МАХН, ИЗНН, Ногоон нам, МҮАН-ын дарга нар Оюутолгойн гэрээг цуцлахыг шаардав

 МАХН, ИЗНН, Ногоон нам, МҮАН-ын дарга нар Оюутолгойн гэрээг цуцлахыг шаардав

Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлаар сөрөг хүчнүүд тулган шаардах бичиг гаргажээ. Энэ талаар МАХН, ИЗНН, Ногоон нам, МҮАН-ын дарга нар өнөөдөр хэвлэлд мэдээллээ. 

"Оюутолгойн гэрээний дагуу ногдол ашгийг 2036 оноос хуваарилахаар болсон. Байгуулагдсанаасаа хойш 27 жилийн дараа ногдол ашгаа хуваарилдаг гэрээ өөр хаана ч байхгүй. Тиймээс өнөө маргаашгүй гэрээг цуцлах хэрэгтэй" гэдэг үзэл санаан дор  Ногоон намын дарга О.Бум-Ялагч, ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг, МҮАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Батбаяр,  МАХН-ын дарга Н.Энхбаяр нар нэгджээ. 

Хэвлэлийн хурлын үеэр  тулган шаардах бичгийг үл тоомсорлох аваас өнөөдрийн УИХ ард түмний эрх ашгаас урвасан гэж үзэж, УИХ-ыг тараах тэмцлийг эхлүүлэх болно гэж мэдэгдэв. 

 МАХН-ын дарга Н.Энхбаяр "Монголын Засгийн газар Оюутолгойн 34 хувийг зээл тавьж авсан.  Монголын тавьсан зээлийг тухайн үед гэрээ байгуулсан Засгийн газар биш ард түмэн төлж байгаа. Өнөөдөр Их хурал шиг адгийн нэр хүндтэй байгууллага монголд байхгүй. Их хурал Оюутолгойг өөртөө авах хэрэгтэй. Ингэж чадвал М.Энхболдын алдагдсан нэр хүнд сэргэнэ. Оюутолгойн гэрээ цуцлагдвал хэн ч гайхахгүй, бүгд ойлгоно. УИХ-ын гишүүдэд бид маш том боломж олгож байна. Та бүхэн Оюутолгойн гэрээг цуцалчихвал бид та бүхнийг дэмжих болно. Ард түмэн та бүхнийг дэмжинэ. Өнөөдрийн тулган шаардах бичгийг О.Бум-Ялагч, Ц.Ганхуяг, Д.Батбаяр, Н.Энхбаяр нар гаргаагүй. Ард түмэн гаргаж байгаа юм шүү" гэв. 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай