ТАНИЛЦ: Америкийн "SUSI" тэтгэлэгт хөтөлбөр гэж юу вэ

Багш судлаачдын Study of Women’s Leadership (Бакалаврын эмэгтэй оюутнуудын SUSI) нь бакалаврын эмэгтэй оюутнуудад зориулсан 5-6 долоо хоногийн бүрэн тэтгэлэгт, солилцооны хөтөлбөр юм. АНУ-ын их дээд сургуулиуд дээр зохион байгуулагддаг тус хөтөлбөрийн зорилго нь залуу эмэгтэйчүүдийг шинээр тулгамдаж буй асуудлуудад татан оролцуулах, манлайлах ур чадварыг нь төлөвшүүлэх, олон нийтийн ажиллагаан дахь оролцоог дэмжих юм. Хөтөлбөр их дээд сургуулийн зуны амралт буюу 6-8-р сард ихэвчлэн зохион байгуулагддаг. Жилд нэг удаа зарлагдаж, 3-4 оюутныг хамруулдаг.

ТЭТГЭЛЭГИЙН ХЭМЖЭЭ

Тэтгэлэгт дараах зүйлсийг хамруулан ойлгоно:

  1. Тээврийн бүх зардал:Олон улсын болон дотоодын аялал (нэр дэвшигч нь Улаанбаатар хотоос өөр газар оршин суудаг тохиолдолд дотоодод хийгдэх визтэй холбоотой аяллын зардал зэрэг орно);
  2. Амьдрах буюу хоол унд, орон байрны зардал:Оролцогчид их сургуулийн дотуур байранд байрлаж, хоолны болон нэмэлт зардлын тэтгэмж авна;
  3. Эрүүл мэндийн даатгал:Оролцогчид өөрсдийн хөтөлбөрийн хугацаанд гэнэтийн ослын болон эрүүл мэндийн даатгалаар хангагдана;
  4. Визний зардал:АНУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт оролцогчдыг визний төлбөрөөс чөлөөлнө;
  5. Аяллын тэтгэмж:Оролцогчид ачаа болон аялалтай холбогдолтой бага хэмжээний бусад тэтгэмжийг олгоно.

ХӨТӨЛБӨРИЙН БҮРЭЛДЭХҮҮН

Бакалаврын эмэгтэй оюутнуудын SUSI хөтөлбөр нь эмэгтэйчүүдийн болон манлайлын чиглэлээр хүсэл сонирхолтой бүх мэргэжлийн оюутнуудад зориулагдсан.

Хөтөлбөр үндсэн хоёр хэсэгтэй:

Академик сургалт: Оролцогчид нь дөрвөн долоо хоног орчмыг АНУ-ын их дээд сургууль дээр лекц, семинар хэлэлцүүлэг болон сайт айлчлалд оролцож өнгөрүүлнэ. Оролцогч оюутнууд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн манлайлагч оюутнууд болон Америк оюутнуудтай хамтдаа суралцана.

Судалгааны аялал: Оролцогчид үлдсэн хоёр долоо хоногийг сургалтын хөтөлбөрийг баяжуулах, АНУ-ын өөр нэг хотод айлчлал хийж зарцуулдаг. Хөтөлбөр ихэвчлэн Вашингтон хот дахь уулзалт болон судалгааны талаарх дүгнэлтээр өндөрлөдөг.

ТАВИГДАХ ҮНДСЭН ШААРДЛАГУУД

Хөтөлбөрт хамрагдагсдад тавигдах үндсэн шалгууруудад:

  • Монгол Улсын иргэн бөгөөд Монгол Улсад оршин сууж байх;
  • Их дээд сургуулийн бакалаврын 1, 2, 3-р курсийн эмэгтэй оюутан байх;
  • Эмэгтэйчүүдийн болон манлайллын чиглэлээр дур сонирхолтой байх;
  • Англи хэлний чадвар сайтай байх (Академик Англи хэлний чадвартай байж, хичээлийн хэлэлцүүлэгт чөлөөтэй оролцох боломжтой байх);
  • АНУ-д өмнө нь ямар нэг байдлаар зорчиж байгаагүй буюу цөөн удаа зорчсон оролцогчид давуу талтай. АНУ-ын ногоон карт эзэмшигч монголчууд өргөдөл гаргах эрхгүй болохыг анхаарна уу.

ӨРГӨДӨЛ ГАРГАХДАА: 

Бакалаврын эмэгтэй оюутны SUSI хөтөлбөрт өргөдөл гаргахдаа дараах алхамуудыг дагана уу:

SUSI өргөдлийн маягт бөглөх: Өргөдлийн маягтыг хөтөлбөрийн зарлалд хавсаргах ба зарлал ЭСЯ-ын вэбсайт дээр тавигдана.

Ерөнхий боловсролын сургууль эсвэл их дээд сургуулийнх багш нараас хоёр тодорхойлох захидал бүрдүүлэх:

  1. Тодорхойлох захидлууд Англи хэл дээр байх ёстойг анхаарна уу. Хэрвээ тодорхойлох захидлыг Монгол хэл дээр үйлдсэн бол орчуулгыг нь хавсаргана уу
  2. Тодорхойлох захидлууд нь тодорхойлолт гаргагчийн бүрэн нэр, албан тушаал, ажлын газрын нэр хаяг, и-мэйл болон утас зэрэг холбогдох мэдээллийг тусгасан байх ёстойг мөн анхаарна уу.

Өргөдлийг SUSI@usembassy.mn хаягт зарласан хугацааны дотор илгээх шаардлагатай.

Өргөдлийг бөглөхдөө анхаарах зүйлс:

  • Зарлалыг анхааралтайгаар, бүрэн гүйцэт уншиж танилцах;
  • Өргөдлийг Англи хэл дээр, электрон хэлбэрээр бүрэн зөв бөглөсөн байх;
  • Өргөдлийн маягт дээрх бүх л асуултад хариулсан байх. Бүрэн гүйцэд бөглөөгүй өргөдлүүдийг техникийн хувьд шалгуур хангаагүй гэж үзнэ. Бүх асуултад хариулна уу. Хэрвээ өөрт холбогдолгүй асуултад гарвал N/A гэж бичнэ үү;
  • Өргөдлийг компьютер дээр бөглөсөн байх. Гараар бичсэн өргөдлийг тэнцээгүйд тооцоно;
  • Эссэ нь таны өөрийн санааг тусгасан таны ажил байх ёстой. Өргөдлийг хаана нэгтээ хэрэглэгдсэн бусдын ажил/санааг зохих ёсоор тэмдэглэх;
  • Өргөдлийн эссэний хэсгүүдийн үг болон тэмдэгтийн тоог анхаарна уу. Тус хязгаарын дотор хариултаа багтаан бичиж өгнө үү.

СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЯВЦ:

АНУ-ын Засгийн газрын бүхий л тэтгэлэгт хөтөлбөр нь сонгон шалгаруулалт дээр суурилсан байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй болон эмзэг бүлгийн нэр дэвшигчдийн онцгой нөхцөлийг тооцон үзэх ч эцсийн шийдвэрийг өргөдлийн чанар болон ярилцлагын үеэр үзүүлж буй нэр дэвшигчийн ерөнхий чадамж дээр тулгуурлан хийнэ. Бид нэр дэвшигчийн соёлын элч байх, нийгэмдээ буцаад сайн сайхныг авчрах хүсэл эрмэлзэл, чадамжийг давхар тооцно.

SUSI хөтөлбөрийн сонгон шалгаруулалтын үндсэн шатуудад:

Техникийн шалгалт: Өргөдлийг бүрэн гүйцэт бөглөсөн эсэхийг шалгах анхан шатны шалгуур. Энэ шатанд бид дараах хоёр зүйлийг шалгадаг:

  1. Өргөдөл болон хавсралт материалууд бүрэн байгаа эсэх
  2. Өргөдөл гаргагч нь тавигдсан үндсэн шалгуурыг хангасан эсэх

Өргөдөл хяналт: Техникийн шалгуурыг давсан өргөдлүүдийг өргөдөл хяналтын хороонд илгээнэ. Энэ шатанд нэг өргөдөлтэй дор хаяж гурван хүн уншиж танилцана.

Анхан шатны шалгаруулалт: Өргөдөл шалгах хорооны зөвлөмжийн дагуу ярилцлаганд дуудах өргөдөл гаргагчдыг тодруулна. Анхан шатны шалгаруулалтад тэнцсэн хүмүүсийг ярилцлаганд биеэр ирж оролцохыг урина.

Ярилцлага: Ярилцлагын ЭСЯ-ны, АНУ-д Засгийн газрын тэтгэлгээр суралцаж ирсэн төгсөгчид нарын төлөөллүүд удирдан явуулах ба дэлхийн хэмжээнд өрсөлдүүлэх нэр дэвшигчдийг сонгон шалгаруулна.

Нэр дэвшүүлэлт: Ярилцлагын шатнаас сонгогдсон нэр дэвшигчдийн өргөдлийг ЭСЯ-аас АНУ-ын Вашингтон хотноо байрлах SUSI хөтөлбөрийн оффист илгээнэ.

Эцсийн шалгаруулалт: Дэлхийн хэмжээний шалгаруулалтаас шалгарсан оролцогчид хөтөлбөрт хамрагдах эрхтэй болно.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай