“ТЭЦ-III”-ын боулингчид “Холбооны цом” өргөлөө

Монголын боулингийн сонирхогчдын холбооны 2018 оны Холбооны цомын аварга шалгаруулах тэмцээн уржигдар “Биг боулинг” төвд болов. Өнгөрсөн жилийн “Сity cup”, “Big bowling friendship” тэмцээний шилдэг наймд шалгарсан багууд өрсөлдсөнөөрөө онцлог тус тэмцээнд 2018 оны сонирхогчдын УАШТ-д өндөр амжилт гаргасан шинэ тамирчдыг лигийн багуудад хуваан өрсөлдүүлсэн нь тэмцээнийг улам сонирхолтой, өрсөлдөөнтэй болгосон юм.

Ес дэх удаагийн Холбооны цомд 16 багийн 100-гаад тамирчин өрсөлдсөнөөс С.Хандаа ахлагчтай “ТЭЦ-III” ТӨХК-ийн баг түрүүлж, Ц.Молор ахлагчтай баг, Г.Магсаржалам ахлагтай УБЦТС ТӨХК-ийн боулингчид мөнгө, хүрэл медаль хүртжээ.  Хүрэл медалийн төлөөх тоглолт хурц ширүүн, өрсөлдөөнтэй, өгөө аваатай өрнөж, “УБЦТС”-ний  багийн ахлагч Г.Магсаржалам хашир туршлага, сэтгэлзүйн бэлтгэлээр илүү гэдгээ харуулж аравдугаар үед гурав дараалан страйк хийснээр багаа хожилд хөтөлсөн юм. Тэд өнгөрсөн жил Холбооны цомоос мөнгөн медаль хүртсэн билээ.

Тэмцээний шилдэг буюу өндөр оноо эзнээр эрэгтэйчүүдээс ТЭЦ-3” ТӨХК-ийн тамирчин Ё.Цогтбаяр 227, эмэгтэйчүүдээс “Strikes” клуб, УБЦТС Төрийн өмчит хувьцаат компанийн тамирчин П.Уранчимэг 193 оноогоор шалгарлаа. Эрэгтэйчүүдийн шилдгийн төлөөх тоглолт тун өрсөлдөөнтэй өрнөж, Ё.Цогтбаяр, “IT Zone”-ын Ц.Оюунжаргал нар оноо тэнцэн, хайнаа хагалан, ялагчаа тодруулсан юм.

Тэмцээний медальтнуудын шагналыг МБСХолбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амьбөх, “Биг-энтертайнмент” ХХК-ийн ерөнхий захирал, Монголын боулинг сонирхогчдын холбооны Тэргүүлэгч гишүүн Ц.Ариунаа нар гардуулав.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай