11 жил үргэлжилж буй СУПЕР ЦУВРАЛ

“Кливлэнд Кавальерс”-ийн довтлогч Л.Жэймс өнгөрөгч бямба гарагт (III.31) “Нью Орлеан Пеликанс” багийн эсрэг тоглолтод 27 оноо авсанаар улирлын 867 тоглолт дараалан 10-аас дээш оноо авч, М.Жорданы дээд амжилтыг эвдлээ. Энэхүү супер цувралын үүх түүхийг мэдэхийн тулд 2007 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр рүү “аялах” ёстой болно.

Энэ өдөр “Милуоки Бакс” багийнхан “Кливлэнд”-ийн довтлогч Д.Гуденийг зогсоож чадаагүй. Тэрбээр тоглолтын хоёрдугаар хагаст 19 оноо, нийт 30 оноо авсан нь карьерынх нь шилдэг тоглолтын нэг байлаа. Багийнхаа андын гялалзсан энэ тоглолтод Л.Жэймс оноо бөөндөхийг чухалчлалгүй, ердөө найман оноо авчээ. Энэ бол 11 жил, хоёр сар, 25 өдрийн өмнөх тоглолт. Түүнээс хойш Л.Жэймс оролцсон тоглолт бүртээ багадаа 10 оноо авч буй.
Ийм олон жил үргэлжилж буй итгэмээргүй цувралын тухай 10 сонирхолтой баримтыг танилцуулъя.

867: Доор дурдсан 15 шилдэг тоглогчийн хамгийн олон тоглолт дараалан 10-аас дээш оноо авсан цувралыг нэмбэл Л.Жэймсийнхтэй тэнцэнэ: Л.Алдриж (84), Я.Антетокунпо (82), К.Энтони-Таунс (75), С.Көрри (74), Г.Драгич (60), К.Ирвинг (58), К.Пол (57), К.Томпсон (56), Ж.Уолл (55), П.Жорж (55), Э.Дэвис (52), К.Уолкер (48), Ж.Батлер (44), К.Порзингис (34), А.Хорфорд (33). 

610: Одоогийн тоглогчдоос “Хьюстон”-ы Ж.Харден 257 тоглолт дараалан 10-аас дээш оноо авсан үзүүлэлтээр дэд байрт бичигдэж буй нь Л.Жэймсээс даруй 610 тоглолтоор цөөн.

50: Л.Жэймс замналынхаа турш 11 тоглолтод 50-аас дээш оноо авсан нь ганц оронтой оноо авсан тоглолтоос нь (8) илүү. NBA-гийн түүхэнд түүнээс гадна М.Жордан, У.Чэмберлэн л ийм өвөрмөц амжилтын эзэн болсон.

99.3: Л.Жэймс оролцсон бүх тоглолтынхоо 99.3 хувьд нь 10-аас дээш оноо авсан нь NBA-гийн дээд амжилт юм. Түүний дараа К.Дюрант бичигддэг бол (98.8) М.Жордан гуравдугаарт ордог.

1: М.Жордан “Чикаго Буллз”ын өмсгөлтэй 1109 тоглолтод (плей-оффыг оролцуулсан) оролцохдоо ганцхан удаа 10-аас цөөн оноо авчээ. 1986 оны гуравдугаар сарын 22-нд “Кавальерс” багт илт давуу ялагдахад Майкл найман оноо авсанаас хойш 2001 оны арванхоёрдугаар сарын 27 хүртэл ахин ганц оронтой оноо аваагүй юм. “Индиана Пэйсерс”-ийн эсрэг уг тулаанд зургаан оноо авахдаа М.Жордан 38 настай, “Вашингтон Визардс” багт тоглож байлаа.


40: Уг цувралын турш М.Жорданы 40 оноо авсан тоглолт нь 20 оноо авсан тоглолтоос нь бараг хоёр дахин их (159 болон 78) юм. Харин Л.Жэймс одоо ч үргэлжилж буй цувралынхаа туршид 44 удаа 40 оноо авчээ.

71: NBA-д тоглох хугацаандаа 867 тоглолтод оролцоогүй сагсан бөмбөгийн “Алдрын танхим”-ын 71 тоглогч байдаг. Тэдний дунд Ж.Гервин, Б.Петтит, Э.Бэйлор, Б.Макаду, П.Маравич нарын алдартнууд бий.

90: Л.Жэймс улирлын тоглолтод сүүлчийн удаа 10-аас цөөн оноо авах үед NBA-гийн одоогийн тоглогчдийн 90 хувь нь лигт элсээгүй байлаа. 2007 оны нэгдүгээр сарын тэрхүү тоглолтод оролцсон “Кавс”-ын тоглогчдоос ганцхан Леброн л NBA-д тоглож байна.

1028: Хэрэв 2007 оны уг тоглолтод найман оноо аваагүй бол Л.Жэймсийн цуврал 1028 болох байжээ. “Бакс”-ын эсрэг тэрхүү тоглолтоос өмнө Леброн 161 тоглолт дараалан 10-аас дээш оноо аваад байв.

2: Плей-оффын ердөө хоёр тулаанд л Л.Жэймс 10-аас цөөн оноо авчээ. 2014 оны “Дорнод” бүсийн аваргын төлөө тав дахь тоглолтод Леброны авсан долоон оноо нь плей-оффын хамгийн муу үзүүлэлт нь юм. Тэрбээр мөн 2011 оны NBA-гийн финалын дөрөв дэх тоглолтод найман оноо авсан.

Н.ЭНХБАЯР

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай