ФОТО: Бөхийн холбооны “Их Эе” хуралдаан болж байна

Дөрвөн жилд нэг удаа хуралддаг Үндэсний бөхийн Холбооны 8-р “ИХ ЭЕ” хурал өнөөдөр өглөө эхэллээ. Шүүхийн шийдвэрийн бичгийг хүлээж авалгүй хаалга, үүдээ эвдүүлэн дуулиан, шуугиан тарьсан Монголын үндэсний бөхийн холбоо ямартаа ч хурлаа ийн хийж чадлаа. Харин тус хуралд МҮБХ-ны тэргүүнээр сонгогдсон хэмээн бүтэн жилийн турш хэл амны бай болж буй "Гацуурт"-ын Л.Чинбат, мөн өнөөгийн бөхийн холбооны удирдлагуудын эсрэг хэдэн жил тэмцэж, сөргөлдөж буй УИХ-ын гишүүн, дархан аварга А.Сүхбат, улсын заан Ж.Ганболд нар ирээгүй байлаа. Түүнчлэн  тус холбоог 20 шахам жил тэргүүлж буй Р.Нямдорж гуай ч хурал эхлэх үед байгаагүй бөгөөд үдээс хойш хүрэлцэн ирсэн юм.

Монголын Үндэсний Бөхийн Холбооны 8-р "ИХ ЭЕ"-д 200 төлөөлөгч оролцохоор сонгогдсон байсан ч 150 гаруй төлөөлөгч хүрэлцэн ирсэн юм. Тус хуралд 10 аварга, 14 арслан, 10 гарьд, 27 заан бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох байсан ч дархан аварга 2, арслан 8, гарьд 7, заан 12, харцага 5, начин 24 ирсэн байв.

МҮБХ-ны дэд тэргүүн Д.Данзан “Дархан аварга Ж.Мөнхбатын бие нь муу байгаа учраас ирээгүй. Харин дархан аварга Х.Баянмөнхийн хувьд ирэхгүй гэж мэдэгдсэн. Баянаа аварга өөрөө “Мэргэжлийн үндэсний бөхийн холбоо”-г үүсгэн байгуулж ажиллаж байгаа учраас бас манай холбооны хуралд оролцохгүй байгаа юм болов уу, гэж би бодож байна. Д.Сумъяабазар аваргад хэлсэн, төрийн ажил ихтэй ирж амжихгүй нээ гэж хэлсэн. Харин О.Балжинням аварга жүдо бөхийн тэмцээн, уралдааны маш их ажилтай байгаа, үнэхээр амжихгүй нээ гэж утсаар ярьсан.” хэмээн мэдэгдсэн юм. Тус хурлын 150 төлөөлөгчдийн 35 нь бөх судлаач, эрдэм шинжилгээний ажилчид байгаа бол үлдсэн нь дандаа бөхчүүд байгаа юм байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

Илгээх

Энэ тухай