ТАНИЛЦ: АНУ-ын "UGRAD" тэтгэлэгт хөтөлбөрийн ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ

Глобал UGRAD хөтөлбөр гэж юу вэ?

Global Undergraduate буюу Глобал UGRAD хөтөлбөр нь Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийн 1 болон 2 дугаар курсийн оюутнуудад өөрсдийн сурч буй чиглэлээрээ АНУ-ын их дээд сургуульд зэргийн бус солилцоонд хамрагдах боломжийг олгодог. Хөтөлбөр нь оюутнуудад Америк багш нар, сурагчидтай хамт суралцаж, АНУ-ын их дээд сургууль, сургалтын системтэй танилцах боломжийг олгох зорилттой. Оюутнуудыг шинэ орчинд амжилттай суралцахад нь туслах үүднээс тухайн их дээд сургуулиас тухайн оюутны хэрэгцээнд суурилсан мэргэжлийн судалгааны цаас хэрхэн бичих, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх, цаг менежмент, хичээл дээр тэмдэглэгээ хийх арга, шалгалтанд бэлтгэх гэх зэрэг сэдвээр сургалтаар хангана.

Англи хэлний шалгуураас бусад шалгуурт тэнцсэн цөөн тооны оюутнуудад нэг улирлын Англи хэлний сургалтыг санал болгодог ба үүнд орон нутгийн, хөгжлийн бэрхшээлтэй эсвэл бусад онцгой хүндэтгэх шалтгаантай оюутнуудыг хамруулна. Англи хэлний сургалт намрын улиралд явагддаг ба сургалтад хамрагдах шаардлагатай оюутнууд намар АНУ-ыг зорьж хэлний сургалтад хамрагдсаны дараагаар хөтөлбөрөө хаврын улирлаас эхлүүлнэ. Иймд эдгээр оюутнуудын хөтөлбөр жилийн хугацаатай байна.

Хөтөлбөр нэгдүгээр сараас тавдугаар сарын хооронд үргэлжилнэ. Хөтөлбөрийн хугацаа нь тухайн оюутны суралцах их дээд сургуулийн хуваариас хамааран харилцан адилгүй байна. Глобал UGRAD хөтөлбөр нь жилд нэг удаа бүх чиглэлээр зарлагдаж, 3-4 оюутан хамруулдаг. АНУ-ын J-1 визний шалгуурын дагуу өвчтөнд шууд тусламж үзүүлэхийг хориглодог тул анагаах ухаан, сувилахуй, мал эмнэлзүй, эм болон бусад эмнэлзүйн чиглэлийн оюутнууд АНУ-ын их дээд сургуулиудад энэ чиглэлийн хичээл, хөтөлбөрүүд хязгаарлагдмал байхыг анхаарна уу.

Тэтгэлэгт дараах зүйлсийг хамруулан ойлгоно:

  • Тээврийн бүх зардал: Олон улсын болон дотоодын аялал (нэр дэвшигч нь Улаанбаатар хотоос өөр газар оршин суудаг тохиолдолд дотоодод хийгдэх визтэй холбоотой аяллын зардал зэрэг орно);
  • Амьдрах буюу хоол унд, орон байрны зардал: Оролцогчид их сургуулийн дотуур байранд байрлаж, хоолны болон нэмэлт зардлын тэтгэмж авна;
  • Эрүүл мэндийн даатгал: Оролцогчид өөрсдийн хөтөлбөрийн хугацаанд гэнэтийн ослын болон эрүүл мэндийн даатгалаар хангагдана;
  • Визний зардал: АНУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт оролцогчдыг визний төлбөрөөс чөлөөлнө;
  • Аяллын тэтгэмж: ;Оролцогчид ачаа болон аялалтай холбогдолтой бага хэмжээний бусад тэтгэмж олгоно.

Хөтөлбөрийн бүрэлдэхүүн

Глобал UGRAD хөтөлбөрийн хамгийн тохиромжит оролцогч нь коллеж, их дээд сургууль эсвэл дээд боловсролын бусад байгууллагад суралцаж буй өрхийн орлого багатай айлын, элит бус, идэвх чармайлттай бакалаврын төвшний оюутан байна. Мөн оюутан нь эрдэм шинжилгээний ажил, олон нийтийн болон хичээлээс гадуурх ажиллагаагаар дамжуулан манлайлал харуулсан байх шаардлагатай.

Глобал UGRAD хөтөлбөрт шалгарсан оюутнууд суралцах сургуулиа сонгох боломжгүй ч өөрсдийн сурлагын чадамж, мэргэжлийн чиглэлээс хамааран хамгийн тохиромжтой их дээд сургуульд суралцах болно. Зэргийн бус хөтөлбөр тул хөтөлбөрт хамрагдах оюутнууд нь хөтөлбөрийн хугацаанд цуглуулсан кредитүүдээ өөрсдийн бакалаврын кредитэд тооцуулах боломжтой эсэх болон шилжүүлэх явцыг өөрсдөө хариуцан явуулна.

Хөтөлбөрийн үеэр оюутнууд дор хаяж 20 цагийн олон нийтийн ажилд оролцох, АНУ-ын түүх, утга зохиол, урлаг болон засаглал зэрэг чиглэлээр дор хаяж нэг хичээл авч судлах шаардлагыг тавьдаг.

Тухайн суралцаж буй их дээд сургуулийнхаа болон Глобал UGRAD хөтөлбөрийн шаардлагыг (хангалттай дүн аваагүй, даалгавраа цагт нь өгөөгүй эсвэл хичээлдээ суугаагүй зэргээр) хангаж чадаагүй тохиолдолд хөтөлбөрөөс хасагдана. Хөтөлбөрт хамрагдагч нь 2.0 болон түүнээс дээш голч онооны шаардлагыг хангасан сургалтын үзүүлэлттэй байх шаардлагатай. Глобал UGRAD хөтөлбөрийн шалгууруудын тухай worldlearning.org сайтаас дэлгэрэнгүй уншина уу.

Хөтөлбөрт хамрагдагчдад тавигдах үндсэн шалгууруудад:

  1. Монгол Улсын иргэн бөгөөд Монгол Улсад оршин сууж байх;
  2. Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийн 1, 2, 3-р курсийн оюутан байх;
  3. 3.0-аас доошгүй голчтой байх;
  4. Англи хэлний чадвар сайтай байх (TOEFL IBT 61 эсвэл TOEFL ITP/PBT 500 оноо авах чадамжтай байх);
  5. Өргөдөл гаргах үедээ 18-24 настай байх;
  6. АНУ-д өмнө нь ямар нэг байдлаар зорчиж байгаагүй буюу цөөн удаа зорчсон оролцогчид давуу талтай. АНУ-ын ногоон карт эзэмшигч монголчууд өргөдөл гаргах эрхгүй.

Global UGRAD хөтөлбөрт өргөдөл гаргахдаа дараах алхмуудыг дагана уу:

  1. World Learning-ын сурагчдын портал сайтад бүртгүүлэх: worldlearning.org
  2. Онлайн өргөдлийн маягтыг бөглөж, илгээх (Онлайн өргөдлийг бөглөхийн тулд сурагч дээрх портал сайтад бүртгүүлсэн байх шаардлагатайг анхаарна уу.)

Хөтөлбөрийн зарлал ЭСЯ-ын вэбсайт дээр тавигдана.

Бүрэн гүйцэд бүрдүүлсэн өргөдөлд доорх зүйлсүүд багтана:

  1. Бүрэн гүйцэд бөглөсөн өргөдлийн маягт;
  2. Их дээд сургуулийн бүх семестрийн дүнгийн хуулбар (Англи орчуулгатайгаа);
  3. Хоёр тодорхойлох захидал (Англи орчуулгатайгаа);
  4. Англи хэлний албан ёсны шалгалтын дүн (TOEFL/IBT) хэрвээ байгаа бол.

Бүрэн гүйцэд бүрдүүлсэн өргөдлийг заасан хугацааны дотор онлайн портал сайтаар дамжуулан илгээнэ.

Өргөдлийг бөглөхдөө анхаарах зүйлс:

  • Өргөдлийг Англи хэл дээр, электрон хэлбэрээр бүрэн зөв бөглөсөн байх;
  • Өргөдлийн маягт дээрх бүх л асуултад хариулсан байх. Бүрэн гүйцэд бөглөөгүй өргөдлүүдийг техникийн хувьд шалгуур хангаагүй гэж үзнэ. Бүх асуултад хариулна уу. Хэрвээ өөрт холбогдолгүй асуултад гарвал N/A гэж бичнэ үү;
  • Өргөдлийг компьютер дээр бөглөсөн байх. Гараар бичсэн өргөдлийг тэнцээгүйд тооцно;
  • Эссэ нь таны өөрийн санааг тусгасан таны ажил байх ёстой. Өргөдлийг хаана нэгтээ хэрэглэгдсэн бусдын ажил/санааг зохих ёсоор тэмдэглэх;
  • Өргөдлийн эссэний хэсгүүдийн үг болон тэмдэгтийн тоог анхаарна уу. Тус хязгаарын дотор хариултаа багтаан бичиж өгнө үү;
  • Хоёр тодорхойлох захидлыг бүрэн дунд сургуулийн болон их дээд сургуулийнхаа багш нараас авахыг анхаарна уу;
  • Тодорхойлох захидлууд Англи хэл дээр байх ёстойг анхаарна уу. Хэрвээ тодорхойлох захидлыг Монгол хэл дээр үйлдсэн бол орчуулгыг нь хавсаргана уу;
  • Тодорхойлох захидлууд нь тодорхойлолт гаргагчийн бүрэн нэр, албан тушаал, ажлын газрын нэр хаяг, и-мэйл болон утас зэрэг холбогдох мэдээллийг тусгасан байх ёстойг мөн анхаарна уу.

Сонгон шалгаруулах явц

АНУ-ын Засгийн газрын бүхий л тэтгэлэгт хөтөлбөр нь сонгон шалгаруулалт дээр суурилсан байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй болон эмзэг бүлгийн нэр дэвшигчдийн онцгой нөхцөлийг тооцон үзэх ч эцсийн шийдвэрийг өргөдлийн чанар болон ярилцлагын үеэр үзүүлж буй нэр дэвшигчийн ерөнхий чадамж дээр тулгуурлан хийнэ. Бид нэр дэвшигчийн соёлын элч байх, нийгэмдээ буцаад сайн сайхныг авчрах хүсэл эрмэлзэл, чадамжийг давхар тооцно.

Global UGRAD хөтөлбөрийн сонгон шалгаруулалтын үндсэн шатуудад:

Техникийн шалгалт: Өргөдлийг бүрэн гүйцэт бөглөсөн эсэхийг шалгах анхан шатны шалгуур. Энэ шатанд бид дараах хоёр зүйлийг шалгадаг:

  1. Өргөдөл болон хавсралт материалууд бүрэн байгаа эсэх;
  2. Өргөдөл гаргагч нь тавигдсан үндсэн шалгуурыг хангасан эсэх;

Өргөдөл хяналт: Техникийн шалгуурыг давсан өргөдлүүдийг өргөдөл хяналтын хороонд илгээнэ. Энэ шатанд нэг өргөдөлтэй дор хаяж гурван хүн уншиж танилцана.

Анхан шатны шалгаруулалт: Өргөдөл шалгах хорооны зөвлөмжийн дагуу ярилцлаганд дуудах өргөдөл гаргагчдыг тодруулна. Анхан шатны шалгаруулалтад тэнцсэн хүмүүсийг ярилцлаганд биеэр ирж оролцохыг урина.

Ярилцлага: Ярилцлагын ЭСЯ-ны, боловсролын байгууллагын төлөөллүүд удирдан явуулах ба дэлхийн хэмжээнд өрсөлдүүлэх нэр дэвшигчдийг сонгон шалгаруулна.

Нэр дэвшүүлэлт:Ярилцлагын шатнаас сонгогдсон нэр дэвшигчдийн өргөдлийг ЭСЯ-аас АНУ-ын Вашингтон хотноо байрлах Global UGRAD хөтөлбөрийн оффист илгээнэ.

Эцсийн шалгаруулалт: Дэлхийн хэмжээний шалгаруулалтаас шалгарсан оролцогчид хөтөлбөрт хамрагдах эрхтэй болно.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай