ФОТО: Монгол, Туркийн жижиг дунд бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ

Монгол, Туркийн Засгийн газар хоорондын хамтарсан хорооны наймдугаар хуралдаан Төрийн ордонд боллоо. Энэ хуралдаан таван жилийн дараа болж буйгаараа онцлогтой бөгөөд эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг хэрхэн өргөжүүлэх талаар хөндөж хэлэлцсэн байна. 

Хамтарсан хуралдааныг Монголын талаас Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Туркийн талаас Шадар сайд Хакан Чавушолу нар тэргүүлэн оролцсон юм. Энэ удаагийн хуралдаанаар Монгол, Туркийн эдийн засаг, худалдаа хөрөнгө оруулалтын харилцааны нөөц бололцоог ашиглах, тэр дундаа жижиг, дунд бизнес эрхлэгчдийн харилцаа, хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэхэд хоёр тал онцгой анхаархаар тохиролцжээ.

Мөн Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Туркийн Гадаад эдийн засгийн харилцааны зөвлөл, Туркийн экспортлогчдын нийгэмлэг, худалдааны танхимын холбоодтой хамтарч ажиллахаар боллоо. Энэ хүрээнд хоёр талын хамтарсан хуралдааныг энэ онд зохион байгуулж, чөлөөт бүс байгуулах туршлага хуваалцах чиглэлээр хөтөлбөр хэрэгжүүлэхээр болжээ. Хуралдааны төгсгөлд ярилцан тохирсон асуудлыг тусгасан протоколд төлөөлөгчдийн тэргүүн нар гарын үсэг зурсан байна.  

Дараа нь Шадар сайд Ө.Энхтүвшин Монгол, Туркийн Засгийн газар хоорондын хамтарсан хорооны хуралдаанд БНТУ-ын хэсгийг ахлан ажилласан тус улсын Шадар сайд Хакан Чавушолуг хүлээн авч уулзав. Шадар сайд Ө.Энхтүвшин Засгийн газар хоорондын хамтарсан хороо энэ удаа олон асуудлыг хэлэлцэж, шийдэлд хүрсэнд баяр хүргээд, ирэх сард товлоод буй БНТУ-ын Ерөнхий сайд Бинали Йьлыдыримын Монгол Улсад хийх айлчлалын үеэр хоёр орны харилцааг улам бэхжүүлэх ажил хэрэгч алхмууд хийгдэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай