Б.Билгүйтэй: Зорьж, зүтгэж, тэмцэж байж санасандаа хүртэл амьдарна

"Залуус” буландаа дижитал маркетер, загвар өмсөгч, жүжигчин Б.Билгүйтэйг урилаа. Тэрбээр Тайландад төвтэй АНУ-ын “Medical departures” компанид дижитал маркетераар ажиллахын сацуу загварын ертөнцөд хүч үзэж буй. 2010 оноос хойш өнөөг хүртэл Тайланд болон Азийн зарим орны 250 орчим загварын шоунд ажиллаж, BMW, “Toyota”, “Yamaha” зэрэг томоохон брэндийн нүүр царай болж байжээ.

Тэрбээр БНСУ-ын “J and B” фильмийн “Хар бороо” киноны гол дүрд тоглосон бөгөөд эл бүтээлийг өнөөдрөөс Монголын үзэгчдэд хүргэх юм.

-БНСУ-ын “J and B” фильмийн “Хар бороо” уран сайхны кинонд хэрхэн тоглох болов?

-Тус киноны найруулагч Жан Юкён өмнө нь Монголын уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байсан юм билээ. Эл бүтээлийнхээ гол дүрд монгол жүжигчин тоглуулахаар шийдэн, нэлээд удаан хайж, шалгаруулалт хийсэн гэсэн. Хайж явсан дүрд нь миний төрх тохирч, мөн гадаадад ажилладаг, гаднын хүмүүстэй ажиллаж сурсан учраас боломжтой гэж үзсэн юм билээ. Миний сэтгэлийн мухарт “Кинонд тоглож үзэх сэн” гэсэн нууцхан мөрөөдөл байдаг юм. Энэ мөрөөдлөө биелүүлсэндээ их олзуурхаж байгаа.

-Өмнө нь бүрэн хэмжээний кинонд тоглож байсан уу?

-Тайланд, Малайз гэх зэрэг оронд 20 гаруй реклам, цөөн тооны клипэнд тоглож байсан болохоос кинонд ажиллаж байгаагүй. Загвар өмсөгчид кинонд тоглох нь ховор шүү дээ.

-Мэргэжлийн бус хүн, тэр дундаа гадаад найруулагчийн бүтээлд тоглох хэцүү байв уу?

-Анх энэ саналыг хүлээж авахдаа ч эргэлзээгүй. Харин ч сонирхолтой санагдсан. Энэ дүрд тоглохын тулд нэлээд олон чадвараа харуулах боломжтой мэт санагдсан. Киноны тулаант хэсэгт тоглох, наад зах нь гадаад хэлээр ярих гэхчилэн.

-Тус кинонд солонгосоор ярьж тоглосон байсан. Та хэдэн орны хэлээр ярьдаг вэ?

-Төрөлх монгол хэлээсээ гадна тай, англиар ярьдаг. “Хар бороо” кинонд солонгосоор ярьж тоглосон. Энэ хэлийг үргэлжлүүлэн сурч байгаа.

-Киноны зургийг хаана, хаана авахуулав. Хэр удаан үргэлжилсэн бэ?

-Зургийг БНСУ-д хоёр сар гаруйн хугацаанд авсан.

-Эл кинонд ямар дүрд тоглосон юм бэ. Амьдрал дээрх тантай хэр ойр байв?

-Солонгосын бизнесийн салбарт ажиллаж байгаа монгол залуугийн амьдралыг харуулсан адал явдалт төрлийн кино. Орчин үед монгол хүмүүс гадаадад хэрхэн амьдарч, хэрхэн тэмцэж байгаа тухай өгүүлсэн, маш шинэлэг зохиолтой.

Хувь хүн Билгүйтэйтэй төстэй зүйл их олон. Гадаадад амьдрахаар зүтгэж буй байдал, зан чанарын хувьд ч төстэй.

-Та ямар зан чанартай хүн бэ?

-Би өөрийгөө аливаад тууштай ханддаг гэж боддог. Эхэлсэн ажлаа чанартай гүйцэтгэж байж санаа амардаг юм. Мөн алхам тутамдаа шинэ зүйл туршиж, суралцаж байхыг эрмэлздэг, сониуч зантай. Гэхдээ надаас илүү ойр дотнынхон минь л намайг илүү тодорхойлох байх.

-Адал явдалт кино учраас тулаан, зодооны олон хэсэгтэй байх. Таныг орлон тоглогч ашиглалгүй бүгдэд нь өөрөө тоглосон гэж сонссон. Тулааны урлагаар хичээллэж байсан юм уу?

-Тулааны хэсэг олонтой. Нэгэнт тоглож байгаа л бол өөрөөсөө гарч болох бүх л нөөц бололцоог ашиглахыг хүссэн юм. Мэргэжлийн хүн биш учраас нэг хэсгийн зургийг олон дахин авахуулж найруулагчдаа аашлуулах ч энүүхэнд. Зураг авахуулах явцдаа хөнгөн бэртэх үе ч байлаа.

-Спортод элэгтэй юү?

-Би усан спортын улсын шигшээ багийн тамирчин байсан.

-Та загварын ертөнцөд хэрхэн хөл тавьсан юм бэ?

-2009 онд Тайланд улсын Бангкокийн их сургуульд суралцахаар очсон юм. Оюутан хүнд мөнгөний асуудал их гарна. Ядаж л ээж, ааваасаа мөнгө авахаа больчих юм сан, ажил хийгээд сургалтын төлбөрөө төлчих сөн гэж их бодно. Тайландад БНСУ, АНУ шиг хар ажил хийж мөнгө олох боломж хомс. Анхандаа ажил хайхаар хэлний бэрхшээлээс болоод тэнцдэггүй байлаа. Харин хамт сурч байсан хүүхдүүд намайг “Чи загвар өмсөөд үз. Чадна” гэж урам өгсөн юм. Ингээд л 2010 оноос оролдож эхэлсэн дээ.

-Агентлагуудад өөрийгөө харуулах, ажлын санал авахад амаргүй байв уу. Танаас өөр монгол загвар өмсөгч тэнд бий юү. Гадаадын загвар өмсөгч тэнд ажиллахад хэр өндөр шалгуур тавьдаг вэ?

-Зах зээл нь маш том. Тэр хэрээр загварын чиглэлээр ажлын олдоц ихтэй. Гадаад загвар өмсөгч ч олон. Гол нь тэднээс ялгарч, ур чадвараа харуулах нь чухал. Өрсөлдөж байж л амжилтад хүрнэ. 2015 онд BMW компанийн сурталчилгаанд хэдэн зуун хүнтэй өрсөлдөж, ганцаараа эрэгтэй загвар өмсөгчөөр сонгогдсон.

Анхандаа нэг шоунд оролцох юм сан, томоохон агентлагтай гэрээ хийх сэн гэж мөрөөддөг байлаа. Одоо миний зурагтай сурталчилгаа Бангкокийн “Central world” их дэлгүүр, BTS гэж галт тэрэгний буудал дээр байдаг юм. 70 сая хүнтэй улсын нийслэл дэх хамгийн том, төвийн барилгад зургаа харах ямар гоё гээч.

-Азийн олон оронд загвар өмсчээ. Одоо ямар нэг агентлагт харьяалагдаж байна уу?

-Хамгийн анх Тайландын “Пон” гэж агентлагт ажилладаг байлаа. Чансаагаараа эхний тавд багтдаг “Фэйм”-д ажиллаж ч үзсэн. Одоо хаа нэг газар харьяалагддаггүй. Тэр нь амар байдаг юм.

-Мэргэжлээрээ ажиллахын хажуугаар загвар өмссөөр байгаа. Ажлаа хэрхэн амжуулдаг вэ?

-Хүн завгүй байх тусмаа л олон ажил амжуулдаг шүү дээ. Мэргэжлээрээ ажиллаад таван жил болж байна. Манай “Medical departures” компани Азийн 10 гаруй орон, Латин Америкийн 10-аад орны эмнэлгүүдтэй гэрээ байгуулж, эрүүл мэндийн аялал жуулчлалыг дэмжих цахим маркетинг хийдэг юм.

Мөн Тайландын “Origin property” хэмээх үл хөдлөх хөрөнгийн топ таван компанийн нэгээс маркетингийн ажил авч хийж байгаа. Өдрийн ажлаа нарийн төлөвлөж, тэр дагуу ажилладаг учраас яаж ийгээд амжуулчихдаг л юм.

-Өөртөө чөлөөт цаг гаргаж чаддаг уу. Тэр үедээ юу хийх дуртай вэ?

-Кино үзэх дуртай. Компьютерийн чиглэлийн, мэргэжлийн юмнуудаа цаг алдалгүй уншиж суралцдаг. Гэхдээ зав гарах нь их ховор доо. Санаагаар болдог бол хүссэн киногоо үзээд, ном уншаад тааваараа суумаар санагддаг юм.

-“Хар бороо” кинонд тоглох үедээ дэлгэцийн урлагт хэр дурлав. Дахин кинонд тоглуулах санал ирвэл хүлээж авах уу?

-Халгах зүйл алга. Тухайн киноны зохиол таалагдвал татгалзахгүй. Гэхдээ өөрийгөө хөгжүүлж, сурах зүйл их байгааг “Хар бороо” кинонд тоглох үеэрээ мэдэрсэн.

-Нээрэн, 2012 онд “Manhunt international” уралдаанд эх орноо төлөөлөн амжилттай оролцож байсан санагдана. Түүнээс хойш дахин энэ төрлийн уралдаанд оролцсон уу?

-Сайхан залуу шалгаруулах эл уралдаанд 53 улсын залуустай мөр зэрэгцэн Монгол Улсаа төлөөлөн амжилттай оролцож байлаа. Түүнээс хойш оролцоогүй.

-Таны хамгийн том зорилго юу вэ?

-Зорьсон, түүндээ хүрэхээр зүтгэж буй зүйлс байлгүй яах вэ. Гэхдээ дэлгэмээргүй байна. Зорилгодоо хүрсэн үедээ ярьж болох юм. Би аливааг хийж дуусгаагүй, бүтээгээгүй байж ярих дургүй.

-Хүний нутагт амьдраад нэлээд хэдэн жил болжээ. Эх орноосоо хол байхад хүн хэрхэн өөрчлөгддөг вэ?

-Би ШУТИС-д сурч байсан юм. Хоёрдугаар дамжаанд байхад Тайландад сурах боломж олдоод тийшээ явсан. Гадаадад сурч, амьдрах хугацаандаа хүн хөдөлмөрлөх ёстой гэдгийг л их ойлголоо. Зорьж, зүтгэж, тэмцэж байж санасандаа хүртэл амьдарна.

Арваад жил харь оронд амьдарчээ. Хэчнээн таатай, тухтай нөхцөлд амьдарсан ч эх орон шиг минь санагдахгүй шүү дээ. Нэг л өөр.

-Киноныхоо нээлтэд оролцохоор түр ирсэн гэсэн. Хэзээ бүр ирэх вэ?

-Гурван жилийн дараа ирнэ. Тэр болтол одоогийн эрхэлж буй ажлаа нэлээд ахиулах шаардлагатай. Мөн ААS гар утасны оператор компанитай хоёр жилийн хугацаатай хамтран ажиллахаар ярилцаж байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай