Бөөнцагаан нуурын бөөн эмгэнэл: “Гацуурт”-ын Л.Чинбат хүний гараар могой бариулж байна

 

“ГАЦУУРТ” ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛӨӨ ШИЛЖҮҮЛЭЭГҮЙ, ШИЛЖҮҮЛЭХ ӨРГӨДӨЛ Ч ГАРГААГҮЙ

Галуут сумын Үнэгт III багийн Их дугуй хэмээх газар, Байдраг голын үндсэн цутгал Өлзийт голын ай савд MV-011917 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Гацуурт” компани 2006 онд 30 жилийн хугацаатай авчээ. 2036 онд хугацаа нь дуусах тусгай зөвшөөрөл бүхий талбай нь урт нэртэй хуулиар хамгаалагдсан учраас алтны эрэлчид хараахан сэндийчиж чадаагүй өнөөг хүрсэн аж.

Гэтэл өнгөрсөн зунаас хойш “Тулга жаргалант” компани Их дугуйд олборлолт явуулахаар дайрч, нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа. Уг компанийнхан “Гацуурт”-аас тусгай зөвшөөрлийг нь худалдаж авсан гэж нутгийн иргэд, засаг захиргааны байгууллага, хэвлэл мэдээллийнхэнд хэлдэг юм. Харин зарим хүн “Эдний ард “Гацуурт” компанийн эзэд байгаа. Тэднийхэн зүс буруулж, нүүрээ нуун, ухах гэж байна” хэмээн харддаг. Энэ хардлагыг батлах, эсвэл няцаах баримтын эрэлд гарлаа.

БАРИМТ 1

Ашигт малтмал, газрын тосны газраас Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Саруулд хаягласан 1/7287 тоот албан бичигт “Кадастрын мэдээллийн санд Баянхонгор аймгийн Галуут сумын нутаг Их дугуй нэртэй 624.07 га бүхий ашигт малтмалын ашиглалтын MV-011917 тоот тусгай зөвшөөрлийг “Гацуурт” ХХК-д 2006 оны наймдугаар сарын 4-нд олгосон бүртгэлтэй бөгөөд “Тулга жаргалант” ХХК-д шилжүүлээгүй, шилжүүлэхээр төрийн захиргааны байгууллагад өргөдөл гаргаагүй болно.

Шар зураасаар тэмдэглэсэн нь тусгай зөвшөөрлийн талбай

Дээр дурдсан тусгай зөвшөөрлийн талбай нь 2009 онд батлагдсан Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн дагуу хуулиар хориглосон хязгаарласан талбайтай буюу ус, усны эх газартай 254.58 га талбай нь давхцалтай байна” гэжээ.

БАРИМТ 2

Дээрх газраас энэ оны хоёрдугаар сарын 15-нд гаргасан Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар хориглосон талбайн хилийн заагтай давхцалтай хэсгийг хасуулж, солбицолд өөрчлөлт оруулах ашиглалтын тусгай зөвшөөрлийн жагсаалтад MV-011917 тоот тусгай зөвшөөрлийг эзэмшигч нь “Гацуурт” компани хэмээн дурайж байна. Уг жагсаалт одоо ч тус газрын цахим хуудаст байгаа бөгөөд https://mrpam.gov.mn/news/404/ холбоосоор орж үзэх боломжтой.

MV-011917 тоот тусгай зөвшөөрөл өнөө хүртэл “Гацуурт”-ын эзэмшилд байгаа гэдэг нь дээрх баримтуудаар батлагдав. “Тулга жаргалант” компанийнхан Их дугуйд алт олборлох тусгай зөвшөөрлийг “Гацуурт”-аас шилжүүлж авсан гэж худлаа ярьжээ.

ИХ ДУГУЙГ ЯАГААД ХАМГААЛАХ ЁСТОЙ ВЭ

Их дугуй бол Бөөнцагаан нуур, Байдраг голын үндсэн цутгал Өлзийт голын ай сав бөгөөд дэлхийд нэн ховор, дархан цаазат амьтан болох цоохор ирвэс, аргаль, янгир байнга нутагладаг, байгалийн өвөрмөц тогтоцтой, унаган төрхөөрөө байгаа хайрлам сайхан хангай гэдгийг бид сурвалжилга бүртээ дурдсан. MV-011917 тоот тусгай зөвшөөрлийн талбайд Өлзийт голын энгийн, эрүүл ахуйн, онцгой хамгаалалтын бүс орж буй.

Уг зөвшөөрөлд зааснаар голыг боож, эсвэл голдирлыг нь өөрчлөн ухах нь гарцаагүй. Тиймээс урт нэртэй хуулийн дагуу голын энгийн хамгаалалтын бүс хүртэл буюу 200 метр талбайг тусгай зөвшөөрлөөс хасуулж, солбилцолд өөрчлөлт оруулахыг Ашигт малтмал, газрын тосны газар шаардаж буй юм билээ. Гэтэл алтны төлөө юуг ч хайрлахаа больчихсон шуналтнууд голын онцгой хамгаалалтын бүсэд шламны нуур байгуулан, усан буугаа зоосон.

Хууль бус, балмад үйлдлийг нь өнгөрсөн намар таслан зогсоогоогүй бол өдийд “Тулга жаргалант”-ынхан Өлзийт голыг боогоод ч юм уу, голдирлыг нь өөрчлөөд, голын татмыг ухчихсан байх байсан биз. Ийм тохиолдол өмнө нь Өлзийт, Байдраг голын сав дагуу олон удаа гарч байсан. Тэр нь эргээд байгаль экологид нөхөж баршгүй хохирол учруулсан билээ.

Аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний газрын нэрээ нууцлахыг хүссэн ажилтан “Алт-1” хөтөлбөр хэрэгжүүлж, Байдраг, Өлзийт, Заг голын сав дагуу алтны уурхай олноор ажилласан 1990-ээд оны сүүлч, 2000-аад оны эхэн үед Бөөнцагаан нуур хоёр км татарсан. Урт нэртэй хууль батлагдсанаас хойш жаахан сэргэсэн ч ус нь дорвитой нэмэгдээгүй. 2017 оны зун дээд голуудын урсац ирэхээ больж, нуурын цутгалан (Байдраг гол Бөөнцагаан нуурт цутгадаг хэсэг) хоёр ч удаа тасарсан” хэмээснийг сануулъя.

Тусгай зөвшөөрлийн талбай нь хуулиар хамгаалсан талбайтай давхцаж байгаа, түүнийгээ хасуулах шаардлагыг төрийн төв байгууллага нь тавьж буй, өөрөөр хэлбэл, тусгай зөвшөөрлийнх нь асуудал цэгцэрч нэг мөр болоогүй үед ашиглалт явуулахын тулд шаардлагатай бусад зөвшөөрөл, бичиг баримтаа хэрхэн бүрдүүлсэн нь анхаарлаа хандуулах өөр нэг асуудал.

Өнгөрсөн зун “Тулга жаргалант” компани Их дугуйг ухахаар дайрахдаа байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ хийлгэсэн, бүх бичиг баримт, зөвшөөрөл бүрэн хэмээн баахан цаас үзүүлж явсан байдаг. Тэдгээр бичгийг хаанаас ямар арга замаар олж авсан, хүчин төгөлдөр, эсэхийг шалгаж, тогтоох боломж хөдөөгийнхөнд юу байх билээ.

Нээрэн л бичиг баримтаа бүрдүүлээд ирсэн байх гэж бодсон нь олон гэдэг. Харин Галуут сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Ганзориг ажил үүргийнхээ хүрээнд байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээтэй нь танилцаад, хэдэн жилийн өмнө авлигын хэргээр ажлаасаа халагдаж, АТГ-ын хаалга татсан хүний гарын үсэгтэй байсанд эргэлзэж, хүчин төгөлдөр баримт бичиг мөн, эсэхийг шалгуулахаар БОАЖЯ-нд ханджээ.

Гэтэл тус яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдаваагаас “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4.3, тус хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2.1-д заасны дагуу Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолын усны сан бүхий газрын энгийн хамгаалалттай бүсийн хилийн заагтай давхцалтай байна.

Ашигт малтмалын ашиглалтын MV-011917 тоот тусгай зөвшөөрлийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ нь Байгаль орчны мэдээллийн санд бүртгэгдээгүй” гэсэн хариу ирүүлжээ.

Өөрөөр хэлбэл, хуурамч гэсэн үг. Мөн аймгийн Засаг даргатай гэрээ байгуулах, ус ашиглах дүгнэлт гаргуулж, зөвшөөрөл авах зэрэг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, менежментийн болон уулын ажлын төлөвлөгөө, ТЭЗҮ-гүйгээр хууль бусаар ашигт малтмал олборлохыг завдсан талаар албаны хүмүүс хэлж байсан.

Л.ЧИНБАТ БААТАР АА, ӨЛЗИЙТ ЭЭЖИЙН АМИЙГ ХЭЛТРҮҮЛЖ ХАЙРЛА

Их дугуй бол Бөөнцагаан нуур, Байдраг голын үндсэн цутгал Өлзийт голын ай сав бөгөөд дэлхийд нэн ховор, дархан цаазат амьтны нутаг, байгалийн өвөрмөц тогтоцтой, унаган төрхөөрөө байгаа хангай гэдгийг Та биднээр хэлүүлэлтгүй мэднэ биз ээ. Энэ нутгийг онгон дагшнаар нь үлдээхийн тулд Танаас ингэж гуйхаас өөр аргагүй нь. Яагаад гэвэл Та Их дугуй хавийн 624.07 га газрыг 2036 он хүртэл дуртай үедээ ухах тусгай зөвшөөрлийн эзэн.

Энэ зөвшөөрөл тань говийн таван “мөнгөн хундага” хэмээгддэг байсан нууруудаас ганцаараа тэсэж үлдээд буй Бөөнцагааныг тэтгэдэг Байдрагийн хоёр үндсэн цутгалын нэг Өлзийт голыг боомилж, тэр хавьд идээшсэн аргаль, янгир, цоохор ирвэсийг нутаггүй болгон, байгаль экологид нөхөж баршгүй хохирол учруулахаар эмзэг цэгт байрлалтай.

Их дугуйн алтны нөөц тэгтлээ их анхаарал татахааргүй, орон нутгийн болон улсын эдийн засагт нөлөөлөхүйц ач холбогдолтой биш учраас л Та энд, тэнд, зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй газар ухаад явж байдаг, орон нутгийнхандаа “техникжсэн нинжа” хэмээн адлуулдаг жижиг компанитай хамтран ажиллаж, тийш нь оруулж байгаа болов уу гэж би тааж байна. Ингэж гар хурууны үзүүрээр, хоёр усан буу, хэдэн балмад залуу аваачиж орхиод ухуулчихаж болохоор газар хэмээн үнэлж буй юм бол энэ газрыг заавал хөндөх хэрэг байна уу.

Гол усны амийг таслан байж хэдэн кг алт авахаас илүү байгалиа онгон дагшнаар нь байлгаж, аргаль, янгир зэрэг ховор амьтдаа тааваар нь өсгөж үржүүлэн, тусгай зориулалтын ан хийлгэх аялал жуулчлалын бүс болгох нь орон нутагт нь хийгээд Монгол Улсын ирээдүйд хэрэгтэй бус уу. Энэ бол үгүйрч барагддаг биш, өсөж үрждэг баялаг.

Нэг аргаль 13 сая төгрөгийн үнэлгээтэй гээд бод доо. Хэдхэн кг алтнаас болж ийм том баялгийг сүйтгэж орхих нь хайран биш үү. Танд үнэхээр ийм хэрэгцээ, шаардлага байгаа юу. Та энэ жижиг ордын хэдхэн кг алтаар дутлаа гэж үү. Энэ нутгийг өршөөж, хэлтрүүлж хайрла. Үгүйдээ, тусгай зөвшөөрлөө бүхэлд нь биш юм гэхэд Өлзийт ээжийн өвөр рүү хүйтэн мэс дүрэхээргүй болгож, хамгаалалтын бүс 200 метрийг нь хасуулаад, хууль журмын дагуу ажиллаж болохгүй гэж үү.

Таныг Монгол орны газрын хэвлийн баялгаас чамлахааргүй хүртэж, нүд, сэтгэлийн хор нь гарсан хүн гэлцэх юм билээ. Тиймээс ийм хэмжээний жудаг гаргаж чадна хэмээн найдсандаа, нэг ч болов голыг аврахад хувь нэмрээ оруулах нинжин сэтгэл, уужуу ухаантай нэгэн гэж итгэсний учир ийн бичиж байна.

Нэг хэсэг алтны 60 шахам ордын тусгай зөвшөөрөл эзэмшиж, уул уурхайн салбарт бизнес эрхлэгчдийг тэргүүлж явсан Та ийм алхам хийвэл сүүлийн жилүүдэд бүрдүүлж буй “Ухдаг бус ургуулдаг хүн” гэсэн имиж тань итгэл үнэмшилтэй болох сон. Хойч үедээ онгон дагшин байгаль, ховор сайхан ан амьтдыг өвлүүлэн үлдээх нь хотын төвд тоглоомын төв барьснаас ч илүү буян болох буй за.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (18)

Илгээх

Энэ тухай