33.5 тэрбум төгрөгөөр найрлаад дуусахгүй гэж найдъя

“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хоёрдугаар шатыг ирэх сарын 4-нд эхлүүлнэ-

Өнгөрсөн хавар улс даяар сүр дуулиантай эхлүүлсэн “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр нам жим болсон нь олон хүнийг үргэлжлэн хэрэгжиж буй, эсэхэд эргэлзэхэд хүргэлээ. Монгол Улсын Засгийн газрын 112 дугаар тогтоолоор уг хөтөлбөрийг баталж, 2017-2020 он хүртэл үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Ингэхдээ эхний ээлжинд 40-65 насны даатгуулсан иргэдийг элэгний В, С вирусийн илрүүлэг шинжилгээнд өнгөрсөн оноос хамруулсан билээ.

Элэгний вирусийн халдвар авсан байх магадлал хамгийн өндөр учраас ийнхүү тэднийг эхэнд шинжилж, оношлон, эмчлэхээ харьяа яамныхан нь онцолж байв. Гэвч ийм насны иргэдийн 47.1 хувь буюу 353 мянга орчим нь л энэ шинжилгээнд хамрагджээ. Вирус тоолох шинжилгээнд ЭМД-ын сангаас 4.9 тэрбум төгрөг олгохоор төсөвлөсөн ч өнгөрсөн оны байдлаар 6.6 тэрбумыг зарцуулсан байна. Харин вирус илрүүлэх шинжилгээнд дээрх насны иргэд орон нутагт 77.2, нийслэлд ердөө 35.8 хувьтай л хамрагджээ.

Харин энэ онд хөтөлбөрийн дагуу 15-39 болон 65-аас дээш насныханд В,С вирус илрүүлэх шинжилгээ хийнэ. Шинжилгээний албан ёсны нээлт ирэх сарын 4-нд улс даяар болох юм байна. Нээлтийг мөн л өнгөрсөн хаврынх шиг дуу хууртай хийж, Эрүүл мэндийн сайд үг хэлэх бололтой юм. Элэгний хорт хавдраар нас барсан хүнийхээ тоогоор манай улс дэлхийд тэргүүлдэг. Элэгний элдэв эмгэгтэй, вирустэй хүн монгол айл бүрт бий. Бидний эрүүл мэндийн тулгамдсан асуудал яалт ч үгүй энэ мөн. Үүнтэй тэмцэх, нүдээ олсон хөтөлбөр нь “Элэг бүтэн Монгол” гэдэгтэй маргахгүй.

Гэвч энэ хөтөлбөрийг улам чамбайруулж, шинжилгээг алдаа мадаггүй хийх нь чухлыг иргэд төдийгүй эмч, мэргэжилтнүүд ч анхааруулсаар байгаа билээ. С вирусийн халдварын эмчилгээнд өнгөрсөн онд 20 288 хүнд 9.6 тэрбум төгрөг зарцуулсан хэрнээ В,D вирустэй хүмүүсийг орхичихсон. “Өрх, сумын эрүүл мэндийн төвд хийсэн шинжилгээгээр элэгний В, С вирусийн халдвар илэрсэн бол ЭМДЕГ-аас итгэмжлэгдсэн лабораториудад вирус тоолох шинжилгээнд хамруулна” хэмээн “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрт тусгасан юм. Гэвч итгэмжлэгдсэн 21 лабораторийн дийлэнх нь В вирусийг эрүүл мэндийн даатгалаар тоолохгүй байна.

Тухайлбал, “Элэг” төв, “Гэгээн ар үр”, “Онош мед”, “Гялс” лабораторийнхон зөвхөн С вирусийг нас харгалзахгүй эрүүл мэндийн даатгалаар тоолж буйгаа хэлсэн юм. Харин УНТЭ-ийн мэдээллийн ажилтан “Санхүүжилт дууссан учраас тоолохгүй байгаа” гэв. Өнгөрсөн онд С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээнд 6.6 тэрбум төгрөг зарцуулжээ. Манай улсад 2014 онд хийсэн судалгаагаар элэгний В, С вирустэй 400 мянган хүн амьдарч буй гэсэн дүн гарсан.

Эхлээд элэгний С вирусийг бүрэн устгачихаад В, D-д “санаа тавина” гэж эрүүл мэндийн салбарынхан ярьдаг. Энэ нь нэг талаар зөв байж болох ч эрүүл мэндийн даатгал төлөөд үр шимийг нь хүртэж чадахгүй, В вирустэй олон мянган хүн бидний дунд амьдарч байна. Тэдэнд нэг хором ч үнэ цэнэтэй. Нэг удаа вирус тоолуулахад бүрэн болон хагас автомат төхөөрөмжөөс шалтгаалж 80-120 мянган төгрөг төлдөг.

Фэйсбүүк дэх 22 мянган гишүүнтэй “Элэгний В, Д вирустэй тэмцэгчдийн групп”-т маш олон хүн зовлонгоо бичжээ. “Элэгний В вирусийн халдварыг эмнэлэгт байхдаа тариураас авсан. В вирус тоолох шинжилгээг үнэ төлбөргүй болгож өгөөч”, “Жирэмсний найман сартай байхдаа шинжилгээ өгөхөд эрүүл байсан хэрнээ төрсний даар В вирустэй болсон” зэрэг олон сэтгэгдэл хөвөрнө.

Хоолойны мах, шүд авахуулсны дараа, хөмсөг шивүүлж, шивээс хийлгээд, хийсвэр хагалгаагаар төрөх үедээ халдвар авсан зэрэг эмнэлгээс шалтгаалан өвчтэй болсон гэх хүн хэдэн зуугаар тогтохооргүй байв. Харин тэд хэнд хандаж, эмнэлгээс шалтгаалан өвчтэй болсноо яаж батлахаа мэдэхгүй сууна. Гагцхүү хүний хувь тавиланг шийдэх эрүүл мэндийн үйлчилгээг аюулгүй, чанартай, В, D вирус тоолох шинжилгээг үнэ төлбөргүй болгоход анхаарахыг хүсчээ.

Элэгний В, С вирусийн үүсгэгч нь шинжилгээгүй цус, цусан бүтээгдэхүүн сэлбүүлэх, бохир зүү тариур, гоо сайхны багаж, шүдний сойз, сахлын хутга зэргийг дамжуулан хэрэглэснээр арьс, салстын бүрэн бүтэн байдал алдагдах явцад шарх шалбархайгаар дамжин халдварладаг. Мөн халдвартай хүнтэй бэлгийн харилцаанд орох, вирустэй эхээс урагт халдварлах эрсдэлтэй. Үүсэх шалтгаан нь тодорхой ч хяналтгүй байдлаас болж үхэлд хүргэдэг вирусээр олон мянгаараа өвчилсөөр байна.

Энэ бүхнийг зөв оношилж, шинжлэх нь ирээдүй хойчоо эрүүл байлгах үндэс болох учиртай. Гэтэл өнгөрсөн онд итгэмжлэгдсэн гэх 21 лабораторийн шинжилгээний хариу зөрүүтэй гарч, вирустэй хүнийг вирусгүй, вирусгүйг нь вирустэй гэж оношилсон тохиолдол бишгүй. Орон нутгаас хол замд тээвэрлэх явцад хадгалах горим алдагдан, чанарын шаардлага хангахгүй сорьц цөөнгүй байсныг харьяа газрынх нь хүмүүс хэлдэг.

Харин энэ оноос сорьц тээвэрлэхгүй, тухайн лабораторийнхон өөрсдөө очиж, зориулалтын сав, баглаа боодол, хөргөгчинд хийн зөөвөрлөх гэнэ. Гэвч ниргэсэн хойно нь хашхирав гэгчээр цөөнгүй хүн шинжилгээний буруу хариу авч, эрүүл мэндээрээ хохирсон, хүмүүсийн хариуг өгөлгүй бултуулсан, зарим нэгнээс нь цусны сорьц илүү авсан зэрэг алдаа дутагдал гарч байв.

Тиймээс лабораториуд хэчнээн шинжилгээ хийсэн, хариу нь ямар гарсан, хадгалах горим нь хэр найдвартай байв зэрэгт ДЭМБ-ын хөндлөнгийн шинжээчид дүгнэлт хийсэн юм. Уг дүгнэлт гарсан хэдий ч Эрүүл мэндийн сайдад албан ёсоор хүлээлгэн өгөөгүй учир мэдээлэх боломжгүйг ДЭМБ-ын мэргэжилтэн хэлэв.

УИХ-ын нэгдсэн чуулганы үеэр УИХ-ын гишүүн Л.Болд “Шинжилгээ хийсэн байдал, хадгалалт, хамгаалалтын алдаа зэрэгтэй холбоотой зүйл бий. Энэ бол хүний хувь заяа. Зарим нэг лабораторид шударга бус хандсан асуудал байна. Энэ тал дээр сайд хэрхэн ажиллах вэ” хэмээн Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлээс асууж амжсан. “Өнгөрсөн хугацаанд гарсан алдааг давтахгүй, хичээж ажиллана” гэж сайд хэлнэ лээ. Гэвч зарим лабораторийн эзэнд чанар, аюулгүй байдал гэхээс илүү ЭМД-ын сангаас нэг хүний шинжилгээний зардалд олгох 120 мянган төгрөг илүү чухлыг үгүйсгэхгүй. Тиймээс даатгалтай иргэдээ булаацалдах, ЭМД-ын сангаас ахиухан мөнгө зулгаах ашиг сонирхол тэдэнд байна.

Энэ онд 15-39 насны даатгалтай 93 хүнд зориулж, эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт 10.2, С вирус тоолоход 4.9, С вирусийн эмчилгээний эмийн хөнгөлөлтөд 18.4 нийт 33.5 тэрбум төгрөг төсөвлөсөн. Энэ мөнгөөр хэсэг хүн найрлаад дуусах бус, үр дүнг нь гаргана гэж найдъя. Эрүүл мэндийн өмнөх сайдын үед эхэлсэн үндэсний хөтөлбөр одоогийн сайдын гараар дамжиж байна. 2020 он гэхэд С вирусийг бүрэн устгах зорилго биелэх, эсэх нь эрүүл мэндийн салбарынхан хэр үнэнч ажиллахаас шалтгаалах нь.

АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ

Я.АМАРЖАРГАЛ: 40-65 насныхны шинжилгээ үргэлжилж байна

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Я.Амаржаргалаас зарим зүйл тодрууллаа.

-“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хоёрдугаар шатны бэлтгэл ямархуу байна вэ?

-Энэ хөтөлбөрийг Засгийн газрын тогтоолоор баталж, өнгөрсөн долдугаар сараас үндсэн ажиллагааг эхлүүлсэн. Өнгөрсөн оны аравхоёрдугаар сарын 25-ны байдлаар В, С вирусийн эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээнд 35 мянган иргэн хамрагджээ. Энэ онд 15-39 насны 1.3 сая орчим хүнийг хамруулах төлөвлөгөөтэй. Тэдний 72 хувь нь эрүүл мэндийн даатгалд хамрагдсан. Бид энэ долоо хоногоос орон нутгийн эмч нартай теле уулзалт хийж, лабораторийн эрхлэгч, судлаачидтай ярилцахаар төлөвлөсөн.

-Өнгөрсөн онд шинжилгээнд хамрагдаж амжаагүй хүмүүс одоо өгч болох уу?

-Энэ оны дөрөвдүгээр сар хүртэл 40-65 насны иргэдийг шинжилгээнд хамруулж дуусгах зорилттой ажиллаж байна. Үүний дараа буюу дөрөвдүгээр сарын 4-нд хөтөлбөрийн хоёрдугаар үе эхэлснийг улсын хэмжээнд мэдэгдэнэ. Цаашид шинжилгээг хэрхэн хийх, хүртээмжийг яаж нэмэх талаар бид хэлэлцэж шийдэх юм. Ер нь бол ЭМД-ын сангаас санхүүжилт нь гарч буй учраас даатгалд хамрагдсан иргэдээ бүгдийг нь хамруулахыг зорьж байгаа.

-Вирус тоолох итгэмжлэгдсэн лабораторид өөрчлөлт орох уу?

-Энэ шинжилгээг 21 лабораторид хийж байна. Илрүүлэх шинжилгээг өрх, сумын эмнэлгийнхэн хийж, сорьцоо цуглуулан, аймаг, дүүргийн Эрүүл мэндийн төв рүү явуулж байгаа. Нийслэлд илрүүлэг шинжилгээ өгөөд С вирустэйгээ мэдсэн бол дээрх лабораториос сонгон тоолуулах боломжтой. Харин аль аймгаас ямар лаборатори шинжилгээ авахыг тогтсон. Орон нутгаас сорьц тээвэрлэхгүй, тухайн лабораторийнхон өөрсдөө очиж шинжилгээ авах юм.

-Шинжилгээний хариу зөрж, сорьц тээвэрлэхэд асуудал гарсан. Үүнд ЭМЯ хэрхэн анхаарч ажиллах вэ?

-Лабораторийн шинжилгээний зөрүүг арилгах, чанарт нь хяналт тавина. Улсын гуравдугаар төв эмнэлэгт чанарын хяналтын лаборатори ажилладаг. Лабораториудын хэмжих нэгж, аппарат өөр өөр. Тэднийг бүгдийг нь ижилхэн болгоно гэхээс илүү адилхан сорьцыг нэг цагт тарааж шинжилсний дараа хянах нь зөв. Улиралд нэг удаа ингэж хянадаг юм.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай