Органик хүнсийг улсын бүртгэлд бүртгэнэ

Органик хүнсийг улсын бүртгэлд бүртгэнэ

“Органик хүнсийг улсын бүртгэлд бүртгэх, нийтийн хэрэгцээнд гаргах журам”-ын төслийн хэлэлцүүлэг  боллоо. ХХААХҮЯ, Нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн газар, Дэлхийн банкны экспортыг дэмжих төсөл хамтран зохион байгуулж буй цуврал хэлэлцүүлэгт хүнсний үйлдвэрлэл эрхлэгч, ТББ, эрдэмтэн судлаачид оролцож байна. Хэлэлцүүлгийн үеэр зохион байгуулагчдын зүгээс дээр дурдсан журмын төслийн заалт тус бүрээр оролцогчдын саналыг авч, төсөлд тусгаж байлаа.

Хүнсний тухай, Органик хүнсний тухай хуулиудын хэрэгжилтийг хангахад Органик хүнсийг улсын бүртгэлд бүртгэх, нийтийн хэрэгцээнд гаргах журам чухал ач холбогдолтой юм. Уг журам батлагдсанаар органик хүнсийг улсын бүртгэлд бүртгэх үйл ажиллагаа нь бодит байдалд нийцсэн, үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаанд хүндрэл учруулахгүй, хүнд суртлаас ангид байна. Мөн ”органик”, “байгалийн гаралтай”, “байгалийн гаралтай цэвэр” гэсэн монгол, гадаад хэл дээрх лого бүхий дотоодын болон импортын хүнсний бүтээгдэхүүнийг бүртгэлд хамруулж, хуурамч хаяг шошготой, органик хүнсэнд байх шаардлага хангаагүй бүтээгдэхүүнийг зах зээлээс эргүүлэн татах нөхцөл бүрдэнэ.

Түүнчлэн хэрэглэгчид зах зээлээс органик бүтээгдэхүүнийг сонгохдоо шошгод байрлах бүртгэлийн дугаар, QR кодоор дамжуулж, хаана, хэзээ, ямар аж ахуйн нэгжийн үйлдвэрлэсэн, ямар шаардлага хангасан бүтээгдэхүүн гэдгийг таньж, сонголтоо хийхэд илүү хялбар болно.

Одоогоор органик хүнс үйлдвэрлэхэд шаардлагатай үйлдвэрлэлийн бүхий л журам батлагдсан байна. Тиймээс 2018 онд Органик хүнсийг бүртгэх, нийтийн хэрэгцээнд гаргах журам батлагдсанаар хууль, журмын хүрээнд органик хүнс үйлдвэрлэх эрх зүйн орчин бүрэн бүрдэж байна гэж ХХААХҮЯ-ны Органик хүнсний асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Тунгалаг хэллээ. Үүнээс гадна энэ онд Хүнс, хөдөө, аж ахуйн яамнаас органик хүнсний баталгаажуулалт, бүртгэлийн сан үүсгэж, organicmongol.org цахим хуудсыг нээн, Органик хүнс үйлдвэрлэгчдийн үндэсний III чуулган, сургалт зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа хэлэлцүүлгийн үеэр мэдээлсэн юм.

Хэлэлцүүлгийн хоёр дахь хэсэгт Дэлхийн банкны экспортыг дэмжих төслөөс “Органик үйлдвэрлэлд шилжих хүсэлтэй, экспортын зах зээлд гарахаар бэлтгэж буй компаниуд Экспортыг дэмжих төсөлд хамрагдах боломж” сэдвээр холбогдох албаны хүн танилцуулга хийнэ. Уг төсөл нь уул уурхайн бус салбарыг дэмждэг бөгөөд органик хүнс үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжид 100 мянган ам.доллар хүртэл буцалтгүй тусламж үзүүлдэг. Хэлэлцүүлэг үргэлжилж байна.

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай