Ашиглалтын шаардлага хангаагүй автобуснуудыг үйлчилгээнд явуулж байжээ

Хөл гишгэх зайгүй чихэлдэж, буудал бүрт “бууя” гэж хүмүүс орилох нь нийслэлийн нийтийн тээврээс өдөр тутам харж болох дүр зураг. Өвөл бол хүмүүс цантсан цонхыг хуруугаараа “цоолж” хаана яваагаа баримжаалдаг. Бас зорчигчид автобусанд сууж дулаацах бус, дутуу хаагдаж хөлдсөн цонхны завсраар сийгэх салхинд “цохиулах” нь олонтаа. Үүн дээр жолоочийн тамхины үнэр, утаагаа гаргах гэж онгойлгосон цонхоор өвлийн хүйт жаварлах нь зорчигчдыг ихээхэн бухимдуулдаг.

Манай хотын нийтийн тээврийн үйлчилгээ нэг үеэ бодвол соёлжиж, ухаалаг системд шилжин, иргэд тасалбар хураагчтай маргалдах зовлонгоос ангижирсан. Энэ мэт дэвшил бий боловч засаж сайжруулах зүйлс ч мундахгүй. Агааржуулалтгүй автобусанд зуны халуунд олон хүн чихцэлдэж, саунд суусан мэт болоод буух нь “энгийн” л үзэгдэл.

Ийм олон асуудал, бэрхшээлтэй нийтийн тээврийн салбарыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрынхан шалгажээ. Хамгийн гол нь иргэд, хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдал, тав тухтай зорчих нөхцөлийг хангах, нийтийн тээврийн үйлчилгээнд явуулж буй автобуснуудын соёлыг дээшлүүлэх зорилт тавьсан юм байна.

Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд өдөр тутам 937 автобус явуулж буй. Гэтэл үүний 18.4 хувь буюу 173 нь ашиглалтын шаардлага хангахааргүй болж актлагдав. Нийтийн тээврийн том оврын автобусыг дээд тал нь 12 жил ашиглаад, жагсаалаас хасах стандарт манай улсад бий. Үүний дагуу нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрынхан иргэдийн аюулгүй байдлыг хангахын тулд уг автобуснуудыг үйлчилгээнд явахыг хориглосон акт гаргаад буй юм.

Автобусны компаниуд хугацаа нь хэтэрсэн автобуснуудаа үйлчилгээнд явуулж байсан зөрчил илэрчээ. Тус газрын улсын ахлах байцаагч Ц.Хадбаатар “Нийтийн тээврийн хэрэгслүүдийн техникийн бүрэн бүтэн байдлыг жилд хоёр удаа шалган, үзлэг, оношилгоонд оруулдаг. Шаардлага хангаагүй автобуснуудыг тухай бүрт нь акталж, хэрэглээнээс халдаг” гэсэн юм.

Үйлчилгээнээс хассан автобуснуудыг хөдөлгөөнд оролцуулахгүй байх тал дээр өдгөө Замын цагдаагийн албаныхан анхаарч ажиллаж буй. Дүүргүүдийн Замын цагдаагийн хэлтсийнхэн бүр нарийвчилж, актлагдсан автобуснууд “туулайчилж” байгаа, эсэхийг хянаж байгаа аж. Одоогоор хөдөлгөөнд оролцсон зөрчил гараагүй гэнэ.

Үйлчилгээнээс гарсан 173 автобус нийт 15 аж ахуйн нэгжийнх бөгөөд тэдгээрийн дотроос “Эрдэм транс” компани хамгийн олон буюу 59 автобусаа хаях болжээ. Дараагийн байрт “Тэнүүн огоо” компани 41 тээврийн хэрэгслээ актлуулснаараа жагсаж байна. Энэ олон автобус жагсаалаас гаргачихаад байхад оронд нь явуулах тээврийн хэрэгсэл бий юү, эсвэл зарим чиглэлээ хасахаар болов уу гэдгийг дээрх хоёр компанийнхнаас тодруулсан юм.

“Тэнүүн огоо” компанийнхан тодорхой тайлбар хэлэхээс татгалзлаа. Харин “Эрдэм транс”-ынхан “Парк шинэчлэл хийхээр 30 гаруй автобус БНСУ-аас авчирч, өнгөрсөн сард туршилтаар явуулсан. “Hyandai universe” маркийн тэдгээр автобусыг Ээрмэл-ТЭЦ3, Яармаг-МУИС чиглэлд явуулж байлаа. Энэ сараас хот болон хот орчмын чиглэлд үргэлжлүүлэн явуулахаар төлөвлөсөн ч тухайн автобусыг цэнэглэх хий байхгүйгээс зогсоочихоод байна” гэсэн юм.

Суудлын машины хий, автобусны хий хоёр өөр байдгийг тус компанийнхан тайлбарлалаа. LNG гэх хийгээр суудлын автомашиныг цэнэглэдэг бол CNG нь том оврын автобусанд тохирдог аж. Нийтийн тээврийн автобусанд ашиглах СNG хийг “UB metan” компани оруулж ирдэг юм байна. Тус компани нь Улаанбаатар хотын нийтийн тээврийн автобусыг байгалийн шатдаг хийгээр цэнэглэх зориулалттай нийт 180 шоо метр багтаамжтай, нэгэн зэрэг 12 автобус цэнэглэх хүчин чадал бүхий түгээх станцыг өнгөрсөн онд байгуулжээ.

Энэ нь имтортоор оруулж ирэх шингэрүүлсэн байгалийн хий болох LNG-г 60 шоо метрийн багтаамж бүхий саванд буулгаж хадгалах бөгөөд шахуургын станц болон шингэн хий ууршуулах төхөөрөмж ашиглан хийн төлөвт шилжүүлж CNG болгосноор автобусыг цэнэглэх боломж бүрддэг гэнэ. Гэтэл энэхүү хийг оруулж ирэх зөвшөөрлийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас өгөөгүйгээс 30 гаруй автобус үйлчилгээнд явж чадалгүй, зогсож буй байна.

Улсын хүн амын 40 орчим хувь нь оршин суудаг Улаанбаатар хотод өдөр бүр 06.00-22.00 цагт 87 чиглэлд 937 автобус 600-700 мянган иргэнд үйлчилдэг гэнэ. Үүний 173 нь энэ жил актлагдлаа. Тэгвэл 95 нь ирэх жил, 2019 онд 216, 2020 онд 132, 2021 онд 455 автобусны ашиглалтын хугацаа нь дуусаж, үйлчилгээнээс хасагдах төлөвтэй гэнэ. Энэ олон автобусыг хэрэглээнээс хасагдахаас нь өмнө орных нь тээврийн хэрэгслийг шийдэж байвал яасан юм бэ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай