Гадаад, дотоодын жуулчдын аюулгүй, тав тухтай байдлыг хангах, мэдээлэл авах хүртээмжийг нэмэгдүүлнэ

Монгол Улсад төмөр замаар нэвтэрч буй зорчигч, жуулчдыг олон улсын галт тэргэнд Монгол Улсын төрийн тусгай чиглэлийн байгууллагууд салбар тус бүрийн хууль, тогтоомжийн хүрээнд шалгадаг. Олон улсын галт тэргээр зорчиж буй гадаад дотоодын иргэд мөрдөгдөх дүрэм журам, хууль тогтоомжийн талаар мэдээлэлгүй байдгаас зорчигчийн эрх зөрчигдөх асуудлууд гардаг. Тиймээс гадаад дотоодын жуулчдын аюулгүй, тав тухтай байдлыг хангах, мэдээлэл авах хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Олон улсын зорчигчдын суудлын галт тэрэгний үйлчлэгч нарт Монгол Улсад мөрдөгдөж буй хууль тогтоомжийн талаар мэдээлэл өгөх сургалтыг маргааш буюу 2018 оны гуравдугаар сарын 23-ны өдөр зохион байгуулна. Уг сургалтыг нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монгол Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Олон улсын төмөр замын зорчигч тээвэрлэлтийн үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор шат дараатай зохион байгуулагдах ажлуудын эхлэл юм

Сургалтаар Олон улсын галт тэргээр зорчиж буй зорчигчдийн зайлшгүй мэдэж байх зүйлс, зорчигч тээвэрлэгч төмөр замын ажилтнуудад тавигдах шаардлага, тээвэрлэгч зорчигчид ямар шаардлагыг хангуулсан байх болон нийтлэг гардаг зөрчил, дутагдлын талаар Хил Хамгаалах Ерөнхий газар, Гаалийн Ерөнхий газар, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газраас холбогдох мэргэжилтнүүд сургалтыг явуулна.

Цаашид сургалтаар өгсөн мэдээллүүдийг нэгтгэж, зорчигчдын гарын авлага болгон монгол болон гадаад хэлээр хэвлүүлж, Олон улсын зорчигчийн галт тэргэнд байрлуулах аж.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай