"Perfect dance" тэмцээний "хамгийн хамгийн" оролцогчид

"Perfect dance" тэмцээний "хамгийн хамгийн" оролцогчид

 Үндэсний шилдэг бүжигчнийг шалгаруулахаар дөрвөн сарын турш үргэлжилсэн "Perfect dance" шоуны шилдэг оролцогчдын гала тоглолт өчигдөр боллоо. Бүжгийн төрлөөр дагнасан томоохон тэмцээн монголд анх удаа болж байгаа хэдий ч оролцогчдын үзүүлбэр СТӨ-нд чуулсан үзэгчдийг бүжгийн хэмнэлд бүрэн автуулж чадсанаас харахад гала тоглолтын бэлтгэлдээ оролцогч, зохион байгуулагчид онцгой ач холбогдол өгснийх биз. 

  1. Тэмцээний шилдэг "Соло" бүжигчнээр Б.Эрдэнэбаяр шалгарсан. Тэрээр Монголчуудын үндэсний бахархалт шувуу "Тэнгэрийн ирвэс" хэмээн бэлгэддэг цагаан шонхорыг мөрөн дээрээ суулган, цагаан туг, цагаан хувцастай бүжсэн нь үзэгчдийг огшоож байлаа. Жигүүртэн дундаа хамгийн хурдан амьтан энэхүү шувууг тэнгэрийн элч гэх нь ч бий. Тэрээр ч мөн уг шувуу шигээ хурдтай, авхаалжтай нүдэндээ галтай харагдаж байсан юм. Ийнхүү тэрээр шүүгчдийн хамгийн их оноо өгсөн гурван оролцогчийн нэг болж, тэмцээний ивээн тэтгэгч World Korea группийн дэмжлэгтэйгээр Солонгос улсад нэг жил үнэ төлбөргүй суралцах эрхтэй болсон. 

2.  ӨМӨЗО-оос буюу хамгийн холоос зорин ирж оролцсон Ш.Цэрэндулам хөдөлгөөний гүйцэтгэлийг тултал хийдэг.  Масс хамарсан сүртэй шоу хийдэггүй ч гэсэн түүний хөдөлгөөн бүр далайцтай, цэвэрхэн байдаг гэдгийг шүүгч нар ч хүлээн зөвшөөрсөн. Түүнд Номин Холдингоос 1 сая төгрөгийн бараа авах эрхийн бичгийг гардуулсан юм. Мөн түүний хамтран бүжиглэсэн нутагт нэгт Далай портнер нь түүнээс ч дутахааргүй чадварлаг нэгэн байлаа. Хамгийн холоос ирсэн, хамгийн мундаг портнертой оролцогч, хамгийн гүйцэтгэл сайтай бүжигчин гээд түүний нэрний урд тодотгох зүйл олон ажээ. 

 

3. Шинэ үе хамтлаг бүжиг сонирхогчдод шинэ үеийнхэн гарч ирлээ гэдгийг харууллаа. Тэмцээний ялагч болсон тус хамтлагийг дэмжихээр 93-р сургуулийн найзууд нь хүрэлцэн ирж дэмжсэн.  Бараг л сургуулиа нүүлгээд ирээ юу гэлтэй олон хүүхэд нөхдийнхөө үзүүлбэрийг нь дэмжиж байсан бөгөөд ялагч болсноо мэдсэний дараа тэд тайзан дээр хэсэгтээ л уйлж бие биенээ тэвэрч зогссон. Шинэ үеийнхний шинэлэг санаа нь бүжиглэх явцдаа үзэгчид рүү цаасан шувуу нисгэсэнийг дэлгэн уншвал "НҮДЭЭ НЭЭ" гэсэн байлаа. Ийнхүү бяцхан хүүхдүүд үндэсний хэмжээнд анхны төгс бүжигчдээр шалгарлаа. 

4. Сонгодог балетын сор бүжигчдийн нэг Б.Лхагвадулам аль ч үед хамгийн эрхэмсэг биеэ авч явдаг оролцогч. Түүний гала тоглолтын үзүүлбэрийг шүүгчид  үзээд  "орчин цагийн хар цагаан хун" гэж энийг л хэлэх байх гэж дуу алдсан. Үг хэл, үйлдэл байгаа байдал нь тэмцээний шүүгч М.Бямбаатай адилхан юм уу гэмээр. 

5. Хамгийн зохиомж сайтай үзүүлбэр үзүүлсэн оролцогчид бол хөгжөөн дэмжигч хөөрхөн охидын хамтлаг "Light cheer" юм. Гала тоглолтын үзүүлбэртээ тус хамтлаг Үнсгэлжингийн зохиомжийг ашиглан Үндэсний, Сонгодог, Цэнгээнт бүжгээр үзүүлбэрээ баяжуулсан юм. 

6. Хамгийн өхөөрдөм, хамгийн жижигхэн биетэй, хамгийн нүүрний хувирал сайтай, гэрэлтсэн нүдтэй оролцогч Б.Тэмүүлэн гэдэгтэй маргах хүн үгүй биз. Түүнд байгалиас заяасан асар их авьяас бий гэж шүүгчид онцлон хэлсэн. Түүнийг өхөөрдөн, зураг хамт авхуулах гэсэн олны дундаас арай гэж олон сэтгэгдлийг нь авлаа. Тэрээр хэлэхдээ "Би ийм том тайзан дээр гарч, тэмцээнд орсондоо баяртай байна. Тэмцээний хоёрдугаар шатны үзүүлбэрийн үеэр  би хамгийн их аз жаргалтай байсан. Тухайн үед би өөрийгөө жинхэнэ Жексон болчихсон юм шиг л мэдэрсэн. Одоо тэмцээн дууссан болохоор нутаг руугаа буцах гэж байна. Би бэлтгэлээ хийж байхдаа ерөөсөө ядраагүй ээ. Өдөр болгон 12 цаг унтсан" гэв. Түүнээс  "Бэлтгэлээ их хийгээд ядарсан уу? Шөнө унтаж амарч байсан уу?" гэсэн асуултад минь хариулахдаа жоохон хүүхэд болохоор тоон дээр баримжаа алдах шиг болсон. Үнэндээ үсэг тоогоо одоо л үзэж байгаа долоохон настай хүүхэд шүү дээ. Зурагтаар харахдаа бага насны хүүхэд гэж мэддэг байсан ч яг дэргэдээс нь хараад л ийм багахан биендээ энэ бүх үзүүлбэрийг үзүүлсэн юм гэж үү гэж бодоход хүргэлээ. 

7. Бүжиг сонирхогчдын дунд Dream Big хамтлаг аль хэдийнэ танил болсон биз. Тэдний ур чадвар, ганцхан эмэгтэй гишүүнтэй этгээд хослол, гэрлэн үзүүлбэрийг хараад сөрөг сэтгэгдэл үлдээх хүн бараг олдохгүй биз. 

8. Шилдэг 9-н оролцогчдын нэг  "Welcome To Mongolia" хамтлаг ер нь дэлхийд монголыг сурталчлах хэмжээний бүжигчид байж чадна даа. 

9. Тэмцээний бас нэгэн шигтгээ авьяаслаг оролцогчид бол Infinity хамтлаг юм. 

 

 

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай