Н.Пүрэвжав: Цас, цана хоёртойгоо байхад л болно, илүү зүйл хэрэггүй ээ

Монголын цанын спортын ахмад үеийн төлөөллийн нэг, улсын 19 удаагийн аварга, Гавьяат дасгалжуулагч Найдангийн Пүрэвжав гуайтай ярилцлаа. Увс аймгийн Зүүнговь сумын харьяат тэрбээр ДАШТ-д хурд сорьсон Монголын анхны эмэгтэй цаначин юм.

Цанын спортын төлөө 59 дэх жилдээ зүтгэж яваа Н.Пүрэвжав өдгөө Увс аймгийн Хяргас суманд дасгалжуулагчаар ажилладаг. Өнгөрсөн долоо хоногт болсон олон улсын тэмцээнд шавь нараа сойхоор Улаанбаатар хотод ирэх үеэр нь гавьяаттай уулзаж, ярилцсанаа уншигч та бүхэнд толилуулъя.

-Тэмцээнд хэдэн тамирчин сойсон бэ. Шавь нар тань ямар амжилт гаргав?

-Хяргас сумын биеийн тамирын багштай хамт долоон шавьтайгаа ирсэн. Яах вэ, чамлахааргүй оролцлоо. Бид энэ жил аймгийнхаа аваргаас найман медаль хүртсэн. Төв аймагт болсон өсвөр үеийн УАШТ-ий үеэр Г.Ганзориг дэд мастер болж, намайг баярлууллаа.

Ер нь томчуудтай ч өрсөлдөж болмоор санагдан, сэтгэлд багтаад байхаар нь насанд хүрэгчдийн УАШТ-д өрсөлдүүлтэл V байрт шалгарч, спортын мастер цолны болзол хангасан. Ажлын маань үр дүн түрүүчээсээ гаран, олон жилийн дараа Увс аймгаас цанын спортын мастер төрсөнд олзуурхаж байна.

-Төрөлх сумандаа 10 гаруй жил ажилласныхаа дараа Хяргаст цаначин бэлтгэж байгаа нь сонирхол татаж байна. Таныг урьсан юм уу?

-Өөрийнхөө санал, хүсэлтээр очсон юм аа. Хяргас нутаг дээхнэ үеэс цаначдаараа алдартай. Цас их ордог, хүйтэн гэж жигтэйхэн. Жинхэнэ цасны, цаначны нутаг л даа. Гэтэл тэнд цаначдын амжилт тасарч, цанын спортын хөгжил саараад олон жил болсон. Бүр УАШТ-д тамирчин өрсөлдөөгүй 15, спортын цол зэргийн болзол хангаагүй 10-аад жил болчихсон байлаа.

Тиймээс залгамж халаагаа бэлтгэх, цанын спортыг хөгжүүлэхийн тулд Хяргаст дасгалжуулагчаар хоёр дахь жилдээ ажиллаж байна. Хяргас сумын удирдлага “Манай суманд цаначин бэлтгэхээр болсонд баярлалгүй яах вэ, дуртайяа зөвшөөрнө. Орон нутгийн төсөв хомс, таныг цалинжуулж чадахгүй шүү. Бүхий л боломж, бололцоогоороо дэмжинэ ээ” гэсэн.

Би Өмнөговь сумандаа ч 10 гаруй жил цалингүй ажилласан болохоор тоогоогүй ээ. Шавь нартаа төдийгүй хяргасчуудад цанын спортыг сурталчлахын тулд аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг хоёр жил дараалан Хяргаст зохиолоо. Одоогоор миний удирдлагад 40 гаруй хүүхэд бэлтгэл хийж байна. Материал, хангамж дутмаг болохоор шавь нар маань бэлтгэлээ 10 гаруй цанаар ээлжлэн базаадаг.

Цалин хөлсгүй, гадаа гандан, хөдөө хөхөрч байхаар гавьяаныхаа амралтыг эдлээд Улаанбаатар хот дахь гэртээ үр, ач нараа тойруулаад амьдарвал биед амар л даа, уг нь. Орон нутагт ажиллахад бэрхшээл их. Хамгийн наад зах нь 73 настай би Хяргасаас хоёр хоног автобусанд сэгсчүүлэн байж хотод ирэх амаргүй. Тэглээ гээд би зүгээр сууж тэвчихгүй. Цас, цана хоёртойгоо байхад л хангалттай, илүү зүйл хэрэггүй ээ.

Улаанбаатарт тэмцээнд оролцохдоо ихэвчлэн автобусаар ирдэг. Зардал нь арай төсөр учраас тэр. Бартаа саад, даваа гүвээ ихтэй замаар бүхэл бүтэн хоёр хоног явах амаргүй. Улаанбаатарт ирээд тамирчдаа байрлуулах, бэлтгэл хийх, хоол унднаас авахуулаад хүндрэл ихтэй. Зардал, мөнгөө хэмнэхийн тулд гэрээсээ борц, боорцог гээд хүнсээ авчирдаг юм. Манай аймгийн цанын дасгалжуулагчид тааруу ажиллаж байгаад сэтгэл дундуур явдаг. Аймагтаа эн тэнцүү өрсөлдөх олон цаначинтай ч УАШТ-д өндөр амжилт гаргахгүй байгаа нь чамлалттай.

-Гавьяатаас заавар, зөвлөгөө авдаг уу?

-Намайг уг нь Увс аймгийн цанын зөвлөх дасгалжуулагчаар томилсон юм. Гэтэл залуу дасгалжуулагчид надаас яах уу, ийх үү гэж ер асуудаггүй. “Би” л гэж, биеэ тоосон хүмүүс байх юм. Бусдын ажилд хөндлөнгөөс орж, тэг, ингэ гээд байх хүсэлгүй болохоор урдах ажлаа хийгээд л явж байна. Зөвхөн цана гэлтгүй аль ч салбарт ахмад, өмнөх үеийнхнээсээ үг сонсдоггүй, үгүйсгэдэг хандлага ажиглагдах юм аа.

-“Пёнчан-2018” олимпод хүндэт зочноор оролцсон, та. Тамирчдынхаа амжилтад ямар дүн тавив?

-Монголд цанын спорт хэр хэмжээнд хөгжиж, тамирчид маань ямар орчинд бэлтгэл хийж байгаа билээ. Тэднээс өндөр амжилт нэхэх эрх бидэнд байхгүй. Харин ч үе үеийн тамирчдын амжилтыг буухиалан, “Пёнчан-2018”-д оролцсоноор нь бахархах хэрэгтэй. Элдвээр шүүмжлэн, залуу тамирчдын урмыг хугалан, зоригийг нь мохоогоод яах вэ. Бидэнд хэрэглэл, материалаар дутах юм ер алга. Бусад орны шилдгүүдийн өмсөж байгаагаар гоён, хэрэглэж буйгаар гулгаж байна. Харин тэсвэр, тэвчээр, хүчний тал дээр дутмаг байгаа нь анзаарагдлаа.

-10 гаруй жил Монголын нэрийг дэлхийд тахалсан ч олимпын дэвжээнд өрсөлдөж чадаагүй. Олон жилийн дараа үзэхэд ямар мэдрэмж төрөх юм бэ?

-Анх удаа олимп үзэж, дэлхийн шилдгүүдийг харлаа. Бүх зардлыг маань даасан Монголын цанын холбооныхондоо баярлалаа. Би дөрвийн дөрвөн олимпод оролцох эрх авсан ч өрсөлдөж чадаагүй азгүй хүн. 16 жилийн маань хөдөлмөр, зүтгэл салхинд хийссэн л дээ. “Пёнчан-2018”-ыг үзэж байхад “Олимпод оролцсон бол хэчнээн сайхан бэ” гэж бодон харамссан, бас уйлсан.

-Ямар шалтгаанаар олимпод оролцуулаагүй юм бол?

-Тэр үед бүх зүйлийг Намын төв хороо шийддэг байлаа. 1972 оны олимпод хамт бэлтгэл хийсэн тамирчин бие давхар болсон гээд, бусдад нь “Тамирчдын бэлтгэл тааруу байна” гэсэн шалтгаанаар оролцуулаагүй.

-Дөрвөн олимп гэхээр 16 жилийн хөдөлмөр шүү дээ. Алинд нь хамгийн их харамсаж явдаг вэ?

-1976 оны олимпод оролцож чадаагүйдээ хамгийн их харамсдаг. Миний ид үе байсан л даа. Олимпын бэлтгэлээ Батмөнх дасгалжуулагчийн удирдлагад есөн эрэгтэй тамирчны хамт Хөвсгөл аймгийн Хатгал суманд жилийн хугацаанд базаасан юм. Гэтэл олимпод оролцохоор явахаас хэдхэн хоногийн өмнө Намын төв хорооноос биднийг оролцуулахгүй гэж шийдсэн.

-Гол шалтгаан нь юу байв?

-Олимпод явахын өмнөхөн Эрхүү хотын тамирчид манай улсад ирж хамтарсан бэлтгэл хийсэн юм. Бэлтгэлийн үеэр болсон нөхөрсөг тэмцээнд манай эрэгтэй тамирчид тэдэнд хожигдсон. Уг нь эмэгтэй тамирчид ялагдаагүй. Гэтэл “Эрхүүгийн тамирчдад хожигдож байгаа юм чинь олимпод амжилт гаргах боломжгүй” гээд л хасчихсан. Медаль авахаа байг гэхэд оролцоод үзчихсэн бол гэж үргэлж боддог.

-Цанын спорттой нөхөрлөсөн дурсамжаасаа хуваалцана уу?

-Намайг бага байхад цана нүдний гэм байлаа. Манай аймгийнхан бүр сүүлд цанын бараа харсан. Тэр үед торхны модоор цана хийгээд Шар толгойн энгэрийн уруу гулгадаг байсан сан. Модон торхоор л гулгаж сурсан хүн дээ, би. Дөрөвдүгээр анги төгсөх жил манайх Төв аймгийн Баянчандмань суманд суурьшсан нь цаначин болоход их нөлөөлсөн.

Нэг удаа хичээл дээрээ сууж байтал талийгаач Бархас багш “Цанаар хичээллэх хүүхэд байна уу” гэж асуухад нь уухайн тас гараа өргөсөн юм. Цанаар хоёр сар хичээллээд идэрчүүдийн аймгийн аваргад түрүүлж, мөнгөн хуц, шаазан мориор шагнуулж байлаа. Багшийн техникумын нэгдүгээр дамжаанд сурч байхад Гавьяат дасгалжуулагч П.Рэнцэндорж багш намайг шигшээ багт авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.

Би бөөн баяр болоод аавдаа хэлтэл “Чи цанаар хоолондоо хүрч чадахгүй” гээд халгаагаагүй ч 1963 онд болсон Бүх ард түмний спартакиадаас алт, хүрэл медаль авахад жигтэйхэн их баярлаж билээ. Тэгээд л зөвшөөрч, 17 настай годгор охин дараа жил нь шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан юм.

-УАШТ-ээс анхны алтан медалиа хүртэхдээ найман жил завсаргүй түрүүлээд байсан Ч.Бадамхандыг илүүрхсэн нь хамгийн дурсамжтай болов уу?

-Тийм шүү. 1971 оны УАШТ санаанаас ер гардаггүй юм. Тэр жил Ч.Бадамхандыг ардаа орхин, гурван алтан медаль хүртсэн. Тийм лут аваргын өмнө орж, түрүүлсэндээ өөртөө ч итгээгүй. Нэг хэсэг шоконд орж билээ. Аливаа зүйлийн анхдагч болох сайхан. 19 насандаа 1966 оны ДАШТ-д Ш.Тунгалагийн хамт оролцсоноо өчигдөр болсон мэт тод санаж байна. Би хоёр зайд хурд сорин, спортын мастер цолны болзол хангасан.

-Намын төв хорооноос эмэгтэй тамирчдыг хүүхэд гаргахыг хориглодог байсан гэдэг. Үнэн үү?

-Үнээн. Нэг хүүхэд гаргахыг зөвшөөрдөг байв. Дахин бие давхар болбол албан хүчээр үр хөндүүлдэг байсан. Намайг ч бас тийм зовлон тойроогүй ээ. Охиноо гаргасны дараа амьдрах, амжилт гаргахын эрхэнд хүүхэдтэй болж чадаагүй. Нөхөр маань “Би хүний ганц хүү. Голомт залгах хүүтэй болъё” гэж надаас гуйдаг байв.

Бүр тэвчээр нь алдрахаараа “Чамд амжилт чухал бол надад хүүхэд хэрэгтэй байна” гээд уурлана. Намын төв хороо, шигшээ багийн дасгалжуулагчийн үгийг зөрөх эрх бидэнд байгаагүй. Тамирчны амжилт залуу насных болохоор хувийн амьдралаа хойш нь тавин зүтгэсэн дээ. Тийм бэлтгэл, ийм тэмцээн гэсээр залуу нас минь цахилаад өнгөрсөн.

Олон хүүхэдтэй, өнөр өтгөн гэр бүлийг хараад атаархах сэтгэл өөрийн эрхгүй төрдөг. Гурван жилийн өмнө Гавьяат дасгалжуулагч цол хүртэхдээ ханиа, охиноо их үгүйлсэн. Тэр үед охин минь Японд байсан, ирж амжаагүй юм. Төрийн ордноос гарч ирэхэд олон сайхан шавь маань угтан, баяр хүргэсэн ч төрсөн үр, ханийг минь яаж гүйцэх вэ. Үрээр баян байх шиг сайхан зүйл орчлонд байдаггүй юм шүү дээ.

-Охин тань өсвөрийн УАШТ-д хоёр удаа түрүүлсэн ч цанаар тууштай хичээллээгүй. Яагаад спортоо орхисон юм бэ?

-Би зөвшөөрөөгүй юм аа. Аав нь ч бас тас хорьсон. Туулсан амьдрал, спортын хатуу хөтүүг охиндоо мэдрүүлэхийг хүсээгүй.

-Та одоо 73 настай. Аливаа зүйл цаг хугацаатай. Тэдэн нас хүртлээ дасгалжуулагчаар ажиллана гэх багцаа бий юү?

-Ер нь хөл, гар янгинаж өвдөхгүй бол дахиад арван жил ажрахгүй байх аа. Өдий хүртэл туулсан амьдралдаа харамсах юм алга аа. Дасгалжуулагч болох, төрсөн нутагтаа тамирчин бэлтгэх мөрөөдлөө биелүүлсэн. Нас дээр гарлаа, хийдгээ хийчихсэн гэж тайвшран, зүгээр суухгүй. Хийхээр төлөвлөсөн ажил олон бий.

Маргааш (уржигдар) Хяргас руу буцна. Нутагтаа очоод шавь нарынхаа дунд сорил авч, шигшинэ. Сургууль нь амрах үеэр шигшье гээд хойшлуулбал тамирчид гэр рүүгээ яваад надад гүйцэгдэхгүй (Инээв). Энэ зун Архангай, Булган аймгийн тамирчидтай хамтарсан бэлтгэл хийхээр төлөвлөсөн.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

Илгээх

Энэ тухай