Цагдаагийн ажлыг шүүх үгүйсгэсний уршиг

Улсын хэмжээнд энэ оны эхний хоёр сард 10753 гэмт хэрэг гарчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 56.5 хувиар өссөн үзүүлэлт юм. Гэмт хэрэг ийн суга өсөхөд нөлөөлсөн хүчин зүйлийг судалж, жагсаахад “урт гартнууд” тэргүүн байр эзлэв. Удаах байрт “үнэг”-нүүд зогсож буй. Тэд Монгол Улсад гарч буй нийт гэмт хэргийн тал хувийг үйлдэж байгаа юм.

Хулгайн аюул Монголыг хэдийнэ нөмөрсөнтэй өдгөө маргах хүн үгүй. Үүний эсрэг хэрэгжүүлэх арга хэмжээгээ дөнгөж боловсруулж эхлээд, ажил хэрэг болгож амжаагүй байхад залилангийн хэрэг гаарлаа. Бусдын итгэлийг олж, эсвэл сэнхрүүлж эд хөрөнгийг нь авдаг хүмүүсийг эрх чөлөөтэй явуулж буйн уршгаар ийм хэрэг ихэссэн гэхэд буруутахгүй.

Бусдыг залилсан хүнийг шалгаж байх хугацаанд өнөөх нь дахиад л хэрэг “тарьж” байдаг тухай цагдаагийн алба хаагчид өгүүлдэг. Тиймээс хэргийг нь нэгмөсөн шийдвэрлэх ямар ч боломж байдаггүй гэх. Үүний улмаас залилангийн хэрэгтнүүд дураараа сэлгүүцэж, дараагийн “бай”- гаа онилж, хохироох замаар хэргээ сунжруулж сурчээ.

Арав гаруйхан настай хоёр хүүхэд гар утсаа алдсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдэв. Үл таних залуу “Ах нь ганц минут ярьчихаад өгье” гээд гар утаснуудыг нь авч одсон байдаг. Ээжийгээ дэлгүүр орсон хойгуур машинаа манаж үлдсэн хүүд “Ээж чинь цүнхээ аваад ир гэнэ ээ” гэж хуураад эд хөрөнгийг нь авч явсан хэрэг бас гарсан байгаа юм.

Олон нийтийн сүлжээнд элдэв бараа, бүтээгдэхүүний зураг байрлуулж, “Захиалгаар ирнэ. Урьдчилгаагаа өг” хэмээн мөнгө шилжүүлж авдаг үйлдэл ч олшрох боллоо. Эдгээр хэргийг үйлдсэн хүмүүс хохирлоо барагдуулсан төдий домоглоод л хариуцлагаас мултарч, дахиад л бусдыг “ангуучилж” эхэлнэ.

Сүүлийн үед ажилгүй иргэд олширсон. Тогтсон ажилгүй хүмүүс банк болон ББСБ-уудаас зээл авах боломжгүй байдгийг ашиглан хүү багатай мөнгө зээлүүлэх зарлал олон нийтийн сүлжээнд байршуулан, хураамж нэрээр мөнгө авч, хохироодог хүмүүс байсаар байна. Тэдэн дунд гадаадын иргэн ч тууж яваа гэсэн. Нөгөөтэйгүүр, хурааж, хуримтлуулсан хэдээрээ бичил бизнес эхлүүлэх, зардал хийж гадаад руу гарах гэсэн хүмүүс ч нэмэгдэж буй. Эл байдлыг ашиглан гадаад улсад гаргаж өгнө хэмээн мэхэлж, байгаа хэдийг нь “сэгсэрдэг” хүмүүс олширч, бараг л тоог нь алдахад хүрээд буй.

Цагдаагийн хэлтсүүдийн үүдэнд хэдхэн минут л зогсоход ийм хэргийн золиос болсон олон хүнтэй таарна. Гадаад улсын хилийг нууцаар давахаар завдаад баригдаж ирсэн хүмүүсээс авахуулаад бусдад их хэмжээний мөнгө өгч хохирсон иргэн өдрөөс өдөрт олширч буйг цагдаагийнхан хэлсэн. Ялангуяа, БНСУ, Япон, АНУ, Европын орнуудад ажиллах болон сурахаар гаргаж өгнө хэмээн залилж, 2-5 сая төгрөг авдаг хүн олон бий гэнэ.

Тэд бүлэглэн, нэгдсэн зохион байгуулалтад орсон байх нь ч түгээмэл болжээ. Түүнчлэн сүлжээний бизнест нэгдүүлэх, газар олгуулах, ажилд оруулж өгөх зэргээр залилах тохиолдол ихэсчээ. Гэхдээ ийм хэрэг үйлдэгчид бол “жараахайнууд”. Томчууд нь нийгмийн эрэлтэд тулгуурлаж, “өгөөш”-өө шидэн, бусдыг мэхэлж буй. Тэднийг уул уурхайн лиценз олгуулахаас авахуулаад хэдэн зуун саяын хохиролтой хэрэг үйлддэг гэж болно.

Цагдаагийн алба хаагчид залилан хийсэн хүнийг шуурхай илрүүлж, шалгаад хариуцлага тооцуулахаар хэргийг нь шүүхэд шилжүүлсээр байгаа. Гэвч шүүх ийм хэргийг хөнгөнд тооцдогийнх уу, хэлэлцэхдээ ч хойрго, хэрэгтэнд хариуцлага ногдуулахдаа хайнга аж. Өнгөрсөн онд цагдаагийн байгууллагад залилангийн 2996 хэрэг бүртгэгджээ. Үүний 600-г нь бүрэн шалгаж дуусаад, прокурор яллах дүгнэлт бичиж шүүхэд шилжүүлсэн аж.

Гэтэл шүүх 273-г нь л хэлэлцсэн байгаа юм. Ингэхдээ 237 хүнд 2-8 жил хорих ял оноож, 36 хүнийг тэнсчээ. Ингэснээр дээрх 36 хүнд бусдыг дахин залилах боломж олгосон хэрэг. Энэ төрлийн хэргийг шийдэхдээ яагаад хойрго ханддагийг шүүхийнхнээс асуухад “Ийм хэргийн ихэнх нь буцаагддаг. Хэргийн бүрдэл дутуу учраас тэр. Өнгөрсөн жил бид 2016 оныхоос 100- гаар олон хэрэг хянасан байдаг юм. Үүнийг чамлаж болохгүй. Шүүгч нарын тоо цөөн, ачаалал их ч бид боломжийнхоо хэрээр ажиллаж байгаа” гэх тайлбар өгөв.

Дээрх ял авсан хүмүүсийн олонх нь цөөн хэдэн хүнийг хохироосон байдаг аж. Харин олон хүнийг мэхэлж, хохирол учруулсан хэрнээ таван жилийн турш цагдаад байцаагдаж буй хүн хэдэн зуугаараа бий. Мөрдөн байцаагчдыг андахгүй, цагдаагийн байгууллагад амьдрах шахам болсон хүмүүс ихэвчлэн залилангийн хэрэгтнүүд байдаг нь нууц биш. Үүний буруутан нь шүүхийнхэн.

Залилангийн хэргийг ихэвчлэн эмэгтэйчүүд үйлддэг онцлогтой. Мөн залилагчид ганц бус, хэд хэдэн хүнийг зэрэг хуурч, хөрөнгө завшсан байх нь элбэг. Энэ нь шүүхийнхэнд ийм хэргийг хэлэлцэхээс татгалзаж, үл ойшооход нь дэм болдог гэж болохоор. Тодруулбал, нэг залилагч гурван өөр газарт хэрэг үйлдсэн бол тэдний хэргийг хамтатгаж шалгасны дараа хэлэлцэнэ хэмээн шүүхийнхэн буцаадаг “уламжлалтай”.

Үүнийгээ тэд “шүүгдэгчийн ашигтай байдлыг хангах нь зүйтэй гэх хуулийн заалт бий” хэмээн хайцаалдаг. Өнгөрсөн хугацаанд олон хүнийг хохироосон сүлжээний бизнесийнхэн яг ийм шалтгаанаар өнөө хэр нь хариуцлага хүлээгээгүйн зэрэгцээ шинэ хохирогчдын тоог нэмж буй. Улсын заан Ц.Баярсайхан зэрэг олон хүнд, их хэмжээний хохирол учруулсан хүмүүс ийм л шалтгаанаар одоо хэр нь хариуцлагаас мултарсаар байгаа юм.

Сүүлийн үед залилангийн хэрэг эрс нэмэгдэж, цагдаагийн байгууллагад өдөрт 10-15 бүртгэгдэж байгааг статистикаас мэдэж болно. Улсын хэмжээнд гарч буй нийт гэмт хэргийн талаас илүү хувь нь хулгай, залилан, дээрэм байгааг Үндэсний статистикийн хорооныхон хэлсэн. Нөхцөл байдал цаашид энэ хэвээр үргэлжилж, шүүх байгууллага хүнд суртал гаргасан хэвээр байвал залилангийн хэргийг зогсоож чадахгүйд хүрэх нь.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай