Гоо сайхны мэс заслын хохирогчид

Гоо сайхны мэс засал хэрэгцээтэй үед үнэхээр чухал зүйлийн нэг. Уран гарт эмч нар осол гэмтлээс болж нүүр царай нь харахын эцэсгүй болсон эсвэл төрөлхийн эрүү эүүрний гажигтай олон хүмүүст шинэ амьдрал бэлэглэдэг.

Түүнээс гадна энгийн хүмүүсийн нүүрний ялимгүй доголдлыг ч засаж орхидог. Харамсалтай нь өндөр түвшний мэргэжилтэн ховор аж. Нөгөө талаас зарим хүмүүс гоо сайхны мэс засалд яг л хар тамхичин шиг донтчихдог бололтой.

Бид та бүхэнд  гоо сайхны мэс заслын хохирогч болсон  зарим олны танил хүмүүсийг сонирхуулж байна.

Михаэла Романини

Энэ эмэгтэй ёстой л одоогийнхоо дүр төрхөөр олонд танигдсан билээ. Эхээс төрөөд гучин нас хүртлээ түүний амьдрал бусад охид бүсгүйчүүдийн адил жирийн өнгөрч. Загвар өмсөгч болсон тэрбээр амжилтандаа нэг л сэтгэл хангалуун биш байв. Илүү тачаангуй харагдахын тулд уруулаа томсгохоор шийдэж силикон шахуулсан аж.

Мэс ажилбарын дараа Михаэла өөрийгөө толинд хараад “ердөө л энэ үү” гэж голсон гэдэг. Ингээд л гоо сайхны төрөл бүрийн мэс засал ар араасаа цуварчээ. Ботокс шахуулах нь их л амархан санагдах авч энэхүү бэлдмэл нь хүний нүүрний мэдрэлийн эсийг үхүүлэх аюултай аж.

Ботоксоос болж Михаэлагийн нүүрний хөдөлгөөний уян чанар алдагджээ. Дээрээс нь нарны хэт ягаан туяанаас арьсаа хамгаалах хэрэгтэй гэсэн эмч нарын зөвлөгөөг үл ойшоон наран шаралгын газар, солярид байн байн очсоных түүний арьс үхмэл өнгөтэй болсон байна.

Мэдээж хэрэг ийм эмэгтэй хөхөө томруулах мэс заслаас юу гэж хойш суухав. Эцсийн эцэст загвар өмсөгч бүсгүй маань олны танил болсон ч  Италийн хамгийн аймшигтай царайтай загвар өмсөгч гэсэн гуншинтай л болжээ.

Аманда Лепор

Магадгүй та энэ эмэгтэйн зургийг цахим ертөнцөөс олж харсан байх. Харин үүх түүх нь тэр болгонд хүрээгүй болов уу. Юуны түрүүнд Аманда Лепор эрэгтэй хүн байсан бөгөөд ээж аав нь Арман гэж нэр хайрласан байдаг.

11 наснаасаа эхлээд л охин болохоор шийдэн үүнийгээ амьдралынхаа зорилго болгосон аж. 1984 онд тэрбээр хүйсээ солиулахаар анх удаа мэс заслын орон дээр хэвтсэн байна. Гэвч тэрбээр ингээд зогссонгүй.

Амандаа  гаднах төрхөнд хамаг анхаарлаа хандуулах болов. Тэрбээр хөхний, хамрын, өгзөгний, дух болон шанааны гээд түмэн хагалгаанд орохоос гадна хэдэн хавиргаа авахуулсан байна. Энэ бүгдийн эцэст “өөрийнхөө нөхөрсөг шог зураг” гэсэн л хочтой болоод үлдэх шив дээ.

Микки Рурк

Эрчүүд эсрэг хүйстнүүдээ бодвол гоо сайхны мэс засалчдад тэр болгон хандаад байдаггүй. Гэсэн хэдий ч энэхүү төрлийн хохирогч цөөнгүй аж. Хамгийн алдартай нь Холливуудын од Микки Рурк. “Залуудаа мэргэжлийн боксчин байсан юм даа, яахав” гэж түүнийг зөвтгөх нэг зүйл байх ч эмэгтэйчүүдийн сэтгэл зүрхийг догдлуулж байсан түүний гаднах төрх одоо “Яанаа” хэмээн уулга алдуулах  болжээ.

Донателла Версач

Дэлхийн загварын ертөнцийн акулуудын нэг Жани Версачийн хамтран зүтгэгч, төрсөн дүү Донателла Версачи юугаар дутагдав гэж бодохоор. Гэтэл залуу нас дутагдсан бололтой. Хамгийн өндөр үнэтэй найдвартай мэс засалчын үйлчилгээг авах мөнгө  түүнд  байхгүй биш дээ. Харамсалтай нь сахил хүртсэн биш долоо дордов гэгч л болжээ.

Тэрбээр хамар болон уруулаа хэд хэдэн удаа янзлуулахаас гадна хөхөө томсгох мэс засал ч бас хийлгэжээ. Ботоксыг ч бас дурьдах нь зөв байх. Ингээд тэрбээр өнөөдрийн бидний энэхүү жагсаалтанд орох нь тэр.

Жоселин Виндельштейн

“Муур эмэгтэй” гэсэн хоршоо үг энэ эмэгтэйгээс гаралтай. Жоселин Виндельштейны мэс заслаас өмнөх зургийг олох хэцүү болсон аж. Тэрбээр зурагнуудаа бүгдийг устгасан гэдэг. Нүүрний зөв хэлбэртэй, тэнгэрийн өнгөтэй нүд, цайвар шаргал үстэй Жоселинд залуучууд их л нүд унагадаг байж.

Баян эртэй сууж, дээдсийн хүрээлэнд багтах түүний хүсэл биелж үе дамжсан саятан Алек Виндельштейнтай гэрлэжээ. Хэдий хоёр хүүхдийн эцэг эх болсон ч нөхөр нь эхнэрийнхээ араар тавих болж. Энэ алдаагаа саятан эхнэртээ их мөнгө өгч цайруулдаг байв.

Тэрхүү мөнгийг нь Жоселин улам залуу хөөрхөн болж, эр нөхрөө эргүүлэн татах гэж гоо сайхны мэс засалд зориулсаар “муур эмэгтэй” болжээ. Швейцарт төрсөн тэрбээр өдгөө 76 настай аж.

Рене Зельвегер

Жүжигчин Рене Зельвегерийг гоо сайхны мэс заслын хохирогч гэж бүрэн тодорхойлж болохгүй байх л даа. Гэхдээ түүний хэдэн мянган шүтэн бишрэгчид хайрт жүжигчнээ бараг танихгүй л болчоод байгаа гэнэ. Түүний хамгийн чимэг болсон нүднийхээ хэлбэрийг өөрчлөх мэс засалд орсноос ийнхүү шүтэн бишрэгчиддээ танигдахаа байжээ. Гэвч уншигч авхай таны бодол өөр байж болох.

Ах дүү Богдановууд

Францын алдартай физикч ах дүү Богдановууд залуу бас царайлаг байсныг олон хүн мэдэх аж. Тэд ерээд оны эхээр физикийн ухааныг сурталчилсан телевизийн шоу санаачлан хөтлөх болсноос эхлээд өөрсдөд нь гаднах төрх нь таалагдахаа байжээ.

Ингээд л урууландаа гель шахуулах, эрүү шанаандаа силикон хийлгэх, ботокс тариулах, нүүрний арьсний бүтэн татлага гээд үй түмэн гоо сайхны хагалгаа хийлгэжээ. Тэд гоо сайхны мэс засалд донтсоноо нуудаг ч үгүй, түүнээсээ ичиж зовдог ч үгүй аж. Тэгээд л ийм нүүр царайтай болж дээ.

Кристина Рэй

Кристина Рейн хувьд мэс засалчдыг буруутгах нь өрөөсгөл болов уу гэж бодогдоно. Энэ удаа үйлчлүүлэгч хүсэж байсан зүйлээ л авсан аж. Нэг гэм нь жоохон хэтрүүлчихсэн болохоос биш. “Дом-2” реалити шоуны оролцогч тэрбээр багадаа “Рожер бүжинг хэн чадсан бэ” хүүхэлдэйн киноны Жессика Реббит шиг болохыг хүсдэг байж.

Тэрбээр анх 17 настайдаа гоо сайхны салоноор урууландаа гель шахуулсан байна. Тэрнээс хойш Кристина байнгын үйлчлүүлэгч болсон аж. Кристина Рей дэлхийн хамгийн том уруултай эмэгтэйгээр Гиннесын номонд бичигджээ. Эл том уруул ярьж, идэж уух, үнсэлцэхэд нь огт саад болдоггүй гэнэ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай