С.Баярцогт: Надад Швейцарийн холбооны улсад ямар нэгэн данс, компани байхгүй

УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан С.Баярцогт өөртэй нь холбоотой үүсээд буй асуудлаар Монгол Ньюс мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийж байна. Тодруулбал, түүнийг Швейцарийн дээд шүүхээс Рио Тинто корпорациас Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа авлига авч, мөнгө угаасан хэрэгт холбогдсон байж болзошгүй хэмээн үзэж тус улсын банкин дахь дансуудыг битүүмжилсэн. Үүнтэй холбоотойгоор АН-ын гишүүнчлэлээс хасах шийдвэрийг гаргасан байна.

Тэрбээр “Ройтерс агентлаг надтай холбоотой мэдээллийг англи хэл дээр гаргасныг олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд монголоор орчуулан хүргэсэн байсан. Үүнд үндэслэн АН тодорхой шийдвэр гарган, намаас хассан. Мөн монголын хамгийн том төсөл болох Оюутолгой төсөлтэй холбоотой асуудлууд яригдсан учраас мэдээлэл өгөх нь зүйтэй гэж үзлээ. Манай хууль хүчний байгууллагууд ч эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байгаа.

Би өөрийн улс төрийн карьер, нэр төрөөрөө дэнчин тавьж байж олон ажлыг Монгол Улсын төлөө зохицуулж байсан. 

Нэгдүгээрт, Оюутолгой бол 70-100 жилийн настай төсөл. Энэ төслийг хийсэн хүмүүсийг авилга, хээл хахууль авсан, Монголд ашиггүй төсөл, шалгах хэрэгтэй гэж олон жилийн өмнөөс хардаж ирсэн. Оюутолгой гэрээ байгуулагдаад, түүн дээр үндэслэсэн төсөл хэрэгжээд ес дэх жилийнхээ нүүрийг үзлээ. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын хууль хяналтын байгууллагууд Швейцарийн холбооны улсын Ерөнхий прокурорын газартай хамтран надад эрүүгийн хэрэг үүсгэн хоёр улс зэрэг шалгаж байгаад би хувьдаа маш их баяртай байгаа. Эцсийн дүндээ үнэн зөвийг олон сайхан боломж гэж харж байна.

Хоёрдугаарт, Оюутолгой төслийг Рио Тинтотой хийсэн хэлэлцээрийг гардаж удирдаж байсан хүний хувьд хардаж, сэрдэх зүйл үргэлж гардаг. 2009 онд төсөл дээр хамтарч ажилласан хүмүүс Монгол Улсынхаа төлөө чин сэтгэлээсээ чөмгөө дундартал зүтгэж байж гэрээг амжилттай байгуулсан. Сайн ч гэрээ болсон. Төгс төгөлдөр гэрээ гэж дэлхийн аль ч улсад байхгүй. Харин сайжруулахын тулд байнгын гэрээ, ажиллагаа явагдаж байгаа. 2011 онд хувь нийлүүлэгчдийн гэрээг мөн хийсэн. Хэлэлцээрийг удирдан явуулсан хүний хувьд монголын хүртэх өгөөжийг гурван тэрбум ам.доллараар сайжруулсан. Тус гэрээний өөрчлөлтөөр долоон жил тутамд хөрөнгө оруулагчийн хүүгийн хэмжээг харилцан ашигтай байхаар талууд хэлэлцэх ёстой заалтыг оруулсан. Одоогийн Засгийн газар хүүгээ дахин бууруулах, зохистой түвшинд барих талаар хэлэлцээр хийж байгаа.

Гуравдугаарт, миний хувьд Монгол Улсын хариуцлагатай, нэр хүндтэй албан тушаалуудыг олон удаа хашиж, хүнд хэцүү шийдвэрүүдийг гаргаж байсан. Өөрийгөө болон гэр бүлээ аваад явах хэмжээний оюун ухааны болон бизнесийн чадвартай. Хувь хүнд их хэмжээний мөнгө ерөөсөө хэрэггүй. Хардах эрх хүн бүрт бий гэсэн уриан дор улс төрийн өрсөлдөгчөө зайлуулах, эсвэл Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын тулгуур болсон энэ том төслийн нэр хүндийг гутаах, зогсоох, оролцогч талыг өөрчлөх гэсэн сонирхол гадны улс орон компаниудад үргэлж байдаг. 

Би ганцхан жишээ хэлье. 2009 оны аравдугаар сарын 6-нд Оюу Толгойн гэрээ зурагдсаны дараа 2010 оны мөн өдөр Станбулын ОУВС-гийн намрын уулзалтаар ОХУ-д Монгол өртэй гэдгийг албан ёсоор зарласан. Энэ мэт үзэгдлийг бид бодолцох хэрэгтэй. Бид хоёр том хөрштэй. Тийм ч учраас үндэсний эрх ашиг, тусгаар тогтнолын баталгаагаа цэрэг дайны аргаар баталгаажуулж чадахгүй. Иймд аливаа улс эдийн засаг, хөгжлийн аргаар тусгаар тогтнолоо баталгаажуулж байгаа. Манайх ч ийм үзэл баримтлалтай. Хоёр хөршөөс авах хөрөнгө оруулалт гадаад худалдааны эргэлт 30-30 хувь, нийлээд 60 хувь, үлдсэн 40 хувийг бусад улс орноос авч байх нь зүйтэй гэсэн үзэл баримтлалтай, хууль дүрэмтэй улс, бид. Оюутолгойн гэрээ бол гуравдагч (Канад, Англи, Австрали) хөрш орны хамгийн том хөрөнгө оруулалт байсан. Монгол Улс нэг ч төгрөг гаргахгүйгээр энэ бүтээн байгуулалтууд хийгдэж байгаа, төсөл эхэлсэн өдрөөс Оюуmолгой татвараа төлж байгаа. Маш их ажлын байр, хөрөнгө оруулалт, ноу-хау, менежментийн туршлага дагуулж ирсэн. Дэлхийн хоёрдугаарт ордог том компани Монголд ажиллаж байгаа бол бид ч энэ мэт аргаар бизнес эрхэлж болох нь гэсэн итгэл үнэмшлийг олон  хөрөнгө оруулагчдад төрүүлсэн. 

Иймд шууд мөнгөн дүнгээр үнэлж болохгүй ажлууд байгаа юм. Оюутолгойн гэрээг хийсэн хүмүүсийг авилга, хээль хахуульд холбогдүүлж, үүгээр далимдуулан гэрээг хүчингүй болгоод, нөгөө талын оролцогчийг оруулж ирэх сонирхол хэнд байж болох вэ. Бид цөөхүүлээ. Эвтэй байж, эдийн засгийн хувьд хүчирхэг байж тусгаар тогтнолоо баталгаажуулна. Эх оронч байна гэдэг бусад улстай найрсгаар зэрэгцэн оршиж, улс орноо хөгжүүлэхийг хэлж байгаа. Үүнд бид хувь нэмрээ оруулах ёстой. Би энэ дагуу л ажиллаж, Монголын төрд 20 гаруй жил ажилласан. Надтай холбоотой тендэр, авлигын нэг ч асуудал тавигдаж байгаагүй. Залуу гишүүн байсан учраас эмэгтэй хүнтэй л холбож бичиж байсан байх. Оюутолгойн гэрээг зурагдсанаас хойш энэ асуудлууд яригдаж эхэлсэн. Тийм учраас Монгол, Швейцарийн хуулийн байгууллагууд хамтарч ажиллаад энэ бүхэнд эцэс тавиасай. Би өөрийн улс төрийн карьер, нэр төрөөрөө дэнчин тавьж байж олон ажлыг Монголын төрийн төлөө зохицуулж байсан. Оюу Толгойн гэрээ дөрөв, таван Засгийн газар, гурван УИХ дамжаад байгуулж чадаагүй байсан. Төрийн ордны өмнөх бунханы асуудал, Чингисийн хөшөөг Сүхбаатарын талбайд байрлуулж, Сүхбаатар, Чойбалсан, Самбуу гуайн булшийг зөөж байхад миний хажууд нэг ч улс төрч байгаагүй. Хэн нэгэн хүн золиос гаргаж байж энэ улс хөгжинө. Байнга сонсогчдод таалагдахын тулд амьдарвал энэ улс хэзээ ч хөгжихгүй.

Одоо надад Швейцарьт ямар нэгэн компани, данс байхгүй.

"Ройтерс" агентлаг дэлхийд нэртэй хэвлэл мэдээллийн байгууллага. Гарсан мэдээг нь хүмүүс үнэн гэж хүлээж авдаг. Би ч тэр мэдээг уншсан. Гэхдээ мэдээлэл нь хэт субъектив дүгнэлттэй байсан. Үүн дотор бичигдсэн хоёр тоо үнэн байсан. Одоо үүнийг ялгаж салгаж ярья гэж бодож байна. 

Миний бие 2007 онд хөлөө хугалаад зургаан сар хэвтэрт байсан. Тэр үед би улс төргүйгээр өөр юу хийж чадах вэ гэж бодож байгаад мэргэжлийнхээ дагуу олон улсын хөрөнгийн зах зээл дээр хувьцааны бизнес хийж чадах юм байна гэж бодсон. Би өмнө нь үүнийг хийж чадах юм байна гээд 1996 онд ХБНГУ-аас төгсөж ирэхдээ 20 мянган доич маркийн төсөлтэй ирж байсан Монголын анхны оюутан болсон. Дараа нь 2001 онд Колумбын их сургуульд сурч байхдаа 70 гаруй мянган ам.долларын тэтгэлэг авч байсан. Бүгдийг нь би төсөл бичээд авч байсан. Ингээд өөрийн бизнест тулгуурлаад Монголын нэр бүхий бизнесменээс зээл аваад, 8.2 сая еврог Швейцарьт таван сард нээлгэсэн дансандаа байршуулсан. Нэг данс нь оффшортой холбоотой данс байсан. Харамсалтай нь 2008-2009 онд хямрал болж, зээл өгсөн байсан бизнесмэн бүх мөнгөө татаж авсан. Үлдэгдэл мөнгийг 2013 онд бүх данс, компани хаагдахад дуусгасан.  

Одоо надад Швейцарьт ямар нэгэн компани, данс байхгүй. Саяхан царцаагдсан данс бол харамсалтай нь надад тус болж өөрийнхөө данснаас миний мөнгийг шилжүүлж байсан монгол бизнесмэний данс. Тэр бол Монголын л мөнгө.  Тиймээс шалгалт дуусахаар энэ хүнд мөнгийг нь гаргаж өгөх байх. Ийм л зүйл болсон. Оюутолгойн гэрээнээс жилийн өмнө, хувь гишүүн байхдаа хийсэн бизнесийн асуудлыг хөндөж, холбож шууд уялдуулж байгаагаараа "Ройтерс"-ийн мэдээлэл маш учир дутагдалтай, субъектив, олон улсын агентлагийн нэр хүндийг унагаасан зүйл болсон. Яагаад гэвэл энэ мэдээлэл гарсны дараа Нью Йоркийн хөрөнгийн биржид Рио Тинтогийн хувьцаа унасан. Энэ хэний ашиг сонирхол вэ гэдгийг бодох хэрэгтэй. Тийм учраас ялгаж салгаж ойлгох хэрэгтэй" гэсэн юм.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

Илгээх

Энэ тухай