Залуус “Ногоон тууз” аянд нэгдэж, эко цом аялуулна

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санаачлагаар Монголын Залуучуудын Холбоо, МҮОНР, Туул голын сав газрын захиргаа  хамтран “Дэлхийн усны өдөр”, “Эх дэлхийн цаг” тэмдэглэлт өдрийг тохиолдуулан аж ахуйн нэгж байгууллага, их дээд сургуулийн оюутан залуусыг уриалан Туул голоо цэвэрлэх бүх нийтийн үйл ажиллагааг зохион байгуулж, албан байгууллагуудад “Ногоон тууз” эко цом аялуулахаар боллоо.

Тус аян нь Туул голын сав газрын бүс орчмыг цэвэрлэх, усны нөөц, бохирдлын асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, хүний буруутай үйлдлээс шалтгаалан бий болсон хог хаягдлыг багасгахад олон нийтийг уриалах, иргэдийн идэвх оролцоог нэмэгдүүлэх зорилготой аж.

“Ногоон тууз”аян нь гуравдугаар сарын 22-ны 11.:00 цагт МҮОНРТ-ийн Мэдээллийн төвд хэвлэлийн бага хурлаарэхлэх бөгөөд хэвлэлийн бага хуралд Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын усны асуудал хариуцсан мэргэжилтэн С.Пүрэвдорж, Туул голын сав газрын захиргааны дарга Я.Болдбаатар, Гадаргын усны нөөц судалгаа шинжилгээ хариуцсан мэргэжилтэн Х.Цогзолмаа, МЗХ-ны Бодлого төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Ц.Цэрэндолгор, МҮОНР-ийн Нэвтрүүлгийн хэлтсийн дарга Б. Сонинчимэг нар оролцож мэдээлэл өгөх юм.

Харин аяны гараа энэ сарын 24-ий бямба гарагийн 11:00 цагт Монголын Залуучуудын Холбооны өмнөх талбайгаас эхэлнэ.

Уг аянд оролцогч байгууллага цэвэрлэгээ эхлэхээс өмнөх байдал буюу цэвэрлэсний дараах Туул гол орчмын бодит өөрчлөлтийг гэрэл зургаар баримтжуулан өөрийн байгууллагын пэйж хуудсанд байршуулахын зэрэгцээ дараагийн байгууллагад эко цомыг шилжүүлэн гол усаа хамгаалах, эх дэлхийдээ ээлтэй эерэг алхмуудад суралцахад уриалан аянд дуудах юм.

Тус аянд Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх клубууд, Их дээд сургуулийн оюутан залуус, Байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагууд оролцоно.

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай