Олимпизм бие бялдрын болзолт уралдаан энэ сард дөрвөн аймагт хэрэгжээд байна

Олимпизм бие бялдрын болзолт уралдаан энэ сард дөрвөн аймагт хэрэгжээд байна

Монголын үндэсний олимпын хороо, Монголын үндэсний олимпын академиас хамтран “Олимпизм ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт болзолт уралдааныг өнгөрсөн оны 11-р сард Монгол улсын нийт Ерөнхий боловсролын сургуулиудын дунд зарласан билээ.

Уг болзолт уралдаан нь ЕБС-иудад үйл ажиллагаа явуулж буй нийт 700 гаруй Олимпын танхимуудын үйл ажиллагааг идэвхжүүлж олон нийтэд Олимпизмийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх зорилготой.

Болзолт уралдааныг аймаг, дүүргүүдийн салбар зохион байгуулах хороод болон сургууль тус бүр тусгай төлөвлөгөө гарган амжилттай зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ сард дараах дөрвөн аймагт хэрэгжээд байна. 

ДОРНОГОВЬ АЙМАГТ

Өнгөрсөн оны 11 дүгээр сараас эхлэн Дорноговь аймгийн Болзолт уралдаан зохион байгуулах хорооноос аймгийн хэмжээнд "Хүүхэд бүрийг бөмбөгтэй болгох аян" өрнүүлж байгаа бөгөөд Ерөнхий боловсролын 3 дугаар сургууль биеийн тамирын хэрэгсэл, материаллаг баазаа бэхжүүлэн ажиллаж байна. 

Тус сургуулиас багш, сурагчид төдийгүй эцэг эхчүүдийн дунд спортын тэмцээн, уралдаануудыг амжилттай зохион байгуулж байгаагаас 03 дугаар сарын 07-ны өдөр 100 гаруй эцэг эхчүүдийг хамруулж шатар, даамны тэмцээнийг өрнүүлэв. Мөн спортын 11 төрлөөр 800 гаруй сурагчид, 260 гаруй эцэг эхчүүдийг хамруулсан Дорноговь аймгийн Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн "Бага олимп"-ийн наадмыг зохион байгуулж дүнгээ гаргав.

ХӨВСГӨЛ АЙМАГТ

Хөвсгөл аймгийн Болзолт уралдаан зохион байгуулах хорооноос Биеийн тамир, эрүүл мэндийн хичээлийн сургалтын чанарын ахиц, амжилтыг тооцож, хүүхэд, өсвөр үеийнхэнд Олимпизмийн үзэл санааг түгээх зорилгоор нийт Ерөнхий боловсролын сургуулийн 5, 9 дүгээр ангийн сурагчдын дунд олимпиад өрнүүлж байна.

"Олимпизм ба бие бялдрын хүмүүжил" сэдэвт болзолт уралдааны хүрээнд Хөвсгөл аймгийн Ерөнхий боловсролын сургуулиуд "Шатарчин" болох хөдөлгөөн өрнүүлж байгаа бөгөөд сургууль бүр судалгаа явуулж хүүхэд, залууст шатар тоглох арга зүйд сургаж байна. Энэ оны Аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг Болзолт уралдаан зохион байгуулах хорооноос нээлттэй хийж 25 байгууллагын 560 гаруй тамирчид оролцож оюун ухаанаа уралдуулав.

Хөвсгөл аймгийн "Сод Эрдэм" цогцолбор сургууль нь болзолт уралдааны хүрээнд 39 ажил төлөвлөж "Содон" олимпийн танхимыг шинээр байгуулан олон нийтэд Олимпизмийн үзэл санааг сурталчлан таниулах ажлуудыг өрнүүлж байна. Тус олимпийн танхимын арга зүйч багш Ч.Нямсүрэн "Авьяас 1%,Хичээл зүтгэл 99%" гарын авлагыг бүтээж сурагчдад хүртээл болгов. 

ОРХОН АЙМАГТ

Орхон аймгийн болзолт уралдаан зохион байгуулах хорооноос нийт Ерөнхий боловсролын сургуулиудын дунд Олимпийн бамбарын аяныг зохион байгуулж байгаа билээ. 3  дугаар сарын 14-ний өдөр Орхон аймаг дахь Олимпийн бамбарын аян Спортын төрөлжсөн сургалттай "Ирээдүйн одод" сургуулиас амжилттай эхэллээ.

СҮХБААТАР АЙМАГТ

"Олимпизм ба бие бялдрын хүмүүжил" сэдэвт болзолт уралдааны хүрээнд Сүхбаатар аймгийн сумдын аварга шалгаруулах спортын анхдугаар "Бага Олимп"-ийн бамбар Шилийн богд уулын энгэрт 2 дугаар сарын 28-ны өдөр бадамласан билээ.

Уг бамбарыг Сүхбаатар аймгийн Болзолт уралдаан зохион байгуулах хорооноос 13 сумдаар буухиалан аялуулж, Олимпийн боловсрол, Олимпизмийн үзэл санааг олон нийтэд сурталчлах олон талт арга хэмжээг төлөвлөгөөний дагуу зохион байгуулж байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай