П.Тэмүүжин хоёрдугаар сарын шилдэг тамирчнаар нэрлэгдлээ

П.Тэмүүжин хоёрдугаар сарын шилдэг тамирчнаар нэрлэгдлээ

Монголын Үндэсний Олимпын Хорооноос тухайн сард болж өнгөрсөн уралдаан тэмцээнд өндөр амжилт үзүүлж, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд өргөсөн тамирчид, багийг алдаршуулах, сар бүр Монголын спортын ертөнцөд болсон үйл явдлыг дүгнэх зорилгоор "Сарын шилдэг тамирчин"-г тодруулж байгаа билээ.

Өмнөх саруудад энэхүү шагналыг Д.Сумъяа /жүдо/, П.Орхон /чөлөөт бөх/, Д.Батсүрэн /шатар/, 3x3 сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн баг, Б.Энххүслэн /усанд сэлэлт/ нар тус тус хүртэж байсан билээ.

2018 оны 2-р сарын шилдэг тамирчны шалгаруулалт 3-р сарын 9-16-ны өдрүүдэд үргэлжилж, ялагчийн нэр тодорлоо. Өнгөрөгч сард Индонезийн Жакарта хотноо явагдсан Азийн Наадмын сорилго тэмцээнд амжилттай оролцож, аваргын алтан медалийг хүртсэн таэквондогийн спортын тамирчин, ОУХМ П.Тэмүүжин нийт саналын тоогоороо тэргүүлж, хоёрдугаар сарын шилдэг тамирчнаар тодорлоо. Тэрээр Рио де Жанейрод болсон 2016 оны Олимпын наадамд эх орноо төлөөлөн оролцож, Монгол улсын түүхэн дэх анхны ялалтыг байгуулж байсан билээ.

Түүнтэй хамгийн хүчтэй өрсөлдөөнийг Энэтхэгийн нээлттэй тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн, боксын тамирчин Б.Мишээлт, Парисын их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, жүдогийн тамирчин Ц.Цогтбаатар нар үзүүлж, удаах байруудыг эзлэв. Энэ сард Энэтхэгийн нээлттэй тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн, боксын шигшээ багийн тамирчид болох О.Жаргалан, Х.Энх-Амар болон Парисын их дуулгаас хүрэл медаль хүртсэн, МУГТ М.Уранцэцэг нар мөн нэр дэвшлээ.

"Сарын шилдэг тамирчин"-г спортын сэтгүүлчид болон олон нийтийн нээлттэй санал асуулгын үр дүнд тодруулдаг билээ. 2-р сарын шилдэг тамирчин шалгаруулах олон нийтийн санал асуулгад түүхэн дэх хамгийн их буюу 5800 гаруй хөгжөөн дэмжигч, 30 гаруй спортын сэтгүүлчид оролцжээ.

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай