Уралдуулах “дон”-гийн золиос хүүхэд биш

Эрүүл саруул өсөж торних эрхтэй хүүхдүүд харуй бүрийгээр морь уралдуулах шийдвэр гаргасан “донтнууд”-ын харгайгаар эрэмдэг зэрэмдэг болчихоод байхад Монголын морин спорт уяачдын холбооны нарийн бичгийн дарга П.Сэргэлэн “Уяачид, хүүхдүүд л уралдана гээд шахаад байсан” гэж арьсаа хамгаалж ярьсан нь ичгэвтэр хэрэг.

Хурдан морь хөлсөөр унаж, эзний аясаар хөдөлж буй унаач хүүхэд хөр цас хайлаагүй, газар ган шиг хатуу, хаана нь ч харуулдаж унаад, гэмтэж мэдэхээр байхад “Би шөнө ч байсан хамаагүй уралдана” гээд цамнаад байсан гэнэ. Уралдах, барилдах шийдвэр гаргах нь байтугай хайр халамжаа харамгүй дэлгэхгүй бол хазгай мурий гишгэчих гээд байдаг гэнэн томоогүй хүүхдүүдийг “нударган баячууд” та нар бүү гүтгэ.

Засгийн газар цааргалсаар байхад бараг л хулгайгаар зохион байгуулсан “Дүнжингарав” уралдаанд харанхуйд морь уралдуулсны улмаас олон хүүхэд гэмтэж, зарим нь машин тэрэгтэй мөргөлдөн эмнэлгийн орон дээр хэвтэж байгаа нь та бүхэнд нэгийг бодогдуулах биз.

Өсгөж, үржүүлсэн буянт сүргийнхээ сорыг сойгоод, хурд шандсыг нь сорихоор өөрийнхөө хүүхдээр унуулан, “Миний хүү түрүүлэх гэж адгаад хэрэггүй. Амыг нь татаж, замаа харж яваарай. Хурд шандас нь хүрэхгүй бол түмнийхээ дунд цогиод ирээрэй” гэж захиж мордуулдаг монгол уламжлал, ухаан хааччихсан юм бэ. Уралдаанд хүлэг морио заавал түрүүлүүлж, нэр алдраа дуудуулах нь монгол уяачийн шунал байгаагүй. Монгол наадмын уламжлал, соёл, дэгийг агуулсан морин уралдаанд ийм дон хэзээ ч байх ёсгүй. Тиймээс л жинхэнэ монгол эр хүн “Морь, хүүхэд мэнд сайхан наадлаа” гэж сэтгэл ханадаг юм. “Морь уралдуулах хообийтой” гэж цээжээ дэлдсэн пүүс компанийн эздийн дон морин уралдааны уламжлалт дэг, жаяг, агуулгыг уландаа гишгэсээр л.

Баячууд Монголын удам угшил сайтай сүрэгтэй айлд шинжээч дагуулж очин, аль л хурд шандастайг нь “сонжуулж” үнэ цохин худалдан авна. Тэгээд тусгай зассан саравч жүчээнд маллан, шимтэй тэжээл, үнэтэй аминдэмээр бордон, туршлагатай уяач хөлслөн сойж байгаа. Бас аль нэг аймаг, сумаас ядарсан айлын хүүхдийг “олж” цалинжуулан унуулна. Тэд мөнөөх морио өвөл, зунгүй олон наадамд уралдуулж, түрүүлүүлэх, айрагдуулах донтой. Өнөөгийн бодит дүр зураг гэвэл энэ.

“Өвөл морь уралдуулахаа болиоч ээ. Хүүхдүүд бэртэж гэмтээд, амь нь эрсдээд байна” гэж хүүхдийн эрхийг хамгаалагчид тэмцсээр л. Гэвч Монголын нөлөө бүхий улстөрч, баячууд багтдаг Монголын морин спорт уяачдын холбооныхон үл тоон, өвөл ч морь уралдуулсаар байна. Сүүлдээ хэрээс хэтрээд шөнө морь уралдуулж, “хүслээ хангадаг” болох нь. Уяачид, унаач хүүхдүүд л шийдвэр гаргаад шөнө уралдчихсан гэж эндүүрэв. Морины эзэд, холбооныхон л ийм шийдвэр гаргасанд эргэлзэх хэрэггүй. Энэлэх сэтгэл зүрхтэй наадамчин олон “Шөнө болчихно. Уралдуулж болохгүй шүү дээ” гэж хориглон орилолдох дүрс бичлэг нийгмийн сүлжээнд түгжээ. Гэвч донтнуудын хүслийг тэд дийлээгүй. Эцэст нь шийдвэр гаргасан хүмүүс бурууг тохох эзэн хайхдаа хүүхдийг хүртэл хамруулж байгаа нь гутамшиг.

Өөрийнхөө хүүхдийг “Хүүе хаая, өшиглүүлэв, хазуулав” гээд моринд ойртуулахгүй хэрнээ хөлсөлж авсан, хүний алаг үрийг “айлаа, тэвдлээ” гэж элдвээр хэлж, агсам морины нуруунд мордуулаад уралдааны замд гаргаж буй эзэнтэй таарч л байлаа. Уясан хүлэг нь яаж ч гуядаж шавхуурдаад түрүүлж ирсэн морийг хурд шандсаараа дийлэхгүй байхад олон км уралдаж, тоос шороонд дарагдаад ирсэн бяцхан хүүг “Ингэж уралдсангүй, тэгж гуядсангүй” гэж нүдийг нь бүлтгэнүүлэн загнах уяачийг хараад ой гутаж явлаа. Жинхэнэ монгол уяач хүлэг нь хамгийн хойно цогиод ирсэн ч “Миний хүү сайн яваад ирэв үү” гээд унаач хүүхдээ үнсдэг юм. Харин одоо яагаад ингэтлээ хүйтэн хахир болчихов оо. Уралдуулах донд чинь хүүхэд буруутан болох нь байтугай хохирч, бүр амиа алдаж байгааг ингэж үл тоосоор байх уу.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай