Өрөө өөрөөр хар

Эдийн засаг дахиад муудах нь, тэр нь цаашлаад өрийн хямралд хүргэх вий гэсэн айдас монголчуудын цусанд шингэв. Хямралын шуурганд нэрвэгдэн, олдог хэд нь багасаж, идэх уух, өмсөх зүүх, явах суухаа танаж хаширсан монголчууд түүхий эдийнх нь ханш бүү унаасай гэж залбирах нь холгүй болжээ. Зэс, алт, нүүрсний үнэ хямдрахаар эдийн засаг нь хямардаг, өсөхөөр сэргэдэг “чөтгөрийн тойрог”-т монголчууд амьдарсаар л байгаа учраас тэр. Эдийн засагчид “Түүхий эдийн үнэ өсөх, буурах мөчлөгийг сөрсөн бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй” гэж эцэж цуцталаа хашхирлаа. Гэвч улстөрчид тэдний үгийг ухаарч ойлгож байгаа дүр эсгэвч үйлдлээрээ үл хэрэгсэнэ. Үнийн мөчлөгийг сөрсөн бодлого хэрэгжүүлсэн бол улстөрчид ядаж л төсвийг алдагдалтай батлахгүй, “бүсээ чангалах” байв.

Гэтэл тэд хэдэн жил дараалан их наяд төгрөгийн алдагдалтай төсөв баталлаа. Үүгээр барахгүй өрх толгойлсон аав, хүүхдээ харж буй ээжид гэх мэтчилэн хүн амыг бүлэглэсэн халамжийн шинэ хөтөлбөрүүд санаачилж, төсвийн зардлыг нэмсээр байна. Ард иргэдэд ажил хийж буйгаа харуулах зорилгоор баталсан халамжийн хөтөлбөрүүд, хэтэрсэн зардлаа нөхөхийн тулд тэд хаа нэгтээгээс санхүүжилт татах нь ойлгомжтой. УИХ үлэмж алдагдалтай баталсан төсвийг санхүүжүүлэхээр зээл “гуйсаар” Засгийн газрын гадаад, дотоод өр талийв.

Олон жилийн хур өр өнөөдөр дотоодын нийт бүтээгдэхүүнээс илүү гарахдаа тулжээ. Засгийн газар дотоодын зах зээлд 4.2 их наяд төгрөгийн өртэй. Гадаад зах зээлээс 7.3 тэрбум ам.долларын зээл авсан. Үүнийг нь өнөөгийн ханшаар төгрөгт хөрвүүлбэл 17.4 их наяд төгрөгт хүрчээ. Тэгэхээр Засгийн газар нийтдээ 22 орчим их наяд төгрөгийн өр тавьсан гэсэн үг. 2017 оны үнээр манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 27.2 их наяд төгрөгт хүрснийг Үндэсний статистикийн хорооноос тооцон гаргасан. Засгийн газрын өр дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээнээс таван их наяд төгрөгөөр бага байгаа нь үнэн. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ч дээрх тоонд үндэслэн, Засгийн газрын өр дотоодын нийт бүтээгдэхүүний 74.4 хувьтай тэнцэж байгаа гэсэн мэдээллийг танилцуулж буй.

Засгийн газрын өр дээр Монголбанкныхыг нэмж тооцвол өөр дүр зураг гарна. Төвбанк өнгөрсөн оны эцэс гэхэд БНХАУ-ын Ардын банкнаас хоёр тэрбум ам.доллартой тэнцэх юань зээлчихээд байгаа. Энэ нь ойролцоогоор 4.7 их наяд төгрөг юм. Үүнийг Засгийн газрынхтай нийлүүлбэл Монголын төрийн өр 27 их наяд төгрөгт хүрч, бараг дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээтэй дүйх нь. Олон улсад Төвбанкныхаа өрийг Засгийн газрынх гэж үздэг жишиг бий. Ингэх нь ч зүйд нийцнэ.

Төвбанк өрөө төлөхгүй бол Засгийн газар л барагдуулж таарах учраас тэр. Мөн төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн өрийг ч Засгийн газарт “хаяглах” учиртай юм санж. Хувьцааг нь эзэмшдэг компани өрөө төлөхгүй бол Засгийн газар өмнөөс нь хариуцлага хүлээх нь дамжиггүй. Төрийн өмчит 90 орчим компани гадаад, дотоодод хэдэн төгрөгийн өр тавьсныг “илрүүлсэн” мэдээлэл алга. Хэрэв тэдний авсан зээлийг нэмбэл Засгийн газрын өр дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээнээс хэтрээд талийж өгөх биз.

Засгийн газрын гадаад өрийг Монголбанкны тавьсан зээлтэй нийлүүлж тооцоход 9.3 тэрбум ам.долларт хүрч, дотоодын нийт бүтээгдэхүүний 82 хувьтай тэнцэж байна. (Засгийн газар болон Монголбанкны өрийн өсөлтийг А1 нүүрний инфографикаас харна уу) Зөвхөн Засгийн газрын гадаад, дотоодод тавьсан өрийг нийлүүлээд, дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулж буй нь учир дутагдалтай. Засгийн газарт хамаарах бүх л өрийг нэгтгэж, асуудлыг бодитоор харах хэрэгтэйг эдийн засагчид зөвлөдөг.

Улс орны эдийн засаг, санхүүгийн нөхцөл дажгүй байгаа гэсэн ойлголтыг иргэдэд төрүүлэхийн тулд аль өөдтэй өнгөтэй тоо баримтыг өлгөж ярих, бүхэл бүтэн системээс заримыг нь ялган авч үзүүлэлт болгох “өвчин” манай улстөрчдөд бий. Монголбанк, төрийн өмчит компаниудын зээлийг Засгийн газрын өрөнд оруулахгүйгээр үзүүлэлт гаргаж буй нь улстөржих “өвчин”-ий илрэл юм. Засгийн газар төлж болзошгүй, өмнөөс нь хариуцлага хүлээх магадлалтай өрийг нийтэд нь бүртгээд,

бодлого боловсруулбал бодитой үр дүнд хүрэх нь дамжиггүй. Товчхондоо Монголын төр өрөө өөрөөр, бодитоор харах хэрэгтэй гэсэн үг.

Өрөө өөрөөр харах шалтгаан нь дээр дурдсанчлан сүүлийн жилүүдэд төсвийг “том” алдагдалтай баталж ирсэнтэй холбоотой. “Том” алдагдлыг нөхөхөөр зээл авсаар Засгийн газар төлж дийлэх, эсэх нь тодорхойгүй өртэй болсон. Улс төрийн намууд 2008 онд иргэн бүрт 1.5 сая төгрөг тараана гэж амласнаас хойш УИХ төсвийг их хэмжээний алдагдалтай баталсаар ирлээ.

Тиймээс ч 2008 оноос “өр тавих ажил” идэвхижсэн дүр зураг харагддаг. Уг нь тухайн үед Сангийн сайдаар ажиллаж байсан С.Баярцогтын санаачилгаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг баталсан. Эл эрх зүйн баримт бичигт төсвийн алдагдлыг дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр, Засгийн газрын өрийг 40 хувиас хэтрүүлэхгүй барихаар тусгаж байв. Өөрөөр хэлбэл, давж болохгүй хязгаар тогтоож өгсөн хэрэг. Гэвч УИХ-ын гишүүд төсөв батлах бүртээ алдагдал болон Засгийн газрын өрийн хязгаарыг нэмсэн. Хуулиар тогтоосон хязгаарыг 17 удаа нэмсэн гэдэг. Эцэст нь төсвийг тогтворжуулахаар баталсан хууль ямар ч үүрэг, агуулгагүй болжээ.

Төсвийн алдагдлыг бууруулж, нэмж өр тавихгүй байхын тулд Монголын төр Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн үүрэг, зорилгыг эргэж санах учиртай. Монгол Улс дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ хэдэн хувьтай тэнцэх өр тавибал эргүүлж төлж чадахыг бодитоор тодорхойлоод, тогтоосон түвшиндээ хүргэхээр тэмүүлэх шаардлагатай. Ялангуяа гадаадын зах зээлд хэдэн төгрөгийн өр тавибал эдийн засагтаа дарамтгүйгээр төлж чадахаа тооцох ёстой юм.

Манайхан “Өр тавихаас айх хэрэггүй. Япон, Солонгос зэрэг орны Засгийн газар дотоодын нийт бүтээгдэхүүнээсээ өндөр өртэй байна” гэж хэсэгтээ ярьцгаасан. Өндөр хөгжсөн эдгээр орон ядаж л монголчуудад хуучин машин зараад ам.доллар олдог экспортлогчид. Харин Монгол нөхөн сэргэхгүй баялгаа түүхийгээр нь экспортолж, дотоодынхоо хэрэгцээнд хүрэхтэй, үгүйтэй валют олдог улс. Тиймээс өндөр хөгжсөн, технологи экспортлогч орнуудтай барьцаж, өр тавибал хөгөө хөлдөө чирэхийн үлгэр болно. Тавьсан өрөө өөрөөсөө мөнгө гаргаад төлчихөж чадахгүй, өөр нэгнээс зээл авч дарж байгаа нь бидний үнэн нүүр царай бус уу.

Уг нь Засгийн газар эдийн засгийг зохистой удирдаж, иргэдийг нуруундаа дарамтгүй амьдруулах үүрэгтэй байгууллага. Гэтэл их хэмжээний алдагдалтай төсөв боловсруулж, дутсан хөрөнгөө зээлээр нөхөхөөр мөнгөний эрэлд морддог “чөтгөрийн тойрог”-оосоо гарч чадахгүй л байна. Сангийн сайд нар маань хэн нь хямд хүүтэй зээл олох вэ гэсэн “реалити шоу”-нд оролцож байгаа аятай загнахыг яана. “Би тэрнээс төдөн хувийн бага хүүтэй зээл олсон” гэж гайхуулцгаана. Хямд хүүтэй зээл олсон Засгийн газар “баатарлаг” үйлс бүтээсэн гэвэл эндүүрэл. Харин төсвийн сахилга батыг сайжруулж, үр ашиггүй зардлыг бууруулан, алдагдлыг нь багасгаж, өр нэмэгдэхээс сэргийлсэн Засгийн газрыг баатарлаг ажилласан гэж үзэх үндэстэй.

Засгийн газрын өрөнд Монголбанк, төрийн өмчит компаниудын өрийг оруулж тооц. Тэгээд өрийн дарамтаа багасгахын тулд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг “амилуулж”, өмнө нь тогтоосон хязгааруудаа эргүүлж мөрдүүлэхийг хичээ. Өрөө өөрөөр хар.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай