Мөрөөдөлдөө хүрэхэд мөнгөн медаль чамлагдав

Олимпын аварга болох мөрөөдөлтэй олон хүүхэд спортоор хичээллэж, хөлсөө дуслуулж яваа. Тэд бүгдээрээ аварга болохгүй, цөөхөн нь амжилтад хүрч, зарим нь багш, дасгалжуулагч, спортын зүтгэлтэн, үлдсэн нь маш сайн үзэгч, сонирхогч болж үлдэнэ. Манай сурвалжилгын баатар аль нь ч байж мэднэ. Өрсөлдөөн дундаас үнэхээр авьяас чадвар, хүч чадалтай нь л тодорч гарна.

Спортод үнэн сэтгэлээсээ дурлан хичээллэж буй мянга мянган хүүхдийн төлөөлөл болсон Мөнхбатын Пүрэвтунгалаг, Өлзийсайханы Пүрэвсүрэн нараар дамжуулаад XXI зууны Монголын хөдөөд хүүхдүүд хэрхэн өсөж торнин, сурч хүмүүжиж буй, тэдний хүсэл мөрөөдөл, зорилго тэмүүлэл ямархан байгааг харуулахаар “Медальд хүрэх зам” реалити сурвалжилгаа эхлүүлээд байгаа билээ. М.Пүрэвтунгалаг, Ө.Пүрэвсүрэн нар Баянхонгор аймгийн чөлөөт бөхийн өсвөрийн шигшээ багийн тамирчин юм.

-Пүрэвтунгалаг барилдсан уу?

-Биеийн тамирын сургуулийн хүүхэдтэй сая барилдаад арай чүү гэж л яллаа.

С.Мөнхдуулдах багшийн дууны өнгөнөөс багагүй цухалдуу, дурамжхан байгаа нь мэдрэгдэнэ. “Багш нь ингэж бухимдсаныг бодоход тааруу л барилдаж дээ. Яасан юм бол” хэмээн бодож зогстол гол баатар маань хувцсаа солихоор ирэв. Багш нь угтаж аваад “Сул дөрвөн оноо алдлаа, олигтой хөдөлж барилдсан бол өөрийгөө ядраалгүй хожчих байлаа. Чи тийм алдаа гаргахаасаа ичээч” хэмээн зэмлэв.

Ярианаас нь сонсвол охин идэвх муутай байж, багшийнхаа заасан мэх, техникийг дутуу хийсэн бололтой. Барилдаанд ядарсандаа юу, багшдаа зэмлүүлсэндээ ч юм уу, тэрбээр баргар царайлан уравгардуухан зогсоно.

Өсвөр үеийн улсын аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээн өнгөрсөн баасан, бямба, ням гаригт болж, тамирчин хүүхдүүд бүтэн жилийн хөлс хүч, бэлтгэлийн үр дүнгээ үзэхээр хүч чадал, авхаалж, самбаагаа сорьсон. Энд М.Пүрэвтунгалаг 53 кг-д барилдсан бөгөөд гурав дахь учраагаа ялчихаад зогсож буй нь энэ.

21 аймаг, есөн дүүргээс улсын аваргын тэмцээнд зодоглохоор ирсэн хүүхдүүдийн зарим нь дэвжээнд дуудагдах ээлжээ хүлээн биеэ халааж, нэг хэсэг нь талбайн захаар зассан суудалд эгнэн сууж амарна. Эхний тойргуудад ялагдаж, барилдаанаа дуусгасан хүүхдүүд харин бодож санах юмгүй, хоол, унд эргүүлсэн шигээ үүгээр түүгээр зугаацна.

Багш нь “Халуун юм уу” хэмээн “командалсны” дагуу аяга халуун цай уусан М.Пүрэвтунгалагийн духанд хөлс бурзайгаад ирлээ. Хэсэг хугацааны дараа охин жаахан тайвширч, бие нь тавирав бололтой, царай нь засарч, багийнхантайгаа инээж, хөгжиж эхлэв. Тэрбээр хажуудаа суугаа чацархаг охиноос “Сая барилдахад би ямархуу байв. Миний бие чанга байсан уу” хэмээн асууж, нөгөөх нь “Чи хөлөө цөмлөж тавиад байсан. Дараагийн барилдаандаа хөлөө битгий тэгж тавиарай” хэмээн зөвлөж дуулдлаа.

М.Пүрэвтунгалаг ч нөгөө охины гарыг хүзүүн дээгүүрээ давуулж, хийсэн мэхээ давтан, саяын барилдаанд гаргасан алдааг нь хэлж, зөвлөгөө өгөв. Тэгж байснаа хоёр охин “Гарч агаар амьсгалъя” хэмээгээд хөтлөлцөн гүйж одов.

Багшийнхаа уур цухлыг хүргэн байж, арай гэж ялсан өрсөлдөгч нь М.Пүрэвтунгалагийн дотнын найз аж. Өөрөөс нь гарахааргүй алдаа гарган, итгэл найдвар дүүрэн суусан багшаа бухимдуулж, дөрвөн оноо сул алдсаны шалтгаан нь энэ ч юм бил үү. Найзаа гэсэн сэтгэл, хайр түүний хөдөлгөөнийг хорьж, барилдааныг сунжруулсан байх.

Дараагийн барилдаан нь хоёр цаг гаруйн дараа тул дэвжээнд гарах дүү нартаа зөвлөгөө өгөх, найзууддаа биеэ халаахад нь туслах цаг охинд хангалттай. Хүүхдүүд ээлж дараалан дэвжээнд гарч, шигшээ, медалийн төлөөх барилдаан дөхөх тусам өрсөлдөөн ширүүсэж байв.

Ямар ч тэмцээний үеэр ялалтын баяр, ялагдлын нулимс зэрэгцэн оршдог хойно. Медалийн болзол хангасан нэгнээ дэвжээнээс бууж ирэхэд нөхөд нь бүчиж аваад гар барьж, дал мөрийг нь алгадан тэрүүхэн тэндээ даруухан ялалтын баяр тэмдэглэж байхад хажууханд нь охид, хөвгүүд нүдэндээ нулимстай сууж, цамцаараа нүүрээ даран мэгшинэ. Гэвч ялагдал бол төгсгөл биш. Ялалт, ялагдлын амтыг мэдэрч, алдаанаасаа суралцан, дараа жил илүү сайн байхын төлөө хичээж, өөртөө зорилго тавин хөдөлмөрлөж, шүд зуун зүтгэж байж сайн тамирчин болно.

Та нар бол ирж яваа цагийн тамирчид. Өмнө чинь олон олон тэмцээн бий. Энэ жил уйлж суугаа дүү минь чамд ирэх жил аварга болохыг ерөөе. Энд бас инээдэм, наргиан бий. Баянхонгорын багачуудын нэг нь шүүгч дохио өгч барилдаан эхлүүлэхэд өрсөлдөгчийнхөө өөдөөс өрж зогсоод, гараараа “Хүрээд ир” гэж дохин, барилдаанаа их л ширүүн эхлүүлжээ.

Тэгээд өрсөлдөгчөө тэвэрч аваад шидэх мэх хийтэл өөрөө доор нь орчихож. Дээр нь ойчсон хүүхэд аюулхай дээр нь хүчтэй дарснаас нөгөө сүрийг үзүүлсэн жаал нэг хэсэгтээ хөдөлж чадахгүй хэвтжээ. Бас болоогүй ээ, эмч туслахаар очиход өрөөсөн нүдээ нээж хараад хөөрхөн жүжиг тоглосон гэж байгаа. Түүнийг шоолж, тэр хавиар л нэг инээдэм болов. Арваад настай дүү нарынхаа биедээ баймгүй ааш аягийг ах, эгч нар нь өхөөрдөж буй нь тэр.

Ингэж байтал М.Пүрэвтунгалагийн барилдах ээлж ирэв. Шүүгч барилдаан эхлэх дохио өгөнгүүт охин өрсөлдөгчийнхөө хөлд орж, зогсоо зайгүй довтолсоор ганцхан минутад 10 оноо авч, цэвэр яллаа. Удалгүй хэсгийн аваргын төлөө барилдахдаа ч өрсөлдөгчөө минут 30 секундэд оноогоор буулгаж авав. Энэ хоёр барилдаанд тэр хөлс ч гаргасангүй.

Гол баатар маань алтан медалийн төлөө барилдах эрхээ халаасаллаа. Алтын төлөө хүч үзэх өрсөлдөгч нь сүрхий охин бололтой. Хүн бүр л М.Пүрэвтунгалагт “Одоо чи хүнд барилдаан хийнэ шүү. Амар, биеэ халаа” гэх мэтийн зөвлөгөө өгч, охин ч “Би бүх боломжоо шавхаж барилдана” гэж байв. Ингээд барилдаан эхэллээ.

Нас, чац тэнцүүхэн хоёр охин үнэхээр ширүүн өрсөлдсөн. Эхний нэг минутыг нэгэндээ барьц өгөхгүй, “тачигнаж” өнгөрөөгөөд, манай гол баатар нэг оноо авав. Оноо алдсан “Женко” клубийн тамирчин дараагийн нэг минутад тун ч шаргуу дайрч, хоёр оноотой боллоо. Барилдааны сүүлийн хагаст М.Пүрэвтунгалаг бүх хүчээ шавхаж, довтолж барилдсан ч биедээ хүргэдэггүй нягт барилдаантай, бас чадлаар хамаагүй илүү өрсөлдөгчөөсөө оноо салгаж чадсангүй. Хугацааны төгсгөлд хийсэн мэх нь овоо даацтай болсон ч оноо болгож амжаагүй байхад нь барилдааны цаг дуусав. М.Пүрэвтунгалаг алтан медалийн төлөөх барилдаанд нэг оноогоор ялагдаж, мөнгөн медаль хүртлээ.

Тэр өнгөрсөн жилийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн. Түүнээс хойш өдөр бүр бэлтгэл хийж, аймгийн төвийнхөө зүүн урд зах дахь спорт заал, баруун хойно орших гэр хоёрынхоо хооронд өдөр, шөнө, өглөө, оройг үл ажран, жим гартал алхсаны үр дүнд медалийнхаа өнгийг хувиргаж чадлаа. Улсын аваргын мөнгөн медаль хүртэнэ гэдэг чамлахаар амжилт биш билээ. Харин М.Пүрэвтунгалаг өөрөө бол алтан медаль авч чадаагүйдээ тун гонсгор байлаа.

Тэр мөнгөн медаль авсандаа өөрийгөө зэмлэн уйлав. Түүний мөрөөдөл, зорилго дэлхийн дэвжээнд зодоглодог тамирчин болох. Гэтэл тив, дэлхий, олон улсын тэмцээнд оролцох эрх авахын тулд жиндээ нэг номер байх бичигдээгүй хууль, хатуу боловч шударга шалгуур спортод бий. Хоёр, гуравдугаарт бичигддэг тамирчдад боломж олдох тохиолдол бий ч тэр нь ховор бөгөөд өрсөлдөөн ихтэй. Хөдөөгийн сургуулийн, хэн ч мэдэхгүй охинд бол ийм боломж олдох ч үгүй.

Монгол Улсад олимпын хамгийн анхны медалийг авчирсан алдарт тамирчин, чөлөөт бөхийн нэрт зүтгэлтэн, Ардын багш Ч.Дамдиншараваас медалиа гардлаа

Үүнийг мэдэж буй учраас ганцхан оноогоор ялагдсандаа шаралхаж, шатаж буй охинд юу гэж хэлж, хэрхэн аргадах аргаа олсонгүй. Одоо тэр ирэх сард болох залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнд илүү амжилт гаргахыг юу юунаас илүү хүсэж байгаа. Нутагтаа очоод бэлтгэлдээ орсон.

Реалити сурвалжилгын маань өөр нэг баатар Ө.Пүрэвсүрэн энэ жил өсвөр насны ангиллаас мултарсан тул уг тэмцээнд оролцоогүй юм. Ө.Пүрэвсүрэн, М.Пүрэвтунгалаг хоёр ирэх сарын 8-нд болох залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнд хамтдаа оролцоно.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай