“Дахин амилуулагч”

Э.ЭРДЭНЭЦЭЦЭГ


Дэлхийгээр нэг тархсан, байгаа газар бүртээ эх орныхоо нэрийг сайнаар дуурсгаж яваа залуусыг “Дэлхийн монголчууд” буландаа урин ярилцахыг зорьж буй билээ. Энэ удаагийн зочинтойгоо яг жилийн өмнө дундын танилынхаа тусламжтайгаар танилцсан ч нэг ч удаа нүүр тулан уулзалгүй, бас гар барилцалгүйгээр энэхүү хөрөг ярилцлагыг таны өмнө барьж байна.

Өдрөөс өдөрт биднийг улам бүр холдуулж, хүйтэн, хөндий, хүн биш болгож байгаа гэх XXI зууны технологийн нэгэн ололтыг ашигласан нь энэ. Бүх зүйлд сайн, муу тал бий. Харин гэрэл гэгээ, сайн сайхныг нь олж харах нүд л бидэнд дутдаг бололтой.

Бид уулзаж чадаагүйн учир нь тэр БНСУ-д, харин би Хятадад буйтай холбоотой. Гэхдээ өдөр тутам таардаг ч мэндийн зөрүүтэй өнгөрдөг хүмүүсийг бодвол бид онлайнаар хэдэнтээ холбогдож, түүний хүсэл мөрөөдөл, зорилго, ирээдүй, гэрэл гэгээ, бас эмзэглэлийг эрхэм уншигч таны өмнө дэлгэхийг зорилоо.

Түүнийг Дарьсүрэнгийн Ширмэндагва гэдэг ч би “Дахин амилуулагч” хэмээн нэрийдэхээр шийдсэн юм. Учир нь тэрбээр бүх төрлийн тоног төхөөрөмжийн амин зүрх болсон эргэлдэх хөдөлгөөнийг дамжуулагч холхивчийг дахин боловсруулах судалгаа БНСУ-д амжилттай хийсэн анхны хүн. Өөрөөр хэлбэл, ашиглалтаас гарсан холхивч (шаариг)-ийг дахин амь оруулагч. Бүх машин механизм, тоног төхөөрөмж холхивчны тусламжтайгаар эргэлддэг гэхээр түүний судалгаа ямар чухлыг ойлгож болно.

Ийм төрлийн судалгааг дэлхийд зөвхөн Япон, Америк, Орос гэх мэт цөөн оронд хийсэн байдаг аж. Стандартад нийцсэн, дэлхийд алдартай брэндүүдийн, дахин боловсруулсан холхивчны чанарын үзүүлэлт 87-99 хувь байдаг бол түүнийх 100-107 хувь буюу шинэ холхивчноос ч илүү чанартай. Зөвхөн энэ л үзүүлэлтээр түүний судалгааны үр дүнг мэдчихэж болно.

Тэрбээр 2011 оноос холхивчийг дахин боловсруулах аргачлалыг БНСУ-д судлан, магистрын зэрэг хамгаалж, өдгөө доктортын зэрэг горилон үргэлжлүүлэн суралцахын зэрэгцээ сургуулийнхаа “Desinmecha institute of technol­ogy” судалгааны хүрээлэнд ажиллаж байгаа. Энэ удаа холхивчны жинг 10 хувиар багасгаж, эдэлгээний хугацааг уртасгахаар зорьж буй гэнэ.

Түүний амьдралын түүхийн хуудсыг эргүүлэн сөхвөл, ШУТИС-ийг уул уурхай, машин, тоног төхөөрөмжийн инженер мэргэжлээр 2008 онд төгсчээ. Ийн сурсан мэдсэн нь чамлалттай санагдаж БНСУ-ыг зорьсон аж. Хэлний бэлтгэлээ төгсөн, Сон Мүүний их сургуульд үргэлжлүүлэн магистрт элсэж, багш нь төлбөрөө хэрхэн төлөхийг асуухад нь тулгамдсандаа “Тэтгэлэг байгаа” гээд ам гарчихсан удаатай. Үнэндээ бол хичээлийнхээ хажуугаар ажил хийж, төлбөрөө төлөх бодолтой байж.

Тэтгэлэгтэй гэж сонссон багш нь өдөр бүр лабораторид уях болсноор тэр арга буюу үнэнээ хэлэхэд хүрсэн гэдэг. Харин багш нь дуугаа өндөрсгөн хэсэг загнаад, сурч чадах, эсэхийг нь асуун төлбөрийг нь төлж, тэр байтугай сар бүр амьжиргааны мөнгө 500 мянган вон өгөхөөр болжээ. Энэ нь түүний итгэл хэр даахуйц гэдгийг илтгэж буй хэрэг. Тэр ч өнөөг хүртэл багшийнхаа итгэлийг алдаж үзээгүй. Мөн өөрөө төлбөрөө төлж байгаагүй. Тоотой хэдэн удаа л айл нүүлгэх ажил хийж үзсэн гэсэн.

Ямар нэгэн зүйл сурч, Монголд түүнийгээ хэрэгжүүлэх нь есөн жилийн өмнө Солонгост хөл тавьсан Ширмэндагвын зорилго. Одоо тэр сураад зогсохгүй шинэ зүйл бүтээчихээд буй. Судалгааныхаа ажлаар 2013 онд багш болон холбогдох хүмүүсийн хамт БНСУ дахь Олон улсын патентын холбооноос патент эзэмших эрх хүртэл авсан. Өнгөрсөн онд л гэхэд нийт 150 сая воны ашигтай ажиллажээ.

Түүнчлэн холхивч дахин боловсруулах эрхээ Иран улсад саяхан шилжүүлж, инженер техникийн ажилтнуудад нь сургалт явуулсан аж. Тэндэхийн шинээр барих үйлдвэртэй танилцаж, арга зүйн зөвлөгөө өгөхөөр тун удахгүй тус улсыг зорино. Мөн судалгааны сэдвээрээ АНУ-д илтгэл тавихаар болсон гэх мэт олон сайхан мэдээ дуулгана лээ.

Анх тэрбээр холхивчоо задалж, угсарч мэдэхгүй, тоног төхөөрөмжөө ажиллуулж чадахгүйгээс эхлээд маш олон бэрхшээлтэй тулгарч байж. Нойргүй хоносон шөнүүд, тэмдэглээгүй өнгөрүүлсэн баяр, амраагүй амралтын өдрүүд нь түүнийг өдий хэмжээний амжилтад хүргэсэн. Тэрбээр энэ тухайгаа дурсахдаа “Анх Солонгост ирээд яг ямар чиглэлээр сурвал Монголдоо хувь нэмэр оруулж чадах вэ гэж таньж мэддэг хүмүүсээсээ асуулаа. “Зураг төслийн программ, тооцооллын аргачлал сур” гэх мэт зөвлөгөө өгсөн.

Дараа нь л эдгээр нь судалгааны ажил болж чадахгүй, инженер хүн бүрийн мэдэх ёстой наад захын мэдлэг болохыг ойлгосон. БНСУ-ын Засгийн газар, жижиг, дунд үйлдвэрүүдтэй хамтран сургуулиудаар төвийн судалгааны ажил гүйцэтгүүлдэг. Машины мотор болон холхивч дахин боловсруулах судалгааг манайд санал болгосон. Эхлээд машины моторын судалгааг сонгож, амжилттай хийсэн ч жижиг эд анги үйлдвэрлэвэл Монголд илүү ашигтайг тооцон, холхивчны судалгаагаа эхлүүлсэн юм” хэмээв.

Жижиг улсын, солонгос хэл нь ч төдийлөн сайнгүй түүнийг анх хүмүүс хэр барагтайд тоодоггүй байсан гэнэ. Харин багшийнхаа төдийгүй сургуулийнхныхаа толгойны өвчин болоод байсан машины мотор дахин боловсруулах төслийн асуудлыг шийдэн, жижиг хэмжээний багаж зохион бүтээснээр хүмүүст тоогдох болж. “Чи ч дээ” гэсэн нүдээр харж байсан автомашин засварын газрынхан зохиосон багажийг нь ашиглан, түүний хоолоо идсэн, эсэхэд санаа тавьж, бүр амралтын өдрөөрөө засварын газарт цалинтай ажиллахыг санал болгожээ.

Манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний багагүй хувийг уул уурхайн салбар бүрдүүлдэг. Энэ салбарыг техник, тоног төхөөрөмжгүйгээр төсөөлөхийн аргагүй. Тоног төхөөрөмж нь холхивчгүй бол зүрхгүй хүн, хэнд ч хэрэггүй төмөр л гэсэн үг. Харин манайхан элэгдсэн, нэгэнт ашиглаад дууссан холхивчоо хаягдал төмрийн цэгт тушаахаас хэтэрдэггүй. Хэрэв Ширмэндагвын судалгааг ашиглан, хуучин холхивчийг хаялгүйгээр дахин боловсруулбал шинээс илүү чанартайг гарган авч, хэмнэх боломжтой. Монголд томоохонд тооцогддог “Эрдэнэт үйлдвэр”, “Оюутолгой” л гэхэд олон арван холхивч ашиглаж, тэдгээрийг элэгдсэн тохиолдолд шинийн эрэлд гардаг байна.

Шинэ холхивчны үнэ дунджаар 50-50.000 ам.доллар байдаг аж. 2013 онд Монгол Улсын хилээр 236 тэрбум төгрөгийн холхивч импортолжээ. Хэрэв түүний судалгааг Монголд хэрэгжүүлбэл холхивч худалдан авах зардлыг 53-82 хувиар бууруулах боломжтой гэнэ. “Тоног төхөөрөмж нь байвал 16 сая төгрөгийн, нэг холхивч хийхэд материалд нь ердөө 20 мянган төгрөг шаардлагатай” хэмээн тэрбээр нэмж хэлсэн. Үүн дээр ажиллах хүч, бас бус зардал нэмэгдэх ч ямар их ашиг олж болохыг харж болно. “Эрдэнэт үйлдвэр” л гэхэд жилд нэг бүр нь 45 мянган ам.долларын үнэтэй зургаан холхивч ашиглалтаас гаргадаг гэнэ.

Тэрбээр “Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлагуудыг судалгааныхаа хүрээлэнд урих, өөрийн байгууллагынхаа захирлыг тус үйлдвэртэй танилцуулах, илтгэл хэлэлцүүлэх зэрэг ажлыг зохион байгуулжээ. 2014 онд түүний судалгааны үр дүнг сонссон “Эрдэнэт үйлдвэр”-ийнхэн “Тоног төхөөрөмж аваад өгье. Ирээд ажилла” гэхэд тэрбээр татгалзсан гэнэ. Үүнийхээ шалтгааныг “Намайг хэт өндрөөр үнэлсэн. Надад сурах зүйл их байна. Солонгосын үйлдвэрт ажиллаж, сайн туршлага хуримтлуулах хэрэгтэй” гэж тайлбарласан юм.

Харин багш нь “Эрдэнэт үйлдвэр”-ийг хараад “Миний 20, 30 жилийн өмнө ажиллаж байсан үйлдвэр шиг юм” гэсэн нь манайхан дэлхийн хөгжлийн хаана нь явааг илтгэх шиг. “Маш хурдан хийх хэрэгтэй. Тэгэхгүй бол энэ үйлдвэр удаан оршин тогтнохгүй” гэсэн хатуухан үг сонссон нь түүнийг улам бүр олон зүйл сурахад яаруулж буй. Тиймээс ч “Эрдэнэт үйлдвэр”-ийн нэг ажилтныг сургуульдаа холхивч дахин боловсруулах чиглэлээр магистрт сурахад нь тусалж, хоёр ажилтныг үйлдвэртээ танилцах дадлага хийлгэжээ.

Судалгааныхаа ажлын үр дүнг хэзээ нэгэн цагт Монголдоо нэвтрүүлж, эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах хүсэлтэй түүнээс хэзээ нутаг буцахыг нь асуухад санаа алдаад “Одоо яг тодорхой хугацаа хэлж чадахгүй нь. Доктороо хамгаалчихаад, эндээ хэсэг ажиллана. Ойрын таван жилийн хугацаанд Монголдоо очно. Солонгост цалингаа аваад, сэтгэл, бие амар ажиллаад, амьдраад байж болно л доо. Гэхдээ Монголдоо ямар нэгэн зүйл хийж, нийгэмдээ тодорхой хэмжээгээр хувь нэмрээ оруулмаар байна.

Хэлэх үгтэй, хийдэг зүйлтэй болсон хойноо очно. Холхивчийн үйлдвэрлэх амар биш. Дахин боловсруулах хэмжээнд хүрэхэд багадаа 1.2 тэрбум төгрөг хэрэгтэй. Байгуулчихвал зардлаа дор нь нөхнө. Хөрөнгө оруулах хүн олох хэрэгтэй. Холхивчийн үйлдвэр байгуулснаар олон үйлдвэр дагаад хөгжих боломжтой” гэсэн юм. Тэрбээр одоо хичээлийнхээ хажуугаар сарын 2.5 сая воны цалинтай ажилладаг. Энэ нь ийм мэргэжлийн солонгос хүнтэй харьцуулахад өндөр ч, инженерийг бодвол бага цалин гэнэ. Тэрбээр ажлын өдрүүдэд 08.00-17.30 цаг хүртэл ажиллаж, үргэлжлүүлээд шөнө дөл хүртэл судалгаагаа хийдэг. Харин бямба гаригт 09.00-18.00 цагийн хооронд ажиллана. Нэг л өдөр амарна.

Манай механик инженерийн салбар дэлхийд хаахна явааг тодруулахад энэ хугацаанд Монголд маш цөөхөн очиж, тэр бүртээ хэдхэн хоносноо дурсаад “Тоног төхөөрөмж муу. Тийм ч учраас хийж чадах зүйл бага байх шиг санагдсан. Монголд сурч байхад “Энэ тоног төхөөрөмжийг яаж ашиглах вэ. Хаанаас авбал ашигтай вэ” гэдэг бол Солонгост “Энэ тоног төхөөрөмж ийм давуу талтай. Үүнээс илүүг нь яаж зохион бүтээх вэ” гэдэг.

Бид өөрийн гэсэн хийдэг зүйлтэй болох хэрэгтэй. Гадаадынхны бүтээж байгаа зүйлсийг хийхэд тийм ч хэцүү биш. Тэднээс дутахааргүй зүйл бид эх орондоо хиймээр байна. Залуучууд гадаадад суралцаад, түүнийхээ хэргийг Монголдоо гаргах хэрэгтэй. Тоног төхөөрөмжийн чадвар чансаа хоцрогдсон байж болох ч манай залуучууд хэнээс ч дутахгүй” хэмээсэн.

Азийн дөрвөн барын нэг БНСУ-д харлагсдын тоогоор манай улс тэргүүлдэг. Өдөр ирэхүйеэ тус улсыг зоригсдын тоо нэмэгдэхийн хэрээр харлагсад даган өсдөг нь жам болсон гэлтэй. Энэ тухай тэрбээр “Миний эргэн тойрны маш олон хүн энд ирчихсэн байна. Баян айлын цэвэрлэгч хийж, их мөнгө авлаа гээд бодоод явж байгаа нь нэг талаараа харамсалтай.

Тэд улс орондоо ажлаа хийгээд явж байсан бол, Монголд эндээс дутахгүй цалин өгдөг байсан бол эх, үр, эхнэр, нөхөр салахгүй байх байлаа. Тэглээ гээд би юу хийж чадах вэ” гэсэн юм. Гэхдээ л тэр нь зориод ирсэн монголчуудаа өөрийнхөө ажилладаг үйлдвэр болон таньж мэддэг газартаа ажилд зуучилдаг юм билээ. 10 гаруй хүнийг байнгын ажилтай болгосон гэсэн.

Тэрбээр монгол гэдгийг нь илтгэх улаан туяа татуулсан царайтай. Бүхэл бүтэн есөн жил далайн эргийн салхинд ч элэгдэж арилаагүй улаан хацар. Яг үүн шиг нь Монголоо гэх сэтгэл түүний зүрхэн тушаа цохилж буй. Хэзээ нэгэн цагт тэр сурах ёстой бүхнээ сурч гүйцэхээрээ нутаг буцна. Хамгийн түрүүнд хийх ажил нь холхивч дахин боловсруулах цех байгуулах.

Харин дараа нь үйлдвэртэй болно гэж мөрөөддөг. Энэ бүхэнд багагүй мөнгө, хугацаа хэрэгтэй учраас тэрбээр суралцахын хажуугаар мөрөөдлөө орхилгүй ажилласаар буй. Удахгүй Монголдоо уулзъя, улаахан хацарт монгол хүү минь.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (17)

Илгээх

Энэ тухай