“Оюутолгой” татварын маргаан шийдвэрлэх хүсэлтээ Засгийн газарт хүргүүлжээ

“Оюутолгой”-н 66 хувийг эзэмшдэг “Turquoise hill re­sources” компани 2017 оны санхүү, үйл ажиллагааны тайлангаа танилцуулав. Энэ хугацаанд Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтад 835.7 сая ам.доллар зарцуулсныг дурджээ. “Оюутолгой” компани өнгөрсөн жил 939.8 сая ам.долларын орлоготой ажилласан нь 2016 онд 1.2 тэрбум байснаас 21.9 хувиар багассан үзүүлэлт бөгөөд зэс, алтны агууламж буурсан нь үүнд нөлөөлсөн гэнэ. Тус компани энэ онд 125-155 мянган тонн баяжмал дахь зэс, 240-280 мянган унци баяжмал дахь алт олборлох төлөвтэй байгаа юм.

Татварын ерөнхий газар “Оюутолгой” компанид өнгөрсөн нэгдүгээр сард 155 орчим сая ам.долларын татварын акт тавьсан тухай “Turquoise hill resources” цахим хуудсандаа мэдээлснийг бид өмнө нь дамжуулсан. Тэр үед “Оюутолгой”-н 2013-2015 онд төлсөн татварт аудит хийсэнтэй энэ нь холбоотой гэснийг мэдэгдэж байв. Тэгвэл 2009 онд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд татварын акттай холбоотой маргааныг шийдвэрлэх хүсэлтээ Монгол Улсын Засгийн газарт энэ сарын 15-нд хүргүүлснээ дээрх тайланд бичжээ.

Маргаан үүсвэл аль нэг тал нь хүсэлт гаргаснаас хойш ажлын 60 хоногт шийдвэрлэнэ гэж уг гэрээнд заасан байдаг аж. Хэрэв ийм хугацаанд тохиролцож чадахгүй бол Олон улсын арбитрын шүүхээр шийдвэрлүүлэхээр тусгасан байдаг гэнэ. “Оюутолгой”-н зүгээс Монгол Улсын хууль болон хөрөнгө оруулалтын гэрээний дагуу татвараа төлсөн хэмээн мэдэгджээ.

Эргэн сануулахад, 2014 онд “Оюутолгой” төслийн нэгдүгээр шатны бүтээн байгуулалтын явцад 130 сая ам.долларын татвар дутуу төлсөн тул акт тавьсан тухай мэдээлэл цацагдаж байв. Талууд хэлэлцээд дээрх тоог 30 сая болгосон тухай бид тухайн үед нь уламжилсан билээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай