Баггүй, баринтаггүй хэлэлцүүлэг

"Бид бол Чингисийн монголчууд, дээд тэнгэрээс заяатай” хэмээн цээжээ дэлддэг XXI зууны монголчуудын бахархал, үнэт зүйл яг юу юм бэ. Ардчилсан, эрх чөлөөт нийгэмд хөл тавиад 28 жил болж буй бид чухам юу хүсэж мөрөөддөг, мөрөөдлийнхөө төлөө хэрхэн тэмцэж чаддаг ард түмэн юм бол. Монголчуудад нэгдмэл зорилго, алсын хараа байна уу. National identity буюу (үндэстний ижилсэл, үндэстний ондоошил, үндэсний өөрийншил гэх мэтчилэн янз бүрээр нэрлэдэг) монгол хүний бусдаас ялгарах онцлог юу вэ.

Эдгээр асуултад тодорхой хариулт олдохгүй байна уу. Учир нь өнгөрсөн 28 жилийн турш бид яг хэн юм бэ гэдгээ мэдэхгүй, ойд төөрсөн сармагчин шиг ийш тийш харайсаар өөрийгөө гээчихэж. Бид өөр үндэстэн, бусдын тухай ам уралдан ярьдаг атлаа өөрсдийнхөө сэтгэл зүрх, оюун тархин доторх сүйрэл, үгүйрэл хоосролыг анзаарахаа больжээ.

Эцэстээ ёс суртахууны доройтол хаа сайгүй газар авч, Монгол Улсын хөгжилд хамгийн том тээг садаа болж буйг эрдэмтэн мэргэд онцлох болов. Тиймээс “Өнөөдөр” сонин цаг хугацаа өнгөрөх тусам биднээс улам бүр алсарч буй үндэсний ижилсэл, онцлог хэмээх үнэт зүйлийн эрэлд гарч “Бид хэн бэ” цуврал эхлүүлсэн.

Өнгөрсөн хугацаанд манай цуврал нийтлэлийн талаар уншигчид утсаар болон цахим шуудан, нийгмийн сүлжээгээр санал бодол, байр сууриа илэрхийлж байв. Тиймээс энэ удаа бид unuudur.mn цахим хуудсаар уншигчдын ирүүлсэн санал, сэтгэгдлээс сийрүүлэн хүргэж байна.

Монголчууд бид байгаль экологийн сүйрэл, хүрээлэн буй орчны доройтлын тухай ам уралдан ярьж, ямар нэгэн аргаар улстөржүүлээд ч хамаагүй олны анхаарлын төвд авчрахыг хичээх болсон. Тэгсэн атлаа монгол хүний сэтгэл зүрх, оюун тархин доторх сүйрэл, үгүйрэл хоосролыг огт анзаардаггүй, анзаарсан ч энэ талаар дуугарахыг хүсдэггүй. Галзуурсан хүнд “Чи бол галзуу” гэж хэлж болдоггүй гэдэгт үнэн голоосоо итгэн, эмээдэг жаахан хүүхэд шиг гэмээр ч юм уу.

Үнэнч шударга, даруу төлөв, хүнлэг энэрэнгүй, тусч өгөөмөр, нинжин зөөлөн сэтгэлтэй байх гэх мэт ёс суртахууны наад захын хэм хэмжүүрийг дагадаггүй улстөрчид өөрсдөө хэн болчихоод ард түмнээ “Та нар ёс суртахуунгүй болоод байна” гэж өөнтөглөх ч юм билээ дээ. Нөгөөтэйгүүр, ёс суртахууны ялзрал, тархины тураал, хүний мөс чанарын элэгдэл нь байгаль орчны доройтол, сүйрэл шиг нүдэнд харагдаж, гарт тэмтрэгдэхгүй учраас “Энэ алдаатай бодлого шийдвэрийг ингэж засаж залруулав. Ийм үр дүнд хүрлээ” хэмээн сонгогчдоосоо оноо авах хугацаа ч байдаггүй.

Мөнгө, эрх мэдэл, албан тушаалын өмнө өдөр өдрөөр бөхийж буй монгол хүний үнэ цэнэ, итгэл үнэмшил хийгээд ёс суртахууны асуудал нь сонгуулиас сонгуулийн хооронд хялбархан шийдчих зүйл биш билээ. Тиймээс бид өөрсдөө хичээн, төр, засагтаа хэлэхээ ч хэлж, зөв шаардлага тавьж байхгүй бол сүх далайтал үхэр амар гэдэг шиг зүв зүгээр суусаар “төхөөрүүлэх” цаг ирэх вий.

“Жаргалтай тэнэгүүд”

Зочин: -Уг нь санаа нь зөв юм. Гэхдээ XXI зуунд нүүдэлчний ёс заншил бидэнд болон хүүхдүүдэд минь хэрэггүй ээ. Хүн хүнээ хүндэтгэх, хамтран иргэнших, хүний ёс болон суурин иргэншилд суралцах хэрэгтэй байна.

Зочин: -Ухаан биш ухамсрыг, боловсрол биш хүмүүжил төлөвшлийг илүүд үзэх цаг ирж байна шүү. Энэ бүхэн биднийг жинхэнэ утгаар нь иргэншил рүү хөтөлнө.

Зочин: -Санал нэг байна. Ёс суртахуун, гоо зүйн анхан шатны мэдлэг олгох хичээлүүдийг заах нь зайлшгүй чухал гэж боддог. Энэ мөчөөс л эхлэх учиртай.

Зочин: -“Хүнээс энэ хүн хэр зэрэг вэ” гэж монголчууд нэгнээсээ асуудаг нь жирийн хэрэг яавч биш билээ. Хүний мөс чанар, жудаг ямар вэ гэдэг нь хамгийн том шалгуур байх ёстой. Бага ангиас нь сургуулийн хүүхдүүдэд философи, ёс суртахуунтай холбоотой хичээл заах хэрэгтэй.

001: -Их зөв сэдэв хөндсөн байна. Ухаалаг, боловсролтой гэгдэх томчууд нь “Хүлээцтэй хандаж байна” гэж суусаар бүхнийг өөгшүүлчихсэн.

tumurchudur: -Л.Нямаа багшийн минь “Хүүхдэд хайртай хүнийг багш болгох хэрэгтэй, ядаж тэдний ирээдүйд санаа зовинож байдаг” гэсэн үгэнд үнэхээр мундаг философи агуулагддаг. Хэлбэр хөөсөн, даргад таалагдах гэсэн, сэтгэлийн хөөрөлд автсан, өөрийгөө агуу гэж бодсон хоосон толгойтой, сэтгэлгүй, ёс суртахуунгүй багш нэртэй цөөнгүй “бэртэгчин” ажил явуулахад гай болж байгаа нь үнэн шүү. Гүйх нохойд гүйхгүй нохой саад гэгчийн үлгэр болсоор байна даа...

“Монголчуудын ёс суртахууны “халууны шил” ажиллахаа болих нь”

Зочин: -Монголчууд харин ч их ёс суртахуунтай, өндөр соёлтой ард түмэн. Харин төрийн бохир байдал бидэнд маш муугаар нөлөөлж байна. Хамгийн гол буруутан нь төрд байгаа этгээдүүд, тэдний шунал.

zochin: -Ёс зүйн шинжлэх ухааны талаар судалгаа хийдэг хүмүүс нь илүү сайн ажиллах хэрэгтэй дээ.

Zochin: -Сайхан нийтлэл байна. Хамгийн их таалагдсан зүйл нь “Монголчууд хэзээ дэлхийн иргэн болох вэ, бидний бусдаас ялгарах ондоошил яг юу вэ” гэдэг өнцөг. Өнөө цагт иймэрхүү сэдвийг сонин, сэтгүүл бүр хэвлэн нийтэлж байгаасай. Хүний өмссөн, зүүснийг ярьж, хэрүүл хийж суухаар ийм зүйл уншиж сураасай.

suragchdad, tsetserlegiin huuh­duuded bish: -Увайгүй, ичгүүргүй, хүүхэд дарамталдаг, хүүхдээр нь барьцаалж эцэг, эхчүүдийг шантаажилдаг, авлигад түлхдэг боловсрол, хүмүүжил дорой багш нарыг өөрсдийг нь эхлээд сайн сургах хэрэгтэй.

лхагва: -Баяр хүргэе. Маш зөв сэдэв хөндөж, чухал асуудал дэвшүүлжээ. 1989 оны үед “Сургууль бол боловсрол олгодог газар болохоос хүмүүжлийн байгууллага биш” гэдэг концепц дэвшүүлж, явцууруулах шийдвэр гаргасан. Санал боловсруулж оруулсан тэр үеийн нөхдийг олж шийтгэн, олон түмэнд жигшүүлэх хэрэгтэй. Энэ нь хүний мууг үзэж байгаадаа бус, хойшид нийгэм олон түмэнд хор хөнөөлтэй шийдвэрийг санаатай, санамсаргүй гаргахаас сэргийлнэ.

Манайд буруутны толгойг илсээр байгаад буруу зөрүү зүйлд нүд, сэтгэл санаа дасаад бүх нийтээрээ ёс суртахуунгүй болж, яваандаа харин ч үнэнч шударга нэгнээ ад үздэг болох нь. Одоо манайхны хүсэл, шунал маш их болж. Урд, хойд хөршөө мал махаар хангаад, ашигт малтмалаа дэлхийд гаргана гэж донгосох юм.

Чадал чансааныхаа хэрээр мал мах, ногоо цагаа, ноос, ноолуураа сайхан боловсруулаад, хүний хэрэгцээ хангахаар болгосны дараа гадагш нь гаргаад, валютын нөөцөө нэмэхэд л болоо ш дээ. Адууныхаа хэрээр исгэрэх хэрэгтэй.

“Ж.БАТСУУРЬ: Монголын нийгэмд сэтгэцийн тэнцвэр алдагдаад байна”

Зочин: -Зөв. Хүнээ чадавхжуулах хэрэгтэй гэдэгтэй санал нийлж байна. Боловсролын буруу хазгай, дутуу дулимаг тогтолцоог халж, өөрчлөх хэрэгтэй. Монгол хүн гэж ямар үзэл бодолтой, ямар хүсэл зорилготой, ямар хүмүүжил төлөвшилтэй, ямар хандлагатай хүн байхыг тодорхойлж, түүнийгээ ясли, цэцэрлэг, бага, дунд, ахлах ангийн хүүхдүүдэд хэрхэн зааж сургах тухай “Төрийн цөм бодлого” хэрэгтэй байна.

Одоо хар л даа, эх хэл, соёл, түүхээ мэдэхгүй байж Холливудын хов живийг ба бэ-гүй мэддэг охид, улс орны эрх ашгийг умартаад зөвхөн өөрийн амь амьдралаа л хичээгсэд, ажиллуулъя гэхээр янз бүрийн шалтгаанаар ажил таслаад сурчихсан, амрах дуртай, хариуцлага гээчийг мэдрэхгүй өссөн “гарууд”, худал мэдэмхийрэхээс өөр чадах юмгүй их мэдэгчид, архичдаар энэ улс дүүрчээ. Чадалтай хүний нөөц аль ч салбарт дутагдаж байна.

Зочин: -Сэтгэцийн тэнцвэрсээд байх юу байх вэ дээ. Шат шатанд асуудлаа шийдэхгүй байхад хүн болгон бухимдах, улс орны байдалд санаа зовох юм байна шүү дээ. Та одоо доктор байж юун шашин яриад унав аа. Ямар ч шашин бурхан ярьсан бүгд шинжлэх ухааны факт дээр л тулгуурлан батлагдаж байж үнэмшилтэй байх учиртай. Агаарт солонго татсан гээд хэнд ч хэрэг болдоггүй.

Самбуу: -Бурхны шашныг хамгийн шинжлэх ухаанч шашин гэдэг шүү дээ. Тэгээд ч хүн төрөлхтний эртний түүх гээд Грек, Ромын түүхээс бид сургуульдаа заадаг биз дээ. Тэгвэл бурхны шашин 2500 жилийн тэртээгээс хүн төрөлхтний түүхтэй холбоотой байх аа.

Монголын хөгжил буюу “барианы зурхай”-гүй уралдаан”

зочин: -Ёс суртахууны доройтол хөгжлийг гацаахад хүрч байгаа нь үнэн. Дарга, цэрэггүй доод шатнаасаа дээд шат хүртлээ худлаа, ярьж хууран мэхлэх ажлыг секунд, минут тутамд хийгээд сууж байна. Залуучуудын маань үг, үйлдэл бүр зэрлэгшиж гүйцлээ. Нэг нэгнийгээ чадах гэсэн хорон муу санааг цаг тутамд бодож олоод, өнөөхөө гүйцэлдүүлж бах таваа хангаж байна. Үүнийгээ “сэргэлэн зан” гэж аялгуулан магтах юм. Хэцүү, цөвүүн цаг нэгэнт ирсэн байна шү

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай