“Уулнаас хог урсан ирж байна”

Хөрсийг ихээр бохирдуулдаг хүчин зүйл бол хог хаягдал. Нийслэлийн оршин суугчид өдөрт 300, жилд ойролцоогоор 1.1 сая тонн хог “үйлдвэрлэдэг” гэх статистик бий. Үүний 40 хувь нь гэр хороололд амьдарч буй өрх, 38 хувь нь аж ахуйн нэгж, байгууллага, 14 хувь нь орон сууцны айлуудаас гардаг аж. Харин гудамж, талбайн цэвэрлэгээнээс найман хувийг нь хуримтлуулдаг гэнэ. Энэ нь хаягдлын хэмжээ жилээс жилд нэмэгдэж буй ч иргэд соёлжиж, хогоо ил хаяхаа больсныг илтгэнэ.

Гэвч сүүлийн саруудад хогийн задгай цэг үүсгэж, зөрчил ихсэх хандлагатай болжээ. Мөн гудамж, талбай дахь хаягдлын хэмжээ ч нэмэгдэж буй гэнэ. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрынхан шалгалт хийж, гурван дүүргийн есөн хороонд хогийн задгай цэг үүссэнийг илрүүлж, түүнийг арилгуулах үүргийг шат шатны Засаг даргад нь өгсөн аж. Тодруулбал, Хан-Уул дүүрэгт дөрөв, Баянзүрхэд гурав, Чингэлтэйд ийм цэг нэг байсныг тогтоожээ.

Цаг агаар дулаарч, хотын төв рүү цасны шар устай хамт хур хог урсан ирж буй нь гудамж, талбай дахь хаягдлын хэмжээ ихсэхэд нөлөөлсөн талаар Тохижилт, үйлчилгээний компанийнхан мэдээлэв. Харин дээрх хогийн задгай цэгүүдийг хүмүүс зохиомлоор бий болгосон байж. НМХГ-ын эх сурвалж “Нэг үеэ бодвол задгай газарт үүссэн хур хог арилсан. Хороо, дүүргийн удирдлага үүнд анхаарч нийтийн цэвэрлэгээ тогтмол хийлгэж байгаа. Бид ч тогтмол шалгадаг. Хүссэн газраа хог хаяж, зохиомол цэг бий болгохгүй байх нь чухал” гэж ярилаа.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай