Бөхийн төлөө бөхийгөөгүй зангараг

МАХН-ын Төв хороо, Сайд нарын зөвлөлөөс 1965 оны долдугаар сарын 15-нд Хуучин дурсгалт зүйлийг цуглуулж, борлуулах тухай тогтоол гаргаж, Монголын хамаг өнгөтэй өөдтэй, ховор нандин дурсгал устах, бусдын гарт орох аюул учрахад Ю.Цэдэнбал даргатай уулзан, учирлаж байж хүчингүй болгуулан, 1970 онд Түүх, дурсгалыг хамгаалах тухай анхны хуулийг батлуулсан гавьяатай нэгэн эрхэм хүмүүн буй.

“Монгол орон бол тэр чигээрээ задгай музей. Хүн өөрийнхөө дүр төрхийг толиноос хардаг бол аль ч орны түүх, зан заншил, хөгжил гээд бүхий л зүйлийг музейгээс тольддог” гэж хэлэх дуртай байсан энэ хүн бол Соёлын яамны орлогч сайд, Монголын үндэсний бөхийн холбооны дэд тэргүүн асан, Соёлын гавьяат зүтгэлтэн, гүн ухааны дэд эрдэмтэн Пүрэвийн Даваасамбуу агсан юм.

Тэрбээр 1928 онд Говь-Алтай аймгийн (Хуучнаар Завхан) Жаргалан сумын Харгана тохой хэмээх газар малчин ард Д.Пүрэвийн дөрөв дэх хүү болон мэндэлжээ. Монголын соёлын бодлогыг тодорхойлж явсны хувьд “Соёлын довтолгоон”-ыг өрнүүлж, олон монгол айлыг ор хөнжлийн цагаан даавуутай, өргөө гэрийг нь бүрээстэй болгон соёлжуулахад гар, бие оролцож, зах зээлийн ороо бусгаа цагт Монголын үндэсний бөхийн холбоог байгуулалцан, Бөхийн өргөөг санаачлан бариулахдаа “Би” гэж бардахгүй, даруухан амьдарсан ч он цагийн эргэлтэд мартагдаагүй түүнийг “Дурсахуй” булан онцолж байна.

1965 онд ОХУ-ын Соёлын дээд сургуулийг соёл гэгээрлийн ажилтан, найруулагч мэргэжлээр улаан дипломтой төгсөж, дөрвөн жилийн дараа Соёлын яамны орлогч сайдаар томилогдон, 10 жил ажиллажээ. Салбарынхан нь “Музейн загалмайлсан эцэг” хэмээн хүндэтгэж, хүлээн зөвшөөрөгдөхийн эхлэл нь 1982 онд Музейн удирдах газрын дарга болсон явдал байв. Тус байгууллагад есөн жил ажиллахдаа 700 гаруй эртний сүм, хийдийг сэргээн засварлаж, музейнхныг жилд хоёр удаа орон нутагт илгээн 10 мянга гаруй үзмэр цуглуулжээ. Өөрөө ч жилийн 365 хоногийн талыг нь хөдөө ажиллаж өнгөрөөсөн бүх аймагт 5-10, 237 суманд давхардсан тоогоор 350 гаруй удаа очсон тухай түүний тэмдэглэлд бий.

Т эгж явахдаа урлаг, спортын авьяастныг тодруулна, музейн үзмэрээ цуглуулна, айл өрхийн ариун цэврийг ч шалгана. Энэ тухай Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ “Хувь заяаны ерөөлөөр ч гэх юм уу, 16 настай байхад намайг П.Даваасамбуу сайдын өрөөнд дуулуулсан юм. Аяны дугараа өргөсний дараа тэрбээр баяр хүргэснээ Доржсүрэн багшид “Гайхуулмаар дуучинтай болж мэдэх нь” гэсэн нь санаанаас ер гардаггүй юм. Учраа олоогүй явсан намайг тэгж таньсныг нь бодоход Даваасамбуу агсан соёл, урлагийн нэрт зүтгэлтнээс гадна авьяаслаг шинжээч, мэдрэмж, мэдлэгтэй хүн байсан” хэмээн дурсав.

Түүний аав Монгол Улсын анхны сайн малчин (1949 онд), үеэл ах нь Дархан аварга Ш.Батсуурь юм.

Багаасаа эрдэм номын мөр хөөсөн тэрбээр цэргийн албыг штабын бичээч, хугацааны ахлагч цолтой хаажээ. Тухайн үед боловсролтой, бичиг үсэг мэддэг хүн нүдний гэм байсан нь мэдээж. Цэргээс халагдаад очиход нутгийнх нь удирдлага аль хэдийнэ мэдчихсэн, Завхан аймгийн Хөдөлмөрчдийн депутатын хурлын гүйцэтгэх захиргаанд Боловсон хүчний зааварлагчаар томилсноор ажлын гараагаа эхэлжээ.

Төд удалгүй салбарынхнаасаа онцгойрсон түүнийг Улаанбаатар хот руу илгээн, Нам, улсын хариуцлагын курст зургаан сар сургаад, Нэгдэл, станц хариуцсан байцаагчаар томилов. Хуучнаар БНМАУ-ын Соёлын яамны боловсон хүчний хэлтсийн эрхлэгч болсныхоо дараа буюу 1958 онд Ө.Аюушжав хэмээх эмч бүсгүйтэй гал голомтоо бадраасан юм.

Монголын соёл, урлагийн салбарт оруулсан түүний хувь нэмрийг хэлж баршгүй. Тиймээс бид энэ удаа үндэсний бөхийн спортод оруулсан гавьяаг нь илүү тодотгохыг зорилоо.

БӨХЧҮҮДИЙН ӨМӨГ, ТҮШИГ НЬ БАЙВ

Багадаа шаггүй барилддаг, бөхөд хорхойтой байсан тэрбээр хөдөөгүүр явахдаа “Бөх болох ирээдүйтэй хүүхэд байна уу” гээд олноос сурагладаг, аминчлан захидаг, заримынх нь хөл, гарыг өөрөө барьж шинжих дуртай байж. Ямар сайндаа л Хөдөлмөрийн баатар Л.Цогзолмаа гуай “Дээхнэ бид хөдөө тоглолтоор олон хоног явна.

Тэгэх бүртээ хүмүүсийг соёлжуулж, цэнгүүлэхээс гадна бөх шинждэг давхар ажилтай байлаа, би (инээв). Амьхандаа Даваасамбуу агсны захиасыг биелүүлж байгаа нь тэр. Бал (Ю.Цэдэнбал) дарга хүртэл “За, тэгээд Даваасамбуугийн захиасыг биелүүлж чадах нь уу” гээд дооглож билээ” хэмээн нэгэн ярилцлагадаа дурссан байдаг.

П.Даваасамбуу агсан нэг удаа Хэнтий аймагт томилолтоор явж байгаад Б.Бат-Эрдэнэ аваргын барилдааныг үзэж, ихэд тоожээ. Тэгээд Ардын уран зохиолч Б.Бааст гуайд нэг зүйл аминчлан захисан аж. Энэ талаар ахмад зохиолч “Нэг өдөр ажил дээрээ сууж байх нь ээ, Даваасамбуу их яаруу ирэв. “Би сая Хэнтий аймаг руу ажлаар яваад ирлээ. Тэнд Бат-Эрдэнэ гэдэг нэртэй шаггүй барилддаг хүү байна. Чи түүний тухай нийтлэл бичээд өг” гэхээр нь “Бөх болоогүй, амжилт гаргаагүй хүүхдийн тухай юу гэж бичих вэ” гэчихэж билээ. Тэгээд Бат-Эрдэнийг хаана, хэрхэн барилдаж буйг нь сонирхоод л байлаа. Тэгэх нь ээ, ёстой дийлдэхгүй сүрхий амьтан байж, ирээдүйд дархан аварга болсон доо” хэмээн дурсав.

Тэрбээр Дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Г.Өсөхбаяр, А.Сүхбат, Гавьяат тамирчин А.Энхээ, Б.Болд, улсын гарьд Ц.Цэрэнпунцаг, М.Баяржавхлан, улсын заан Д.Амгаа, Е.Ишгэн, Р.Давааням тэргүүтэй 50 гаруй бөхийн шинж, авьяасыг таньж, спортод хөл тавиулсан ачтан.

МҮБХ-НЫ АНХНЫ ДЭД ТЭРГҮҮНИЙ НЭГ НЬ

П.Даваасамбуу 1970 онд Монгол бөхийн холбоо (Тухайн үед бөхийн төрлүүд нэгдсэн нэг холбоотой байв)-ны даргаар томилогдсоноосоо хойш хотын төвд бөхийн ордон барих санаатай хөөцөлдөн Ю.Цэдэнбал даргад учирлаад ч тусыг эс олжээ. Түүнээс 20 жилийн дараа Монголын үндэсний бөхийн холбоо байгуулагдахад түүний оруулсан гавьяа их. МҮБХ 1990 онд байгуулагдан, анхны тэргүүнээр Р.Нямдорж, дэд тэргүүнээр П.Даваасамбуу, Д.Данзан нарыг томилжээ.

БӨХИЙН ӨРГӨӨ БАРИХ САНААЧИЛГА ГАРГАЖ, СҮНДЭРЛҮҮЛСЭН ЭРХЭМ

Улмаар П.Даваасамбуу агсны олон жил хүсэж, зорьсон монгол гэртэй төстэй Бөхийн өргөөтэй болох санаачилга нь 1998 онд биелжээ. 1992 онд шавыг нь тавьсан ч зах зээлийн ороо бусгаа үед Монгол бөхийн өргөө барих талаар улсын төсөвт хөрөнгө суулгах, салбарынхаа дарга нараар зөвшөөрүүлэх амаргүй байсан нь мэдээж. “Тэр үед улсын төсөвт тусгуулж ордон барих байтугай жижигхэн байшин бариулахад түвэгтэй, санхүүгийн хямралтай байлаа.

Улсын төлөвлөгөөний комиссын хөрөнгө оруулалтын газрын даргаар Гончиг гэдэг манай нутгийн дүү ажиллаж байсан тул нэлээд дэмжин, зураг төсөл хийлгэх, улсын төлөвлөгөөнд тусгуулах, архитекторчийг томилох талаар их хөөцөлдөж бидэнд дэм болсон. Бөхийн өргөө барихад тухайн үеийн ерөнхий сайд Ц.Элбэгдорж улсын төсвөөс 800 сая төгрөг хүртээсэн юм. Даваасамбуу байгаагүй бол Бөхийн өргөө баригдахгүй байсан. Ийм олон ажлыг хэдийд нь амжуулчихав гэж гайхмаар хөдөлмөрч хүн байсан” хэмээн Дархан аварга Ж.Мөнхбат ярьсан нь бий.

Барилгын ажлыг урагшлуулахаас гадна бас нэг хэцүү зүйл нь ард олны хандив цуглуулах байсан гэдэг. Энэ том ажлыг нугалахын тулд тухайн үед тэтгэвэртээ гараад Хотын гүйцэтгэх захиргаанд жижүүрээр ажиллаж байсан Ардын багш Ч.Өвгөнхүү гуайг урьж “Итэмжлэх элч”-ээр томилжээ. Түүний хамгийн анхны ажил нь дорнодчуудаас хандив цуглуулах байв. Энэ талаар Өвгөнхүү гуай “Хүний хөлс гаргаж явснаас таван цаас салгаж үзсэн биш, өөрийгөө чадна гэдэгт эргэлзэж байв.

Тэгээд онгоцны тасалбар бичүүлээд, 10 шил архины мөнгө өгөхөөр нь Дорнод аймгийн харьяат, улсын заан Түвшинтэй хамт явлаа. Миний өмнө Р.Нямдорж тэргүүн Дорнод аймагт очоод 300 мянган төгрөг цуглуулсан. Намайг тоохгүй, хүмүүс хандив өргөхгүй бол яана гэж санаа зовоод байлаа. Гэхдээ түүнийгээ Даваасамбуу гуайд хэлж яаж зүрхлэх вэ.

Ямар ч байсан бид Дорнодоос буцахдаа 3.5 сая төгрөг бэлнээр өвөртлөн, дахиад хоёр саяыг холбооныхоо дансанд шилжүүлчихсэн, 500 хонь, 14 үхэр, 37 адуу, нэг тэмээ өгөх амлалт аваад бөөн баяр ирж билээ. Тэгж анхны хандиваа цуглуулж байлаа. Олны хүч оломгүй далай гэдэг үнэн юм билээ. Сэлэнгэ аймгаас л гэхэд 23 вагон мод үнэгүй хандивласан шүү дээ. Хүнлэг, сайхан сэтгэлтэй, хүний төлөө их явдаг, ер уурлаж уцаарладаггүй хүн байсан” хэмээн дурссан бол хүүхдүүд нь Бөхийн өргөө бариулсан он жилүүдийн тухай “Тухайн үед аав гэртээ байхаасаа байхгүй нь их байсан. Хандивын нэг төгрөгийг ч яс тэмдэглэж, тайландаа тусгадаг байсан гэдэг юм билээ. Хандив, дэмжлэгийн мөнгөнөөс хувьдаа авчихаж гэхэд хэн ч итгэхгүй. Тийм л олны итгэлийг хүлээсэн хүн байсан. Бөхийн өргөөний нээлт болсноос хойш хойш арав гаруй хоног манай гэрийн утас дуудлагад булуулсан, хүмүүс аавд баяр хүргэн, талархал илэрхийлээд” гэлээ.

Монголын чөлөөт бөхийн холбооны хүндэт ерөнхийлөгч П.Даваасамбуу агсан үндэсний болон чөлөөт төдийгүй сүмогийн спортод, бүр тодруулбал, монголчууд мэргэжлийн сүмод цахиур хагалж, эзэгнэх эхлэлийг тавьсан гавьяатан. 1991 онд тэрбээр МҮБХ-г төлөөлөн Японы сүмо бөхийн холбоотой харилцаа тогтоон, зургаан бөхийг гурван жилийн гэрээ байгуулан барилдуулснаар монголчууд сүмогийн спортод хөл тавьсан түүхтэй.

Энэ талаар Кёкүшюзан Д.Батбаяр “1991 онд сүмогийн анхны шалгаруулалтад 200 гаруй хүүхдээс тэнцсэнийхээ дараа Даваасамбуу ахтай уулзахдаа “Сүмо гэж ер нь ямархуу спорт вэ. Бичлэг, зургийг нь үзье” гэлээ. Хэд хоногийн дараа намайг дуудахаар нь очтол зөндөө олон зураг үзүүлэв. Тэгж л сүмотой анх “танилцаж” байлаа. Монголоос зургуулаа Японд очсоныхоо дараа шантраад “Хэцүү байна. Нутаг руугаа буцъя. Энд сүмоч болсноос Монголдоо сумын заан байсан нь дээр юм биш үү” гэсэн утга бүхий захидал хүртэл түүнд цөөнгүй бичиж билээ” хэмээн дурсамж дэлгэв.

“Засагт ханы хөх харчууд

Зангаа тавихгүй шаралхуу

Завилж суусан хоймортоо

Зайгаа тавихгүй шазруун” гэдэг. Монгол бөхийн хөгжлийн төлөө зангаа тавихгүй, зангараг заан 38 жил (Монгол бөхийн холбооны даргаар найм, орлогч даргаар 19, МҮБХ-ны дэд тэргүүнээр 11 жил) зүтгэсэн засагт ханы хөх эр бол П.Даваасамбуу агсан юм.

Түүний талаар гэр бүлийнхэн болон бөхийн хүрээнийхэн ийн дурсаж байна.

Д.ОЮУН: ХҮНДЭТ САМБАР БАЙГУУЛАН, НЭРЭМЖИТ БАРИЛДААНЫГ НЬ ЗОХИОХЫГ ХҮСДЭГ

(Охин)

-Худлаа хэлдэг, цаг барьдаггүй хүнд аав их дургүй. “Хүнийг ялгаж харилцаж болохгүй, хүн бүхэнтэй адил харилцан, хүндэлж байгаарай. Бүхий л боломжоороо бусдад туслан, битгий гомдоогоорой” гэж захидаг байсан. Би аавтайгаа нас барахаас нь хоёр хоногийн өмнө уулзсан. Тэр уулзалт хамгийн сүүлчийнх байсныг мэдсэн ч болоосой.

Ачийг нь хариулж, сувилж, тордож чадалгүй алдчих хэцүү юм билээ. Эмч мэргэжилтэй мөртлөө ганц тариа ч хийж өгч чадаагүйдээ харамсдаг. Аавыг нас барснаас хойш зургаан сарын дараа ээж өөд болсон. Бид эцэг, эхээс тавуулаа, гурав нь гадаадад амьдардаг. Аавынхаа мэндэлсний 90 жилийн ой, Монгол бөхийн өргөөг барьсны 20 жилийн ойн хүрээнд Монгол бөхийн өргөөнд хүндэтгэлийн булан нээж, нэрэмжит барилдааныг нь зохион байгуулахыг хүсэж байна.

Энэ талаар МҮБХ-ны удирдлагатай уулзах бодолтой байгаа. Орчлонгийн хамгийн сайн хүнийг би ааваараа л төсөөлдөг. Ийм мундаг хүний үргэлжлэл болж яваагаараа бахархдаг.

Г.ӨСӨХБАЯР: ӨРӨӨНИЙХӨӨ ХААЛГАНД МИНИЙ ӨНДРИЙГ ХЭМЖИЖ ҮЗДЭГ БАЙВ

(Дархан аварга)

-1983 оны хавар манайд нүдэнд дулаахан нэгэн хүн “Буур” аваргын зээ хүүтэй уулзах гэсэн юм” гэсээр ирсэн нь Даваасамбуу гуай байлаа. Өврөөсөө дэвтэр гарган, миний биеийн өндөр, жинг бичээд “Бөхөөр заавал хичээллээрэй. Өвөөгийнхөө цолонд хүрэхийн төлөө хичээгээрэй” гээд явж билээ. Тэр дэвтэр одоо ч надад бий.

1994 онд хөөцөлдөж байгаад намайг “Алдар” спорт хорооны тамирчин болгосон. Спортын гараагаа эхэлсэн байгууллагаа өдгөө удирдаж яваагаараа бахархдаг. Намайг чөлөөт бөхийн залуучуудын шигшээ багийн тамирчдын бүрэлдэхүүнд багтаан, сард 400 төгрөгөөр цалинжуулан, спортод хөл тавиулсан ачтан. Бэлтгэл тарангуут л Даваасамбуу гуайн ажил дээр очдог байлаа. Тухайн үед Үндэсний түүхийн музейн захирлаар ажиллаж байсан юм.

Намайг очиход их баярладаг, өрөөнийхөө хаалганд миний өндрийг хэмждэг байсан. Ааваас минь дутахгүй нөмөртэй, түшигтэй хүн байсан даа. Намайг хүү шигээ хайрлаж, дэмжсэн. Монголын үндэсний бөхийн холбоог байгуулж, ард түмний итгэл, сэтгэлийн гүүр болж Бөхийн өргөө бариулснаар нь бахархаж явдаг.

А.СҮХБАТ: ДАВААСАМБУУ ГУАЙН ТУХАЙ ДУРСАХ НЬ МИНИЙ ХУВЬД БАХАРХАЛ

(Дархан аварга, УИХ-ын гишүүн)

-Бөх болох мөрөөдөлдөө хөтлөгдөн Улаанбаатар хотод ирснээс авахуулаад хөлийг минь дөрөөнд, гарыг минь ганзаганд хүргэсэн ачтаныхаа тухай дурсах нь миний хувьд бахархал. Бэлтгэл хийж эхлэхэд “Хурдан шалмаг хөдөлгөөнтэй, мэдрэмжтэй, ирээдүйд сайн бөх болох хүү байна. Ээ дээ, бөхөө битгий орхиорой, бэлтгэлээ тууштай хийгээрэй” гэж урам хайрласан хүн бол яахын аргагүй Даваасамбуу агсан.

Сайдаар ажиллаж байсан болохоор хүмүүс их хүндэлнэ. “Даваасамбуу гуай явууллаа” гээд ажил хөөцөлдөхөд урамтай байсан шүү. “Сайн бөх ирээдүйтэй. Дэмжээрэй” гэж намайг захиж байгаад “Ой мод” компанийн тамирчин болгож, тухайн үеийн Улаанбаатар хотын захиргааны даргад өргөдөл цохуулан, IV хороололд хоёр өрөө байртай болгосон ачтан.

Бөхийн өргөөг барих санаачилга гаргаснаас авахуулаад сүндэрлэх хүртэл нь нойр, хоолгүй зүтгэсэн хүн дээ. Зөвхөн намайг гэлтгүй олон хүчтэнийг өмсөх хувцас, амьдрах орон сууцтай болгосон буянтай хүн. Даваасамбуу гуайн тухай ингээд ярьсан чинь сайхан санагдаж байна, миний хувьд нэр төрийн хэрэг.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (9)

Илгээх

Энэ тухай