“Оюутолгой”-г оролдвол орлогын үүдээ хаана

Оюутолгойн орд монголчуудад бурхнаас өгсөн хишиг гээд хэлчихэд тийм ч дэврүүн дүгнэлт болохгүй байх. Ийм арвин нөөц баялагтай орд дэлхийд ховорхон илэрсэн учраас тэр. Эдийн засаг нь хөгжлийн гараан дээрээ явж буй, дансандаа таван төгрөг хуримтлуулж чадаагүй, буурай Монгол Улс газрын хэвлийн 1000 метрийн гүн дэх алт, зэсийг олборлоод баялаг болгож өнөөдөр ч, магадгүй маргааш ч чадахгүй.

Тиймээс гадаадын хөрөнгө, туршлага, технологи бүхий компанитай хамтрахаас өөр арга байгаагүй. Тэр хамтрагч нь баялгийг нь цөлмөөд явчихна, илүү ашиг олчихно гэж монголчуудын хардаад, амар заяаг нь үзүүлэхгүй байгаа “Рио тинто” юм.

Хоёр тал 2009 онд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаар энэ аварга төслийг эхлүүлсэн. Хөрөнгө оруулалтын гэрээний гол зарчим нь “Рио тинто” групп төсөл хэрэгжүүлэх бүх санхүүжилтийг гаргах, Монгол Улс ордыг ашиглах компанийн хувьцааны 34 хувийг эзэмших байв. Мөн эзэмших 34 хувьдаа ногдох хөрөнгөө гаргаж чадахгүй учраас “Рио тинто”-гоос зээлнэ, үүний төлбөрөө төслөөс хүртэх ногдол ашгаараа төлөх байлаа.

Энэ бүхний хариуд Монгол Улс хамтрагчдаа тогтвортой байдал амласан. Төслийн бүтээн байгуулалтад бага хөрөнгө оруулбал “Рио”-гоос зээлэх мөнгөний хэмжээ буурах нь тодорхой. Мөн зээлсэн мөнгөний хүү бага байвал манай зардал багасна. Эцсийн дүндээ ногдол ашгаас төлөх төлбөр багасна гэсэн үг. Ийм л логикоос үүдсэн хөрөнгө оруулалт, зээлийн хүүг тойрсон маргаан “Оюутолгой” төслийг нийгмийн халуун сэдэв болгосоор иржээ.

Гэрээ байгуулж, төслийн бүтээн байгуулалт эхэлснээс хойш анхны хөрөнгө оруулалтаа хоёр тэрбум ам.доллароор өсгөж, долоон тэрбумд хүргэсэн гэсэн маргаан дэгдсэн. Монголын төрд Арбитрын шүүхэд хандах уу, эсвэл “Оюутолгой” төслийн хоёр дахь шатны хөрөнгө оруулалт буюу гүний уурхайн бүтээн байгуулалтыг хийж, хамтрагчтайгаа харилцан ойлголцоод, хөтлөлцөөд цааш алхах уу гэдэг сонголт тулгарсан.

Эцсийн бүлэгт хоёр тал үл ойлголцлоо нэгтгээд, нэмж 4.2 тэрбум ам.долларын санхүүжилт хийх гэрээг 2015 онд Дубайд байгуулав. Гүний уурхайн бүтээн байгуулалтад зориулж, нэмэлт санхүүжилт татах болсноор Монгол Улс зээлээ төлөөд, ногдол ашгаа гар дээрээ авах хугацаа 2037 он хүртэл хойшилсон юм.

Ингээд “Дубайн гэрээ”-г буруутгасан шүүмжлэл өрнөлөө. Нэмэлт санхүүжилт татсанаар монголчуудын ногдол ашиг авах хугацааг хойшлуулсан гэсэн буруутгал шүүмжлэлийн гол үндэслэл болсон. Төслийн анхны хөрөнгө оруулалтыг маш өөдрөгөөр төсөөлж, ТЭЗҮ боловсруулсан байдаг. Гэтэл бодит байдалд хөрөнгө оруулалт хоёр тэрбум ам.доллароор давчихсан хэрэг. Харин Дубайд байгуулсан гэрээнд хамгийн муу төсөөллийг тусгасан гэнэ лээ.

Өөрөөр хэлбэл, зэсийн үнийг хамгийн хямдаар төсөөлөөд 2037 онд ногдол ашиг авч эхэлнэ гэсэн тооцоог хоёр тал хийчихсэн. Тэгэхээр хэзээ ногдол ашиг авч эхлэх нь зэс, алтны үнээс хамаарах юм. Дэлхийн зах зээлд зэс, алтны үнэ өндөр байвал монголчууд 2030 онд гэхэд ногдол ашиг аваад эхэлж ч магадгүй. Гэхдээ санхүүжилт татаж, гүний уурхайн бүтээн байгуулалтыг хийн, үүцээ олборлохгүй бол “Оюутолгой”-г 70 жил ашиглах ямар ч боломжгүйг монголчууд нэг мөр ойлгож, хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

Ногдол ашиг авахгүй бол төслийн үр шимийг монголчууд хүртэж чадахгүй гэсэн ойлголт иргэдэд төржээ. Магадгүй “популист” арга барилаар төслийг харлуулж, нэр төрөө дөвийлгөх сонирхолтой улстөрчдийн тарьсан гай энэ биз. Монгол Улс төслийн нийт өгөөжийн 53 хувь буюу 29 тэрбум ам.доллар халаасална гэсэн тооцоо бий. Үүний 20 гаруй тэрбум ам.долларыг татвар болон бусад хураамжаар манай тал авах учиртай. “Рио тинто” группийн гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак саяхан Монголд ирэхдээ “Оюутолгой” компани 2010 оноос хойш 1.5 тэрбум ам.долларын татвар, хураамж Засгийн газарт төлснийг дуулгасан.

Энэ нь жилд дунджаар 500 орчим тэрбум төгрөг гэсэн үг. Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалт 2018 онд 400 гаруй тэрбум төгрөг байхаар баталсан. Тэгэхээр “Оюутолгой” компани олон сургууль, цэцэрлэг, эмнэлэг шинээр барих мөнгийг өгч байна гэсэн үг. Монголчууд төслийн өгөөжийг аль эрт хүртээд эхэлсэн байгаа биз. Мөн 2017 оны дүнгээр 1.7 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн худалдан авах гэрээг дотоодын компаниудтай хийжээ.

Энэ бол уг төслийн эдийн засагт оруулж буй том үр нөлөө. Түүгээр барахгүй 14 мянган хүнийг ажлын байраар хангаж, өндөр цалин өгч байна. Иргэдээ ажлын байраар хангаж чадахгүй, Солонгос руу алдаж буй манай улсад өндөр цалинтай 14 мянган ажилчин гэдэг чанга атгахаар амжилт биш гэж үү. Энэ бүгдийг нэгтгэн дүгнэхэд “Оюутолгой” компани Монголын эдийн засгийн түүчээ болсон гэхэд хэн ч маргахгүй.

Улстөрчид төслийг харлуулах зорилгоо хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан хүмүүсийн нэр хүндийг унагах замаар хийдэг болжээ. Гэрээ байгуулах ажлын хэсгийг ахалсан С.Баярцогт, тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр хоёрыг “Рио тинто”-д үйлчилж, авлига авсан гэж хардсаар байгаа. Ерөнхий сайд саяхан өгсөн ярилцлагадаа “ХХ зуунд “Эрдэнэт”, XXI зуунд Оюутолгой хоёр л хөдөлсөн юм биш үү. ...Оюутолгойн төсөлд манай талаас сухай улаан мөнгө ч зараагүй.

Гэтэл энэ уурхай манай улсын хамгийн том татвар төлөгч болоод таван жилийн нүүр үзэж байна. “Эрдэнэт үйлдвэр”-ээс ч том татвар төлөгч болсон. Энийг ашиг гэхгүй юм бол өөр юуг ашиг гэх вэ” гэжээ. Тэгвэл С.Баярцогтыг шалгаж эхэлсэн нь нийтэд ил боллоо. Тэрбээр “Намайг шалгаж, нэрийг минь цэвэрлэх боломж гарсанд баяртай байгаа” гэсэн шазруун мэдэгдэл хийв. Хэрэв С.Баярцогт авлига авсан нь нотлогдвол “Оюутолгой” төсөл зогсох боломж бүрдэнэ гэж нийгмийн зарим хэсэг улай дээр овоорсон хэрээ шиг шаагилдав. Эдийн засгийн хүндрэлийн үед Монгол Улсыг тэтгэсэн, цаашдаа өгөөжөө өгөх нь маргаангүй төслийг зогсоох нь хэнд ашигтай вэ.

С.Баярцогтыг улс төрийн тавцангаас зайлуулах аргаа “Оюутолгой” төсөлтэй холбож хийх гэж байгаа бол нэг хүн хохирохгүй, нийт монголчууд олдсон боломжоо алдах нь дамжиггүй. С.Баярцогтын нэр хүндийг унагах нь оготны хамраас цус гарахтай адил юм бол “Оюутолгой”-той холбох нь өрөөсгөл. “Оюутолгой”-г зогсоох боломж гарлаа гэж шаагилдангуут толгой компанийнх нь хувьцааны ханш хямдарч байна. Түүгээр оролдвол хөрөнгө оруулагчид бидний тоохгүйг энэ явдал бэлхнээ харууллаа. Хөрөнгө оруулагчид хувьцаагаа хямдруулаад зарж буй нь монголчуудад итгэл алдарсны илэрхийлэл яах аргагүй мөн.

С.Баярцогт “Би харин ч гэрээний нөхцөлийг сайжруулж, Монголд ногдох ашгийг нэг тэрбум ам.доллароор нэмсэн” гэж ярьсан удаатай. Уг нь “Рио”-гоос зээлсэн мөнгөний хүү 9.9 хувь дээр нэмэх нь АНУ-ын инфляц байв. Тэрбээр үүнийг Лондоны банк хоорондох зээлийн хүү буюу LIBOR дээр нэмэх нь 6.5 хувь байхаар өөрчлүүлж, 2011 оны нэгдүгээр сарын 31-нээс энэ тохиролцоог мөрдүүлсэн байдаг. Ингэснээр Монголын өгөөж нэг тэрбум ам.доллароор нэмэгджээ. Түүнчлэн зээлийн хүүг долоон жил тутам дахин судалж хэлэлцэхээр тогтсон юм.

Хувь нийлүүлэгчдийн гэрээг өөрчилснөөс хойш долоон жил өнгөрчээ. Гэрээний энэ заалтыг баримтлан одоогийн Засгийн газар “Рио тинто”-той зээлийн хүүг бууруулах хэлэлцээр хийж байна. Өдгөө 8.4 орчим хувьд байгаа хүү буурвал төслөөс Монголд ногдох өгөөж нэмэгдэх нь гарцаагүй. Хэлэлцээр амжилттай болно гэсэн хүлээлт бий. Учир нь Жан Себастьян Жак ч Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй уулзахдаа “Зээлийн хүүг бууруулах хэлэлцээр хийх хүсэлтийг хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, хоёр талын төслөөс хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхэд хамтарч ажиллахаас татгалзахгүй” гэж мэдэгдсэн.

“Рио”-гийн босс ашигт малтмалын хайгуул хийх, группдээ мэдээллийн технологийн үйлчилгээ үзүүлэх салбараа Улаанбаатарт нээснийхээ дараа “Рио тинто” Монгол Улсыг бизнесийн түншээ гэж үзэж байна” гэсэн хөрөнгө оруулагчдад эерэг “мессеж” өгөх үг хэлээд буцсан. Түүний үгийн цуурай тасарч амжаагүй байхад “Оюутолгой”-г зогсоох тухай яриа дэгдэж байгаа нь ямар учиртай юм бол. Эл төслийг зөвхөн улс төрийн өнцгөөс харсаар байх уу. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд “Оюутолгойг бүхэлд зогсооно гэж мунхарч болохгүй” гэж ярьжээ. Түүнийг үгийг Засгийн газрын бодлого гэж ойлголоо.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (11)

Илгээх

Энэ тухай