлагатай. Манайхыг дэмждэг, сайн ханддаг, тэргүүний хөгжилтэй улсуудтай бид олон талаар харилцаагаа хөгжүүлэх ёстой.

-100 орчим жилийн наана, цаана болсон үйл явдлуудын нийтлэг хийгээд ялгаатай зүйлсийг Та юу гэж харж байна вэ?

-Өмнө нь хүчээр гаргаж байсан бол одоо зөөлөн хүчний бодлого хэрэглэж буйгаараа ялгаатай. Харин өмнө нь ч, одоо ч тийм бодлого монголчуудаар л дамжин хэрэгжих юм шүү. Өмнө ярьсан дээрээ нэмэхэд, жижиг улсын хувьд гадаад аюулгүй байдлын нэг чухал тулгуур нь олон улсын эрх зүй, олон талт хамтын ажиллагаа байдаг. 

Олон талт хамтын ажиллагааны хүрээнд үндсэндээ бүх улс тэгш эрхтэй гэдэг зарчим түлхүү үйлчилдэг. Тиймээс олон улсын байгууллага, олон талт хамтын ажиллагаа Монголд их чухал. Жишээ нь, НҮБ, олон улсын банк, санхүүгийн байгууллагууд байна. Таны сайн мэдэх нэг жишээ гэвэл, энхийг сахиулах, дэмжих олон улсын үйл ажиллагаанд Монгол Улс оролцож ирлээ. 

Энэ нь манай улсыг энх тайван, хамтын ажиллагааны төлөөх бүх нийтийн чармайлтад харагдахуйц болгож, идэвхтэй оролцогч болсны нэг илэрхийлэл.

-Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад манай улс элсэх талаар ямар бодолтой байна вэ?

-Тус байгууллагад ажиглагчийн статустай явж ирсэн. Наана, цаанаа учир шалтгаантай болоод л тэр биз дээ. Энэ байгууллага ямар зорилготой, хэн хөлсийг нь төлж, хөгжмийг нь захиалдаг, байдал, төлөв нь юу вэ гээд элсэх, элсэхгүйгээ шийдэхээсээ өмнө сайн судалж тунгаах ёстой л гэж хэлье.

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

Илгээх

Энэ тухай